Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2016/00092/Э |
Дугаар | 00095 |
Огноо | 2016-12-05 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Д.Уранчимэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 00095
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Д.Уранчимэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Я.Гантөгс, түүний өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Тарваад холбогдох 201618020169 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1948 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, охин, зээ хүү нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1 дүгээр баг, 14 дүгээр байр, ¹ 02 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-1978 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан хотын Дархан хорооны хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн ¹ 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 06 сарын засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Чимиддоржийн Тарваа. /РД:ТГ48020414/
Шүүгдэгч Ч.Тарваа нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум орохоор өөрийн эзэмшлийн 81-89 СЭҮ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3 Тэээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчин хурд хэтрүүлснээс 08 настай Г.Энхтуулыг зам хөндлөн гарах үед нь мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Тарваагийн өгсөн........ Би Сэлэнгэ аймаг Мандал суманд өөрийн төрсөн охиныд ирчээд 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу буцаж байсан юм. Би өөрийн эзэмшлийн 81-89 СЭҮ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр Б.Туул, төрсөн охин Т.Мандухай, зээ охин нар сууж явсан. Хараа голын гүүр өнгөрөөд Хэрх тосгон орох үед энэ осол болсон. Миний хажуугаар цагдаагийн алаг машин өнгөрөхдөө чанга яригчаар миний дугаарыг дуудаад та хөдөлгөөнд саад учруулж байна гэж хэлэхээр нь хурдаа нэмтэл гэнэт засмал зам дээр миний зүүн гар талаас нэг хүүхэд гарч ирэхээр нь тормоз гишгээд нөгөө тийш дартал машины толинд цохиулж шүргэгдэх шиг болсон. Би машинаа зогсоогоод бууж очоод хүүхдийг тэвэрч аваад эмнэлэг явах гэж байтал тэр хүүхдийн ээж нь ирэхээр нь суулгаж аваад Мандал сумын нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Яаралтай Улаанбаатар хот авч явах хэрэгтэй гэж хэлэхээр нь би бензиний зардалд 100000 төгрөг өгөөд араас чинь очъё гэж хэлсэн. Тэгээд би маргааш араас нь Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэг дээр очиж тэр хүүхдийг ээж, аавтай нь хамт 14 хоног сахиж энгийн тасагт шилжихээр нь гэр лүүгээ ирсэн. Би эмчилгээний зардалд эмнэлэгт байхад нь 2.8 сая төгрөг, сая шүүхийн шатанд 3886000 төгрөг, нийт 6886000 төгрөгийг төлсөн. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Я.Гантөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн……. 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхнэр, хүүхдийн хамт хязаалан насны морьдын уралдаан үзэх гээд явж байгаад эхнэр бид хоёр дэлгүүр лүү ус авахаар орсон. Гараад ирэхэд охин алга байсан. Засмал зам дээр манай хүү, манай эхнэрийн эгчийн хүү хоёр уйлаад байж байсан. Би яваад очиход таньдаг залуу хүрч ирээд охин чинь осолд ороод эмнэлэг явсан гэж хэлсэн. Би охиныхоо араас эмнэлэг дээр ирэхэд охин маань аймар болсон байсан. Тэгтэл Тарваа гуай хүрч ирж уулзаад уучлалт гуйсан. Охиныг тэр даруй Улаанбаатар хот авч явж сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн. 14 хоноод энгийн тасаг руу шилжүүлсэн. Осол болсноос хойш дан эмнэлгээр явж байна. Одоо ч гэсэн Улаанбаатар хотод эхнэр сахиад эмнэлэгт хэвтэж байна. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах зардлыг нь тухай бүрд нь нэхэмжилнэ. Уул нь гадаад явж эмчилгээ хийлгэвэл 60-70 сая төгрөг болох юм билээ. Даанч миний хувьд тийм их мөнгө алга. Заавал хорих ял оногдуулах санал хүсэлт алга шүүх шийднэ биз гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Насанд хүрээгүй хохирогч Г.Энхтуулын мөрдөн байцаалтад өгсөн…… Тэр өдөр би агаа Тэмүүжин, Лхагвацэрэн ах хоёртойгоо хамт гэр лүүгээ харихаар явж байсан. Уг нь агаа Тэмүүжин намайг гэр лүүгээ харья гээд байсан. Би ээжээсээ асуухад агаатайгаа хамт явж болно гэсэн юм. Тэгээд хоёр агаа замын нөгөө талд гарчихаад машин хол байнаа зам дээгүүр гараад ир гээд байхаар нь харсан чинь хойд талаас ирж байгаа нэг машин хол харагдахаар нь зам дээгүүр хөндлөн гарах гээд гүйсэн чинь мэдэхгүй би машинд мөргүүлсэн байхаа. Нэг мэдэхэд хотод эмнэлэгт хэвтэж байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/
Гэрч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн……. Тэгэхэд би яг юу болсныг хараагүй бөгөөд гүйгээд очиж явахад ойр хавьд байсан хүмүүс охин чинь машинд мөргүүлчихлээ ш дээ гэж хэлэхийг сонсоод очсон. Тэгтэл миний охин авто зам дээр тэр суудлын машид мөргүүлчихсэн, мөргөсөн машины жолооч нь гэх настай хүн охиныг минь тэвэрчихсэн эмнэлэгт яаралтай хүргэмээр байна гэчихсэн явах гэж байсан гэх мэдүүлэг /Хх-н 46 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч О.Лхагвацэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн… ... Тухайн өдөр манай ээж Ганцэцэг гэрээсээ Тэмүүжин бид хоёрыг хуушуур аваад ир гэсэн. Тэр өдөр сумын наадам болж байсан болохоор Тэмүүжин бид хоёр морьтой явж байсан. Манай ахын эгчийн хүүхэд Г.Энхтуул бид хоёртой хамт явах гээд араас хүрч ирсэн. Би түүнээс бид хоёртой хамт явахыг зөвшөөрсөн юм уу гэсэн чинь тийм ээ гээд мөхөөлдөс идчихсэн хүрч ирсэн. Түүнийг морин дээр сундлаад явах гэж бодсон боловч ард тогтворгүй суучхаад уначих байх гээд Тэмүүжин бид хоёр зам хөндлөн гарчихаад харахад зам дээр бараг машин байхгүй харин хойд талаас нэг машин нилээд хол зайтай ирж явсан. Тэр машинаас өмнө Г.Энхтуул зам хөндлөн гарч амжихаар байхаар нь бид хоёр түүнийг гялс гараад ир гэж хэлэхэд тэр зам дээр гарч ирээд явж байхад нөгөө хойноос ирж явсан машинд мөргөгдчихсөн юм. Мөргөгдөөд савж зам дээр унасан. Машины жолооч өвөө гарч ирсэн. Бас нэг эгч гарч ирээд яанаа хүүхэд дайрчихлаа ш дээ гээд орилоод байсан гэх мэдүүлэг /Хх-н 47 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Г.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн…… Лхагвацэрэнгийн ээж нь бид хоёрыг хуушуур аваад ир гэхээр нь бид хоёр морьтой яваад Ганаа ахын дэлгүүрийн ард байдаг газраас хуушуур аваад явж байхад Ганаа ахын дэлгүүрийн гадаа манай ээж Эрдэнэцэцэг, дүү Энхтуулын хамт байхтай тааралдаад уулзаж ээжээсээ 1000 төгрөг аваад тэгээд Ганцэцэг аниагийнд очих гээд зам хөндлөн гарч явахад араас манай дүү Энхтуул ирж байсан. Тэгэхээр нь хамт явах гэж байгаа юм байна гэж бодоод замын нөгөө талд нь байхдаа зам дээр машин байгааг харахад машин их хол явж байсан. Тэгэхээр нь би дүүгээ хурдан гараад ир гэсэн чинь Энхтуул зам дээр гараад 2-3 удаа алхаж гүйхэд нэг саарал өнгөтэй жижиг машин хүрч ирээд мөргөсөн. Миний дүү үсрээд л явчихсан юм. Тэгсэн чинь тэр машинаас эхлээд нэг аниа бууж ирсэн ба яанаа хүүхэд дайрчихлаа гээд уйлаад доош суугаад орилоод байсан. Бас нэг өвөө , хүүхдээ тэвэрчихсэн аниа, бас нэг жоохон хүүхэд гарч ирсэн. Миний дүү зам дээр уначихсан. Хөдлөхгүй болчихсон байсан. Тэр үед цаанаас ээж хүрч ирсэн. Тэгээд машинаас бууж ирсэн өвөөтэй хамт дүүг эмнэлэг рүү аваад явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 48 дугаар хуудас/
Гэрч Т.Мандухайгийн мөрдөн байцаалтад өгсөн…… Миний хажууд 08 настай охин Анударь сууж явсан ба биднийг Хараа голын гүүр даваад Хэрх тосгоны төв замаар явж байхад эсрэг урсгалаар зөрж өнгөрсөн машины араас нэг эмэгтэй хүүхэд гэнэт зам хөндлөн гүйж гарч ирэхэд аав баруун гар тийш дараад тоормоз гишгэсэн. Тэгэхэд тэр хүүхэд жолоочийн талын толинд цохигдоод машин зогссон. Аав ээж бид нар машинаас буугаад харахад нөгөө эмэгтэй хүүхэд зам дээр уначихсан бие нь муу байгаа бололтой байж байсныг манай аав гүйж очоод тэврээд өргөж эмнэлэг бараадуулъя гэж хэлэхтэй зэрэгцээд тэр эмэгтэй хүүхдийн ээж нь бололтой нэг эмэгтэй гүж ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 49 дүгээр хуудас/
Гэрч Б.Туулын мөрдөн байцаалтад өгсөн……. Би 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Сайхан сум руугаа явахаар нөхөр Тарваа болон охин Мандухай, зээ охиныхоо хамт өөрсдийн Соната-6 маркийн 81-89 СЭҮ улсын дугаартай авто машинаар Мандал сумаас гарч сумын наадмын талбайн хажуугийн асфальтан замаар өнгөрөөд Хэрх тосгон руу ороод явж байхад гэнэт түсхийх чимээ гарч манай машин тоормозлоод зогссон. Манай нөхөр машины урдуур гэнэт хүүхэд орж ирээд мөргөгдчих шиг боллоо гэж хашгирахаар нь сандраад буугаад харахад зам дээр бага насны эмэгтэй хүүхэд хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Нөхөр бид нар сандраад өргөж авахад хүүхдийн толгойноос цус гарсан байх шиг байсан. Бид тэр хүүхдийг шууд эмнэлэгт хүргэсэн гэх мэдүүлэг /Хх-н 50 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹ 10552…. Дүгнэлт
1.Г.Энхтуулын биед тархины эдийн няцрал, эдийн гүн дэх цус хуралт, няцралын голомт, баруун хөмсөгний язарсан шарх, зулгаралт, баруун нүдний гадна булангийн зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн тохойн зулгаралт, зүүн тахимны хонхорын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 17 дугаар хуудас/
5 хүний бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчдийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ¹ 531 дугаартай дүгнэлт…… жолооч Ч.Тарваагийн жолоодож явсан гэх Соната-6 маркийн 81-89 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол гарахаас өмнөх үеийн хөдөлгөөний тооцоот хурдны хэмжээг 82.5 км/цаг гэж тодорхойлсон нь үндэслэлтэй юм. Жолооч Ч.Тарваа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна. Хурдыг V=60 км/цагаас хэтрүүлээгүй явсан бол хүүхэд уг автомашинд мөргөгдөлгүй гарах боломжтой байсан байна гэж үзэж байна.
Явган зорчигч Г.Энхтуул нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-д заасны дагуу 16 насанд хүрээгүй тул иргэний эрх зүйн зарим чадамжтай гэж тооцогдох тул түүнд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудал яригдахгүй. Харин түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх төлөөлөн хамгаална гэж заасан байдаг. Тухайн үед хамт явсан боловч замын хөдөлгөөнд харгалзах насанд хүрсэн хүнтэй оролцуулаагүй түүний эх С.Эрдэнэцэцэг нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7. Эцэг, эх 10 хүртэлх насны хүүхдийн харгалзах хүнгүйгээр замын хөдөлнөөд оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь зөрчлийн шинжтэй үйлдэл байх үндэслэлтэй байна гэх /Хх-н 60-61 дүгээр хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-07 дугаар хуудас/
Ч.Тарваагийн согтуурлын хэмжээг шалгахад 0.00 хувь гарсан гэсэн согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /Хх-н 12 дугаар хуудас/
81-89 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /Хх-н 67 дугаар хуудас/
Ч.Тарваагийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 82 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр багийн засаг даргын Ч.Тарваа нь 14 дүгээр байрны ¹ 02 тоотод ам бүл дөрвүүлээ оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 83 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Я.Гантөгсөд 3886000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Тарваа нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум орохоор өөрийн эзэмшлийн 81-89 СЭҮ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3 Тэээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчин хурд хэтрүүлснээс 08 настай Г.Энхтуулыг зам хөндлөн гарах үед нь мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, техникийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ч.Тарваа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин осол гаргаснаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүгдэгч Ч.Тарваа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хуульд заасан хорих ялыг оногдуулах, эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Тарваа нь 1978 онд шүүхээр ял шийтгэгдэж байсан боловч хуульд зааснаар ялгүйд тооцогдох болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Тарваагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Я.Гантөгс нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Харин насанд хүрээгүй хохирогч Г.Энхтуулд зам тээврийн ослоос учирсан энэ гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Я.Гантөгс-д мэдэгдэж шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол бүрэн төлөгдсөн байх тул 81-89 СЭҮ улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Тарваагийн ¹ 52001 дугаартай BCD ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Чимиддоржийн Тарвааг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасныг баримтлан Ч.Тарваагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Ч.Тарваад оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Тарваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Тарваад оногдуулсан 01 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дах хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Тарваагийн BCD ангиллын ¹ 52001 дугаартай жолоочийн үнэмлэхийг, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
7. Насанд хүрээгүй хохирогч Г.Энхтуулд зам тээврийн ослоос учирсан энэ гэмтлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Я.Гантөгс-д мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцааэн шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт заасныг баримтлан 81-89 СЭҮ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Тарваад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.