Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

          Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Г.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Баясгаланд холбогдох эрүүгийн 2332000000014 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын санхүү албаны дарга ажилтай, ам бүл-7, эхнэр 5 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 2-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гэрэлчулууны Баясгалан /рд:МБ78121015/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Баясгалан нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 6-2 тоотод иргэн Б.Балжиннямтай маргалдан улмаар нүүрэн тус газар удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаалтай учруулсан гэмт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:    

     

Шүүгдэгч Г.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчим Баянгол сумын засаг даргын тамгын газрын дарга Б.Эрдэнэбаатарын хамт тус тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэй Б.Мөнгөнцэцэгийнд очоод нэг шил архи задлаад сууж байтал гаднаас Балжинням орж ирээд нөгөө задалсан нэг шил архинаас бид хуваагаад ууж байгаад Балжинням бид хоёр маралдаад би Балжиннямын нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.

 

Нэг.Эрүүгийн  2332000000014 тоот хавтаст хэргээс  

 

Хохирогч Б.Балжинням мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед би хөдөө гэрээсээ Баянгол сумын төв рүү эмийн сан орж эм авах зорилготой ганцаараа замын унаанд дайгдаж орж ирсэн. Сумын төвийн Хаан банкны харалдаа машинаас буугаад шууд Мөнгөнцэцэгийн  байшин руу хартал гадаа нь нэг цагаан өнгийн машин байхаар нь буцах унаа хайж явсан болохоор Мөнгөнцэцэгийн 99706072 дугаарын утас руу залгаж танайд ямар машин байна гэтэл Эрдэнэбаатар байна аа гэхээр нь яваад ортол Эрдэнэбаатар Баясгалан Мөнгөнцэцэг нар байсан. Тэд нараас архи үнэртээд байсан. Ер нь гурвуулаа халамцуу сууж байж байсан. Ширээн дээр нь архины нэг шил байсан. Тэгтэл Мөнгөнцэцэг нь найз ороод ирлээ гээд данзка нэртэй архи гаргаж ирээд дөрвүүлээ тус бүр гурав татсан. Тэгтэл Эрдэнэбаатар нь нэлээд муудаад цааш орон дээр хэвтээд өгсөн. Тэгтэл Мөнгөнцэцэг нь дахиж архи уухаа больсон. ...тэгээд Мөнгөнцэцэг босоод 00 орчихоор нь миний бөгс чилээд байхаар босоод буйдан дээр нь суугаа гэдийж байгаад нуруугаа амраах маягтай сууж байж байтал Баясгалан нь юу ч хэлэлгүй босож ирээд шууд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисноо дээр сууж дарж аваад давтаад 3-4 удаа нүүр рүү цохисон. Би хориглоод заамдалцаад байж байтал Эрдэнэбаатар босож ирснээ миний дээр дараад автал Баясгалан нь араас нь мөр гар хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэр үед Мөнгөнцэцэг 00 гарч ирээд салгасан.Миний хамраас тухайн үед цус маш их хэмжээтэй гарсан. ...Би эмчийн бүх бичгийг Баясгаланд үзүүлээд хагалгаанд хүртэл орох юм байна гэтэл эм тариагаа аваарай гээд надад 160000 төгрөг данс руу шилжүүлээд дахиж холбоо бариагүй. Ийм зүйл болсон. Би гомдолтой байгаа тул Баясгалан Эрдэнэбаатар нарт хуулийн хариуцлага тооцож өгнө үү. ...гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу баасан  гарагийн орой 19 цагийн үед ажил тараад сумын санхүү албаны дарга Г.Баясгалангийн хамт сумын халамжийн мэргэжилтэн Б.Мөнгөнцэцэгийн гэрт нэг шил данзка нэртэй архи авч очоод Баясгалан бид хоёр тухайн архийг задлаад ууж эхэлж байтал гаднаас Баянгол сумын иргэн Балжинням нь гаднаас орж ирсэн. Тэгээд тухайн архийг уугаад талдаа орж байтал би нэлээд согтоод орон дээр хэвтээд унтах гэж байтал Баясгалан Балжинням нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тухайн үе би тоогоогүй гайгүй байлгүй дээ гэж бодоод унтчихсан. Унтаж байтал миний дээрээс Балжинням Баясгалан нар ноцолдоод унаад ирэхээр нь би хооронд нь салгаж Баясгалан, Балжинням нарыг хоёр тийш түлхэж салгасан. Тэр хоёрыг салгаад удаагүй Балжинням гараад явчихсан. ...Балжиннямын хамраас цус гарчихсан байсан. Өөр ил харагдах шарх сорви харагдаагүй. ...гэх мэдүүлэг/ хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Д.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу баасан гарагийн орой 18 цагийн үед ажил тараад гэртээ очоод цай унд уучхаад хувцас угаагаад ганцаараа байж байтал 19 цагийн үед гаднаас ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэбаатар, сумын санхүү албаны дарга Г.Баясгалангийн хамт нэг шил данзка нэртэй архи авч орж ирсэн. Тухайн үед би уухгүй шүү гээд хувцсаа угаагаад угаалга хийж байтал гаднаас Балжинням  нь ээждээ эм авах гэж сумын төв орж ирлээ би машингүй явна танай гадаа машин байхаар чинь ороод ирлээ хүргээд өгчих машин байна уу гээд ганцаараа орж ирсэн. ...Би 00 өрөөнд угаалга хийгээд орж гараад байж байсан. ...Тэгтэл намайг 00 өрөөнд байхад нэг мэдтэл түчигнээд явчихаар нь гараад хартал Эрдэнэбаатар нь Баясгалан, Балжинням хоёрын голд орчихсон энэ хоёр зодолдоод байна гэчихсэн зогсож байсан. Тухай үед Балжиннямын үүр хэсэг болон цамц нь цус болчихсон байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Балжиннямын Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Баянгол сум дахь цагдаагийн хэсэгт гаргасан гомдол /хх-ийн 2 дугаар хуудас/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №212 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

            1.Б.Балжиннямын биед зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, 2 талын нүдний зовхинд цус хуралт, хоёр нүдний хооронд зулгаралт, зүүн нүдний хараа бууралт, нүдний алимын хөдөлгөөн алдагдал тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

            4.Б.Балжинням нь зүүн нүдний ухархайн  дотор болон доод хананы хугарлын улмаас зүүн нүдний ухархайн хугарал засах мэс ажилбар хийгджээ.

            5.Б.Балжиннямын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 13-14 дүгээр хуудас/

            Шүүгдэгч Г.Баясгалангийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 49 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтыг улсын яллагчийг зүгээс,

 

Шүүгдэгчийн зүгээс-Хохирогч Б.Балжиннямын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн шүүгдэгчээс авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.Баясгалан нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны оройн 18-19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 6-2 тоотод оршин суух иргэн Д.Мөнгөнцэцэгийн гэрт хохирогч Б.Балжиннямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүр, зүүн нүд орчимд гараараа удаа дараа цохиж зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, 2 талын нүдний зовхинд цус хуралт, хоёр нүдний хооронд зулгаралт, зүүн нүдний хараа бууралт, нүдний алимын хөдөлгөөн алдагдал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Б.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/ хх-ийн 6-7 дугаар хуудас/,Гэрч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,Гэрч Д.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №212 дугаартай дүгнэлт /хх-ийн 1314 дүгээр хуудас/, Хохирогч Б.Балжиннямын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн шүүгдэгчээс авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэх тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Баясгалангийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/зэрэг хэрэгт авагдаж  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Г.Баясгалан нь хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Гантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Баясгалан нь хохирогч Б.Балжиннямыг үл ялих зүйлээр шалтаглан  зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлцээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Гурав.Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Б.Балжиннямын зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, 2 талын нүдний зовхинд цус хуралт, хоёр нүдний хооронд зулгаралт, зүүн нүдний хараа бууралт, нүдний алимын хөдөлгөөн алдагдал гэмтлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч Б.Балжинням нь хавтаст хэрэгт өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад зарцуулсан зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй боловч шүүгдэгчээс хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд 3160000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд нөхөн төлсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна./шүүхийн хэлэлцүүлэгт шинээр шүүгдэгчээс хохирол төлсөн 4 ширхэг нотлох баримт/

 

Дөрөв.Шүүгдэгч Г.Баясгаланд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Баясгалан нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 18-19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 6-2 тоотод оршин суух иргэн Д.Мөнгөнцэцэгийн гэрт хохирогч Б.Балжиннямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаас хохирогчийн нүүр, зүүн нүд орчимд гараараа удаа дараа цохиж зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, 2 талын нүдний зовхинд цус хуралт, хоёр нүдний хооронд зулгаралт, зүүн нүдний хараа бууралт, нүдний алимын хөдөлгөөн алдагдал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Баясгалан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Г.Баясгаланд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Баясгалан нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шүүгдэгчийн хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувь хүний төлөвшил, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгчид оногдуулах 600000 төгрөгөөр торгох ял буюу эрүүгийн хариуцлагаас  чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Баясгалан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

   Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн 2332000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Баясгалан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Гэрэлчулууны Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баясгаланг 600/зургаан зуу/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан  шүүгдэгч Г.Баясгаланд оногдуулсан 600000 төгрөгөөр торгосон эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Баясгаланд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Г.Баясгалан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Балжиннямд шүүгдэгчээс 3160000/гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Баясгаланд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ЭРДЭНЭМӨНХ