Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00466

 

 

 “АДГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/03357 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “АДГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ж-д холбогдох,

 

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам, ... тоот орон сууц болон өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч өмгөөлөгч: Э.Сугар-Эрдэнэ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Бүжидлхам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АДГ” ХХК болон “Жи Ди” ХХК-ийн захирал У.Баатар нь 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/2012 тоот “Орон сууцны байраар бартерийн солилцоо хийх хэлцлийн гэрээ”-г “Тот Ком Сервис” ХХК-тай байгуулсан.

Уг гэрээгээр “Тот Ком Сервис” ХХК нь Изриаль улсын бараа материал, тоног төхөөрөмжийг манай компанийн барьж буй барилгад 2012 оны 11 дүгээр сарын 30-ны дотор нийлүүлж, угсарч хүлээлгэж өгөх үүргийг, харин “Жи Ди” ХХК нь У.Баатар миний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206021841 дугаартай, 000215079 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн ам /17090/, 26/7 тоот 14 айлын амины орон сууцны цогцолборын 145,28 м.кв талбай бүхий 7 тоот байшинг барилгын бүрэн засалтай нөхцлөөр, 2 ширхэг автомашины гаражийн хамт гэрээний төлбөрт тооцон бартерийн солилцооны замаар “Тот Ком Сервис” ХХК-д шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн.

Уг үүргийнхээ дагуу “Жи Ди” ХХК нь шилжүүлэх ёстой байсан үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед эрхийн маргаантай байсан тул үүний оронд “АДГ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй адил хэмжээ бүхий Улсын бүртгэлийн Ү-2206021845 дугаартай, 000215076 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-гээр “Тот Ком Сервис” ХХК-ийн захирал албан тушаалтай Д.Ж-ы өмчлөлд шилжүүлсэн.

2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр уг 01/2012 тоот “Орон сууцны байраар бартерийн солилцоо хийх хэлцлийн гэрээ”-г цуцлан, шинэ нөхцөлөөр буюу бүх төлбөр тооцоог мөнгөн хэлбэрээр гүйцэтгэхээр 18/2013 тоот “Бараа, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шинээр байгуулсан. 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан уг “Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг анхнаасаа хариу төлбөргүйгээр бэлэглэх бус харин дээр дурдсан цуцлагдсан “Орон сууцны байраар бартерийн солилцоо хийх хэлцлийн гэрээ”-ний төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх үүднээс дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор энэхүү бэлэглэлийн гэрээг байгуулсан бөгөөд уг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ж- нь өнөөг хүртэл санаатайгаар буцаан шилжүүлэхгүй байгаа явдал нь хууль зөрчин, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй явдал юм.

Иймд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үүнийг тогтоож, Д.Ж-ы үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй явдлыг таслан зогсоож бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Улсын бүртгэлийн Ү-2206021845 дугаартай, 000215076 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй Хан-Уул дуургийн 4-р хороо Нүхтийн аманд байрлах 146,94 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “АДГ” ХХК- ийн нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн асуудал бол анхны бартераар тохирсон гэрээнд тусгасны дагуу энэ хөрөнгө миний нэр дээр шилжсэн.

Дараа нь “Жи ди” ХХК нь бараа тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ болгож өөрчилсөн боловч 2016 он хүртэл төлбөр төлөгдөхгүй байсан учраас “Жи ди” ХХК-ийн захирал У.Баатарт энэ үл хөдлөх эд хөрөнгийн банкны барьцаанд тавьж алдагдлаа нөхлөө гэдгийг утсаар болон албан тоотоор мэдэгдсэний дагуу Капитал банкинд барьцаанд тавьсан.

Энэ талаар У.Баатар өөрөө сайн мэдэж байх ёстой. 2012 оны гэрээний асуудал шийдэгдэхгүй байсан учир 2016 онд бид нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн гурван шатны шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэл дээр өнөөдрийг хүртэл төлбөр нь төлөгдөхгүй явж байгаа.

2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2017 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АДГ” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ 2012 оны 10 сард байгуулсан гэж байна. Манай банктай 2014 онд гэрээ байгуулагдаж, зээл олгосон.

Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ж-ы өмчлөлийн хөрөнгийг барьцаалж зээл олгосон байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар “АДГ” ХХК, Д.Ж- нарын хооронд 2013.01.16-ны өдөр байгуулагдсан аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, ... тоот хаягт байрлах аялал жуулчлалыг зориулалттай 146.94 м.кв талбайтай, 000215076 өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Ү-2206021845 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “АДГ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг Д.Ж-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 448 560 төгрөг гаргуулж, “АДГ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18\2013 тоот Бараа тоног төхөөрөмж суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчид төлбөрөө зохих ёсоор өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа гэдэг нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл энэхүү хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр хүртэл нэхэмжпэгч нь хариуцагчид төлөх төлбөрийн үлдэгдэл 16 000 000 төгрөг байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл шүүх хөрөнгө шилжүүлсэн этгээд болох "АДГ" ХХК нь иргэн Д.Жаргалсан миний 100 хувь өмчлөлийн "Тот Ком Сервис" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө төлөөгүй, миний бизнесийн үйлдэлд саад учруулсаар байхад анхааран үзээгүйд гомдолтой байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.4, 56 дугаар зүйлийн 56.6-д хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй.

Иймд миний бие нэхэмжлэгчээс дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой байсан төлбөрөө төлөөгүй учраас тухайн үед авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсний дараа маргаан бүхий эд хөрөнгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн болно.

Гэтэл шүүх хариуцагч миний дээрх тайлбар, түүнийг нотлосон баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас авч үзээгүй, түүнд хэрэглэгдэх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх заалтуудыг хэрэглэж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Энэ нь "Капитал" банк энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаатай шууд холбоотой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй тул шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч “АДГ” ХХК болон хариуцагч Д.Ж- нарын хоорондын ашиг сонирхол болон хүсэл зоригийн илэрхийллийг анхааралгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээг үнэлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь уг хэргийн зохигчид банкны барьцааг чөлөөлүүлэх далд санаа зорилготой.

Мөн барьцаанаас чөлөөлүүлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт мөн дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг “АДГ” ХХК-д шилжүүлэх тохиолдолд үүсэн гарах үр дагаврыг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэлгүй орхисон нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, үндэслэл бүхий эргэлзээгүй байх шаардлагад нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “АДГ” ХХК нь хариуцагч Д.Ж-д холбогдуулан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүрэг, 4-р хороо Нүхтийн ам /17090/, ... тоот хаягт байрлах 000215076 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2206021845 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “Жи Ди” ХХК-ийн захирал У.Баатар болон “Тот Ком Сервис” ХХК-ийн захирал Д.Ж- нар нь 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны байраар бартерын солилцоо хийх хэлцлийн 01/2012 дугаар гэрээг байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “АДГ” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо Нүхтийн ам, ... тоот хаягт байрлах 000215076 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2206021845 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “АДГ” ХХК-ийн захирал У.Баатар нь Д.Ж-ы өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ.

 

            “АДГ” ХХК-ийн захирал У.Баатар болон Д.Ж- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ хариу төлбөртэй буюу 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны байраар бартерын солилцоо хийх гэрээний үүргийн гүйцэтгэл болох талаар, мөн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны байраар бартерын солилцоо хийх гэрээг талууд цуцалж, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 18/2013 тоот “Бараа тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан талаар талууд маргаангүй байна.

 

Иймд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь өөр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой, бодит хүсэл зориг илэрхийлж хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

“Жи Ди” ХХК-ийн болон “Тот Ком Сервис” ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны байраар бартерын солилцоо хийх хэлцлийн 01/2012 дугаар гэрээг гэрээний нэг тал цуцалсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцааж өгөх, эсхүл үнийг төлөх үүрэгтэй юм.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Д.Ж-ы өмчлөлд шилжсэн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам, ... тоот хаягт байрлах аялал жуулчлалыг зориулалттай 146.94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч “АДГ” ХХК нь шаардах эрхтэй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

 

Түүнчлэн Д.Ж- Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн ам, ... тоот хаягт байрлах аялал жуулчлалыг зориулалттай 146.94 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 424/1 барьцааны гэрээгээр Капитал банк ХХК-д барьцаанд тавьсан ба уг эд хөрөнгийг “АДГ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичсэн тул барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гараагүй тул энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/03357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч болон гуравдагч этгээд “Капитал банк” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 448 560 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА