| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0004/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
улсын яллагч Ш.Батсүх,
хохирогч С.Б /цахимаар/, П.С,
шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н-н Ч-т холбогдох эрүүгийн 1828002290155 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Н-н Ч дүүргийн дугаар хороо, Б-н тоотод оршин суух хаягтай, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 873 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан 3 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон гэх Б-н овогт Н-н Ч /РД:УХ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах хохирогч С.Б-гийн эзэмшлийн “8989” нэртэй гар утасны дэлгүүрийн цонхоор нэвтэрч 40 ширхэг гар утас, 100 000 төгрөгийн үнэ бүхий Жимобайлын утасны цэнэглэгч картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 9 030 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Балдан засаг” захын в-24 тоот лангууны урд хэсэгт цэнэглээд үлдээсэн иргэн П.С-ы 200 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A03S” загварын гар утас, 350 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ч-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1828002290155 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2018 онд Өмнөговь аймагт ажил хийх зорилготой очсон. Очоод ажил хийгээгүй. 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би хулгайгаар орсон. Цонхны төмрийг нь эвдлээд орсон. Нэгж авсан. 30 ширхэг гар утас байсан гэж санаж байна. Авсан зүйлсээ хотод ирээд хувь хүнд зарсан. Ломбарданд тавьсан. 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймагт авто угаалгын газар ажиллаж байгаад явсан. Хохирогч С-ы 2 ширхэг гар утсыг Балданзасаг гэх захаас би 2 давхарт цэнэглэж байхад нь авсан. Тухайн худалдааны төвд 10 минут болсон. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэв.
2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зах дээр сууж байсан. 2 гар утас бол нийлээд 1,100,000 төгрөг дөхөх байсан. Нэг гар утсаа олж авсан. Залуу хүн байна цаашдаа ахиж ийм алдаа битгий гаргаарай одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
2018 оны 12 дугаар сарын 15-нд хөдөө хүнсэнд 3 хоног явсан. Ирээд өглөө нь танай дэлгүүрт хулгай орсон байна гэсэн мэдээлэл ирсэн гээд дэлгүүр дээр ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Тэгээд дэлгүүрт ороод хартал багаар бодож 40 ширхэг утас байхгүй байсан. Надад бол маш их гомдолтой байна. Тэр үйл явдлаас хойш бизнес маань хүнд байдалд орсон гэв.
4. Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би өөрийн эхнэр Дгийн хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах худалдааны төвийн Орчин үе дэлгүүрт гар утас зардаг байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би дэлгүүрээ хаачихаад тухайн өдрөө Ханхонгор сумын Мандах багийн нутагт байрлах хөдөөний айлд очсон. Тэгээд тухайн айлдаа 2 хоночихоод 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой 18 цаг өнгөрч байх үед гэртээ ирж хоносон. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 9 цагт би эхнэр хүүхдийн хамтаар гэртээ байж байсан чинь манай эхнэр лүү А гэх эмэгтэй гар утсаараа залгаад танай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна, гадна талын төмөр сараалж нь эвдэрсэн байна гэж хэлсэн. Тэгээд би тэр даруйдаа эхнэр Д-гийн хамт дэлгүүр дээрээ очсон чинь цагдаа нар ирчихсэн хэргийн газрын үзлэг хийж байсан. Дараа нь би ороод гар утсаа бүртгэж үзэхэд нийт 40 ширхэг гар утас, мөн дээрээс нь Жи мобайлын 100 000 төгрөгийн үнэтэй 40 ширхэг карт алга болсон байсан.
Ямар ч байсан улаан өнгөтай Iphone-7 plus 1 ширхэг, Samsung S7 edge 1 ширхэг, Samsung note-5 1 ширхэг, 2016 оны J5 маркийн гар утас 2 ширхэг, Samsung grand max маркийн гар утас 2 ширхэг, 2018 оны Samsung G3 маркийн гар утас 1 ширхэг, Samsung galaxy wide нэртэй гар утас 1 ширхэг, Samsung S3 маркийн гар утас 2 ширхэг, Huiwia маркийн гар утас 1 ширхэг, LG X5 маркийн гар утас 1 ширхэг, LG G3 маркийн гар утас 4 ширхэг, LG G4 маркийн гар утас 2 ширхэг, LG G про маркийн гар утас 1 ширхэг, LG X power маркийн гар утас 2 ширхэг, Iphone 7 plus маркийн гар утас 1 ширхэг, Iphone 6s маркийн гар утас 2 ширхэг, Samsung alpha маркийн гар утас 1 ширхэг, Samsung А7 маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн гар утас 1 ширхэг, 8-sky маркийн гар утас 1 ширхэг, Samsung note1 маркийн гар утас 2 ширхэг, LG G5 маркийн гар утас 1 ширхэг зэрэг гар утаснууд алга болсон. Тухайн гар утаснуудыг би яг нэг бүртчлэн бүртгэж аваагүй. Ер нь дийлэнх нь шинэ гар утаснууд байсан. Солонгос улсдаа барьж байсан гар утаснууд байсан юм. Гэхдээ харахад хуучин гар утас гэж хэлэхээргүй байсан. Миний бодлоор надад 20 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Би гэхдээ алдагдсан эд зүйлсээ нэг бүрчлэн үнэлж чадахгүй байна. Өөрийн хар дансаар 20 орчим сая төгрөг буюу 40 ширхэг гар утас алга болсон гэж тооцоолж байна. Би гомдолтой байна. Хохирлоо төлүүлмээр байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,
5. Хохирогч П.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байтал манай найз Цэцэг Балдан засаг захын барааны лангуун дээр түр суугаад өгөөч гэж намайг дуудсан. Тэгээд би 13 цаг 30 минутын үед Балдан засаг зах дээр найз Ц-н лангуун дээр суусан. Лангуун дээр сууж байхдаа өөрийн эзэмшлийн Samsung s8 plus, Galaxy A03S загварын гар утаснуудаа лангууны урд хэсэгт цэнэглэж орхичихоод өөр лангуун дээр очоод юм яриад байж байгаад эргээд иртэл миний 2 гар утас алга болчихсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.
Би хулгайд алдсан Samsung S8 plus, Galaxy A03S загварын гар утаснуудаа Нокио Чойр дэлгүүрээс худалдаж авч байсан. Samsung S8 plus гар утсыг 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 400 000 төгрөгөөр, Galaxy A03S загварын гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 529 000 төгрөгөөр тус тус авч байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдсан гар утаснуудаа олж авмаар байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210 дугаар хуудас/,
6. Гэрч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай дэлгүүрт хоёр лангуу байдаг. Урд талын лангуунд байгаа утаснууд хөдлөөгүй хэвээрээ байсан. Хойд талын лангуунд байсан бүх гар утас нийлээд 40 ширхэг гар утас алга болсон. Мөн Жи мобайл нэгжний карт 40 ширхэг карт буюу 100 000 төгрөгийн нэгж алга болсон. Манайх Жи мобайл ХХК-ийн гэрээт борлуулагч юм, өөр алдагдсан зүйл байхгүй. Хулгайд алдагдсан 39 ширхэг гар утас бүгд Android утас байсан. улаан өнгөтай Iphone 7 plus 1 ширхэг, Samsung S7 edge 1 ширхэг, Samsung note5 1 ширхэг, 2016 оны Samsung J5 маркийн гар утас 2 ширхэг, Samsung grand max маркийн гар утас 2 ширхэг, 2018 оны Samsung G3 маркийн гар утас 1 ширхэг, Samsung galaxy wide нэртэй гар утас 1 ширхэг, Samsung S3 маркийн гар утас 2 ширхэг, Huiwia маркийн гар утас 1 ширхэг, LG X5 маркийн гар утас 1 ширхэг, LG G3 маркийн гар утас 4 ширхэг, LG G4 маркийн гар утас 2 ширхэг, LG G про маркийн гар утас 1 ширхэг, LG X power маркийн гар утас 2 ширхэг, Iphone7 plus маркийн гар утас 1 ширхэг, Iphone 6s маркийн гар утас 2 ширхэг, Samsung alpha маркийн гар утас 1 ширхэг, Samsung А7 маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн гар утас 1 ширхэг, 8sky маркийн гар утас 1 ширхэг, Samsung note1 маркийн гар утас 2 ширхэг, LG G5 маркийн гар утас 1 ширхэг гэх мэт гар утас алга болсон байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,
7. Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа явж байхад Худалдааны төвийн таксины зогсоолын хойд талд байх Орчин Үе гэх нэртэй худалдааны төвийн нэг давхарт байрлах “8989” гэх нэртэй гар утасны дэлгүүрийн баруун талын цонхны төмөр хаалт эвдэрсэн, мөн цонх нь онгорхой байсан. Тэгээд би өөрийн гар 86444483 дугаарын гар утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
8. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би хувиараа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Худалдааны төвийн таксины зогсоолын замын хойд талд барилгын ажил хийж байгаа 5 хүнийг хариуцаж ажил хийдэг. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барилгын ажлаа өглөө 9 цагт эхлээд оройны 21 цагийн үед ажлаа дуусгаад өөрийн эзэмшлийн 12-75 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажилчидаа гэр гэрт нь хүргэж өгсөн. Тухайн өдөр манай эхнэр Б, Б, Д ах бид нар ажилласан. Өнөө өглөө буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 9 цагт барилгын ажил хийж байгаа газраа ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,
9. Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цаг хүртэл сууж байгаад гэр лүүгээ явахад манай хажуу талын лангууны хулалдагч Х үлдсэн. Өөр хүн үлдээгүй. Гар утасны дэлгүүр онгорхой байгаагүй, хэд хоног онгойгоогүй санагдаж байна. Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед гар утасны дэлгүүрийн худалдагч Д гар утасны дэлгүүртээ ирсэн, удалгүй гараад явсан санагдаж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 дугаар хуудас/,
10. Гэрч Н.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
8989 гэх нэртэй гар утасны дэлгүүр манай дэлгүүртэй хамт нэг дор байдаг. Манай дэлгүүрт ороод дотор талдаа 3 лангуу байдаг. 2 лангуу нь хувцас торго бөс барааны лангуу, баруун талдаа 8989 нэртэй гар утасны дэлгүүр байдаг. Би өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цаг 15 минутад гарсан байх. Би дэлгүүрээсээ гараад дэлгүүрийн бүх хаалгыг түгжээд гарсан. Тухайн өдөр гар утасны дэлгүүрийн эзэн болох Д 18 цагийн үед дэлгүүртээ ирээд гарч байсан. Тухайн өдөр ажиллаагүй, орой Д ирээд гарч байсан. Миний мэдэхээр 3 хоног ажиллаагүй санагдаж байна. Хоёр лангуу дүүрэн гар утас байдаг, хойд талын лангуунд нь ухаалаг гар утаснууд байдаг, урд лангуунд хятад утас буюу товчлууртай утаснууд байдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/,
11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Орчин Үе худалдааны төвийн 1 давхарт байх “8989” гэх нэртэй гар утасны дэлгүүрт үзлэг хийсэн тухай /1-р хх-ийн 31-42 дугаар хуудас/,
12. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 269 дугаартай дүгнэлт
40 ширхэг гар утас, 100 000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн карт нь үнэлгээгээр нийт 9 030 000 төгрөг болсон тухай /1-р хх-ийн 71-73 дугаар хуудас/,
13. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаартай дүгнэлтэд
- Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийн 1, 2 гэсэн дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
- 3, гэсэн дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
- MN004410004413 гэсэн дугаартай С овогтой Б-гийн зүүн гарын ядам хурууны дардастай нийт 12 шинж тэмдгээр тохирч байна. Дүгнэлт гаргасан: Криминалистикийн шинжээч Г.Очирпүрэв гэжээ. /1-р хх-ийн 79-84 дүгээр хуудас/,
14. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Балдан Засаг захын 2 давхарын лангуунд үзлэг хийсэн тухай /1-р хх-ийн 203-205 дугаар хуудас/,
15. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-922/3711 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 226-230 дугаар хуудас/
16. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 233-235 дугаар хуудас/
17. Шүүгдэгч Н.Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 148 дугаар хуудас/,
- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/736 дугаартай шийтгэх тогтоол, /1-р хх-ийн 149-151 дүгээр хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах хохирогч хохирогч С.Б-гийн эзэмшлийн “8989” нэртэй гар утасны дэлгүүрийн цонхоор нэвтэрч 40 ширхэг гар утас, 100 000 төгрөгийн үнэ бүхий Жимобайлын утасны цэнэглэгч картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 9 030 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Балдан засаг” захын в-24 тоот лангууны урд хэсэгт цэнэглээд үлдээсэн хохирогч П.С-ы 200 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A03S” загварын гар утас, 350 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 550 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Ч-ийн өмгөөлөгч Б.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Н.Ч-ийг Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгч Н.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа тул зүйлчлэлийн тухайд өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй. Харин мөрдөн байцаалтын шатанд уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах хохирогч С.Б-гийн эзэмшлийн “8989” нэртэй гар утасны дэлгүүрийн гадна талд камер байхгүй, мөн хохирогч П.С нь өөрийн эд зүйл болох 2 ширхэг гар утасыг хараа хяналтгүй орхисон зэрэг нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах хохирогч С.Б-гийн эзэмшлийн “8989” нэртэй гар утасны дэлгүүрийн цонхоор нэвтэрч 40 ширхэг гар утас, 100 000 төгрөгийн үнэ бүхий Жимобайлын утасны цэнэглэгч картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 9 030 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Балдан засаг” захын в-24 тоот лангууны урд хэсэгт цэнэглээд үлдээсэн иргэн П.С-ы 200 000 төгрөгийн үнэ бүхий “SamsungA03S” загварын гар утас, 350 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 550 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Н.Ч нь хохирогч С.Б-гийн 40 ширхэг гар утас, 100 000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн картыг хулгайлж 9 030 000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч П.С-ы “Samsung A03S”, “Samsung S8” загварын гар утаснуудыг хулгайлж 550 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Б, П.С нарын мэдүүлэг, гэрч Э.Д, С.А, Н.Х нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч Н.Ч-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Балдан засаг” захын в-24 тоот лангууны урд хэсэгт цэнэглээд үлдээсэн хохирогч П.С-ы 200 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A03S” загварын гар утас, 350 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч хохирогч С.Б-гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Өмнөговь аймгийн Прокурорын газраас аль хүнд ялтай зүйл анги буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-д 100 000 төгрөгийн нэгжийн карт, 40 ширхэг гар утас буюу нийт 9 030 000 /есөн сая гучин мянга/ төгрөг, мөн хохирогч П.С-д 2 ширхэг гар утас буюу нийт 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан.
Шүүх хуралдаанд хохирогч П.С нь хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч Н.Ч-ийг хохирогч П.С-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Ч-ээс 9 030 000 /есөн сая гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгох нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Н.Ч-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жил 10 сар 14 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Ч-ийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Н.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Н.Ч-ийн хувьд урьд нь шүүх хуралдаан дээрээ өмнө үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлж байсан талаар шүүхийн шийтгэх тогтоолоос харагддаг. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд өмнөх үйлдлийг бүрэн шалгалгүй эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд шүүгдэгч Н.Ч-т доод хэмжээгээр хорих ял оногдуулж. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Н.Ч урьд нь эрүүгийн хариуцлага хүлээхдээ дээрх үйлдлүүдээ мэдүүлсэн гэж байгаа боловч энэ талаар тухайн үед мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгуулж чадаагүйгээс түүний эрх зүйн байдал дордсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Н-н Ч-ийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Ч-т Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/736 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 /жил/ жил 6 /зургаа/ сар 12 /арван хоёр/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ жил 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч Н.Ч-т холбогдох хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Хэрэгт хураагдан ирсэн Говьсүмбэр аймгийн Балдан засаг захын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди нь бичлэг бичигдээгүй, ажиллахгүй байгааг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар уг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-н Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Н-н Ч-ийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Ч-т Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/736 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 /жил/ жил 6 /зургаа/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ жил 14 /арван дөрөв/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-т оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Н.Ч-т холбогдох хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч П.С нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт хураагдан ирсэн Говьсүмбэр аймгийн Балдан засаг захын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди нь бичлэг бичигдээгүй, ажиллахгүй байгааг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар уг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ээс 9 030 000 /есөн сая гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д тус тус олгосугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ