Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/08802/З |
Дугаар | 155 |
Огноо | 2017-05-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 155
Д.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Базаррагчаа нарыг оролцуулан, Д.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 988 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0093 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 988 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар тушаалын Д.Лхагвасүрэнд холбогдох хэсэг, мөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Д.Лхагвасүрэнд тэтгэлэг олгох тухай” Б/19 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнг Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 3 сар 20 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.688.138 /дөрвөн сая зургаан зуун наян найман мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнд олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Д.Лхагвасүрэнгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0093 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 988 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “1.Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Д.Лхагвасүрэнд тэтгэлэг олгох тухай” Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнг Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар тушаалын Д.Лхагвасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “хариуцагчаас” гэснийг “Гадаад харилцааны яамны Тамгын газраас” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Базаррагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6, 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0093 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Шүүхийн магадлалын хянах хэсэгт “Төрийн албаны тухай хууль, түүний дотор 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа ажилтныг шалгаруулах үйл ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр дээрх бүх захиргааны актуудыг гаргасан нь хуулийн заалт бодит нөхцөлд хэрэгжээгүйг харуулж байна” гэжээ.
“Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 3 дугаар тогтоол 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус тус батлагдаж, яамны газар, хэлтэс, нэгж нь орлогч даргагүй, нэгжүүд болон ажилтнууд нь чиг үүргийн давхардалгүй байхаар яамны үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосон байдаг.
Хууль болон Засгийн газрын тогтоолоор Гадаад хэргийн яам болон түүний газар, нэгж татан буугдсан тул Төрийн нарийн бичгийн дарга нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Гадаад харилцааны яамны газар, нэгжийн зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах бэлтгэл ажлыг эхлүүлж, түүнтэй холбогдуулан бүх газрын захирал, хэлтсийн дарга, албан хаагчдын саналыг авч хуучин буюу Гадаад хэргийн яаманд харьяалагдаж байсан нийт төрийн албан хаагчдыг чөлөөлж, Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын орон тоог батлах, тухайн орон тоонд багтаан ажилтнуудыг томилох бэлтгэл ажлыг хийсэн байдаг. Энэ нь яамны албан хэрэг хөтлөлт, дотоод ажлын зохион байгуулалт, захиргааны шийдвэр боловсруулахад байнга мөрдөж ирсэн норм юм.
Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын шинэ орон тоог батлах, чиг үүргийн давхардлыг арилгахтай холбогдон өмнө ажиллаж байсан зарим албан хаагчдыг өөр албан тушаалд шилжүүлэх, албан тушаал бууруулах, цөөрсөн орон тоонд шалгаруулах зэрэгтэй холбогдуулан холбогдох ажилтнуудын үр дүнгийн гэрээ, мэргэшлийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай болсон тул Төрийн нарийн бичгийн даргаас ТЗУГ-ын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтэн, бусад газар, нэгжийн удирдлагуудад холбогдох ажилтнуудын үр дүнгийн гэрээ, ажлын дадлага туршлагад үндэслэн санал өгөх чиглэл өгсөн байдаг.
Гэтэл шүүх бүрэлдэхүүн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/03, Б/04, Б/05 дугаар тушаалуудын огноо нэг өдөр байна гэсэн үндэслэлээр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд албан ажил хэрэг хөтлөлтийн практик, Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг буруу үнэлсэн явдал болжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр тушаалын огноо адил буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр байгаа нь эдгээр тушаалуудыг зөвхөн тухайн өдөр боловсруулж, хянаж, баталсан гэсэн үг биш бөгөөд энэ нь практикт байх боломжгүй зүйл юм. Иймд, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/03, Б/04, Б/05 дугаар тушаалууд батлагдсан хууль зүйн факт, урьдчилсан нөхцөлийг бодитоор хянаж өгнө үү.
Хоёр. Мөн магадлалын хянах хэсэгт “орон тоо цөөрсөнтэй холбогдуулж ажилласан жил, ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдал зэргийг шалгуур болгож, цөөрсөн орон тоонд багтааж албан хаагчдыг томилсон гэх тайлбарыг хариуцагчаас гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн тайлбар үгүйсгэгдэж байна” гэжээ.
“Ажлаас чөлөөлөх тухай” Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар хуучин буюу Гадаад хэргийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан 6 нягтлан бодогчийг ажлаас чөлөөлж, Гадаад харилцааны яамны газар, нэгжийн орон тоонд багтаан тухайн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, ажлын дадлага туршлага, ур чадвар зэргийг харгалзан Б/05 дугаар тушаалаар тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг илүү хангаж байгаа 4 нягтлан бодогчийг томилсон байдаг.
Хэрэгт авагдсан нягтлан бодогч нарын үр дүнгийн гэрээнүүд, мэргэшлийн зэрэг, ажилласан жилийн харьцуулсан хүснэгт, нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан тухай баримтууд зэрэг нь Гадаад харилцааны яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн нягтлан бодогч нарыг цөөрсөн орон тоонд багтаан газар, нэгжийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнээс санал авч, шалгаруулж томилсон нотлох баримтууд юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн тайлбарыг ямар нотлох баримтад үндэслэж үгүйсгэж байгаа нь тодорхой бус бөгөөд илт нэг талыг барьж няцаасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 34 дүгээр зүйлд тус тус заасан мэтгэлцэх зарчим, нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас үнэлэх зарчмуудыг ноцтой зөрчжээ.
Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Засгийн газраас өгсөн үүргийг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуульд зааснаар газар, нэгжийн удирдлагуудаар дамжуулан сонсох ажиллагаа буюу ажилтнуудын санал, хүсэлтийг авсны үндсэн дээр “Зохион байгуулалтын нэгжийн орон тооны хязгаар батлах тухай”, “Ажилд томилох тухай” Б/04, Б/05 дугаар тушаалуудыг тус тус баталсан байдаг. Ингэхдээ тухайн ажилтны санал, хүсэлтийг хангаагүй буюу захиргааны санаачилгаар өөр ажил албан тушаалд томилох, ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохих ёсоор удирдлага болгож ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар баталгааждаг.
Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэсний дагуу Төрийн нарийн бичгийн даргаас томилсон бүх газар, нэгжийн удирдлага хүний нөөцийн мэргэжилтэн нарийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Санхүү, эдийн засгийн хэлтсийн нягтлан бодогч нарыг сонгож томилсон байдаг.
Иймд , хууль зүйн үйл явдал, захиргааны актын үндэслэл, урьдчилсан нөхцөл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, бодитойгоор үнэлж “Д.Лхагвасүрэнд тэтгэлэг олгох тухай” Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчинтэй хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар тус яамны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дотор нягтлан бодогч Д.Лхагвасүрэн мөн чөлөөлөгдсөн байна.
Улмаар Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжийн орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус яамны ажилтан, албан хаагчдыг шинээр ажилд томилохдоо Д.Лхагвасүрэнг нягтлан бодогчийн албан тушаалд буцаан томилолгүйгээр, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх, маргаан бүхий Б/19 дүгээр тушаалаар “тус яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр Д.Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг зөрчсөн, энэ талаар шүүхүүд хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэстэй дүгнэлт хийжээ.
Тодруулбал, Засгийн газрын 2014 оны “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 382 дугаар тогтоол болон 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолуудаас үзвэл Гадаад харилцааны яамны орон тооны хязгаарыг 142 байхаар баталсан байна.
Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрыг Санхүү, эдийн засгийн хэлтэс, Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтэс, Гадаад харилцааны төв архив гэсэн 3 хэлтэстэй, орон тоог 22 байхаар баталж байсан бол 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын нэгжийн орон тооны хязгаарыг батлахдаа Төрийн захиргааны удирдлагын газар нь Хуулийн хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Гадаад харилцааны төв архив гэсэн 3 хэлтэстэй, 27 орон тоотой байхаар тогтоожээ.
Үүнийг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан 6 нягтлан бодогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/05 дугаар тушаалаар 4 нягтлан бодогчийг томилсон байдаг. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн эрхэлж байсан нягтлан бодогчийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан ч тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар, хэрэв албан тушаалын тоо цөөрсөн бол тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авахаар хуульчилжээ.
Хариуцагчаас “яамны газар, нэгжийн орон тоонд багтаан тухайн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, ажлын дадлага туршлага, ур чадвар зэргийг харгалзан Б/05 дугаар тушаалаар тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг илүү хангаж байгаа 4 нягтлан бодогчийг шалгаруулж томилсон” гэсэн тайлбарыг гаргадаг боловч орон тоо цөөрөөгүйн дээр хэрэгт авагдсан нотлох баримтаар сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгон шалгаруулж томилсон гэдэг нь тогтоогдоогүй.
Тухайлбал, хариуцагчаас нягтлан бодогч нарыг шалгаруулсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан нягтлан бодогч нарын ажилласан жил, үр дүнгийн гэрээ дүгнэгдсэн байдал гэсэн баримт, тухайн ажилтнуудын үр дүнгийн гэрээ зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гэх 2014 оны үр дүнгийн гэрээг бусад ажилчдын 2015 оны үр дүнгийн гэрээтэй харьцуулсан, тус гэрээнд Д.Лхагвасүрэн гарын үсэг зураагүй, уг гэрээг байгуулах цаг хугацаанд гадаад улсад суралцаж байсан гэж маргадаг, түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Гадаад харилцааны яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын төрийн албанд ажилласан хугацаа, мэргэжлийн зэргийг тодорхойлсон гэх баримт ирүүлсэн, эдгээрээс үзэхэд хариуцагч сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу, ажилтнуудын үр дүнгийн гэрээ, мэргэшлийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан гэдэг нь нотлогдоогүй, шүүхүүд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд албан ажил хэрэг хөтлөлтийн практик, ...тус хэлтсийн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг буруу үнэлсэн, ...ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Санхүү, эдийн засгийн хэлтсийн нягтлан бодогч нарыг сонгож томилсон” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
Харин маргаан бүхий Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/03 дугаар тушаал нь Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолыг үндэслэж гарсан, уг тушаалаар хуучин бүтэц, орон тоонд ажиллаж байсан тус яамны нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Давж заалдах шатны шүүхээс уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар зөв дүгнэлт хийж, уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0093 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА