Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогч С.Жавхландорж

Шүүгдэгч Т.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гантулгад холбогдох 2238001980157 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн 39 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө 3 удаа ял шийтгүүлж байсан.

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №50 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 01 хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №106 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №1126 дугаартай шийтгэх тогтоолоор /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Түмэннастын Гантулга/рд:МЗ93060114/

 

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Гантулга нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байх Спортын ордны баруун талд машин дотроо иргэн Б.Баттулгууртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохих, цаасны хутгаар зүсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар, хүзүүнд шарх, 2 нүдний доод зовхи, зүүн мөр, цээжинд цус хуралт, дух, хамрын нураа, эрүү, хүзүү, баруун шанаа, баруун гарын бугалга, зүүн мөр бугалга, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Арцатын 37 тоотод тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч С.Жавхландоржийн баруун өвдөгний дээд хэсэгт 1 удаа барилгын төмөр шпателиар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гантулга мэдүүлэхдээ: …Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг,

Эрүүгийн  2232001980157 тоот хавтаст хэргээс

Хохирогч Б.Баттулгаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед найз Гансүх, Нямдорж хоёртой ХААН банкны хажууд байх "МН" гэх караокены гадна уулзаж дотогшоо орсон. Караокед 2 шил 0.75 эдэн архи болон хэдэн пиво уугаад 2022 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цаг өнгөрч байхад би тамхи татах гээд гарахад манай найз Нямдорж зүс таних Т.Гантулга "Сархаанаа" гэх залуутай маргалдаад зогсож байсан. Би Т.Гантулга гэх залууг зүс таних болохоор "яах гэсэн юм бэ хөгшөө адилхан уусан хүмүүс чинь" гээд би Нямдоржийг салгаад караоке руу орсон. Караокед удаагүй 5-10 минутын дараа би Гансүх, Нямдорж хоёроос түрүүлээд гарахад Т.Гантулга над руу "хаа хүрэх гэж байгаа юм, хүргээд өгөх үү" гэж асуусан. Би тухайн үед "машинтай явж байна яахын" гэж хэлэхэд "суучих аа хүргээд өгье, машинаа үлдээчихгүй юу" гэж хэлэхээр нь би "уусан юм чинь хүргүүлье" гэж бодоод Т.Гантулгын хар өнгийн кроун маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Караокеноос хөдлөөд спортын ордон өнгөрөөд баруун талын нүхэн гүүр чиглэлтэй явсан. Би түүнээс "манай гэр Булгийн гудам" гэж хэлэхэд "чи муу ямар том гөлөг вэ, пизда минь чамайг алаад нуучхаж чадна шүү" гэж хэлсэн. "Т.Гантулга аа чи юу яриад байгаа юм бэ?, би чамтай маргах юм болоогүй биз дээ" гэж хэлсэн чинь Т.Гантулга миний нүүрэн тус газар цохисон. Тэгээд шар өнгийн цаасны хутга гаргаж ирээд нуруу, мөр хэсгийг зүссэн. ...Би түүнтэй маргалдаж муудалцаагүй. Манай найз Нямдоржтой маргалдаад зогсож байхаар нь би салгаад аваад орсон өөр зүйл байхгүй. Бие биеэ зүс таних болохоор "суучих" гэж хэлэхээр нь машинд нь суугаад гэртээ хүргүүлэх зорилготой байтал намайг ямар нэг шалтгаангүй зодсон. ...Нүүр хэсэг рүү цохисон. Цаасны хутгаар цээж хэсгийг зүссэн. ...Намайг буулгахгүй машин дотор зодож байгаад Баян-булгийн гудамжны тэнд зогсох үед би машинаас буусан. Т.Гантулга "одоо чамайг гадаа зодно" гээд намайг заамдахаар нь би цамцаа тайлаад түүнээс зугтаасан. Миний цамцан дотор Самсунг Ж-4 маркийн гар утас эгч солонгосоос явуулж байсан. ...Гансүх, Нямдорж Зүүнхараад байгаа. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Т.Гантулга архи уусан байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гантулгаас нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй, гомдолгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 7, 9 тал/,

Гэрч Б.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз Баттулгуур, Нямдорж нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах "МН" караокед 19 цагийн үед орж 0.75 шилтэй хараа архи хувааж уусан. Тухайн үед зүс таних Гантулга мөн өөр хүмүүсийн хамтаар караокед байсан. ...Баттулгуур хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан зүйл болоогүй. ...Нямдорж бид хоёр караокеноос гарахад Гантулга байхгүй болохоор нь түрүүлээд гэр лүүгээ явсан байна гэж бодсон. Гантулгын машинд суусан үгүйг мэдээгүй. Маргааш өглөө нь Гантулга /Сархаанаа/-ийн машинд сууж яваад зодуулсан гэж хэлсэн.Тухайн үед Гантулга, Нямдорж хоёр хоорондоо бага зэрэг ам зөрөөд муудалцсан. Баттулгуур бид хоёр муудалцаад яах юм бэ адилхан ууж идсэн хүмүүс юм чинь гээд салгасан. Нямдорж Баттулгуур хоёр гарч тамхи татаад буцаж орж ирээд хэсэг дуулсан. Баттулгуур сууж байгаад тамхи татаад гадаа байж байх уу гээд түрүүлээд гарсан. Нямдорж бид хоёр Баттулгуурыг гарсны дараа 5 минутын дараа тооцоогоо төлөөд араас нь гарахад караоке гадаа байхгүй болохоор нь түрүүлээд гэр рүүгээ явж дээ гээд бид хоёр гэр гэрүүгээ явсан. ...Баттулгуур хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан зүйл болоогүй. ...Гантулга өөрийгөө хянах чадвартай харагдсан. Нямдорж Баттулгуур бид гурав мөн өөрсдийгөө хянан чадвартай байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч О.Нямдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз Баттулгуур, Нямдорж нарын хамтаар "МН" караокед 19 цагийн үед орсон. Караокед 0.75 шилтэй хараа архи бид 3 хувааж уусан. Караокед байхад Гантулга /Сархаанаа/ гэх залуу надтай тааралдаад 1 шил архи аваад өг хэлсэн. Би түүнд "Чамд яахаараа би архи авч өгөх ёстой" юм гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Гантулга намайг "хоёулаа гарах уу" гэж хэлэхээр нь би түүнийг дагаад гартал манай хоёр найз араас гарч ирээд намайг "яахын муудалцаад" гээд салгасан. Тэгээд бид караоке руу орж хэсэг дуулж байгаад архи ч дуусаж байсан болохоор явах гээд сууж байтал Баттулгуур "би гараад тамхи татаад зогсож байя" гээд түрүүлээд гарсан. Гансүх бид хоёр тооцоогоо хийгээд 5 минутын дараа Баттулгуурын араас гартал Баттулгуур хар өнгийн кроун маркийн тээврийн хэрэгсэлд сууж харагдсан. Би "хөөе, хөөе" гээд дуудсан боловч уг тээврийн хэрэгсэл зогсоогүй хурдтай спортын ордон чиглэлтэй явахаар нь Гансүх бид хоёр "гэртээ оччих байлгүй найз нөхөд нь таарсан юм бол уу" гээд бид хоёр гэр гэр лүүгээ явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/  

-Хохирогч С.Жавхландорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой Эрдэнэбат/Эрдэнээ/ах гэртээ дуудахаар нь очсон. Гэрт нь очиход Эрдэнээ ах нэг эмэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Бид гурав нийлээд архи ууж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 29-нд шилжих шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй унтсан. Тэгээд өглөө л байх гаднаас манай гудамжны Ууганаа орж ирсэн. Удаагүй манай ангийн найз /Сархаанаа/ орж ирээд Эрдэнээ ах та хоёр самарт манай тогоочоор явах хүнийг аваад үлдчихсэн одоо хүртэл цуг байх юм пизда гээд над руу томорсон. Би архи уусан байсан болохоор түүнтэй бага зэрэг маргалдсан чинь Сархаанаа ширээн дээр байсан заазуур аваад миний хөлийг зүсээд гэрээс гараад явсан. Би чи ххе гэх мэтээр орилж байхад Эрдэнээ ах сэрээд тэгээд хөл боож эмнэлэг цагдаа дуудсан. ...Баруун хөлийн өвдөг орчим зүссэн. ...Самрын тогооч явуулаагүй гэх мэт зүйл ярьсан. Би уг хүнийг авч үлдээгүй байхад над руу томорч үл ойлголцож маргалдаад хөл зүсээд гараад явсан. ...Хөл одоо зүгээр гайгүй байна. ...Эмчилгээний төлбөр мөнгө өгье гэж хэлсэн. Эмчилгээний төлбөр мөнгө өгвөл гомдол санал байхгүй. ...Би Т.Гантулга миний хөлийг юугаар цохисон гэдгийг нь санахгүй байна. Ямар нэгэн иртэй зүйлээр л цохисон байх. Тухайн үедээ согтчихсон зарим болсон асуудлыг санахгүй байна. ...Т.Гантулга намайг Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр мөнгийг төлж барагдуулсан. Би цаашид Улаанбаатар хотод дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай тул Гантулгаас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. Гантулга бид хоёр нэг ангид суралцаж байсан найзууд тул түүнд ямар нэгэн гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 47, 49 дүгээр хуудас/,

                   Гэрч Ч.Эрдэнэбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 11 дүгээр сарын 28-ны оройн 19 цагийн үед би гэртээ хамтран амьдрагч Болормаагийн хамт архи ууж байгаад хуурай дүү Жак/Жавхландорж/гэх залууг дуусан. Жавхландорж манайд 20 цаг өнгөрч байхад ирсэн. Бид гурав архи ууж байгаад би тасраад унтсан байсан. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний 03 цагийн үед байх би ус уух гээд босоход Жак баруун хөлдөө зүсүүлсэн орон дээр суусан хөлөөс нь цус гарсан байдалтай сууж байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад Ууганаа түрүүлж орж ирээд орон дээр унтсан удаагүй 20-30 минутын дараа Сархаанаа орж ирээд над руу томроод намайг ганц, нэг цохиод гэрээс гарахдаа миний хөлийг зүсээд гараад явчихлаа гэж хэлсэн. Дүү Ууганбаяр орон дээр хэвтэж байхаар нь би түүнээс юу болсон талаар асуухад би түрүүлж орж ирээд орон дээр унтаж байсан чинь араас Сархаанаа орж ирээд Жак ахтай зодолдож, маргалдаж байгаад гараад явчихлаа. Юунаас болж  маргалдсаныг нь мэдсэнгүй гэж хэлэхээр нь би цагдаа болон эмнэлгийн байгууллага руу дуудлага өгсөн. ...Болормаа бид хоёр Жакыг ирэхээс өмнө архи ууж байгаад Жакыг орж ирэхээр нь бид 3 цуг уусан. Жактай архи ууж байгаад Болормаа бид хоёр тасраад унтсан.Жак арай гайгүй өөрийгөө хянах чадвартай байсан санагдаж байна. ...Намайг босоход Сархаанаа байхгүй байсан. Ууганбаяр орон дээр хэвтэж байсан. Жакын хөлөөс цус гарсан байдалтай сууж байсан. ...Сархаанаа манай гэрээр орж гардаг хуурай дүү гурав хоногийн өмнө самраас ирсэн гэж байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 51 дүгээр/,

  • Гэрч М.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой найз Гантулга /Сархаанаа/-гийн хамтаар архи ууж явж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 29-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад хуурай ах Эрдэнэбатын гэрт очиж унтах зорилготой ганцаараа очсон. Очиход Эрдэнэбат ах орон дээр 1 эмэгтэй хүнтэй газраар Жавхландорж ах унтаж байсан. Би гэрт ороод орон дээр нь унтаж байтал найз Гантулга миний араас 20-30 минутын дараа байх орж ирээд чи яагаад хүн хаяад явсан юм бэ гээд ойлголцол болоод буцаад унтсан. Тэгээд унтаж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Би юу болсон юм гээд босоод хартал Жавхландорж ахын хөлөөс нь цус гарсан байдалтай сууж байсан. ...Жавхландорж ах Гантулгатай маргалдсан байх би тэр талаар нь сайн мэдэхгүй байна. Өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан талаар нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 53 дугаар хуудас/

              Шүүгдэгч Т.Гантулга мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би хүлээн зөвшөөрч байна. Урьд нь дээрх прокурорын тогтоолуудтай танилцаад өмгөөлөгчгүй байсан тул учрыг нь сайн ойлгохгүй "хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдүүлсэн байгаа. Одоо бол бүх асуудлыг ойлгож, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би одоо өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. ...Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз болох Маргад, Баттулгуур, Баттулгуурын найз Нямдорж нарын хамт "МН" караокед сууж архи ууцгаасан. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад бид нар караокеноос гарч би Баттулгуур, Маргад нарын хамт миний машинд суугаад Гармын гудамж руу явсан. Машин дотор арын суудал дээр Баттулгуур, Маргад бид гурав сууж явсан. Гэтэл машин дотор Баттулгуур нь согтчихоод агсраад байхаар нь Гармын гудамжинд машинаа зогоож байгаад Баттулгуур бид хоёр машинаас бууж маргалдсан. Энэ хугацаанд Баттулгуур нь дээгүүрээ өмсөж байсан хувцсаа тайлж цээж нүцгэлээд над руу дайраад намайг цохихоор нь би нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж түлхээд унагаачихсан. Тэгээд л Баттулгуур гуйгаад явчихсан. ...Бид хоёр машинаас бууж маргалдаж муудсан. Тиймээс бид хоёрыг зодолдож муудсаныг харсан хүн байхгүй. Маргад машин дотор унтаж байсан, машин жолоодож явсан Номин гэх эмэгтэй машинаас буугаагүй тул хараагүй байх гэж бодож байна. ...Би түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түлхэн унагаасан нь үнэн. Харин би түүнийг цаас зүсэгчээр гэмтээсэн зүйл байхгүй. Намайг түлхэж газар унагаахад Баттулгуур цээж нүцгэн байсан бөгөөд чулуутай газар цээжин биеэрээ унахдаа л зулгарч гэмтсэн байх гэж бодож байна. ...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэбаатар гэх айлд Ууганбаяр, Эрдэнэбаатар нарын хамт архи уусан. Ууж байгаад орой 20 цагийн орчим намайг дэлгүүр гараад буцаад очиход Жавхландорж ирчихсэн байсан. Тэгээд тэнд бид нар архи ууцгааж байгаад Жавхландорж бид хоёр шалихгүй юмнаас л болж маргалдаж эхэлсэн. Яг юунаас болж маргалдсан гэдгийгээ мэдэхгүй байна. Жавхландорж их хэмжээний согтолттой, тасарчихсан байсан байх. Миний хувьд ч гэсэн нэлээд согтолттой байсан. Гэхдээ би болсон асуудлыг санаж байна. Тэд ууж байсан хүмүүс бүгд согтчихсон байсан. Тэгээд би Жавхландоржтой маргалдаж эхлээд, бие биеийгээ түлхэлцэж байгаад больсон юм. Удалгүй Жавхландорж нь эргээд хэрүүл өдөөд байхаар нь би түүний хөл руу нь барилгын төмөр шпателийн ирмэг хэсгээр нь нэг удаа цохиж гэмтээсэн. Тэгээд би гараад явчихсан. Шөнө 04 цагийн орчим буцаад Эрдэнэбаатарын гэр лүү очиход Жавхландорж, Эрдэнэбаатар нар нь бүгд унтаж байсан. ...Би түүний хөлийн өвдөгний дээр гуя хэсгийг шпателийн ирмэг хэсгээр цохиж гэмтээсэн нь үнэн. Гэхдээ энэ асуудал шөнө биш 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчим л болсон байх. Түүнээс хойш Жавхландорж унтаж байгаад шөнө сэрээд ухаан ороод л тэгж бодсон байх. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулж авсан. Тэд нартай эвлэрсэн. ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нартаа эвлэрсэн, иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ хийсэн хэргүүдээ тодорхой ярьсан учраас одоо надад нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 69, 72 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2, 40 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Баттулгуурын Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 3 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 18-23, 58 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №174 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.Б.Баттулгуурын биед зүүн хацар, хүзүүнд шарх, 2 нүдний доод зовхи, зүүн нүдний мөр цээжинд цус хуралт, дух, хамрын нуруу, эрүү, хүзүү, баруун шанаа, баруун гарын бугалга, зүүн мөр бугалга, зүүн мөр бугалга, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

            2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт/хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №197 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.С.Жавхландоржийн биед баруун өвдөгний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 56- 57 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Гантулгын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 106 дугаар хуудас/

Хохирогч С.Жавхландоржийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн эмчилгээний зардлын баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

Нэг.Шүүгдэгч Т.Гантулгыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч  Т.Гантулга нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 23 цаг 20 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Спортын ордны баруун талд өөрийн машин дотроо хохирогч Б.Баттулгуурыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, цаасны хутгаар зүсэж зүүн хацар, хүзүүнд шарх, 2 нүдний доод зовхи, зүүн нүдний мөр цээжинд цус хуралт, дух, хамрын нуруу, эрүү, хүзүү, баруун шанаа, баруун гарын бугалга, зүүн мөр бугалга, зүүн мөр бугалга, нуруунд зулгаралт үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний шөнийн 00 цаг орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 баг, Арцатын 37 тоотод оршин суух, Ч.Эрдэнэбатын гэрт хохирогч С.Жавхландоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөлийн өвдөг орчимд барилгын шпатл багажаар нэг удаа цохиж шарах үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: ...Хохирогч Б.Баттулгуурын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7, 9 дүгээр хуудас/,гэрч Б.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч О.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч С.Жавхландоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 47, 49 дүгээр хуудас/, гэрч Ч.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрч М.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,  шүүгдэгч Т.Гантулгын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 106 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №174 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №197 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Т.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хохирогч Б.Баттулгуурын зүүн хацар, хүзүүнд шарх, 2 нүдний доод зовхи, зүүн нүдний мөр цээжинд цус хуралт, дух, хамрын нуруу, эрүү, хүзүү, баруун шанаа, баруун гарын бугалга, зүүн мөр бугалга, зүүн мөр бугалга, нуруунд зулгаралт үүсгэн гэмтлийг, хохирогч С.Жавхландоржийн баруун хөлийн өвдөгт үүссэн шарахыг шүүгдэгч Т.Гантулгын гэмт үйлдлийн улмаас үүссэн хор уршигт тооцож, хохирогч Б.Баттулгуур нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, шүүгдэгчид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч С.Жавхландоржийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 500000 төгрөгийг нөхөн төлсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Жавхландоржоос эмчилгээний зардалд 742575 төгрөгийн нотлох баримт гаргаж ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Т.Гантулгаас гаргуулж, хохирогч С.Жавхландорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.

Хоёр.Шүүгдэгч Т.Гантулгад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Гантулга нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 23 цаг 20 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Спортын ордны баруун талд өөрийн машин дотроо хохирогч Б.Баттулгуурыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, цаасны хутгаар зүсэж зүүн хацар, хүзүүнд шарх, 2 нүдний доод зовхи, зүүн нүдний мөр цээжинд цус хуралт, дух, хамрын нуруу, эрүү, хүзүү, баруун шанаа, баруун гарын бугалга, зүүн мөр бугалга, зүүн мөр бугалга, нуруунд зулгаралт үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний шөнийн 00 цаг орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 баг, Арцатын 37 тоотод оршин суух, Ч.Эрдэнэбатын гэрт хохирогч С.Жавхландоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөлийн өвдөг орчимд барилгын шпатл багажаар нэг удаа цохиж шарах үүсгэж хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин шүүгдэгч Т.Гантулгын гэмт үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Т.Гантулгад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Гантулга нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Т.Гантулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын сонсгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Гантулга нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол овогт Түмэннастын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.Гантулгат 600/зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгад оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Гантулгад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Т.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Баттулгуур нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч С.Жавхландоржид шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 500000 төгрөгийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгаас 742575 төгрөгийг гаргуулж

-Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Шарын голын 63 тоотод оршин суух, Боржигон овогт Санжаадоржийн Жавхландорж/МЭ87082273/-д олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Гантулгад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭРДЭНЭМӨНХ