| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00450/И |
| Дугаар | 135/ШШ2019/00565 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2019/00565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00450/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..р баг, Үйлдвэрийн ... тоотод оршин суух, утас .., .. регистрийн дугаартай, *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. тоотод оршин суух, утас .., ..регистрийн дугаартай,*******-д холбогдох
Өвс хаман боогчийн үнэ 7 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь нөхөр *******ын хамт *******ээс 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 365 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай зээлж авсан. Уг зээлийг хугацаандаа төлж барагдуулсан. Үүний дараагаар мөн *******ээс 5 000 000 төгрөг дахин зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээндээ ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй. Удахгүй уг зээлээс ******* 700 000 төгрөг авах хэрэгтэй байна гээд 700 000 төгрөгийг аваад явсан. Үлдэгдэл 4 300 000 төгрөгийг төлж амжаагүй байтал ******* нь манай хашаанд байсан Б.Дын өмчлөлийн өвс хаман боогч машиныг түр барьцаанд авлаа гээд авч явсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа Б.Дын өмчлөлийн өвс хаман боогч машиныг авах гээд *******ийнд очиход өвч хаман боогч машиныг аль хэдийнээ зарж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Б.Д нь энэ тухай мэдээд Дархан-Уул аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж уг өвс хаман боогчийн үнэ 12 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн үед бидний охин Энхзул нь хүнд өвчтэй байсны улмаас шүүхээр явах боломжгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүгчийн захирамж гарч, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гарч уг өвс хаман боогчийн төлбөрийг сар бүр төлсөөр ирсэн бөгөөд одоо уг төлбөрөөс 6 000 000 орчим төгрөг үлдээд байгаа. Тухайн үедээ шүүх хуралд оролцох боломжгүй байсан, мөн хууль хэрэглээний ямар ч анхны мэдэгдэхүүн байхгүйгээс ингэж их хэмжээний мөнгөөр хохирч байна. ******* нь 4 300 000 төгрөгийн зээл дээр 12 000 000 төгрөгийн үнэ бүхий өвс хаман боогчийг хууль бусаар барьцаанд авч, худалдаж зарж үрсэн бөгөөд уг өвс хаман боогчийг худалдаад үлдэгдэл 7 700 000 төгрөгийг надад буцаан олгох ёстой байхад буцаан олгоогүй. Иймд машиныг хууль бусаар авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зээл чөлөөлнө гэсэн зараас анх А-тэй уулзаж танилцсан ингээд хамгийн эхлээд 2011 оны 6 дугаар сард 2 250 000 төгрөгийг зээлж Гургалдайн сангийн аж ахуй руу *******-тэй хамт явж хонь аваад түүнийгээ зараад эргээгээд мөнгийг өгсөн. Үүний дараа 6 365 000 төгрөгийг 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан авч зээл чөлөөлүүлсэн, үүнийгээ мөн төлөөд дуусгасан. Түүний дараа 5 000 000 төгрөгийг 2011 оны 10 дугаар сарын дундуур ямар нэгэн гэрээ хийлгүйгээр зээлсэн. Энэ мөнгө өгөгдөөгүй жил гаран явсан, бид адуу бэлдэхээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас мал бэлдэхээр явж байхад *******- над руу яриад мөнгө хэрэгтэй байна мөнгө өгөөч гэхээр нь би 700 000 төгрөгийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хаан банкнаас шилжүүлсэн. Тэгээд 12 дугаар сарын 25 гэж гэртээ ирэхэд *******- ирээд надтай нэлээд хэрүүл хийсэн. Манай хүн яг энэ үед барилга дээр ажиллаж байсан. *******- бид 2-ын хооронд холбоо тасарсан зүйл байхгүй, хадуур тармуурыг зарсныг би мэдээгүй, тухайн үед манай хүүхдийн бие муудаад хот явсан байсан. Манай хашаанд хүний хадлангийн бүх тоног төхөөрөмж байсан үүнээс гол ажил гүйцэтгэдэг өвс хамагчийг үлдсэн 4 300 000 төгрөгтөө барьцаалж авч явсан *******-, энэ мөнгийг төлөх гээд манай нөхөр, Б.Д эгч, Ц- ах *******- бид 5 уулзахад *******- зарсан гэж хэлсэн. Энэ явдал 2013 онд болсон. Дараа нь Б.Д эгч Ц- ах хоёр 12 000 000 төгрөг нэхэмжлээд шүүхэд хандсан үүнийг нь бид зөвшөөрч шийдсэн. Одоо шийдвэр гүйцэтгэл дээр 12 000 000 төгрөгийн өрийг нь төлөөд явж байгаа, одоо хэдэн төгрөг үлдсэнийг мэдэхгүй байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******тай зээлийн гэрээг бичгээр хийж, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаатай 1 хувийн хүүтэйгээр, ХАА-н машин техник болох хөрөө, хадуур, тармуур барьцаалан 6 365 000 төгрөг зээлүүлжээ. Гэрээний 4-рт: ... 0,5 хувь алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд бодож төлөх үүрэг хүлээсэн байна. Гэвч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар зээлээ хугацаанд нь төлөөгүй учир 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандах гэхэд барьцаанд байгаа зүйлээр зээлээ хаахыг зөвшөөрсөн тул худалдаж, борлуулж зээлээ хаажээ. Үүнээс хойш ямар нэг маргаан үүсээгүй 7 жил өнгөрсөн бөгөөд *******, ******* нар бусдын эд зүйл байсан тухай огт яриагүй байна. Дээрх хүмүүс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Дын өмчлөлийн өвс боогч тармуур байсан, Б.Д шүүхэд нэхэмжлэл гаргаж 12 000 000 төгрөг нэхэмжилсэн гэх боловч 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шийдүүлэхдээ энэ тухай огт юм яриагүй байж 7 жилийн дараа энэ маргааныг үүсгэж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хуулийн заалттай зөрчилдөж байна. Тэгээд ч уг механизм болох хадуур тармуур нь бусдын өмч гэсэн нотолгоо тухайн үедээ байгаагүй бөгөөд өөрсдийнхөө эд зүйл мэтээр ойлгуулан барьцаалсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюунбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Болормаагийн өмгөөлөгчөөр оролцож байна хамгийн эхлээд зээлсэн 2,500,00 төгрөг гэрээтэй байж байгаад төлөгдсөн байна, дараа нь 6,365,000 төгрөгийг гэрээ хийж зээлсэн байгаа, энэ гэрээтэй ярих зүйл байхгүй хуулийн дагуу хийгдсэн гэрээ байдаг. Болормаагийн гол маргаад байгаа зүйл нь 8 сард зээлээд төлөгдсөн гэрээгээ дахиад шүүхэд өгсөн байна гэж хэлээд байна, угаасаа хуульд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү, алданги авах эрхээ алдана гэж байгаа, *******- зөвлөгөө авчхаад 5 сая төгрөгөө гэрээгүй зээлсэн гэдгээ хэлэхгүй байна гэж үзээд байгаа, сүүлд татгалзаж хаасан хэрэг дээрээс нотлох баримт авахад 6,365,000 төгрөгийг төлнө гэсэн Оюунбатын бичсэн юм уу бичээгүй юм уу тэр нь эргэлзээтэй, бичээгүй л гээд байгаа, энэ нь эхний гэрээнээс зүрүүтэй байна, эхний гэрээн дээр 6,365,000 төгрөг эхний гэрээнд байгаа, 5,000,000 төгрөгийг ч 6,350,000 төгрөг төлнө гэж бичсэн байж болох ийм эргэлзээтэй юм харагдаж байгаа, *******- өвс хаман боогчийг авсан, зарсан гэдэг дээр маргаагүй байгаа, яг хэдэн төгрөгөөр зарсан бэ гэдэг нь нотлогдоогүй байгаа, Оюунбат, Болормаа нар үнэндээ хохирч байна, хэрэв 5 сая төгрөг гэрээгүй зээлсэн бол 4,300,000 төгрөгийг 12 сая төгрөг болгож төлж байна. Энэ юунаас болж байна гэхээр *******- өвс хаман боогчийг авч зарснаас болж байна гэж үзэж байна. 5 сая төгрөгийг гэрээгүй зээлсэн гэдгийг Б.Д хэлээд байдаг гэрчээр мэдүүлэг өгөхдөө 4-5 сая төгрөг гэж ярьж байсан гэж хэсэн байдаг. 500,000 төгрөг шилжүүлсэн гэдгээ *******- мөн хүлээн зөвшөөрч байгаа, энд 200,000 төгрөгийн зөрүү гарч байна, битүүмжилсэн байхад зарсан байгаа, тийм учраас *******- нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна, 5,000,000 төгрөг зээлсэн гэдгийг ямар нэгэн гэрээ хийгээгүй учраас нууж байна гэж ойлгож байгаа, тэгэхээр эвлэрэн хэлэлцэх асуудал ярихад *******- зөвшөөрөхгүй байна, шүүхэд нэхэмжилсэн 12 сая төгрөгөөс шүүхэд нэхэмжилж байсан 8,861,150 төгрөгийг хасахаар 3,138,850 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэсэн саналыг гаргасан боловч хариуцагч зөвшөөрөхгүй, тийм учраас *******- үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар *******-ээс 7,700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч *******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******- тайлбар хэлэхдээ дандаа 2011 он гэж яриад байсан, би энэ хүний эрх ашгийг хамгаалж байгаагийн хувьд залруулж хэлэх зүйл байна, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөнгөө 5 хоногийн хугацаатай зээлээд 5 хоног нь өнгөрөөд 2012 он гарсан тэгээд 2011 оныхоо 11 сард барьцаа хөрөнгийг нь гэртээ аваачаад тавьсан байгаа, тэгээд он гараад 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарын үсгийн баталгаа авсан байгаа, Оюунбатаас 6 сая төгрөгийг 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барагдуулна гээд, ингээд 3 сар нь өнгөрөнгүүт нь хөдөө ахындаа энэ хүмүүс мөнгө өгөхөө байлаа гээд аваачиж тавьсан байгаа, ингээд явсаар байгаад 2012 оны 7 дугаар сард энэ үнийг шүүхэд өгөхдөө тармуурыг зараагүй байсан байгаа, 2012 оны 08 дугаар сард тэр тармуур нь зарагдчихаар нь нэгэнт тармуурыг зараад мөнгөө авсан учраас шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татаж авсан байгаа, нөгөөтээгүүр шүүхэд өгсөн байх хугацаанд 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзаад энэ хугацаанд нэхэмжлэлийг хариуцагч гардаж авсан, яагаад гардаж авсан гэхээр нэхэмжлэлийг 2 хувь өгсөн, хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргасан тухайн үедээ шийдээгүй энэ хэргийг тухайн үед алдаа дутагдал гарсан тэр үеийн алдаа дутагдлыг одоо яриад яах вэ нэхэмжлэлийн 1 хувийг гардуулсан, гардуулсан баримтаа ч хэрэгт хийгээгүй байж байж 9 сарын 02-ны өдөр шүүгчийн захирамж гарсан байгаа, тэр хооронд тармуурыг зарах болтлоо би тармуурыг зарлаа шүү гэж хэлж байсан байгаа, эсвэл мөнгөө авъя гэж байнга шаардаж байсан, тухайн үедээ Б.Дын юм гэж мэдээгүй байсан, үүнийгээ түрүүн *******- тодотгож хэлээгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан өвс хаман боогчийн үнэ 7 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хууль бусаар авсан өвч хаман боогчийн үнэ 7 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зээлийн гэрээний дагуу барьцаалсан хөрөнгө болох өвс хаман боогчийг зарж борлуулан төлбөрөө авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ******* нь манай хашаанд байсан Б.Дын өмчлөлийн 12 сая төгрөгийн өвс хаман боогчийг авч зарж борлуулсан, миний бие шүүхийн шийдвэрийн дагуу Б.Дт 12 сая төгрөгийн төлбөрийг төлж байна. Иймд *******ээс өвс хаман боогчийн үнэ 12 сая төгрөгөөс 2011 оны 11 сард аман хэлцлээр авсан зээл 5 000 000 төгрөгийн үлдэгдэл 4 300 000 төгрөгийг хасч 7 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон болно.
Хариуцагч ******* нь барьцааны зүйл болох өвс хаман боогчийг нэхэмжлэгч *******ын хашаанаас 2011 оны 11 сард авч өөрийн эзэмшилд байлгаж байгаад 2012 оны 7 сард шүүхэд хандан *******аас үндсэн зээл, хүү, алданги нийт 8 861 150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дараа, 2011 оны 8 сард зарж борлуулан зээлийн төлбөрийг авсан үндэслэлээр нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээгээр 6 365 000 төгрөгийг, 5 хоногийн хугацаатайгаар, 1 хувийн хүүтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд авто машин хөдөө АА-н эд хөрөнгө, хадуур, тармуур барьцаалан, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид өгөхөөр, зээл авагч тал авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш 3 хоног өнгөрмөгц зээл өгөгч нь барьцаанд авсан хөрөнгийг захиран зарцуулж, түүний үнийн дүнгээс үндсэн зээл, хүү, алдангийг гаргах авах эрхтэй байхаар зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги 8 861 150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 782 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 898 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар Б.Дын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох өвс хаман боогч, эс олдвол үнэ 12 сая төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 394 дугаартай *******, ******* нараас 12 сая төгрөг гаргуулж Б.Дт олгохоор гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 700 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2011 оны 11 сард *******ээс аман хэлцлээр зээлж авсан 5 сая төгрөгтэй холбоотой тайлбарлаж байгаа нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой байх бөгөөд энэ талаар 2019 оны 4 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн болохыг мэдсэн үеэс хариуцагчаас шаардаж байсан баримтгүй ба Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл үүссэн гэж үзэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн татгалзал үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 7 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА