| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/07 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Н.И нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Нийн Ит холбогдох эрүүгийн 2217001620007 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Нийн И /РД:..../, Х аймгийн Ө суманд ... оны .... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, С сумын 1 дүгээр багийн Засаг дарга ажилтай, Г аймгийн С сумын 1 дүгээр баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, хамтран амьдаргчийн хамт амьдардаг, урьд Г аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 629 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Н.И нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 1 дүгээр байрны гадаа хамтран амьдрагч Б.Отой маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохих, татаж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн оройд хуйханд цус хуралт, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... дугаар зөрлөг рүү багийн Засаг дарга нарын хамт очоод баярын арга хэмжээнд оролцоод архи уугаад жаахан муудаад байхаар нь эхнэр Ог ирээд авчих гээд Бд уулзаад Чт ирээд гэртээ орохгүй гээд муудсан. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолт шалгахад 3 бүхэл гаран гарсан байсан, болсон үйл явдлыг бүгдийг нь санахгүй байгаа. Хаана нь цохисноо санахгүй байгаа, буухгүй гээд маргалдсан. Хохирогчид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө хохирогчийг дагуулан Улаанбаатарт очиж томографид харуулсан. Отой 2022 оны 05 дугаар сараас эхлэн С сумын 3 дугаар баг, 1 дүгээр байранд байр түрээслэн хамтран амьдарч байна. Би өөрийн гаргасан үйлдэлд дүгнэлт хийж иргэдээс ичиж санаа зовж байна. Багийн даргын хувьд гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх багийн гишүүн гэж явдаг. Иймд хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би гэм буруугаа болон прокуророос санал гаргасан ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо бид хоёр хамт амьдарч хоорондын харилцаа хэвийн байгаа гэв.
2. Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Игийн ажлын газрынхан хөдөө явсан. И залгаад намайг ирээд авчих гэхээр нь би гэрээсээ 21 цаг өнгөрч байхад гараад Б суман дээр очиход И нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн машинд нэг үл таних залуутай хамт суусан. Бид 3 С суманд ирээд И нь цааш үргэлжлүүлнэ гээд Лтэй яриад байхаар нь би одоо үргэлжлүүлээд хэрэггүй, чи согтсон байна гээд утсыг булааж аваад Лд одоо болно гэсэн. Тэгээд Б сумаас хамт ирсэн залууг 4 дүгээр байрны гадаа буулгаад гэр лүүгээ орох гэтэл И Андууд дэлгүүрийн үүдэнд зогс пиво авна гэхээр нь дэлгүүр лүү хамт ороод 2 том пиво болон хүнсний юм аваад байрны урд ирээд орье гэхэд машинаас буухгүй байхаар нь би машинаас түрүүлж буугаад Иийн сууж байсан хаалга талд очоод буулгах гэтэл И миний зүүн хацар луу баруун гараараа нэг удаа цохиод утсыг булааж аваад хажуу зогсоол дээр зогсож байсан машины шил рүү шидсэн. Би зугтаах гээд эргэж хараад гүйх гэтэл хойноос татаад унагаасан. Би толгойн ар хэсгээрээ газар унаад хэсэг хэвтэж байгаад замын хашлага дээр сууж тайвшраад цагдаад дуудлага өгсөн. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, 2022 оны 04 дүгээр сараас хойш хамтран амьдарч байгаа. Өмнө нь бид хоёр муудалцаж, маргалдаж байсан. Гэхдээ надад гар хүрдэггүй байсан. Миний зүүн хөхний дээд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гал тогооны дээд талын тавиурнаас савтай эд зүйл унаад үүссэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29, 31, 33 хуудас/
3. Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр статистикийн баяр болоод аймгийн хэмжээний багийн дарга, мэргэжилтэн, хэлтсийн дарга нар ... дугаар зөрлөг рүү салхинд гарч хоол унд идээд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн. 22 цагийн орчимд бид нар ... дугаар зөрлөгөөс Б суманд ирэхэд И манай хамтран амьдрагч ирсэн байгаа гээд машинд нь суугаад түрүүлээд явсан. Харин үлдсэн хүмүүс нь автобустайгаа С суманд ирээд таксины зогсоол дээр хүмүүсээ буулгаад орлогч даргыг 2 дугаар байранд хүргэж өгөөд явж байтал Хүүхэд, гэр бүлийн төвийн хойд талд И машинтайгаа явж байсан. Бид нар Игийн араас очсон. Удаагүй хамтран амьдрагч хүүхэн нь цагдаа дагуулаад ирэхэд тэр хүүхний куртикны ар тал шороо болсон харагдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/
4. Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 229 дүгээр дүгнэлтэнд: “Б.Оны биед тархи доргилт, толгойн оройд хуйханд цус хуралт, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөхний дээд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Тархи доргилт, толгойн оройд хуйханд цус хуралт, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хөхний дээд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, толгойн оройд хуйханд цус хуралт, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөхний дээд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 16-17 хуудас/
5. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6-8, 9 хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 60-73 хуудас/
7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 78-80 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.Иийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г аймгийн С сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 1 дүгээр байрны гадаа хамтран амьдрагч Б.Оыг архи уугаад согтсон байна, одоо гэртээ ор гэхэд нь түүний нүүрэн тус газарт гараараа цохих, татаж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн оройд хуйханд цус хуралт, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Иийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Иийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Иийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.О, гэрч Т.Г нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Г аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 229 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Н.И нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Н.И нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг ирүүлжээ.
Шүүгдэгч Н.И нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд Н.И нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдах чадваргүй болсны улмаас үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Н.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгчийг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч Н.И нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Иийн хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Н.Иийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Шүүгдэгч Н.И нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Нийн Иийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Иийг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ит оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ит оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.И нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА