Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 464

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00464

 

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02966 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЕБСд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... сургуулийн Физикийн багшаар ажилд орсон.

Жирэмсний амралттай байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан боловч ажилд авахгүй байсан болохоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр ажилдаа орсон.

Би 2006-2017 онд боловсролын байгууллагад 11 жил ажиллахдаа огт зөрчил дутагдал гаргаж шийтгүүлж байгаагүй. Хичээл заасан сурагчдаас надад гомдол ирж байгаагүй.

Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн б/35 дугаар захирлын тушаалаар ажлаар халсан. Иймд Б.Наранчимэг захирлын б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А- нь физикч, технологич, физикийн багш мэргэжилтэй хэдий ч сургуулийн зүгээс нэхэмжлэгчийг мэдээлэл зүйн багшаар авч ажиллуулсан.

Гэтэл А.А- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу А.А-тэй байгуулсан 2015/10 дугаар хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 4.8 дахь хэсэг, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.2.1, 8.2.2.4, 8.2.2.8 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн ажил олгогч сургуулийн зүгээс ажилтан А.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон юм.

А.А- нь хөдөлмөрийн гэрээний 4.1, хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2.1 дэх хэсэгт тус тус заасан гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэх бус шалтгаанаар удаа дараа биелүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.А- нь ажилд орсон эхний сар буюу 2017 оны 05 дугаар сард 22 хоног ажиллах ёстойгоос 19 хоног ажиллаж 3 удаа буюу 24 цаг ажил тасалсан учир ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх хэсэг болон Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2.4 дэх хэсэгт 24 цаг, 3 удаа ажил тасалсан гэж заасны дагуу ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон.

Мөн физикийн багшийн орон тоо байхгүй түр хүлээж бай гэх хугацаанд Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагад гомдол гаргахдаа сургуулийн 20 гаруй багш нараар гарын үсэг зуруулж авсан нь сургуулийн удирдлагын талаар худал, ташаа агуулгатай мэдээлэл байсныг олж мэдсэн.

Энэ нь багш, удирдлагуудын хооронд ойлгомжгүй, зөрчилтэй байдал үүсгэсэн тул Хөдөлмөрийн гэрээний 4.8 дахь хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2.8 дахь хэсэгт тус тус заасан хамт олны уур амьсгалыг өөрчлөн хов хөөцөлдөж, хутган үймүүлж байгаа нь тогтоогдсон гэж заасны дагуу мөн адил ажил олгогч сургуулийн зүгээс гэрээг цуцлах үндэслэл бий болсон юм.

Иймд А.А-ийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай б/36 дугаар тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.А-ийг .... сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч ... сургуулиас 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3 880 485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан А.А-ийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ... сургуульд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.А- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ... сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 77 037 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 8.2.2.1., 8.2.2.4., 8.2.2.8., "Хөдөлмөрийн гэрээ"-ний 4.1., 4.4., 4.8. болон Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм"-ийн холбогдох заалтуудыг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанчлан гомдлын 1.2-т дурдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог.

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сард ажиллавал зохих 22 өдрөөс 19 өдөр ажиллаж, 3 өдөр буюу 24 цаг тасалсан нь гэрчүүдийн мэдүүлэг, 5 дугаар сарын цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт, хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл Хөдөлмөрийн дотоод журмын 12.15.1, 12.15.3, 12.15.5, 12.16.1, 12.16.2, 12.16.3-т зааснаар жижүүр багш сургууль дээр явагдаж буй бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж, багш ажилчдын хичээл таслалт, хоцролтын, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтөлдөг./ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогддог.

Нэхэмжлэгч нь тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1., Хөдөлмөрийн гэрээний 1.7-д заасныг зөрчиж, ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаан, захиргааны чөлөөгүйгээр тасалж байсан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар "Moд тарих үндэсний өдөр зарлах тухай" зарлигийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 13, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бүх нийтээр мод тарих арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэгч оролцоогүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, тус сургуулийн захирлын тушаалууд, өөрийнх нь тайлбар, Захирлын дэргэдэх зөвлөлийн протоколоор тогтоогддог.

Гэрч нарын мэдүүлгээр Ерөнхий боловсролын сургуулийн Мэдээлэл зүйн багш нар Боловсролын салбарын мэдээллийн систем www.esis.edu.mn-д дүн шивж оруулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг энэ үүргийг нэхэмжлэгч хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогддог.

Гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар багш аливаа хичээлийг заахдаа урьдчилж, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулж, сургалтын менежерээр хянуулж, баталгаажуулан хичээл заадаг байхад тэрбээр хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлуулалгүйгээр сурагчдад хичээл заасан нь мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нэг үндэслэл болох юм.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.4. дэх хэсэг, “Ерөнхий боловсролын сургууль. цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм"-ийн холбогдох заалтуудаар хүлээсэн үүргээ зөрчиж, хамт олны уур амьсгалыг хутган үймүүлсэн зөрчил гаргасан болох нь гэрч нарын мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэр бүхий багш нарын тайлбараар тогтоогддог.

Түүнчлэн ээлжийн амралтын хугацаа ажлаас чөлөөлсөн тушаал гаргах үед дуусаж байсан ба багш нарын хувьд 6, 7, 8 дугаар саруудад ээлжийн амралт олгох тушаал гарсан эсэхээс үл хамаарч амралтын мөнгөө бодуулж авдаг, тухайн саруудад бүтэн амардаг онцлогтой тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч ЕБСд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь 2010 оноос хариуцагч ЕБСд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/36 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн, тушаалд Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 8.2.2.1, 8.2.2.4, 8.2.2.8, дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.4, .4.8 дахь заалтыг үндэслэсэн байх боловч ажилтны гаргасан зөрчил тогтоогдоогүй байна.

 

            Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2.1, 8.2.2.4, 8.2.2.8 заалтуудын агуулга нь хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.4, .4.8-д тусгагдсан байх бөгөөд хүндэтгэн үзэх бусад  шалтгаанаар 24 цаг ажил тасалсан, хамт олны уур амьсгалыг өөрчлөн, хов хөөцөлдөж, хутган үймүүлж байгаа нь тогтоогдсон, гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэх бус шалтгаанаар удаа дараа биелүүлээгүй гэх зөрчлийг ажилтан гаргасан гэсэн тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3-т зааснаар үүрэг бүхий албан тушаалтан ажилтны цагийн бүртгэлт хяналт тавьж, сар бүр мэдээ тайлан гаргах үүрэгтэй байх бөгөөд уг мэдээ тайланг гаргаагүй, хурлаар хэлэлцэж зөрчлийг тодорхойлоогүйгээс гадна гэрчийн мэдүүлэг нь дээрх зөрчил тогтоох ажиллагааг орлохгүй тул эргэлзээгүй нотлох баримт болохгүй юм.

 

            Мөн ажилтны хөдөлмөрийн гэрээний 4.8, хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2.8-д заасан зөрчил гаргасан гэх боловч А.А-ээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гаргасан гэх гомдолд хариу өгсөн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02-02/1147 тоот албан бичиг нь ажилтны сахилгын зөрчил гаргасан гэдгийг тодорхойлохгүйгээс гадна нэр бүхий 14 багш нараас А.А-ийн талаар сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхгүй, ёс зүйн зөрчил тогтоох журам зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

 Иймд нотлох баримтыг буруу дүгнэсэн гэх хариуцагч байгууллагын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3-т зааснаар ажлын цагийг хурууны хээ бүртгэлээр гаргаж нэгтгэн мэдээлэл хийх журмыг зохицуулсан боловч холбогдох баримтгүйгээр ажилтны ажил тасалсан гэж дүгнэхгүй бөгөөд сургуулийн жижүүрийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр ажилтан А.А-ийг ажил тасалсан гэдгийг эргэлзээгүйгээр тогтоохгүй, нэхэмжлэгчээс чөлөө авах хүсэлтийг гаргасан гэх тайлбарыг илүү үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө байгуулаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зөрчил хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Тус сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4/10 тоот “Мод тарих өдөр зохион байгуулах тухай” захирамжийн дагуу А.А- уг ажилд оролцоогүй болох нь захирлын зөвлөлийн протоколоор тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой сахилгын зөрчил болох талаарх баримт хэрэгт байхгүй. Дээр дурдсанаас дүгнэвэл ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ цуцлах хэмжээний ноцтой үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч А.А-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

            Ажлаас үндэслэлгүй халагдсны үр дагавар болох олговрыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт заасантай нийцүүлэн 3 880 485 төгрөгөөр тогтоож хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэнэ.

           

            Багшийн ажлын онцлогоос хамаарч ээлжийн амралт эдлүүлэх хугацаа, ээлжийн амралтын олговор олгох талаар Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын тухай хууль холбогдох журмаар тусгайлан зохицуулаагүй тул ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул шийдвэрийн энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ЕБС улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА