Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Очирсүрэн, хохирогч Н.А, шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02197 1485 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овгийн Ц.Л, Завхан аймгийн Идэр суманд 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эх, дөрвөн дүүгийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ц.Л нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн өглөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** дугаар байрны орчим иргэн Н.А-ыг явж байхад нь “утсаар чинь ганц фейсбүүк орчхоод өгье, утасгүй болчихлоо” гэж хуурч түүний эзэмшлийн IPhone 12 Pro max загварын гар утсыг өөртөө авч, Н.А-д дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа сандал дээр суух зэргээр төөрөгдөлд оруулан гар утсыг залилан мэхлэн авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 

Мөн 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** дугаар байрны гаднах цэцэрлэгийн саданд Н.А-ы хамт сууж байгаад, Н.А нь цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн санаачилгаар Ц.Л-д савхин куртик, тортой углааш зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур эд зүйлийг авч яван, бусдын итгэмжлэн хариуцуулсан савхин куртик, тортой углааш зэрэг 499,800 төгрөгийн эд хөрөнгийг бусдад зарж борлуулан завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, С овгийн Ц.Л нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** дугаар байрны орчим хохирогч Н.А-тай танилцан дэлгүүрээс шар айраг худалдан авч хамт ууж байхдаа “утсаар чинь ганц фейсбүүк орчхоод өгье” гэж хэлээд хохирогчийн зөвшөөрлөөр түүний “Iphone-12 Pro max” загварын гар утсыг ашиглаж байсан бөгөөд тэр үед хохирогч Н.А  нь ойролцоох цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн савхин куртик, тортой углааш зэргийг мөн захиж үлдээгээд түр явсан хойгуур бусдын итгэж үлдээсэн эд зүйлс болох гар утас, савхин куртик, тортой углааш зэргийг хууль бусаар авч явж, захиран зарцуулж завшсаны улмаас бусдад 499,800.0 төгрөгийн хохирол учирсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Ц.Л  шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хохирогч залуутай тэр өглөө л танилцсан. Анх гар утсыг нь ашиглах гэж асуугаад, тэгээд бид хоёр танилцаад хамт шар айраг уухаар болоод, гадаа хүүхдийн сааданд шар айраг ууж суусан. Тэгээд дахиад шар айраг авахаар болоод дэлгүүр орох гэж байтал хохирогч залуу надад гар утас, куртик, тортоо углаашаа үлдээгээд наанаа хүлээж бай гэж яваад хүмүүстэй маргаад байхаар нь би түүний эд зүйлсийг аваад явчихсан юм. Гар утсыг нь Хархорин зах дээр танихгүй хүнд зарчихсан. Савхин куртикийг нь амбаартаа хийсэн байсан чинь алга болсон байна лээ...” гэв.

Хохирогч Н.А  шүүхийн хэлэлцүүлэгт ”...2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөөний 5-6 цагийн үед би гэр лүүгээ орох замдаа CU орж юм идэх гээд явж байтал энэ хүн таараад “утсаараа фейсбүүк оруулаач, гэртээ орж чаддаггүй ээ” гэхээр нь утсаа ашиглуулсан. Тэгээд би CU руу түрүүлээд орсон ба араас орж ирэхгүй 20-30 секунд болохоор нь утас аваад явчихлаа гэж бодоод буцаад гартал гадаа байж байсан болохоор нь итгэл төрчихсөн. CU ортол “хоёулаа нэг, нэг пиво уух уу” гэхээр нь “тэгье” гээд сааданд сууж байгаад би хүнтэй маргалдаад миний утсыг энэ хүн авч явсан. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан үнийн дүнгээр хохирол нэхэмжилж байна. Мөн энэ савхин хүрмээ биет байдлаар нь авмаар байна. Савхин хүрэм анхнаасаа хохирлын тооцоонд ороогүй...” гэв.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

- Хохирогч Н.А-ы цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 5 дахь тал); 

- Хохирогч Н.А-ы “...Би 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчимд гэртээ харих гээд хүнсний 4-өөс такси бариад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээр буусан. Таксинаас буугаад гэр рүүгээ явж байтал үл таних 24-25 орчим насны залуу над дээр ирээд “уучлаарай, утсаар чинь ганц фейсбүүк орчхоод өгье. Би харин утасгүй болчихлоо...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “CU түргэн хоолны сүлжээ дэлгүүр орох хүртэл миний гар утсаар фейсбүүк орчхоод өгөхгүй юу” гээд өөрийн Iphone 12 Pro max загварын гар утсаа тухайн залууд өгч фейсбүүк оруулсан.CU дэлгүүр рүү би түрүүлээд орсон боловч тухайн залуу ард үлдсэн. Тэгээд би миний гар утсыг аваад явчихсан юм болов уу гэж бодоод буцаад гараад харахад тухайн залуу үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би арай ч миний гар утсыг аваад явчихаар залуу биш байна даа гэж дотроо бодоод тухайн залууд “Яагаад орж ирэхгүй байгаа юм бэ” гэж асуухад тухайн залуу одоо орлоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр CU сүлжээ дэлгүүр орсон. Би CU дэлгүүрээс ундаа авах гэж байсан боловч тухайн залуу ундаагаар яахын бэ, тэрний оронд пиво авъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр CU-ээс 2 ширхэг Cass нэртэй пиво худалдаж авсан. Тухайн пивоны тооцоог тэр залуу бэлэн мөнгөөр хийсэн. Тэгээд бид хоёр Драгон төвийн ард талд байрлах 22б байрны ард талын саданд сууж худалдаж авсан пивоо ууцгаасан. Тэр залуу миний гар утсаар фейсбүүк орж байсан. Удалгүй тухайн пивоо ууж дуусаад дахиж CU сүлжээ дэлгүүр орох гээд 21 дүгээр байрны ойролцоо явж байхад 5-6 тэр хавийн архичид намайг “нааш ир” гэж дуудсан. Би тухайн хүмүүст “юу гээд байгаа юм бэ. Цаашаагаа зайл” гэж хэлэхэд тухайн архичид над руу томроод байхаар нь би гадуураа өмссөн савхин куртик, тортой углаашаа хамт явж байсан залууд өгөөд, надтай маргалдаж байсан архичдыг цааш нь түлхээд явуулсан. Тэгээд буцаад нөгөө залуу дээр ирэхэд явчихсан байсан. Тэгээд гар утас, куртик, тортой углааш зэрэг эд зүйлээ алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 108 дахь тал);

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримт бүхий 1 ширхэг компакт диск (хавтаст хэргийн 14-20 дахь тал);

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-33 дахь тал);

- Шүүгдэгч Ц.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн автобусны буудлын ойролцоо явж байхад 25 орчим насны залуутай тааралдсан. Тэр залуутай танилцаад гар утсаар нь хүн рүү нэг яриад буцааж өгөөд тэр залуу бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Call center-т байрлах CU дэлгүүр орж бид хоёр Cass нэртэй пиво аваад тэр дэлгүүрээс гараад хойшоо байрны голд очсон. Тэр үед тэр үл таних залуутай хамт бид хоёр явж байхад тэр залуу архи уудаг хүмүүстэй уулзахаар цаашаа явахдаа надад савхин куртик, гар утас, Nike болон Adidas брэндийн хос углааш үлдээгээд явсан. Би уул нь тэр залууг хүлээгээд нэлээн хугацаа өнгөрсөн боловч тэр залууг ирэхгүй болохоор нь би тэр залуугийн эд зүйлийг аваад явсан. Би савхин куртик углаашийг үлдээгээд цаашаа яваад Хархорин зах дээр гар утсыг нь 100,000 төгрөгөөр зарсан. Тэр гар утас зарсан хүнээ бол зааж өгч чадахгүй. Танихгүй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг мөрдөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх эдгээрийг хуулийн шаардлага хангасан гэж үзэн харьцуулан үнэлэв.

Хэргийн үйл баримтын хувьд прокурор хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээд хоёр төрлийн нийлмэл гэмт хэрэг үйлдэгдсэн хэмээн дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч шүүх шүүгдэгч Ц.Л-гийн үйлдэл нь үргэлжилсэн шинжтэй бөгөөд гэмт санаа нь хохирогч Н.А-ыг бусадтай маргалдан анхаарал сарних үед үүссэн буюу нэг гэмт хэрэг гэж үзэхээр байсан тул үйл баримтыг нэгтгэн тодорхойлсон болно.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц.Л нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд тэрээр монгол хэл, бичиг мэддэг болохоо илэрхийлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Л-д холбогдуулан хохирогч Н.А-ы гар утсыг “фейсбүүк орчхоод өгье” гэж хуурч, түүнд дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа уух зэргээр төөрөгдөлд оруулан IPhone 12 Pro Max загварын гар утсыг залилж мэхлэн авч бусдад 2,550,000.0 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэдэгт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө (мөнгө)-ийг нь шилжүүлэн авсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Л-ы үйлдэл нь дээрх үндсэн шинжийг бүрэн хангахгүй байна. Тодруулбал,  шүүгдэгч гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа залилах гэмт хэргийн шинж бүрэн хангагдана. Гэтэл хохирогч Н.А  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ц.Л анх “утсаар чинь фейсбүүк орчхоод өгье” гээд миний утсыг авсан ба бид хамтдаа CU дэлгүүр орж пиво аваад гарч явахдаа би утсаа түүнээс эргүүлж авсан. Тэгээд саравчинд байхад тэр миний утсыг дахин авсан юм...” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч анхнаасаа хохирогчийн гар утсыг авах зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгосон, эсхүл төөрөгдөлд оруулан хуурч, мэхлэх замаар бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Харин 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Н.А нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах 18 дугаар байрны гадаах цэцэрлэгт шүүгдэгч Ц.Л-той шар айраг ууж суухдаа тус цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан, улмаар өөрийн өмсөж явсан савхин куртик, тортой углааш, гар утас зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур шүүгдэгч Ц.Л тухайн эд зүйлийг авч яван бусдад худалдан борлуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Л-ы үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас биет байдлаар 3,049,800.0 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 32-33 дахь талд авагдсан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул шүүх үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 3,049,800.0 төгрөг буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул энэ гэмт хэргийн материаллаг шинжийг хангасан гэж үзэв. 

Шүүгдэгч Ц.Л нь хууль бус болох нь илэрхий атал өөрийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр, бусдын итгэж хадгалуулсан эд зүйлийг шунахайн сэдлээр зарж борлуулан бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэрэгт холбогдуулж хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ц.Л-г хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч Н.А-д учирсан 3,049,800.0 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Л-гоос 3,049,800.0 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй.

Харин хохирогч Н.А-ы өвөөгөөсөө өвлөж авсан гэх урт савхин куртикний хувьд “мэдээлэл хангалтгүй байх тул үнэлэх боломжгүй” гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний  байгууллагаас үнэлгээ хийгээгүй байх тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүх шүүгдэгч Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Ц.Лд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчээс 3,049,800.0 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.А-д олгуулах саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй...” гэв.

Хохирогч Н.А : “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.Л: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Л-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 37-39 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ц.Л-гийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, согтуурсан үедээ бусдын өмчлөх эрхэд халдаж “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Л-д оногдуулсан зургаан сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хавтаст хэргийг хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн нутаг дэвсгэрийн харьяаллаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорихоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С овгийн Ц.Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.С овгийн Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.   

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-оос 3,049,800.0 төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хавтаст хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА