Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Т.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03695 0048 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Т.Т, 1976 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 237 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянхонгор аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 124 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх заалт, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан байна.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Т 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Б” зочид буудалд Ц.Б-тэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимын салстад цус харвалт бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Т.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Б” зочид буудалд хохирогч Ц.Б-тэй маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимын салстад цус харвалт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал), хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал), Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15458 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал), гэрч А.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

​​​​​​​1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.3. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15458 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Т-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Б-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.4. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.Б нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд хохирлын талаар шүүгдэгчтэй харилцан тохиролцсон гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэмээн тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрөл садангийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), Т.Т-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 42-54 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 55-56 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 68-72, 75, 94-97 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 92 дахь тал), Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 93 дахь тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 98-113 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Т.Т нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Прокурорын санал болгосон ба яллагдагч Т.Т хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэх нь зүйтэй.    

Иймд прокурорын саналаар шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Т.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт сануулав.

​​​​​​​2.2. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т оногдуулсан долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Т-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Талууд болон оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА