Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 2313*********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б, 1983 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн З төвд нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ83******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 28-ний орой Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, “Т” зоогийн газарт хамт орж, хоол идэж дуусаад хоолны тооцоо хийгээрэй гэж итгэмжлэн хариуцуулж өгсөн 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А23 загварын гар утсыг нь авч явж, улмаар иргэн Э.М д 178.000 төгрөгөөр худалдан завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Б.Б аас мэдүүлэхдээ: Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Эрүүгийн 2313*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Б.Б аас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 00 минутанд гаргасан “...Найз болох Б.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Т” зоогийн газарт хамт хоол идэж сууж байгаад Самсунг А23 загварын гар утсыг авч гараад улмаар бусдад борлуулсан байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Эд мөрийн баримт болох Самсунг А23 загварын гар утсыг хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-12 дахь тал/,

2.3. “Мобиком” ХХК-иас гар утас лизингээр худалдан авсан 4400***** дугаартай гэрээний хуулбар /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

2.4. Хохирогч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 24-26 дахь тал/,

2.5. Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

2.6. Гэрч Ш.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

2.7. Гэрч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

2.8. Гэрч С.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

2.9. Иргэний нэхэмжлэгч Э.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

2.10. Шинжээч “А” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн БӨА-23-0001 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 42-46 дахь тал/,

2.11. Яллагдагч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62, 85 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 28-ний орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, “Т” зоогийн газарт хамт орж, хоол идэж дуусаад хоолны тооцоо хийгээрэй гэж итгэмжлэн хариуцуулж өгсөн 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А23 загварын гар утсыг нь авч явж, улмаар иргэн Э.М ад 178.000 төгрөгөөр худалдан завшсан үйл баримт, хэргийн байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Б.Б аас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 00 минутанд гаргасан “...Найз болох Б.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Т” зоогийн газарт хамт хоол идэж сууж байгаад Самсунг А23 загварын гар утсыг авч гараад улмаар бусдад борлуулсан байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Эд мөрийн баримт болох Самсунг А23 загварын гар утсыг хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-12 дахь тал/,

3.1.3. “Мобиком” ХХК-иас гар утас лизингээр худалдан авсан 4400***** дугаартай гэрээний хуулбар /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

3.1.4. Хохирогч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие өнгөрсөн Лхагва гариг буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ц тосгоноос аймгийн төвд хувийн ажлаар ирээд тэр өдөр арван жилийн найз болох Б.Б тай “Т” зах дотор тааралдсан. Бид хоёр тэр өдөр 14 цагийн үед тааралдаад тэгээд түүнээс хойш Б  надтай цуг яваад байсан. Би тэр өдөр өөрийнхөө машинаа хүнд зараад, бас нэг хүнээс машин худалдаж аваад авто тээврийн төвд хувийн ажлаа амжуулсан. Тэгээд орой тийш миний хүнд зарсан машины банк нь цоорчихсон байна гэхээр “Д” авто засварын газарт янзлуулсан бөгөөд тэр газарт найз Б  бид хоёр “Соёрхол” нэртэй 0.7 литрийн савлагаатай архийг хувааж уусан. Архийг ууж дуусаад хоол идэх санаатай хоёулаа “Т” нэртэй зоогийн газарт очиж, хоол захиалж идсэн. Тухайн үед орой 18 цаг болж байсан. Тэгээд хоол идэж дуусах үед найз Б  “утсаа өгч байгаач хүнтэй ярих хэрэгтэй байна” гээд миний утсаар нэг хүнтэй ярьж байгаад гадагшаа гараад явсан. Тэр үед би ч юм бодолгүй, орж ирэх байх гээд хүлээгээд байсан чинь Б  орж ирэлгүй хэсэг удахаар араас нь гарахад гадаа байхгүй байхаар нь би тэр чигтээ гарч яваад гэртээ очсон.

Би гэртээ очоод Б ы 90******* гэсэн дугаар луу болон өөрийн 88****** дугаар луу ээлжилж залгахад Б ы утас холбогдохгүй байсан. Харин миний утас хэсэг дуудаж байгаад холбогдохгүй болчихсон. Тэгэхээр нь за найзууд байна даа, утсыг минь авч ирээд өгчих байх гэж бодоод тэр өдрийн орой Ц тосгон руу гараад явсан. Маргааш нь Б ы өөрийнх нь дугаар луу залгаж ярихад тэрээр надад чиний утсыг таксины жолоочид барьцаанд тавиад хоолныхоо тооцоог хийчихсэн, асуудал байхгүй, чиний утас байгаа хөгшөөн гэж ярихаар нь итгээд өнөөдөр аймгийн төв орж ирээд Б аас гар утсаа авах гээд түүнтэй холбогдоход огт утсаа авахгүй байхаар нь гэрт нь очиж байгаад уулзаж ярихад надад “би чиний утсыг 180.000 төгрөгөөр нэг хүнд барьцаанд тавьчихсан, одоо очоод аваад өгье” гэхээр нь Б  бид хоёр барьцаанд тавьсан гэх залуутай нь уулзсан. Тэр хүний гэр бараг Б ы хөрш юм уу гэхээр ойрхон байсан. Гар утсыг барьцаалсан гэх хүн нь М гэх залуу байсан ба тэр залуу надад “би наад хүнээс чинь Самсунг А23 загварын гар утсыг 180.000 төгрөгөөр худалдаж аваад бас нэг хүнд худалдчихсан” гэж ярихаар нь ийнхүү гомдол гаргаж байна.

2022 оны 09 дүгээр сарын дундуур Ц тосгонд Улаанбаатар хотын “Мобиком” корпорацын хүмүүс очиж, гар утасны сурталчилгаа хийж, лизинг өгч байхаар нь өөрийнхөө нэр дээр 890.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг А23 загварын ухаалаг гар утсыг 12 сарын хугацаатай лизингээр авсан.

...Б  бид хоёр хоолны газарт ороход нийлээн халамцуу согтсон байсан тул хоолны газар дотор болсон асуудлыг нарийн сайн санахгүй байна.

... ер нь Б  нь хоолны тооцоо болох 22.000 төгрөгийг төлөхийн тулд миний гар утсыг бусдад борлуулах эрх байхгүй л дээ. Би түүнд утсаа ямар нэгэн байдлаар өгсөн бол итгээд л өгсөн, тэр миний итгэлийг ашиглаад миний утсыг бусдад борлуулж, өөртөө ашиг авсан. Тэгээд ч ер нь Б  тухайн үед зоогийн газрын үйлчлэгчид гар утсаа барьцаанд үлдээсэн юм чинь бид хоёрын аль нэг нь маргааш нь очиж мөнгөө төлөөд гар утсыг авчихна шүү дээ, миний утсыг борлуулах ямар ч шаардлага байгаагүй гэж бодож байна. Хэдийгээр найз ч гэсэн Б  тухайн өдөр нэгдүгээрт миний согтуу байдлыг, хоёрдугаарт өөрийнхөө гар утсыг барьцаанд тавьсан байдлуудыг далимдуулж, миний утсыг барьцаанд тавих биш бүр бусдад борлуулж, мөнгийг нь өөртөө ашиглаж байгаа нь гэмт хэргийн шинжтэй юм биш үү. Маргааш нь Б  надад миний утсыг таксины жолоочид 40,000 төгрөгт барьцаанд тавьсан гэж худлаа хэлсэн. Үнэн бодит байдал дээр миний утсыг Э.М  гэх залууд 180.000 төгрөгөөр худалдан борлуулсан байсан. Уг нь бол хоолны газарт тооцоог би төлөхөөр тооцоолж орсон байсан. Тэгээд хоол идэж дуусах үеэр Б  надад чиний дансанд мөнгө байхгүй юм байна шүү дээ гэсэн юм ярьсан, бодвол тэр үед би түүнд интернэт банкаа нээж өгсөн л байх.

...Миний бие гар утсаа бүрэн хүлээж авсан, одоо хэвийн ажиллаж байгаа, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 24-26 дахь тал/,

3.1.5. Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад хүнсний дэлгүүр явж байтал араас зүс таних нэг хүн дуудаад “дүү утас авах уу, ах нь уугаад явж байна” гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнд “би дэлгүүр лүү явж байна, надад утас авах мөнгө байхгүй” гэж хэлээд “А” нэртэй дэлгүүр лүү ороод хүнс аваад гараад ирсэн чинь нөгөө зүс таних ах дэлгүүрийн гадаа намайг хүлээгээд байж байсан. Тэгээд зүс таних Б  гэх ах надад “ах нь ууж явна, мөнгөний хэрэг гараад байна, утсыг авчих уу” гээд гар утас гаргаж ирээд харуулсан. Тухайн гар утас нь Самсунг А23 загварын хар өнгийн хар хавтастай ухаалаг гар утас байсан бөгөөд би утсыг үзээд одоо надад бэлэн мөнгө байхгүй гэхэд Б  чи тэгвэл дугаараа өгчих, би танай гэрийн гадна хүлээж байя гээд миний дугаарыг авсан. Тэгээд би гэр лүү ороход миний дугаар луу нэг дугаар залгаж орж ирээд ярихад надтай Б  гэх дээрх хүн ярьсан ба “дүү гараад ирээч” гэхээр нь би гарч очиход надад “чи энэ утсыг 200.000 төгрөгөөр авчхаач” гэж хэлэхээр нь би гэр лүү ороод дансандаа байгаа мөнгөө хараад 178.000 төгрөг байхаар нь би байгаа мөнгөө хэлэхэд Б  гэх хүн “болно, мөнгөө гаргаад өгчих” гэхээр нь би тэр хүнтэй цуг “Цамбагарав-1” дэлгүүрийн үүдний АТМ-ээс 178.000 төгрөгийг бэлнээр гаргаад Б д өгөөд дээрх гар утсыг нь худалдаж авсан.

...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дээрх Самсунг А23 загварын гар утсыг зарахаар эхлээд фейсбүүк дээр зар байршуулаад Ц  гэх хүнд 500.000 төгрөгөөр худалдсан. Ц  гэх хүнийг гаднаас нь танина. Би Ц  гэх хүнд өртэй болохоороо дундаа хийгээд тэр хүнд өгчихсөн, бэлнээр болон дансаар мөнгө төгрөг аваагүй. Б  надад тухайн үед өөрийгөө аймгийн гоц халдвартын төвд ажилладаг, ямар ч асуудал байхгүй, өөрийн утас гэхээр нь авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

3.1.6. Гэрч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр М ах надад өөрийнхөө барьж байсан I Phone XS загварын гар утас болон Самсунг А23 загварын хоёр ширхэг ухаалаг утсыг хоёуланг нийлээд 900.000 төгрөгөөр бодож, өрнийхөө оронд өгөхөөр нь би уг хоёр гар утсыг өөртөө 900.000 төгрөгөөр бодож авсан. Гэхдээ Мад бол ямар нэгэн мөнгө төгрөг бол өгөөгүй.

...Тухайн Самсунг А23 загварын гар утас нь хар өнгөтэй байсан ба гаднаа бас хар өнгийн хавтастай шинэвтэр, бага зэрэг хэрэглэсэн гар утас байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

3.1.7. Гэрч С.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 18 цаг өнгөрч байхад миний ажилладаг газар болох Өлгий сумын 05 дугаар багт байрлалтай “Т” нэртэй зоогийн газарт Б  гэх нэртэй хоёр хүн орж ирсэн. Анх тэр хоёр хүнийг Б  гэдгийг мэддэггүй байсан, сүүлд нь мэдсэн. Тэгээд тэр хоёр хүн тус тусдаа “Лагман” нэртэй хоёрдугаар хоол авч идсэн бөгөөд тооцоо нь нийтдээ 22.000 төгрөг гарсан. Тэр хоёр хүн 19 цаг өнгөрч байхад хоол идэж дууссан бөгөөд тэр хоёр нэлээн согтуу байдалтай байсан, хилийн цэргийн хувцастай хүн нь илүү согтуу байсан. Тэгээд хоол идэж дууссаны дараа цэргийн хувцастай хүн хоолныхоо тооцоог хийх гээд энгийн хувцастай Б  гэх хүнд өөрийнхөө ухаалаг гар утсыг өгч, тооцоогоо хийх талаар хэлсэн. Гэтэл тэр хүний утас нь кодтой байсан ба хилийн цэргийн хувцастай хүн бараг тасарчихсан байдалтай ухаангүй согтуу байсан болохоор утасныхаа дэлгэцийн кодыг хэлж чадахгүй байсан. Тэгж байтал хилийн цэргийн хувцастай хүн зоогийн газраас гарч явсан ба араас нь энгийн хувцастай Б  гэх хүн гарах гэж байхад нь би тэр хүнд “хоолныхоо тооцоог хийх” талаар хэлэхэд тэр хүн надад цэргийн хувцастай хүн төлөх ёстой гэхээр нь би тэр хүний гар утсыг барьцаанд авч үлдсэн. Харин нөгөө цэргийн хувцастай хүний гар утсыг Б  гэх хүн авч гарсан.

...хоолныхоо тооцоо хийгээрэй гэж хэлээд хажуудаа явсан энгийн хувцастай хүнд гар утсаа өгсөн. Тэр хүн гар утсыг авсныхаа дараа тухайн утсаар хэн нэгэн рүү залгаж яриагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

3.1.8. Иргэний нэхэмжлэгч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие Б.Б аас хэдэн минутын өмнө 180.000 төгрөг бэлнээр авсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

3.1.9. Шинжээч “А” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн БӨА-23-0001 дугаартай “...2022 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн Самсунг А23 загварын гар утас 450.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 42-46 дахь тал/,

3.1.10. Яллагдагч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ... хоол идэхээр Б  найз бид хоёр Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Т” нэртэй зоогийн газарт хоёулаа орж, хоол авч идсэн. Бид хоёр тухайн гуанзнаас хоёр лагман хоол идсэн бөгөөд хоол идээд дуусах үед Б  мөнгөгүй гэж ярьсан, уг нь анх Б  хоолны газарт орох үед хоолныхоо мөнгийг өөрөө төлнө гэж ярьж байсан. Тэгээд хоол идэж дуусах үед Б  дахин дахин гадаа орж гараад байхаар нь нөгөө хоолны газрын хүмүүс миний гар утас болон зөөврийн компьютерыг барьцаалж аваад мөнгөө төл гэсэн. Тэр үед Б  хоолны газар луу орж ирээд надад утсаа зарна уу, барьцаанд тавина уу өөрөө мэд гэж өгөхөөр нь би түүний утсыг авч яваад М гэх таньдаг залууд 178.000 төгрөгөөр худалдаж, үүний 150.000 төгрөгийг бэлнээр аваад 28.000 төгрөгийн “Соёрхол” нэртэй 0,75 литрийн архийг авсан.

...Тэр өдөр миний бие найз Б ы надад хариуцуулж, тооцоо хий гэж өгсөн гар утсыг нь М гэгчид худалдаж завшсанаа хүлээн зөвшөөрч байна. Мад 179,000 төгрөгөөр худалдаж 25.000 төгрөгийг нь хоолны тооцоонд өгч, үлдсэн мөнгийг нь өөртөө хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62, 85 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б ы хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй гэх тайлбарыг гаргасан болно.   

5. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б ы “хохирогч Б.Б  нь хоолны газар луу орж ирээд надад утсаа зарна уу, барьцаанд тавина уу өөрөө мэд гэж өгсөн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

7. Эрх зүйн дүгнэлт.

7.1. Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар буюу бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоогдсон хугацаанд  буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, эсхүл уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсныг мөнгийг өөртөө завшсан, хууль бус захиран зарцуулалт хийсэн, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшихыг ойлгоно.

7.2. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Б  нь найз нь болох Б.Б ы хоолны тооцоо хийгээрэй гэж итгэмжлэн хариуцуулж өгсөн 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А23 загварын гар утсыг нь авч явж, улмаар иргэн Э.М ад 178.000 төгрөгөөр худалдан борлуулснаар тус гэмт хэрэг төгссөн байна.

7.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4. “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно: 4.1. “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.2.”үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг.” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3. “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.

7.4. Шүүгдэгч Б.Б ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах ба шинжээч “А” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн БӨА-23-0001 дугаартай “...2022 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн Самсунг А23 загварын гар утас 450.000 төгрөг байх боломжтойг болох”-ыг тодорхойлжээ.

7.5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7.6. Тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олж, архи уух гэсэн гэм буруугийн шууд санаатай энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

8. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

8.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

8.2. Хохирогч Б.Б , иргэний нэхэмжлэгч Э.М  нар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...хохирол төлбөрийг бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б.Б аас хохирогч Б.Б , иргэний нэхэмжлэгч Э.М  нарт хохирол, төлбөрийг бүрэн барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

2.2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн саналд яллагдагч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг яллагдагч Б.Б  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 96-97 дугаар тал/.

2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б.Б аас нягтлан тодруулсны үндсэн дээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.4. Шүүхээс шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.5. Шүүгдэгч Б.Б  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 7 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

2.8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

2.9. Шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 7 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ