Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч Д.З нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор Адуут овогт Дашзэвэгийн Зд холбогдох эрүүгийн 2311000000104 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цоохор адуут овгийн Дашзэвэгийн З /рд:./,

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх Уулын 3-588б тоотод оршин суудаг,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай Шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д. З нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 3-5886 тоотод хохирогч Ш.Цогзолмаатай “гэрт агсан тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн хэсэг рүү нь эд зүйл шидэж, биед нь духанд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, хэрэгт хамааралтай, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д. З нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 3-588б тоотод хохирогч Ш.Цогцолмаатай “гэрт агсан тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн хэсэг рүү нь эд зүйл шидэж, биед нь духанд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Хохирогч Ш.Цогзолмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гэх найзынхаа хамт явж байгаад Золоо гэх зүс таних эмэгтэйн гэрт орсон... Золоогийн гэр нь ЧД-ийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 3-588б тоотод байдаг юм. Тэгсэн Золоо гэгч нь гэртээ согтуу сууж байсан бөгөөд тэдний гэрт юм яриад сууж байтал тэр гэнэт над руу нэг хатуу зүйл шидсэн бөгөөд тухайн зүйл нь миний нүүр хэсгийг оносон...Зтай танилын харьцаатай бөгөөд тэрнээс өөрөөр ямар нэгэн харилцаа байхгүй...би тэрний гэрт ороод хоорондоо юм яриад сууж байтал тэр гэнэт над руу нэг хатуу зүйл шидэх шиг болсон... З над руу эд зүйл шидсэнээс болоод миний дух шалбарч оёдол тавиулсан, өөр бол ямар нэгэн гэмтэл шарх учраагүй.. Миний бие З гэгчид зодуулснаас өөр байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн эмчилгээ үйлчилгээ аваагүй...” гэх /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1196 дугаартай шинжээчийн эмч Ц.Ганболдын Ш.Цогзолмаад духанд зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...иргэн Ш.Цогзолмаа нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 3-588б тоотод бусдад зодуулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ш.Цогзолмаа нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 268,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Згаас гаргуул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх /хавтаст хэргийн 52 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04/408 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Шүүгдэгч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яллах дүгнэлттэй танилцсан. Дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ...” гэх /хавтаст хэргийн 24 дахь тал/,

Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх,

Хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Зд 2 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг сануулав.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Д.З мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хохирлыг төлсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүй,

Хохирогч Ш.Цогзолмаагийн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 268,000 төгрөгийн үзлэг үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч Д.Згаар Эрүүл мэндийн даатгалын сан, Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд 268,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цоохор адуут овгийн Дашзэвэгийн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Д.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Згаас 268,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сан, Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   П.АРИУНБОЛД