Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 82

 

Б.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0292/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Цэрэнбат                                                  

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн О-т холбогдох, 1918000000332 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.т зааснаар 100 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 3 жил 11 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Орхон аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1.т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Орхон аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1.т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан. ********** регистрийн дугаартай, У- овогт Б-гийн О-

Шүүгдэгч Б.О- нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Арбатын гудамжинд хувийн маргааны улмаас иргэн А.Б-ын нүүрэн тус газар нь цохиж унагаж эрүүл мэндэд нь тархины хөнгөн зэргийн няцрал, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч У- овогт Б-гийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 1.7., 1.8., 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Б.Цэрэнбат давж заалдах гомдолдоо:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.О-ыг гэхийг шүүгдэгч Г.Ганбаярт холбогдох гэж, 2 удаа бичсэн зөрчил байна.

Б.О-ын мөрдөн байцаалтад 2019-07-02-ны өдөр яллагдагчаар татагдан өгсөн мэдүүлэгт “миний баруун шанаа руу цохиод авахаар нь зөрүүлээд баруун шанаа руу нь гараараа цохисон” гэж мэдүүлснийг шийтгэх тогтоолд тэмдэглэсэн байдаг. Мөн Б.О- энэ мэдүүлгээ шүүх хурал дээр дахин мэдүүлсэн ба хохирогч А.Б- шүүх хуралд оролцож мэдүүлэг өгөхдөө “би архи уугаад ухаангүй болсон болохоор юу болсныг мэдэхгүй байна, Б.О-т гомдолгүй, ял шийтгэл оногдуулахгүй байхыг хүсье, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн.

Дээрх нотлох баримтыг үндэслэхэд: шийтгэх тогтоол дахь шүүгчийн дүгнэлт нь Монгол улсын үндсэн хуульд заасан “хүнлэг, энэрэнгүй” нийгэм байгуулахын төлөө үндсэн зарчмыг баримтлаагүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Учир нь: Ажлын өдөр сард 22 хоног байдаг, өдөрт 4-н цагийн хугацаанд бусдаар харгалзуулж ажиллана гэсэн үг. /тооцоо нийлэх, бүртгүүлэх, ирж, буцах цаг гэж байна./ Тэгэхээр сард 22 өдрийг үржих нь 4 цаг ажиллахад, нэг сард 88 цагийн ажил гүйцэтгэх болж байна. Шүүхээс оноосон 400-н цагийн ажлыг 4-н сар 12 өдөр өөрийн зардлаар ажиллах болж байна../ Ганц сар ажилгүй суухаар яаж хэцүүддэг билээ./ Өөрийн гэсэн гэр, оронгүй, хөрөнгөгүй, ажилгүй, орлоггүй хүн унаа, хоолны зардлаа даах чадваргүй болохоор урт хугацааны энэ ял биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялын оронд хорих ял оногдуулбал ялтанд ял эдлэхэд учрах хүндрэл нь бага тусна.

Шүүгдэгч Б.О- нь урьд өмнө нь хохирогчоос уучлал гуйсан, хохирогч гомдолгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн, энэ хэрэгт холбогдуулан төлөх төлбөргүй, хохиролгүй, хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн, амьдралд нийгэмших гэж байгаа нөхцөл байдлуудыг харж үзэж хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулахыг хүсэж байна.

Иймд Б.О-т оногдуулсан ялын хугацааг багасган 240-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Б.О-ын өмгөөлөгч Б.Цэрэнбат тайлбартаа:

Шүүгдэгч Б.О- нь СӨХ-д ажиллаж байгаа бөгөөд амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.О-т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн. Шүүгдэгч нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэргээ ухамсарлаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.О-т холбогдох хэргйиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.О-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.О- нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Арбатын гудамжинд хувийн маргааны улмаас иргэн А.Б-ын нүүрэн тус газар нь цохиж унагаж эрүүл мэндэд нь тархины хөнгөн зэргийн няцрал, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

Шүүгдэгч Б.О-ын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч А.Б-, гэрч Г.Д- нарын мэдүүлэг, мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-3/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 547 дугаар дүгнэлт /хх 20-21/ зэргээр нотлогдож тогтоогдсон бөгөөд хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

Шүүгдэгч Б.О-т оногдуулсан ял түүний үйлдсэн хэрэг, гэм бурууд тохирсон түүнчлэн шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарт тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна байх тул шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан ...анхан шатны шүүх Б.О-т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд ялыг 4 сар 12 хоногийн хугацаанд эдлэхээр байгаа нь гэр орон, ажилгүй байгаа түүний амьдралд хүндээр тусаж байгаа тул ялыг багасгаж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч ...Б.О-т холбогдох хэргийг... гэхийг ...шүүгдэгч Г.Ганбаярт... гэж 2 удаа бичиж зөрчил гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ТУЯА

                                                                ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР