Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Мөнхбатын Сад холбогдох эрүүгийн 2311 00052 0067 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овгийн Мөнхбатын С /рд::

Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 201-603 тоотод оршин суудаг,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 51-02 тоот “Том бууз” нэртэй цайны газарт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн оройн 19:00 цагийн үед Н.Алтанцогийн эзэмшлийн “Самсунг А53” маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлж залилан мэхэлж бусдад 1,089,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

№ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 47 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.С нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 51-02 тоот “Том бууз” нэртэй цайны газарт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн оройн 19:00 цагийн үед Н.Алтанцогийн эзэмшлийн “Самсунг А53” маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлж залилан мэхэлж бусдад 1,089,600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хохирогч Н.Алтанцог мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хийж байхад 20-25 орчим насны эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд хоол захиалаад таны өөрийн утсаар чинь интернэт банк ороод тооцоогоо хийчихье гээд миний гар утсыг аваад 30,000 орлого хийж 24500 төгрөг хоолны тооцоо болоод 5500 төгрөг буцааж би бэлнээр өгсөн. Тэгээд тэр 2 гарч яваад орой 19 цаг өнгөрч байхад орж ирээд таны гар утсаар чинь яриад өгье гээд аваад 2 удаа яриад за одоо би утсаа авъя гэсэн чинь миний утсыг буцааж өгөөд би хамт ажилладаг хүнтэйгээ яриад байж байсан чинь нөгөө залуу дахиад утсаа өгчих гээд би гар утсаа өгөөд нөгөө утсаар ярьж байгаад хаалгаар гараад явсан би араас нь дагаад гарсан нөгөө хүн гүйгээд алга болсон би араас нь гүйгээд гүйцээгүй. Миний гар утас “Самсунг А53” загварын гар утас байсан. Би гар утсаа 2022 оны 06 дугаар сард “Тэди” худалдааны төвөөс 1,600,000 төгрөгөөр авч байсан...” гэх /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Гэрч М.Равсал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би ломбардаас гар утас худалдан авч бага зэрэг үнэ нэмж зардаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ломбардаас 3 ширхэг гар утас “Самсунг А53-5g” гар утас нэгийг 570,000 төгрөгөөр бодож худалдан авсан тухайн ломбардаас өмнө гap утас худалдан авч байсан болохоор гар утас гарсан үед над руу залгаж хэлдэг юм. цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөд бэлэн байна... цэнхэр өнгийн “Самсунг А53” маркийн гар утас байна...” гэх /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэж өгсөн мөрдөгчийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЧД1-23-13 дугаартай “...Самсунг А53 гар утас үнэлгээний дүнгээр 1,089,600 төгрөг..” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед гэртээ очихгүй 14 хоног болсон болохоор аав, ээжээсээ айгаад гадуур тоглоомын газарт буудлаар хонож байхдаа мөнгө болох 400,000 төгрөгийг зарцуулсан... би ганцаараа утсаар ярьж байгаад аваад гараад ломбардад тавьсан...” гэх /хавтаст хэргийн 52 дахь тал/,

шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах зүйлгүй гэх, мөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч М.С нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж хохирогчид 1,089,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Сад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгч М.Сад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, хууль ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөж шийдвэрлэв.  

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Н.Алтанцог шүүгдэгч М.Саас өөрийн гар утсыг биет байдлаар хүлээн авсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигин овгийн Мөнхбатын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч М.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас шүүгдэгч М.Сыг чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч М.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             П.АРИУНБОЛД