| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Р,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,
шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н д холбогдох эрүүгийн 22************* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Н, 1992 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар хүүхдийн цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ92******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Г” дээд сургуулийг “Багш-Сургуулийн өмнөх насны хүүхдийн” гэх мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн гэх D2019****** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад (1) тус Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай тушаалаар 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа, (2) мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа, (3) мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/00 дугаартай тушаалаар 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа, (4) мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/00 дугаартай тушаалаар 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа, (5) мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа тус тус ашиглаж, нийт 4.606.570 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас өгсөн мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: “...би тухайн үед туслах багшаар ажиллаж байсан, авсан диплом хуурамч болохыг мэдээгүй, би туслах багш болон үндсэн багшийн цалингийн зөрүүг төлж өгнө” гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Р мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ өгч байсан, сая манай нягтлан бодогч туслах багш Н.Н ын цалингийн тооцооны зөрүү гаргаж өгсөн, түүнээс 2.238.959 төгрөг нэхэмжилнэ, шүүх хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
1.3. Гэрч С.Л мэдүүлэхдээ: “...мэдүүлгээ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн, 2019 онд Н надад “Г” дээд сургуулийг төгссөн гэж хэлж байсан, чадвартай багш байсан болохоор үндсэн багшаар түр хугацаанд ажиллаж байсан” гэв.
2. Эрүүгийн 22************* дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, хавсралтын 259 дүгээр мөр Н.Н ... D2019******... дипломыг хуурамчаар ашиглаж үйлдсэн” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь тал/,
2.2. Гэрч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
2.3. Гэрч Я.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
2.4. Гэрч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
2.5. Гэрч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
2.6. Гэрч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал/,
2.7. Гэрч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-63 дах тал/,
2.8. Гэрч Д.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
2.9. Г дээд сургуулийн захирал Д.Н , сургалтын менежер Н.Ш нарын Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд Г дээд сургуулийг төгсөгчдийн талаар гаргасан тайлбар /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/,
2.10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Р ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал/,
2.11. Гэрч С.Л ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал/,
2.12. Гэрч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,
2.13. Гэрч К.С ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,
2.14. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн туслах багш Н.Н ыг туслах багш, үндсэн багшаар авч ажиллуулсан тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 70, 133, 134-139, 184, 203, 205 дахь тал/,
2.15. Туслах багш Н.Н ын нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал/,
2.16. Яллагдагч Н.Н ын 2016 оны 12 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын хүртэл хугацаанд олгогдсон цалингийн цэсийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 143-183, 185-202, 204 дэх тал/,
2.17. Туслах багш Н.Н ын тогтвор суурьшилтай 5 жил ажилласны тэтгэмж олгосон баримт /1 дэх хавтаст хэргийн 206 дахь тал/,
2.18. Яллагдагч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал/,
2.19. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас шүүхийн шатанд болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд, мөн шүүгдэгч Н.Н ын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Н ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Г” дээд сургуулийг “Багш-Сургуулийн өмнөх насны хүүхдийн” гэх мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн гэх D2019****** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад (1) тус Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай тушаалаар 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа, (2) мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа, (3) мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/00 дугаартай тушаалаар 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа, (4) мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/00 дугаартай тушаалаар 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа, (5) мөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үндсэн багшаар ажиллахдаа тус тус ашиглаж, нийт 4.606.570 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, хавсралтын 259 дүгээр мөр ...Н.Н , ...D2019******, ...дипломыг хуурамчаар ашиглаж үйлдсэн” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь тал/,
3.1.2. Гэрч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг “PDF” файлаар татаж авах, архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхөхийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад “ESIS”, “HEMIS” гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн “HEMIS” программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан, харин “ESIS” программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. “ESIS” систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм.
Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS Программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
3.1.3. Гэрч Я.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлэх, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан.
...уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
3.1.4. Гэрч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сайд Л.Э гийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Б, С нарын хамт ажилласан юм...
...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн, зөрчилтэй диплом бүхий багш нарыг төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан.
...Ангилсан кодыг уншихдаа “1.1” бол дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, “1.2” бол дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, “1.3” бол тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, “1.4” бол дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, “1.5” бол дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.
...Дээрх зөрчлүүдээс “1.1”, “1.2” кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлж байгаа юм" гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
3.1.5. Гэрч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм.
...Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийн дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа.
...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
3.1.6. Гэрч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг.
... “ESIS” систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь “HEMIS” буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний “РDF”, “ДБ” гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна, тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал/,
3.1.7. Гэрч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн “Hemis” программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг" гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-63 дах тал/,
3.1.8. Гэрч Д.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г дээд сургуулийн сургалтын албаны бичиг баримт, архивын бичиг баримтаас шүүж үзэхэд дараах мэдээлэл гарч ирсэн байдаг. Тухайлбал Н.Н , Н.З, Б.О, Б.Ө, Н.М гэх 5 иргэн нь Г дээд сургуульд ямар ч бүртгэлгүй буюу тус сургуульд элсэж орсон гэх мэдээлэл байхгүй төгсөөгүй гэж ойлгож болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
3.1.9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Ры мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Н нь анх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр туслах багшаар томилогдож байсан. Тухайн үед нэг сарын цалин нь 370.000 төгрөг авч байсан. Харин одоо буюу 2022 оны 11 дүгээр сарын байдлаар сардаа 700.150 төгрөгийн цалин авч байгаа болно. Н.Н нь хөдөө тогтвор суурьшилтай 5 жил ажилласны нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2022 оны 05 дугаар сард авч байсан. Н.Н ын авсан 5 жилийн тэтгэмж нь 3.550.872 төгрөг байна. Н.Н нь үнэхээр хуурамч диплом ашиглаж манай байгууллагад ажилласан нь хуулийн дагуу шалгагдаж тогтоогдож байгаа бол хуулийн байгууллагаас шалгаж тогтоосон хохирлыг Н.Н аас нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал/,
3.1.10. Гэрч С.Л ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Н нь анх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр туслах багшаар томилогдож байсан байна. Тухайн үед авч байсан цалинг нь би тодорхой мэдэхгүй байна. Манай нягтлан бодогч Д.Б цалингийн цэсийг гаргаж өгсөн байгаа. Тухайн материалаас харахад бүх зүйл нь тодорхой харагдаж байх ёстой. Туслах багш Н.Н нь хөдөө тогтвор суурьшилтай 5 жил ажилласны тэтгэмжийг 2022 оны 05 дугаар сард авч байсан. Тухайн тэтгэмжтэй холбоотой материалыг Д.Б танд гаргаж өгсөн байгаа. Туслах багшаар ажиллахад заавал дээд боловсрол шаарддаггүй. Чадамжийн гэрчилгээгээр л туслах багшаар ажилладаг юм. Н нь ажиллах хугацаандаа ажилдаа идэвх зүтгэлтэй ажилладаг байсан. Тиймээс би зарим нэг туслах багш нарт “та нар хэзээ болтол туслах багш хийгээд явах гэсэн юм бэ, Та нар сургууль сурч дээд боловсрол эзэмшээд үндсэн багшаар ажиллаач, би сайн ажиллаж байгаа туслах багш нарыг дэмжих болно” гэж ярьж байсан юм.
Улмаар 2019 оны үед Н.Н нь Улаанбаатар хотод очиж сургуульд бүртгүүлээд ирлээ гэх зүйл ярьж байсан. Тухайн үед би бодохдоо Н.Н нь эчнээгээр юм уу, цахимаар суралцаж байгаа юм байна гэж бодоод нэг их анзаараагүй байсан. Үндсэн багшаар ажиллахын тулд заавал дээд боловсролтой байх шаардлагатай байдаг юм. Н.Н ын хувьд 2-3 удаа үндсэн багшаар түр ажилласан. Түүний үндсэн багшаар түр ажилласан тушаалуудыг би гаргаж өгөх болно. Яг хэзээ хэний оронд түр ажилласан болохыг нь тодорхой санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал/,
3.1.11. Гэрч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Н нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анх туслах багшаар томилогдож байсан. Би Н ын ажиллах хугацаанд авч байсан цалингийн цэсийг нь танд гаргаж өгөх болно. Тухайн баримтууд нь манай архивт байгаа болно. Н анх ажилд томилогдох үед болон одоо яг хэдэн төгрөгний цалин авч байсныг нь тодорхой санахгүй байна. Н.Н нь хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай 5 жил ажилласны тэтгэмжийг 2022 оны 05 дугаар сарын үед авч байсан. Тухайн урамшуулалтай холбоотой баримтыг нь мөн би танд гаргаж өгөх болно. Түүнийг хуурамч дипломтой гэдгийг нь би мэдээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/
3.1.12. Гэрч К.С ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 онд улсын хэмжээнд өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийж энэ он буюу 2022 оны 09 дүгээр сар хүртэл шалгасан. Тухайн хяналт шалгалтанд боловсролын мэдээллийн систем “ESIS”-д бүх багш нарын хувийн мэдээлэл ордог. Үүнийг үндэслэж аль сургуулийг хэдэн онд ямар мэргэжлээр сургууль төгссөн, ажлын туршлага зэргийг оруулдаг. Манай аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 327 багшийн материал дипломын хуулбарыг хүргүүлсэн болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,
3.1.13. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн туслах багш Н.Н ыг туслах багш, үндсэн багшаар авч ажиллуулсан тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 70, 133, 134-139, 184, 203, 205 дахь тал/,
3.1.14. Туслах багш Н.Н ын нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал/,
3.1.15. Яллагдагч Н.Н ын 2016 оны 12 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын хүртэл хугацаанд олгогдсон цалингийн цэсийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 143-183, 185-202, 204 дэх тал/,
3.1.16. Яллагдагч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2010 онд Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийг төгссөн. 2011 оноос 2013 оны хооронд БНКазахстан улсын Ш хотын коллежид программ хангамж мэргэжлээр тусгай дунд боловсрол эзэмшсэн бөгөөд 2014 онд сургалтанд сууж Сургуулийн өмнөх боловсролын туслах багшийн мэргэжлийн үнэмлэх авсан юм. Би тусгай дунд боловсролтой бөгөөд 2016 онд Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон юм. Тус цэцэрлэгт орохдоо туслах багшийн мэргэжлийн үнэмлэхээр ажилд орсон юм. Тиймээ би Г дээд сургуульд сураагүй. Тухайн дипломыг 2013 онд Улаанбаатар хотод Г сургуульд сурахаар бүртгүүлсэн бөгөөд тухайн үед онлайнаар та суралцаад шалгалтаа өгөөд Бакалавр дипломтой болох болно гэж тухайн үед Г сургуулийн “IT” нь гэх Д гэх хүн хэлсний дагуу миний ээж намайг бүртгүүлж төлбөр гэж 5.300.000 төгрөг төлж 2019 онд Г дээд сургуулийн Цэцэрлэгийн багш гэсэн бакалаврын диплом ирсэн юм. Тухайн үедээ би уг Г дээд сургуулийг суралцаж төгсөөгүй юм. Би тус Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт 2016 оноос хойш нийтдээ 6 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 2 анги төгсгөсөн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч боловсролын диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч Н.Н аас “анх тэр дипломыг хуурамч болохыг мэдээгүй, хохирлын зөрүүг төлж өгнө” гэх тайлбарыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “цалингийн зөрүүд 2.238.959 төгрөг нэхэмжилнэ” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Н.Н хуурамч гэх дипломыг яг хэзээнээс эхлэн ашигласан нь тодорхой бус байгаа, мөн цалингийн зөрүү дээр маргаж байгаа, шүүгдэгч Н.Н нь туслах багшаар ажиллаж, ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
5. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/430 дугаартай, “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар тус тус цэцэрлэгийн арга зүйч, багшийн албан тушаалд томилогдож ажиллахад тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, бакалавр, магистрын зэрэгтэй байхаар тусгажээ.
6. Шүүгдэгч Н.Н нь 2019 онд “Г” дээд сургуулиас авсан гэх D2019****** дугаартай бакалаврын диплом хуурамч болохыг мэдэж байсан нь Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, түүний хавсралт, гэрч Ч.Э , Я.Н , А.Т , Б.Д , Д.А , Д.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Н ын 2016 оны 12 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын хүртэл хугацаанд олгогдсон цалингийн цэсийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
7. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/430 дугаартай, “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу Хүүхдийн цэцэрлэгийн багшийн үндсэн болон түр орон тоонд ажиллахдаа “сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, бакалавр, магистрын зэрэгтэй” байх шаардлагад нийцүүлэхийн тулд шүүгдэгч Н.Н нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон гэх “Г” дээд сургуулийн “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн” гэх дээд боловсролын бакалавр зэрэгтэй D2019****** дугаартай диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт үндсэн багшийн түр орон тоонд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажиллахдаа тус тус ашигласан байна.
8. Шүүгдэгч Н.Н нь дээрх цаг хугацаанд хүүхдийн цэцэрлэгийн үндсэн багшийн түр орон тоонд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон гэх “Г” дээд сургуулийн “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн” гэх дээд боловсролын бакалаврын зэрэгтэй D2019****** дугаартай хуурамч дипломгүй нөхцөлд уг орон тоонд ажиллах боломжгүй байсан байх ба энэхүү нөхцөл байдал гэрч С.Л ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...үндсэн багшаар ажиллахын тулд заавал дээд боловсролтой байх шаардлагатай байдаг юм” гэх мэдүүлэг, үндсэн багшийн түр орон тоонд авч ажиллуулсан, улмаар чөлөөлсөн тухай ажил олгогчийн тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон байна.
10. Эрх зүйн дүгнэлт.
10.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.
10.2. “Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.
10.3. Шүүгдэгч Н.Н ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил боловч боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас холбогдох үйлдэл холбогдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.
10.4. Шүүгдэгч Н.Н ын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
10.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.Н ын хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
11. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
11.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилжээ.
11.2. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
11.3. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Н.Н ын гэм буруутай үйл ажиллагаанаас Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн цалингийн санд нийт 19.175.943 төгрөгийн хохирол учирсан, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тус Хүүхдийн цэцэрлэгийн цалингийн санд 2.238.959 төгрөгийн хохирол учирсан хэмээн дүгнэсэн байна.
11.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасныг үндэслэж шүүгдэгч Н.Н ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Н.Н нь Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж, туслах багшийн орон тооны ажлаасаа ажил олгогч болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй байна.
11.5. Шүүгдэгч Н.Н нь D2019****** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохын мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн багшийн орон тоонд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр ажиллахдаа 749.832 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл түр ажиллахдаа 999.654 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл түр ажиллахдаа 504.816 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түр ажиллахдаа 1.661.544 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түр ажиллахдаа 690.724 төгрөг, нийт 4.606.570 төгрөгийн орлого олж, мөн хэмжээгээр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт аваагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.
11.6. Харин яллах дүгнэлтэд дурдсан хохирлын зарим хэсэг болох 14.569.373 төгрөгийг шүүгдэгч Н.Н ын авч байгаа туслах багшийн болон үндсэн багшийн цалинг нотлох баримтуудын хүрээнд тооцоолсны үндсэн дээр гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
11.7. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н аас гэмт хэргийн хохиролд 4.606.570 төгрөг гаргуулан хохирогч Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт олгож, хохирлын зарим хэсэг болох 14.569.373 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.8. Мөн шүүгдэгч Н.Н нь боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж 4.606.570 төгрөгийн орлого олсон нь мөн тогтоогдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4.606.570 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол 4.606.570 төгрөгийг төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.
11.9. Шүүгдэгч Н.Н нь улсаас олгох 5 жил ажилласны тэтгэмжийг мөнгийг Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт туслах багшийн ажилласан хугацаанд үндэслэн авсан нь тогтоогдож байх тул энэ нь гэмт хэргийн хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарахгүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Н.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй” гэх тайлбарыг,
Шүүгдэгч Н.Н аас “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Н ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
2.3. Шүүгдэгч Н.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.5. Шүүгдэгч Н.Н нь “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Н.Н ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
2.7. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D 2019****** дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 22************* дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Н.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Н д оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н аас гэмт хэргийн хохиролд 4.606.570 төгрөг гаргуулан хохирогч Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 00 дугаар цэцэрлэгт олгож, хохирлын зарим хэсэг болох 14.569.373 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Н ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4.606.570 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол 4.606.570 төгрөгийг төлөхөд зарцуулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D 2019****** дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 22************* дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ