Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Ариунболд

хохирогч П.*******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002463 тай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цөмийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* *******ны тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ******* , ******* *******ны тоотод оршин сууж байгаа, урьд нь 2018 оны 6 сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 491 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 29-нд Баянгол дүүргийн 22 ны нутаг дэвсгэр, Энхбаярын замаас доошоо урууддаг засмал зам дээр “...зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар УБО улсын тай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн “Тухайн өдөр би мотоциклтойгоо ажил руугаа явж байсан. Гэтэл зам дээр П.******* нь санаатайгаар машинтайгаа шахаж эсрэг урсгал руу оруулсан. Би буцаж зам руу орохдоо ингэж болохгүй шүү гээд долоовор хуруугаар дохиход араас ирж мотоциклийн араас мөргөсөн. Тэгээд энэ залуу бууж ирээд надтай маргалдсан. Би энэ залууг тухайн үед миний бээлийг хулгайлчихлаа гэж буруу ойлгоод машинаас нь заамдаж гаргаж ирээд цохисон. Нэхэмжилж байгаа хохирол төлбөр нь маргаантай байгаа учраас шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө.” гэсэн мэдүүлэг. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ын “2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрээсээ гараад ажил руугаа Энхбаярын замаар явж байтал мотоцикль урдуур орж ирээд хаазлаад ороод ирсэн. Урд гарч зогсоод гэнэт дунд хуруу гаргасан. Тооромслоход нь би дугуй руу нь тулаад зогссон. Тэгээд мотоциклоосоо бууж ирээд надтай заамдалцаад маргалдаж байгаад миний зүүн нүд рүү цохиод авсан. Буцаж ирээд чулуу барьж ирээд чамайг ална шүү гэхээр нь би цагдаа дуудлаа гээд бээлийг нь автал ирээд миний зүүн нүд рүү олон удаа цохисон. Би машины ард тал руу гараад бээлийг нь өгсөн. Миний машины хаалганы дотор талын самбар руу өшиглөөд машин руу харж байгаад энэ муу гуйлгачинд юу ч байдаггүй юм байна гэж хэлээд яваад өгсөн. Цагдаа дуудах гэтэл яваад өгсөн учир би дуудлага өгсөн. Цагдаа ирээд гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Эмчилгээний зардал 2.651.140 төгрөг болсон. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 сарын 15-ны өдөр хүртэлх акттай байсан. Лист авах гэтэл лист олдохгүй гээд акт бичиж өгсөн. Нийт 2 сар 15 хоногийн цалин болох 3.900.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөг нийт 8.051.140 төгрөгийг нэхэмжилнэ. Үүнээс 89.500 төгрөг хасаад үлдэх 7.961.640 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг.

 

Хоёр: Эрүүгийн 2205000002463  тай хэргээс:

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан “П.******* нь Баянгол дүүргийн 23 нд мотоцикл шүргэхэд жолооч намайг зодсон...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

 

2. Хүний биед үзлэг хийсэн “П.*******ын зүүн нүд, хацар, шанаа, чих орчим хаван хавдартай, Биед өөр шинээр үүссэн гэмтэл бэртэл үгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 02-03 дахь тал)

 

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг ухрааж 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дэлгүүрийн гаднах бичлэгийг тавьж шүүж үзэхэд 08 цаг 32 минут 33 секундэд буюу бодит цагаар 08 цаг 32 минутад Баянгол дүүргийн 22 Энхбаярын замаас доошоо урууддаг засмал замаар цагаан өнгийн мотоцикл приүс маркийн машины зүүн талаар гарч урд нь гарсан жолооч нь баруун гараа 2 удаа өргөж явж байгаад зогсох үед ард нь явсан приус маркийн машины араас нь мөргөж мотоциклийн жолооч приүс маркийн машины жолоочийг гаргаж ирэх ба мотоциклийн жолооч приүс маркийн машины хойд талд приус маркийн машины жолоочийг цохиж байгаа бичлэг харагдаж байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 04-05 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.*******ын хохирогчоор өгсөн: “Би гэрээсээ 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 07 цаг 30 минутын орчим гараад ажил руугаа явж байгаад замаараа ажлын газрын хүнийг аваад Баянгол дүүргийн 22ны Энхбаярын замаар доошоо уруудаж байхад цагаан өнгийн мотоциклтой хүн миний машины хажуу талд хаазлаад урд гарсан. Урд гараад түгжрэлд зогсоод гарын дунд хуруугаа над руу гаргасан. Урд байгаа машин нь хөдлөөд явахад мотоциклтой залуу хөдлөхгүй урд зогсож байгаад хөдлөөд явсан урд жигд хурдаар явж байгаад гэнэт тоормослох үед нь би мотоциклтой залууг мөргөсөн. Тэгсэн мотоциклын жолооч бууж ирээд машины хаалга онгойлгож бууж ирээд намайг заамдахад нь би машинаас буугаад адилхан энгэрээс нь заамдаад “чи мотоциклтой хүнд зам тавьж өгөх ёстой, яагаад зам тавьж өгөхгүй байгаа юм” гэж хэлээд бид 2 маргалдаж байгаад салсан. Би урагшаа очоод өөрийн машиныг харахад миний машин хонхойсон байсан. Би машинаа хараад “цагдаа дуудна, байж бай” гэж хэлэхэд чи цагдаа дууддаггүй юм” гэж хэлээд миний энгэрээс зуурч байгаад миний зүүн шанаа нүд орчим хэд хэдэн удаа цохисон. Би гарыг нь тавиулаад цаашаа зугтаагаад холдсон. Зугтааж холдож байгаад нөгөө залууд баригдахад гартаа том чулуу бариад миний ар дагз руу зөөлхөн цохиод “чамайг би ална шүү” гэж хэлсэн. Тэр залуу явах гэхээр нь би цохиулсан учраас цагдаа дуудаад цагдаа ирэх хүртэл нь байлгаж байя гэж бодоод мотоциклийн сандал дээр байсан бээлийг нь аваад машин руу явахад миний араас ирээд намайг барьж аваад миний зүүн шанаа нүд орчим дахиад хэдэн удаа цохиж байгаад “наад бээлий чинь чамаас үнэтэй муу гуйлгачин минь” гэж хэлээд миний машин руу очоод чи миний юмыг авч байгаа бол би чиний юмыг авна гэж хэлээд машины салон руу хараад “юу ч байхгүй гуйлгачин л байна шүү дээ чамд авах юм юу ч алга гэж хэлээд миний машины хаалгыг эсрэг тал руу нь 2 удаа өшиглөөд цаашаа яваад өөрийн мотоцикль дотроо суугаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.*******ын хохирогчоор дахин өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө өөрийн УБО улсын тай приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн машин мөргөсөн болон өшиглөлтийн улмаас эвдрэл гэмтэл гараагүй. Цагдаагийн байгууллагад замын зөрчилтэй холбоотой дуудлага мэдээлэл өгөөгүй. Би Д.*******д /сүүлд нэрийг нь мэдсэн/ зодуулаад цагдаагийн байгууллагад дуудлага өглөө гэж хэлэхэд ******* мотоциклдоо суугаад явсан. Би цагдаагийн байгууллагад хүнд зодуулсан, зодсон хүн зугтаад явсан талаар хэлэхэд цагдаагийн байгууллага дээр ир гэж хэлсний дагуу гэмтлийн эмнэлэгт үзүүлээд Баянгол дүүргийн цагдаагийн газар ирсэн. Би машинтай явж байхад ******* мотоциклтойгоо зогсоод над руу дунд хуруугаа гаргахаар нь би араас нь сигналдсан ******* урагшаа жаахан хөдлөөд гэнэт тоормос гишгэхэд нь би араас нь мэдэлгүй хөнгөхөн мөргөж тулаад зогссон. Д.******* мотоциклоос бууж ирээд “мотоциклтой хүнд зам тавьж өгсөнгүй” гэж маргалдаж байгаад намайг цохисон. ******* гараараа миний зүүн нүд зүүн шанаа орчим хэд хэдэн удаа цохисон. Би тоолоогүй болохоор хэлж мэдэхгүй байна. 2022 оны 10 сарын 20-ны өдөр Улсын 1 дүгээр эмнэлэгт нүдний ухархайн хагалгаанд орж имплант суулгасан. Одоо юм салаалж харна, толгой ширүүн хөдлөхөөр өвддөг. Юм удаан харахаар нүд бүрэлзээд байгаа. Толгой хөдөлгөхөөр харж байгаа зүйлс дээр доор болж харагддаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.ын гэрчээр өгсөн: “Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Надад манай нөхөр хүнд зодуулсан гэж утсаар 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг өнгөрч байхад над руу залгаж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэг дээр очиход манай нөхрийн зүүн нүд нь хавдаж хөхөрч улайж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 13478 тай П.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун доод 2-р шүдний эмтрэл, зүүн нүдний алимын салстад цус харвалт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, баруун завжинд цус хуралт, духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, хацар, чамархай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-******* дахь тал),

8.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******гийн сэжигтнээр дахин өгсөн: “Би өглөө Сонгинохайрхан дүүрэг 11 Хонхорын 5-170 тоотод хоноод ажил руугаа явахаар өөрийн цагаан өнгийн мотоциклтой явж байхад хажуу талаас приус маркийн мөнгөлөг саарал өнгийн машин намайг хажуу тал руу шахаж эсрэг урсгал руу оруулах гэхээр нь би хажуугаар нь гараад урд нь явж байхдаа долоовор хуруугаа хөдөлгөж шахаж болохгүй гэдгийг илэрхийлсэн. Тэгээд урд нь явж байхад намайг хойноос сигналдаж ирээд шууд машинаараа миний мотоциклийг мөргөсөн. Би мотоциклоосоо буугаад нөгөө машины жолооч дээр очоод машинаасаа буугаад ир гэж хэлээд зууралцаж байгаад больсон. Дараа нь мотоциклынхоо урд ирээд цагдаа дуудна гэж залгах гэж байхдаа бид 2 хоорондоо хэрэлдэж бие биеэ хэл амаар доромжилсон. Би явах гээд мотоциклтойгоо хөдлөх гэхэд намайг хэл үгээр доромжлоод байхаар нь би мотоциклоос буугаад нөгөө залуутай зууралдаж байхад цаашаа гүйгээд зугтаасан. Би явах гэхэд нөгөө залуу эргэж ирээд миний бээлийг аваад зугтаахаар нь би араас нь барьж аваад машины ард цохисон. Намайг боох гэж оролдсон. Би гэмтлийн зэргээ үзүүлэх шаардлага байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******гийн яллагдагчаар өгсөн: “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Урд нь өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Миний мотоцикл спорт загварын мотоцикл байгаа. Улсын аваагүй байгаа. Миний мотоциклийн дугуй нь өндөр учраас миний мотоциклийн дугуйг араас ирээд өөрөө мөргөсөн. Миний мотоциклд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Мөн П.*******ын тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байгаагүй. Би маргаж байхдаа урд нь гарч машиныг нь харсан зүгээр байсан. Надад П.*******ын тээврийн хэрэгслийг өшиглөсөн зүйл байхгүй. П.*******ын машинд эвдрэл гэмтэл байхгүй. Би хохирол мөнгийг төлж барагдуулаагүй байгаа. Эмчилгээний зардалтай холбоотой асуудалд надад маргах зүйл байхгүй. Би төлж барагдуулна. Бусад зардал буюу ажилдаа яваагүйгээс болоод цалин хөлс нэхэж байгаа надаас болоогүй гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал)

10. Хохиролтой холбоотой болон хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 53-62, 96, 99-101 дэх тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэг зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

2022 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 08 цаг 32 минутад Баянгол дүүргийн 22 ны нутаг дэвсгэрт байрлах Энхбаярын замаас доошоо урууддаг засмал замаар Д.******* нь өөрийн эзэмшлийн мотоциклоор авто замын хөдөлгөөнд оролцож явахдаа П.*******ын жолоодон явж байсан УБО улсын тай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талаар урд нь гарч гараа 2 удаа өргөн явж байгаад зогсох үед түүний ард явсан УБО улсын тай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мотоциклийг мөргөсний улмаас Д.******* нь  Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.*******ыг автомашинаас буулгаж, автомашины ард очиж “мотоциклтой хүнд зам тавьж өгсөнгүй” гэж шалтаглаж П.*******ын зүүн нүд, зүүн шанаа орчим гараараа цохисон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Шүүгдэгч Д.******* хохирогч П.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун доод 2-р шүдний эмтрэл, зүүн нүдний алимын салстад цус харвалт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, баруун завжинд цус хуралт, духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, хацар, чамархай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 02-03 дахь тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 04-05 дахь тал), П.*******ын хохирогчоор өгсөн: “...чи мотоциклтой хүнд зам тавьж өгөх ёстой, яагаад зам тавьж өгөхгүй байгаа юм” гэж хэлээд бид 2 маргалдаж байгаад салсан. Би урагшаа очоод өөрийн машиныг харахад миний машин хонхойсон байсан. Би машинаа хараад “цагдаа дуудна, байж бай гэж хэлэхэд чи цагдаа дууддаггүй юм гэж хэлээд миний энрэгээс зуурч байгаад миний зүүн шанаа нүд орчим хэд хэдэн удаа цохисон. Би гарыг нь тавиулаад цаашаа зугтаагаад холдсон. Зугтааж холдож байгаад нөгөө залууд баригдахад гартаа том чулуу бариад миний ар дагз руу зөөлхөн цохиод “чамайг би ална шүү” гэж хэлсэн...намайг барьж аваад миний зүүн шанаа нүд орчим дахиад хэдэн удаа цохиж байгаад наад бээлий чинь чамаас үнэтэй муу гуйлгачин минь гэж хэлээд миний машин руу очоод чи миний юмыг авч байгаа бол би чиний юмыг авна гэж хэлээд машины салон руу хараад юу ч байхгүй гуйлгачин л байна шүү дээ чамд авах юм юу ч алга гэж хэлээд миний машины хаалгыг эсрэг тал руу нь 2 удаа өшиглөөд цаашаа яваад өөрийн мотоцикл дотроо суугаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), П.*******ын хохирогчоор дахин өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө өөрийн УБО улсын тай приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн машин мөргөсөн болон өшиглөлтийн улмаас эвдрэл гэмтэл гараагүй... Д.******* мотоциклоос бууж ирээд “мотоциклтой хүнд зам тавьж өгсөнгүй” гэж маргалдаж байгаад намайг цохисон. ******* гараараа миний зүүн нүд зүүн шанаа орчим хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), Ч.ын гэрчээр өгсөн: “...Надад манай нөхөр хүнд зодуулсан гэж утсаар 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг өнгөрч байхад над руу залгаж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэг дээр очиход манай нөхрийн зүүн нүд нь хавдаж хөхөрч улайж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 13478 тай “дүгнэлт (хавтаст хэргийн 24-******* дахь тал), Д.*******гийн сэжигтнээр дахин өгсөн: “...намайг хэл үгээр доромжлоод байхаар нь би мотоциклоос буугаад нөгөө залуутай зууралдаж байхад цаашаа гүйгээд зугтаасан. Би явах гэхэд нөгөө залуу эргэж ирээд миний бээлийг аваад зугтаахаар нь би араас нь барьж аваад машины ард цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), хохиролтой холбоотой болон хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 53-62, 96, 99-101 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.            

Хэргийн хохирогч П.*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.******* нь зүүн нүд, зүүн шанаа орчим олон удаа цохисны улмаас шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг хохирогчийн өмгөөлөгч дэмжиж оролцлоо.

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон учраас 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун /600/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Иймд эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Тав: Хохирол болон бусад асуудлын талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч П.*******ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаан дээр хохирогч талаас гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

Хохирогч П.******* нь “...Эмчилгээний зардалд 2.651.140 төгрөг болсон. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 сарын 15-ны өдөр хүртэлх акттай байсан. Нийгмийн даатгалын лист авах гэтэл лист олдохгүй гээд акт бичиж өгсөн. Нийт 2 сар 15 хоногийн цалин болох 3.900.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөг нийт 8.051.140 төгрөг болж байна. Үүнээс  гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацааны 89.500 төгрөгийн баримтын нэхэмжлэхээс татгалзаж байна. Одоо нийт 7.961.640 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүллээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудаас клиникийн 1-р эмнэлэгт үзүүлсэн автозогсоолын төлбөр, бензиний зардал, эмчилгээ, мэс заслын зардалд зарцуулагдсан  нийт 2.553.640 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан, үүн дээр  шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн  8.000 төгрөгийг нэмж нийт 2.561.640 төгрөгийг шүүгдэгч Д.*******гээс гаргуулж хохирогч П.*******т олгохоор шүүх шийдвэрлэв.

Харин хохирогчийн нэхэмжилж буй нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон  төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн хохирогч П.*******ыг “” ХХК-д агуулахын жолоочийн албан тушаалд ажилладаг гэсэн тодорхойлолт хавтаст хэргийн 53 дахь талд авагдсан байх боловч нийгмийн даатгалын шимтгэлийг “ ” ХХК төлсөн баримт хавтаст хэргийн 52 дахь талд авагджээ. Өөрөөр хэлбэл ажилладаг гэх байгууллага, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгууллагын нэрс өөр хоорондоо зөрүүтэй байх ба бусад холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул ажилгүй байсан цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив. Энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх  нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба төрийг төлөөлөх прокурор иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч хуульд зааснаар шүүгдэгч Д.*******гээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  энэ хэрэгт Д.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

        ТОГТООХ нь:  

 1. ******* овогт *******гийн *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

 

2. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гээс 2.561.640 төгрөг гаргуулж хохирогч П.*******т олгосугай.

6. Хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******гээс нэхэмжлэх эрх нь нээлттэйг  дурдсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон төрийг төлөөлөх прокурор гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Хэрэгт Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ДАЙРИЙЖАВ