Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Гийн Сд холбогдох эрүүгийн 2217001610006 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Гийн С /РД:....../, Д аймгийн С суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-ны ачилт буулгалтын албанд ковш түрээсээр ажиллуулдаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн С сумын 3 дугаар баг, Найрамдал хотхон 15 дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч  Г.С нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн орчим Г аймгийн С сумын 3 дугаар баг, Найрамдал хотхон ... дугаар байрны ... тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Х.Мтэй хувийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь баруун гараараа 3 удаа алгадах цамцны хоолойноос татаж хоолойг нь боох зэргээр зодож духанд, баруун нүдний зовхинд, хүзүүнд цус хуралт, хамрын угт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр 2 хоног уурлаад дугарахгүй байсан. Тэр өдөр гарахад нь уурлаж маргалдсан. Манай хүү оюутан Солонгост сурдаг. Сургуулиасаа гарлаа ганцаараа хэцүү байна гээд 2 хоногийн өмнө ээждээ хэлсэн байсан. Эхнэр чи хүүхэддээ хэлсэнгүй гээд уурлаад байсан. Би эхнэрийнхээ нүүрэнд 3 удаа алгадсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр манай эхнэрийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл миний үйлдлийн улмаас учирсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэдгээ ойлгож байгаа. Бид 16 жил хамт амьдарч 2021 онд гэрлэлтээ батлуулсан. Өөртөө дүгнэлт хийсэн, дахиж эхнэртээ гар хүрч болохгүй юм байна гэдгийг ойлгосон дахиж ийм үйлдэл гаргахгүй. Прокуророос санал гаргасан ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Бидний харилцаа хэвийн болсон гэв.

2. Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 11 цагийн үед С сумын 3 дугаар баг, ... тоотод гэртээ байж байгаад би гэрээс гарч том хүү Одээ интернэт банк нээлгэхээр гарах гэтэл манай нөхөр С намайг гадуур хэсэх гэлээ гэхээр нь удахгүй ирнэ гэтэл өчигдрөөс хойш гадуур хэслээ гээд уурлаад босоод ирсэн. Би өмнөх өдөр нь найзуудтайгаа гадуур гарсан. Манай нөхөр С намайг хэслээ, хэнтэйгээ алцаганах гээд байгаа юм гэж хардаад зүүн гараараа миний баруун хацар, баруун нүд, хамар, дух хэсэг рүү 3 удаа алгадаж цамцны хоолойноос татсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн, эмнэлэгт үзүүлээгүй. Бид 2008 оноос эхлэн хамтран амьдарч байгаад гэрлэлтээ албан ёсоор 2022 оны 07 дугаар сард батлуулсан. Тухайн үед манай нөхөр С нь эрүүл байсан бөгөөд ер нь архи уудаггүй. Нөхөр Сд зодуулснаас болж баруун нүдний зовхи, духанд, хүзүүнд цус хурсан байсан, бас хамрын уг хэсэгт зулгаралт гэмтэл үүссэн. Харин шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баруун буглага хэсгийн хөхрөлт нь би дасгал хийж байгаад өөрөө гэмтээсэн. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2019 онд бид хоёр хэрэлдээд муудалцаж байсан, гэхдээ намайг зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16, 19-20, 22  хуудас/

3. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед манай хүргэн Г.С над руу яриад М 2, 3 хоног уурлаад дуугарахгүй байхаар нь би өглөө хэрүүл хийж байгаад алгадсан чинь цагдаад өгнө гээд гараад явсан гэсэн. М залгаад захиргаан дээр байна, та хүрээд ир гэхээр нь яваад очиход цагдаад мэдэгдээд явж байна гэсэн. Би юу болсон талаар асуутал өглөө С намайг дуугарахгүй юундаа уурлаад байгаа юм гээд хэрэлдээд намайг алгадсан гэсэн. Тухайн өдөр Мийн нүүр хэсэгт маажуулсан гэхээр шарх байсан ба өөр гэмтэл бэртэл харагдаагүй. С зодлоо гэж надад хэлж байсан удаа байхгүй. Манай хүргэн С нь архи, тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм. Эхнэрээ жаахан хардах гээд байдаг, хардаад л алгадаж зодсон байх тэрнээс өөр зодох шалтгаан байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

4. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Х.Мийн биед учирсан зүүн бугалганы гадна доод хэсгийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх гэмтэл. Бугалганы гадна хэсэгт учирсан байгаа тул цохигдох, ойчих, нидрэгдэх гэх мэт үйлчлэлээр үүсгэгдэж болно. Х.Мийн биед учирсан зүүн бугалганы цус хуралт гэмтэл шинжээчийн дүгнэлтээс хасагдахад дүгнэлтийн агуулгад өөрчлөлт орохгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/

5. Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар дүгнэлтэнд: “Х.Мийн биед духанд, баруун нүдний зовхинд, хүзүүнд, зүүн бугалганд цус хуралт, хамрын угт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 32-33 хуудас/

6.  Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Г аймгийн С сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, “Сайн сайхан консалтинг сервес” ХХК-ны ачил буулгалтын албаны тодорхойлолт /х.х-ийн 11-12, 53, 57, 58, 73, 83 хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 74 хуудас/

8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 82, 84-85 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Сг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн орчим Г аймгийн С сумын 3 дугаар баг, Найрамдал хотхон 15 дугаар байрны ... тоот өөрийн гэртээ эхнэр Х.Мтэй харилцан маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт 3 удаа алгадах цамцны захаар хоолойг нь боох зэргээр халдан зодож духанд, баруун нүдний зовхинд, хүзүүнд цус хуралт, хамрын угт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Сгийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Сгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сгийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.М, гэрч Д.Э, шинжээч Л.Жаргалтогтох нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Г аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Г.С нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг ирүүлжээ.

Шүүгдэгч Г.С нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Г.С нь хохирогч Х.Мтэй хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлоос үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Г.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Г.С нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Сг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Г.Сг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүрийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Гийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА