Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0088

 

 

 

 

 

 

 

 

 

“М ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З

Нэхэмжлэлийн шаардлага Х дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1а, 1б-д заасан 324,805,200.10 төгрөгийн зөрчлөөс үндэслэлгүй тооцсон 168,821,772.83 төгрөг, Тэмдэглэх хэсгийн 2а, 2б-д заасан 364,246,214.03 төгрөг, нийт 533,067,986.86 төгрөгийн зөрчил, түүнд ногдох 82,438,168.72 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” тухай  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 831 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З

Хариуцагч Н.М, Д.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2023/0273/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь “Х дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1а, 1б-д заасан 324,805,200.10 төгрөгийн зөрчлөөс үндэслэлгүй тооцсон 168,821,772.83 төгрөг, Тэмдэглэх хэсгийн 2а, 2б-д заасан 364,246,214.03 төгрөг, нийт 533,067,986.86 төгрөгийн зөрчил, түүнд ногдох 82,438,168.72 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.            

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 831 дүгээр шийдвэрээр “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус баримтлан Х дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1а, 1б-д заасан 324,805,200.10 төгрөгийн зөрчлөөс үндэслэлгүй тооцсон 168,821,772.83 төгрөг, Тэмдэглэх хэсгийн 2а, 2б-д заасан 364,246,214.03 төгрөг, нийт 533,067,986.86 төгрөгийн зөрчил, түүнд ногдох 82,438,168.72 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч М  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “... Татварын улсын байцаагчийн НА-23220000103 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1а, 1б-д заасан борлуулалтын орлогод НӨАТ ногдуулаагүй зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ Татварын албаны мэдээллийн санд байгаа мэдээллийг үндэслэсэн нь тайлангийн үнэн зөвийг ялгаагүй, манай компани шалгалтанд хамрагдах хугацаанд хэдэн төгрөгийн орлого олсон, хэдийг нь НӨАТ-ын тайланд тусгасан, хэдэн төгрөгийн НӨАТ дутуу төлсөн талаар бодит байдлыг тогтоолгүй, шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэд тулгуурлаагүй шийдвэр гаргасан. Татварын албаны мэдээллийн санд байгаа мэдээлэл нь үнэндээ манай компаний алдаатай гаргасан тайлангийн мэдээлэл ба тайлан алдаатай гэдгийг шүүх шинжилгээний байгууллага нотолсон болно. Дээрх Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1а, 1б-д заасан борлуулалтын орлогод НӨАТ ногдуулаагүй зөрчлийг шүүгчийн шийдвэрийн 8 дугаар хуудсанд “... Иймд 2018-2020 онуудын бараа ажил, үйлчилгээний орлого нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 дугаартай нөхөн ногдуулалтын актын 2а, 2б дэх хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь энэ хэргийн мөн чанар, учир шалтгааныг ололгүйгээр дүгнэлт хийсэн болох нь харагдаж байна.

3.2. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2а, 2б-д заасан зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийн 2, 3 дугаар асуултын хариултад ач холбогдол өгөөгүй, дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг зөрчсөн. Шүүгч татварын улсын байцаагчийн тогтоосон дээрх зөрчлийг хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ татвар төлөгчийн бизнесийн онцлогийг харгалзаж үзээгүй, бараа материалыг борлуулсан орлогыг хүлээн зөвшөөрсөн мөртөө хасагдах зардал дээр уг барааг байгаагүй мэтээр үзэж зардалд тооцохгүй байгаа нь ААНОАТ-ын татвар ногдуулах (Орлого-Зардал=Татвар ногдуулах орлого) зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3.3. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 831 дүгээр шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.1. Х дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.М , Д.О нар нь 2322002696 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “М ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөвлөлтийн байдалд хяналт шалгалт явуулжээ.

  2.2. Хариуцагч татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад “... 2018 онд 92,580,517.44 төгрөгийн, 2019 онд 140,870,323.57 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй … 2020 онд 91,354,359.09 төгрөгийн бараа ажил, ажил үйлчилгэний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй … 2018 онд 36,752,345.02 төгрөгийн, 2019 онд 97,721,751.18 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил … 2020 онд 150,498,618.18 төгрөгийн, 2021 онд 79,273,499.65 төгрөгийн и-баримтгүй анхан шатны баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил тус тус гаргасан” гэж дүгнэн маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аар 68,905,141.42 төгрөгийн нөхөн татвар, 23,882,807.19 төгрөгийн торгууль, 13,102,438.28 төгрөгийн алданги нийт 105,890,386.89 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна

2.3. Нэхэмжлэгчээс “Х дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1а, 1б-д заасан 324,805,200.10 төгрөгийн зөрчлөөс үндэслэлгүй тооцсон 168,821,772.83 төгрөг, Тэмдэглэх хэсгийн 2а, 2б-д заасан 364,246,214.03 төгрөг, нийт 533,067,986.86 төгрөгийн зөрчил, түүнд ногдох 82,438,168.72 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд анхан шатны шүүх “...хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь 2018-2020 онуудын бараа, ажил, үйлчилгээний орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлийг гаргасан байх ба энэ нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна. Иймд 2018-2020 онуудын бараа, ажил, үйлчилгээний орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 дугаартай нөхөн ногдуулалтын актын 2а, 2б дэх хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна … Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаас үзэхэд, дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохоор зохицуулсан байх ба нэхэмжлэгч нь татварын хяналт шалгалтын үед хуульд заасан шаардлага хангасан зардлын баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 дугаартай нөхөн ногдуулалтын актын 2а, 2б дэх хэсгээр и-баримтгүй, баримтаар нотлогдоогүй зардлыг татварын тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгаж, татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийг гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

2.4. Учир нь, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” 13.1.4-д “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж тус тус заасан.

2.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд татвар төлөгч нь татварын тайлангаа үнэн зөв, бодитоор тодорхойлон албан татвар ногдуулах үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь 2018-2020 онуудад бараа, ажил, үйлчилгээний орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй, и-баримтгүй болон баримтаар нотлогдоогүй зардлыг татварын тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгаж, татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлүүдийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож энэ тохиолдолд маргаан бүхий нөхөн ногдуулалтыг актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

2.6. Түүнчлэн, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд “Татварын тайланд залруулга хийх” гээд 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно”, 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй” гэж тус тус зааснаас нэхэмжлэгч нь алдаатай гаргасан тайлангаа дараагийн татварын жилд багтаан хэдэн ч удаа засварлаж болохоор байхад нэхэмжлэгч уг үүргээ хэрэгжүүлээгүй байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтэд ... зардалтай холбоотой шинжилгээнд ирүүлсэн гадаад худалдан авалтын баримтууд нь шинжилгээний объектын шаардлагыг хангахгүй ... Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын алдаа байсан эсэхийг нягтлан бодох бүртгэлийн ерөнхий журнал, зардлыг дэлгэрэнгүй бүртгэл ирээгүй тул тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2020 оны гадаад худалдан авалтын баримтууд нь шинжилгээний объектын шаардлага хангахгүй, харин 2021 оны гадаад худалдан авалттай холбоотой баримт шинжилгээнд ирээгүй болно гэж тусгагдсан байх тул уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг багасгах боломжгүй байна.

2.7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 831 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

   ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

 

   ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 

                                       ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ