Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2019/00497

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00464/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ..-р байрны ... тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, харилцах утас ., ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ..-р байрны ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, харилцах утас ... ******* холбогдох

 

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие тус шүүхэд ******* гэр бүл цуцлах өргөдөл өгсөн ба холбогдох хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлахаар эвлэрээгүй. Түүний дараа шүүх хурлаар орж дахин эвлэрүүлэн зуучлах 2 сарын хугацаа өгсөн боловч мөн амжилтгүй болсноос үүдэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 дахь шүүх хурал товлогдсон ч миний бие өөрийн хариуцлагагүй байдлаас болж хуралд оролцож чадаагүй ба дахин шүүх хурал товлосон боловч ******* нэхэмжлэлээ буцаачих, хүүхдийн хурим найр болох гэж байна амьтанд муугаа үзүүлмээргүй байна гэсэн тул буцаасан. Түүний дараагаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* би өгнө урьд нь салахгүй гэж байсан бол одоо салах өргөдлөө өөрөө өгнө гэсэн тул хүлээсээр өнөөдрийг хүрлээ. Тиймээс миний өргөдлийн дагуу шүүх хурал товлож гэр бүл цуцалж өгнө үү гэв.

 

            Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие ******* нь ******* ийн гаргасан гэр бүл цуцлуулах өргөдөл өгсөнтэй холбогдуулан хуулийн дагуу шүүх хурлаар орсон. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 дахь шүүх хурал товлосон. ******* нь 9 дүгээр сарын 17-ны өглөө намайг гэрээс авч голын эрэг гарч, би алдаа хийсэн байна, чамаас салахгүй гэж хамт хонож 18-ны өглөө шүүх рүү өөрөө залгаж нэхэмжлэлээ буцаамаар байна гэж ярьсан. Намайг битгий оч, утсаа унтраа гээд Сэлэнгэ явж ээжийнхээ газар руу дагуулж яваад, Дарханд ирж гэртээ ирээд 2 охиндоо аав нь ирлээ дахин явахгүй гэж хэлээд хоноод, би маргааш нь ажилтай байсан, ажил дээр орж ирээд гараад явсан. ******* ийн одоо хамт амьдарч байгаа хүүхэн болох Б нь утсаар намайг доромжилж зурвас бичиж байсан.

            Тэгээд нөгөө хүүхэнтэйгээ уулзаад ирээгүй. Дахин шүүх хуралд товлосон, цагтаа ирсэн. ******* т нэхэмжлэлээ буцаа гэж би хэлээгүй. Миний утсыг блок хийсэн, би ярьдаггүй. Над руу харин согтох бүртээ ярьдаг. Өөрийн болон хүний утаснаас сүүлд 4-5 найзынхаа утаснаас залгаж чи миний албан ёсны эхнэр, тэр хүүхэн өнөөдөр хэн ч биш би хаяна гэж хүртэл ярьж байсан. Би энэ ******* гэдэг хүнийг ер нь ойлгохгүй байна. *******, Б хоёроор би мөн ч их доромжлуулж байна. Одоо цаашид ийм байдалтай явж чадахгүй. ******* ийн хүссэнээр гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Миний хүүхдүүд харамсалтай байна. Хоёр том нь яахав тус тусдаа амьдарч байна. Хүүхдийн нөхөн төлбөр болон бусад шаардлагатай тэтгэмжийг өгөх байх. Хүний хүүхдийг харж, халамжилж байгаа юм чинь хүүхдэдээ өгөх байлгүй. ******* ийн худал хуурмаг яриаг дахин сонсмооргүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2003 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин Г.Э төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчид нь 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бөгөөд эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж охин Г.Э төрсөн эцэг ******* ээр овоглосон байна.

 

Нэхэмжлэгч ******* нь ... Миний бие тус шүүхэд ******* гэр бүл цуцлах өргөдөл өгсөн ба холбогдох хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлахаар эвлэрээгүй. Түүний дараа шүүх хурлаар орж дахин эвлэрүүлэн зуучлах 2 сарын хугацаа өгсөн боловч мөн амжилтгүй болсноос үүдэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 дахь шүүх хурал товлогдсон ч миний бие өөрийн хариуцлагагүй байдлаас болж хуралд оролцож чадаагүй ба дахин шүүх хурал товлосон боловч ******* нэхэмжлэлээ буцаачих, хүүхдийн хурим найр болох гэж байна амьтанд муугаа үзүүлмээргүй байна гэсэн тул буцаасан. Түүний дараагаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* би өгнө урьд нь салахгүй гэж байсан бол одоо салах өргөдлөө өөрөө өгнө гэсэн тул хүлээсээр өнөөдрийг хүрлээ. Тиймээс миний өргөдлийн дагуу шүүх хурал товлож гэр бүл цуцалж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, нотлох баримтаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 3994 дугаартай Нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаах тухай захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1192 дугаартай Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тухай шүүгчийн захирамжуудийг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул гэрлэлт цуцалж, Г.Э өссөн төрсөн орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх ******* гийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж тайлбарлаж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг эх дараахь үүрэг хүлээнэ 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан

тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар Г.Э сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******* ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Г.Ээх ******* гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Г.Э11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ******* ээр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод тус тус оруулсугай.

 

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА