| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0804/З |
| Дугаар | 221/МА2025/0099 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0099
Н.Ө-н гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: гомдол гаргагчийн өмгөөлөгч
Гомдол гаргагч: Н.Ө
Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1053
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч Н.Ө, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Н.Ө-ээс Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г-т холбогдуулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г-н 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0103792 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1053 дугаар шийдвэрээр:
“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Ө-н гомдолтой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Гт холбогдох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г-н 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0103792 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Монгол Улсад худалдагдах биологийн идэвхт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлэлгүй худалдан борлуулсан нь хууль зөрчсөн” гэх үндэслэлээр Н.Ө-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2 дахь хэсэгт заасны дагуу тавин нэгж буюу 50,000 /тавин мянга/ төгрөгөөр торгож, зөрчил үйлдэж олсон орлого болох 28.324.000 /хорин найман сая гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хураахаар шийдвэрлэснийг гомдол гаргагч Н.Ө эс зөвшөөрч “... Зөвшөөрлийн тухайн хуульд зааснаар зөвшөөрөл авах шаардлагагүй, Зөрчлийн тухай 6.6 дугаар зүйлийн 7.7.2 дахь заалт эдүгээ хүчингүй болсон тул хуулийн уг заалтыг баримтлан хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй, витамин /биологийн идэвхт бүтээгдэхүүн/ мөн эсэхийг салбар зөвлөл хэлэлцэж шийдвэрлэхдээ бүтээгдэхүүний дээжийг шинжилж тогтоогоогүй, гомдол гаргагч миний бие бүртгэл хийлгэх эрхтэй субъект биш ...” гэх үндэслэлээр “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г-н 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0103792 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар Хэрэг бүртгэлтийг хаасан хэргээс холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай тогтоолоор иргэн Т.Ө нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Н.Ө-н дайвар ачаа болох биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх үед гаалийн улсын байцаагч З.У саатуулан шалгаж Чингис Хаан Олон улсын нисэх буудлын буудал дахь Галийн газрын улсын ахлах байцаагч О.Б-д шилжүүлсэн, гаалийн ахлах байцаагч О.Б нь холбогдох албан тушаалтны чиглэл шийдвэрийн дагуу тодорхой төрлийн эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалгүйгээр нэвтрүүлсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, Монгол Улсад бүртгэгдээгүй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хууль бусаар Монгол Улсын хилээр импортлох үйлдэл гаргасан иргэн И.Б, Т.Ө нарын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн” зөрчлийн шинжтэй, Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/55 дугаартай Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай аргачилсан зааврын 2.29-д зааснаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч шалган шийдвэрлэвэл зохих зөрчлийн шинжтэй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлжээ.
2.3. Улмаар гомдол гаргагч Н.Ө-ийг Монгол Улсад худалдах биологийн идэвхт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлээгүй худалдан борлуулсан зөрчил гаргасан үндэслэлээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г-н 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0103701 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 50 нэгжтэй /50000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчил үйлдэж олсон орлого болох 28,324,000 /хорин найман сая гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хураахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0382 дугаар шийдвэрээр Н.Ө-н гомдолтой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Гт холбогдох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г-н 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0103701 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.
2.4. Хариуцагч улсын байцаагчаас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 0103792 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Н.Ө-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2 дахь хэсэгт заасны дагуу тавин нэгж буюу 50,000 /тавин мянга/ төгрөгөөр торгож, зөрчил үйлдэж олсон орлого болох 28.324.000 /хорин найман сая гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хураахаар шийдвэрлэснийг гомдол гаргагч Н.Ө эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.
2.5. Анхан шатны шүүхээс “... хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буюу шүүхийн шийдвэрт дурдсан 3 сарын хугацаанд багтаан гаргасан, ... гомдол гаргагч Н.Ө-н дайвар ачаа болох биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, уг бүтээгдэхүүнийг гомдол гаргагч нь улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд худалдан борлуулж, орлого олсон зөрчил үйлдсэн нь тогтоогдож байна, ... аливаа иргэн, хуулийн этгээд нь биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортоор оруулж Монгол Улсад худалдах тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлага тавигдах бөгөөд уг шаардлагыг биелүүлээгүй нь баримтаар тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болно, ... Н.Ө-н Хаан банкны 5031****** дугаарын дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд худалдан борлуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүний орлого нийт 148 удаагийн гүйлгээгээр 30,434,000 төгрөг байсан бөгөөд үүнээс дээрх бүртгэлтэй 2 биологийн идэвхт бүтээгдэхүүн, 1 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийн орлого 2,110,000 төгрөгийн /32, 33, 37, 39, 45, 46, 48, 50, 53, 55, 73, 75, 76, 81, 92, 99, 107, 126, 128, 135, 141 дэх гүйлгээ, гүйлгээний үнэ утга болон үнээр нь тооцсон/ орлогыг хасаж 28,324,000 төгрөгийн хууль бус орлого олсон нь тогтоогдож байна..., хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г-н 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 0103792 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн цаг хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2 дахь хэсэг хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ...” гэх дүгнэлтүүдийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.6. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн /2010 оны/ 22 дугаар зүйлийн 22.1-д “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна”, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2-т “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэж тус тус заасан.
2.7. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ын 1.17-д “БИБ бүртгүүлэгч нь тухайн үйлдвэрлэгч эсхүл түүнийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд байна” гэж заасан.
2.8. Хууль, журамд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байхаар тухайлан заасан, энэхүү шаардлагыг зөрчиж биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгүүлэлгүйгээр худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосон журмыг гомдол гаргагч зөрчсөн болохыг хариуцагчаас тогтоож, улмаар хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 8и-1/12558 дугаар албан бичгээр[1] Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт “... хавсралтад дурдсан нэр төрлийн бүтээгдэхүүнүүд нь Монгол улсын эм, био бэлдмэлийг аль төрөлд хамаарах, эдгээрийг Монгол Улсад худалдан борлуулах, импортлох зөвшөөрөл олгосон эсэх, тухайн зөвшөөрлийг эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл”-ийг ирүүлэхээр хандсаны дагуу тус газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/2041 дүгээр албан бичгээр[2] “... 2 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэлтэй байна. Биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Зөвшөөрлийн тухай хуулийн 13.16-д зааснаар тусгай зөвшөөрөлгүй болсон ба импортын лиценз олгодоггүй зөвхөн бүртгэлийн гэрчилгээг үндэслэн импортлохыг зөвшөөрдөг болно” гэх хариуг хүргүүлжээ.
2.10. Мөн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээчийн №24-05/14 дүгээр дүгнэлтээр[3] “... Их Британи улсын “Vitabiotics, Ltd, Seven-Seas, Boots Uk limited” зэрэг компанийн дээрх 13 нэрийн бүтээгдэхүүнүүд нь Биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд хамаарах тул холбогдох журмын дагуу материалуудаа бүрдүүлэн бүртгүүлэхийг санал болгож байна” гэж дүгнэснийг Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр хуралд оролцож, санал өгсөн гишүүдийн 100 хувийн саналтайгаар шинжээчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж шийдвэрлэсэн байна.
2.11. Дээрх шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж, “... Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар ... шинжээч Э.Э-н 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24-05/14 дугаар Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээчийн дүгнэлтийг дэмжиж, 13 нэрийн бүтээгдэхүүнийг Биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн гэж шийдвэрлэсэн нь тус салбар зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлд тусгагдсан, ... гомдол гаргагч Н.Ө-н дайвар ачаа болох биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, уг бүтээгдэхүүнийг гомдол гаргагч нь улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд худалдан борлуулж, орлого олсон зөрчил үйлдсэн нь тогтоогдож байна” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй.
2.12. Уг шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргагчийн зүгээс зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол, хүсэлт гаргаагүй энэ тохиолдолд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “Дээж авч шинжилснээр тогтоосон дүгнэлт байхгүй, ... Шинжилгээний объект байхгүй байхад хаанаас хэн томилсон эсэх, ямар асуулт асуусан эсэх нь эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн” гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
2.13. Нэгэнт гомдол гаргагчийн худалдан борлуулсан бүтээгдэхүүнүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэж заасныг зөрчсөн үзэж хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2 дахь хэсэгт “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэж заасны дагуу тавин нэгж буюу 50,000 /тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас зөрчил үйлдэж олсон орлого болох 28.324.000 /хорин найман сая гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хураахаар хариуцлага ногдуулсныг мөн буруу гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.14. Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана”, 3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ”, Тайлбар: ““Зөрчил үйлдэж олсон орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно” гэж тус тус заасан.
2.15. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчил үйлдэж олсон орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр заасны дагуу гомдол гаргагч Н.Ө-н бүртгэлгүй биобэлдмэлийг худалдан борлуулж зөрчил үйлдсэн гэж үзсэн нь уг зөрчлийн улмаас олсон орлогыг 28.324.000 /хорин найман сая гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гэж тогтоосон нь, уг орлогыг хураахаар шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлтэй байна.
2.16. Хариуцагчаас зөрчилд холбогдогч Н.Ө-н Хаан банкны дансны хуулгад үндэслэн нийт 148 удаагийн гүйлгээгээр 30,434,000 төгрөг байна гэж, хариуцагчаас дээрх дансны 148 удаагийн гүйлгээнээс бүртгэлтэй 2 биологийн идэвхт бүтээгдэхүүн, 1 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийн орлого 2,110,000 төгрөгийн /32, 33, 37, 39, 45, 46, 48, 50, 53, 55, 73, 75, 76, 81, 92, 99, 107, 126, 128, 135, 141 дэх гүйлгээ, гүйлгээний үнэ утга болон үнээр нь тооцсон/ орлогыг хасаж 28,324,000 төгрөгийн хууль бус орлого олсон нь тогтоогдсон гэж дүгнэснийг шүүх үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.
2.17. Хэрэгт авагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Б-н 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл”[4]-ээр гомдол гаргагч Н.Ө-н хаан банкны 5031****** дугаар дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны дансны хуулганд үзлэг хийж, үзлэгээр нийт 148 удаагийн гүйлгээгээр 30,434,000 төгрөг байсан болохыг тэмдэглэсэн, мөн гомдол гаргагчийн банкны дансны хуулга болон гүйлгээний бүх утгыг нэг бүрчлэн авч үзвэл “... эх хүүхдийн витамин, ... витамин (өсөлтийн), ... эм хүүхдийн витамин, ... витамин авсан төлбөр, ...” гэх зэрэг утгатайгаар мөнгөн дүн шилжүүлэгдсэн талаар тайлбарлагдсан баримтыг хариуцагч шийдвэрийн үндэслэл болгосныг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.
2.18. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол гаргагч Н.Ө нь “... Өөрийн цахим хуудаст Англи дахь бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүргэсэн. Гэтэл ойр дотнын хүмүүс захиад 02 сарын хугацаанд Англи улсад байж байхдаа хүмүүсийн гар тээшинд захиалгаар явуулж байсан нь үнэн. Үүнийгээ би үгүй гэж гүрийхгүй. Дотор нь гарын тос, нүдний дусаагуур, хөхөнд түрхдэг тос гэх мэт Англи улсад сайн гэсэн зүйлсийг надад захихад нь би өгөөд гүйлгээний утга дээр нь витамин гээд хийчих гээд захиаснуудыг нь хийдэг байсан. Миний хувьд хүлцэл өчиж цаашдаа хууль дүрмийг биелүүлнэ. Гол гомдоод байгаа зүйл нь зарим зүйлийг ялгахын тулд витамин гээд хийчих гээд хийлгэсэн чинь 30 сая төгрөгийг орлого гэж үзээд 28 саяыг нь авахаар шийдвэр гаргаж байгаад эсэргүүцэж байна. Ямар зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр зарсан байна гээд ялгаад, салгаад өгвөл зүгээр байна. Надад алдаа байгаа, гэхдээ ашиг олъё гэсэн санаа байгаагүй. Ойр дотнын хүмүүсийнхээ захиасыг өгч байсан. Хувийн хэрэгцээндээ бас зарцуулж байсан. Зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Олсон орлого гэдгийг ялгаж салгаж өгөөч гэж хүсээд байгаа юм, би буруугүй гэж дайрч болохгүй, зөвшөөрч байна. Манай ажлынхан витамин захиад би мөнгөөрөө аваад намайг ирэхээр өгсөн гэх мэт үйлдлүүд байгаа. Би өөрөө зөөгөөд явж байсан хүний хувьд хэлэхэд ихэнх нь гарын тос байсан. Гүйлгээг хийхдээ тэгээд хийчих гээд хэлчихсэн ... Витамин гээд хийлгэсэн нь миний буруу, зөндөө үнэртэй ус бас байгаа. Миний данс руу хийлгэсэн утасны дугаарууд байгаа ... Бусад бүх хүмүүсийг дуудаад асуувал бүх юм нь гарч ирнэ гэж бодож байна ...” гэх тайлбар гаргажээ.
2.19. Гэвч шүүх гомдол гаргагчийн энэхүү тайлбарыг хүлээн авч түүний дансны хуулгаар тогтоогдсон 148 удаагийн дансны гүйлгээнээс нийт 30.434.000 төгрөгийн орлогоос 28,324,000 төгрөгийн орлогыг хураахаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзэх, улмаар зарим мөнгөн дүнтэй холбоотой орлогыг хасч тооцох үндэслэлгүй байна.
2.20 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5-д “Холбогдогч дараахь эрхтэй: зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан.
2.21. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдсан, анхан шатны шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явагдаж эхэлсэн, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдсэн, эдгээр хугацаанд гомдол гаргагчаас дээрх “бусдын захисан биологийн идэвхт бүтээгдэхүүний мөнгө шилжиж орж ирсэн” гэх зэрэг тайлбарт хамаарах баримт нотолгоо, түүний эх сурвалжийг нэрлэн заагаагүй, холбогдох баримтуудыг гаргаагүй, уг тайлбартай холбоотой тооцоолол бусад шаардлагатай гэж үзсэн тайлбар, нотолгоог нэрлэн заагаагүй, түүний дансны 148 удаагийн орлогын гүйлгээний утгуудад түүний тайлбарт дурдагдсан “үнэртэй усны мөнгө, захисан зүйлийн мөнгө” гэх зэрэг байдлаар тэмдэглэгдээгүй байхад шүүхээс таамгаар биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан борлуулж олсон гэх орлогоос түүний дээрх тайлбарыг үндэслэн хасч тооцох үндэслэлгүй байна.
2.22. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна”, 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй”, 113 дугаар зүйлийн 113.2-т “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
2.23. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г-н 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0103701 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 50 нэгжтэй /тавин мянган/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчил үйлдэж олсон орлого болох 28.324.000 /хорин найман сая гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг хураахаар шийдвэрлэснийг гомдол гаргагчаас эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0103701 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0382 дугаар шийдвэрээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
2.24. Хариуцагчаас тус шүүхийн шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гардан авч, гомдол гаргах хугацааг тооцоход гомдол гаргах эцсийн хугацаа нь ажлын бус өдөр таарсан тул түүний дараагийн ажлын өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байгаа нь шүүхийн шийдвэрээр тогтоосон 3 сарын хугацаанд багтаан гаргасан байна.
Иймд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “... Шүүхийн шийдвэрт заагдсан 3 сарын хугацаа өнгөрсөн байхад дахин шийтгэлийн хуудас үйлдсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.25. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5-д “Холбогдогч дараахь эрхтэй: зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.10-д “хуульд заасан бусад” гэж заасны дагуу гомдол гаргагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах эрхтэй байсан боловч тус эрхээ хэрэгжүүлээгүй, нэгэнт гомдол гаргагчийг тодорхой хэмжээний биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан борлуулсан болохыг хариуцагчаас баримтаар нотлогдсон гэж үзсэнийг шүүхээс буруу гэж үзэх боломжгүй байх тул хэдэн ширхэг биологийн идэвхт бүтээгдэхүүн байсан эсэх нь уг маргаанд нотолгооны ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх гомдол гаргагчийн “... Шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагаа бүрэн явагдаагүй, Биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн эсэх, хэчнээн ширхэг, хэдэн төрлийг худалдан борлуулсан, дансны хуулга дээрх иргэдээс асуугаагүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Ийнхүү анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ