Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0666

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0666

Улаанбаатар хот

 

Иргэн Ш.Дүүжий, Б.Ганбаатар нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ш.Дүүжий, Б.Ганбаатар, хариуцагч З.Ням-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ш.Дүүжий, Б.Ганбаатар нарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.3, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 152.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаар тогтоолын “Тойрогт ногдох мандатын тоог тогтоосон 2 дахь заалтыг хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 35100 /гучин таван мянга нэг зуун төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Ням-Очир давж заалдах гомдолдоо: “1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Шүүх “Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д “Орон нутгийн хурлын тэргүүлэгчид... тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, ... сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ” гэснийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн атлаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан ... тогтооно” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Нэгдүгээрт. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт нь 10.3.1-10.3.4-д заасан дэд заалтуудыг ойлгон хэрэглэх нөхцөл заасан заалт болох нь хуулиас илэрхий ойлгомжтой харагдаж байна. Тодруулбал, хуулийн 10.3-д “Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно”, 10.3.3-д “сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27” гэж заасны дагуу Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тус сумын нийт хурлын төлөөлөгчдийн тоог 27 байхаар тогтоосон.

Хуулиар сумын хурлын төлөөлөгчдийн тоог шууд зааж өгөхдөө хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тухайн сумын нийт төлөөлөгчдийн тоог тогтоох агуулгаар зохицуулсан байна. Гэтэл шүүх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид суманд ногдох 27 төлөөлөгчийг хаана, хэрхэн яаж хуваарилах, сонгуулийн тойрог тус бүрт мандатын тоог тогтоох зэрэг асуудлыг дээрх хуулиар /Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/ зохицуулсан мэтээр буруу тайлбарлан хэрэглэж Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад олгосон бүрэн эрхэд халдаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт. Сонгуулийн тойрог тус бүрт мандатын тоог хуваарилах эрхийг нарийвчлан зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45 хоногийн өмнө сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн юм.

Ийнхүү сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрт олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн төдийгүй энэ хуулийн 152.2-т “нэгэнт байгуулсан тойргийг тухайн ээлжит сонгуулийн дөрвөн жилд өөрчлөхийг хориглоно” мөн хуулийн 22.11-д “ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно” гэж хурлын бүрэн эрхийг баталгаажуулж сонгуулийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Гэтэл шүүх энэхүү хориглосон хэм хэмжээг зөрчиж шийдвэр гаргаж байгаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.

Гуравдугаарт. Шүүхийн шийдвэр гаргах гол үндэслэл болгон тайлбарлан хэрэглэсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан ... тогтооно” гэсэн заалтад бүрэн дүгнэлт өгөөгүй. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь сумынхаа засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан мандатын тоог тогтоосон бөгөөд шүүхээс энэ талаар дүгнэлт өгөөгүй төдийгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гаргасан шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Маргааны зүйл нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог тогтоохтой холбоотой буюу Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан бүрэн эрхийн дагуу сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэртэй холбоотой асуудал юм.

Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр дэх Хатгал тосгон нь хүн амын нягтралын хувьд Алаг-Эрдэнэ сумаас илүү /цөөн тоогоор илүү/ шалтгаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Тосгон нь илүү олон төлөөлөгчтэй байх ёстой гэж үзсээр ирсэнтэй холбоотой. Нэхэмжлэгч нар ч энэ утгаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг үндэслэл болгон маргаан үүсгэсэн бөгөөд нэхэмжлэлд хүн амын нягтрал байршлыг харгалзах ёстой талаар тодорхой дурьдсан байдаг. Харин засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзах талаар тусгаагүй юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг бүрэн тайлбарлан хэрэглэвэл хүн амын нягтрал байршлыг харгалзан үзэхээс гадна засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзахаар заасан юм. Шүүх зөвхөн хүн амын нягтрал байршил гэх нэхэмжлэгчийн хүсч буй утгад анхаарлаа хандуулж, үүнийг л нотлох гэсэн мэт шийдвэр гаргасан байна.

Хүн амын нягтрал байршлын хувьд Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумаас илүү олон хүн амтай байж болох ч засаг захиргааны нэгжийн бүтцийг нь авч үзвэл Хатгал тосгон нь 1 нэгж, Алаг-Эрдэнэ сум нь 6 нэгжтэй юм. Шүүх энэ 2 нөхцөлийг адил тэгш хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэт нэг талыг барьсан нь илэрхий байна.

Бодит байдал дээр Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд сонгуулийн тойрог ба мандатын тоог тогтоохтой холбоотой асуудал үүссэн. Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”, Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр нь сонгуулийн тойрог болно” гэж заасан бөгөөд энд сумын нутаг дэвсгэрийн нэгж дэх Тосгоныг сонгуулийн тойрог болгох, мандат хуваарилах асуудал зохицуулагдаагүй юм.

Сумын нутаг дэвсгэрийн нэгж дэх Тосгоны асуудлыг хэрхэн зохицуулах талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулна” гэж тодорхой заасан бөгөөд “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулиар тодорхойлогдсон байдлаар тайлбарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ хуулиар Тосгоны оршин суугч иргэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, сонгох талаар тодорхой зохицуулалтгүй байсан тул бид Үндсэн хуулийн зарчмаа баримталж Тосгоны иргэдийн төлөөллийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах нь зүйтэй гэсэн байдлаар Тосгоныг Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багаар дамжуулан сонгуулийн 6 дугаар тойрог болгож тухайн тойрогт бусад багуудтай харьцуулахад хамгийн олон буюу 7 мандат хуваарилсан юм. Гэтэл шүүх Хатгал Тосгоныг Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, тус сумын засаг захиргааны нэгж гэж дүгнэсэн нь:

Нэгдүгээрт: Алаг-Эрдэнэ сум ба Хатгал тосгоны зохион байгуулалтыг ойлгоогүй,

 Хоёрдугаарт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон Хот, тосгоны хуулиар тогтоосон эрх зүйн байдлыг ойлгохгүй, эсхүл ойлгож байгаа ч илтэд нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэж байгааг харуулж байна.

Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг биш бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар “аялал жуулчлал, амралтын газар түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ хөгжсөн өөрийн удирдлага бүхий суурийн газар” бөгөөд энэ хуулиар тодорхойлогдсон удирдлагын тогтолцоотой, оршин суугчтай бөгөөд бусад бүрэн эрхийг сумаас хамааралгүйгээр эдэлж байгаа юм. Жишээлбэл, нэхэмжлэгч нар нь Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны оршин суугч гэх албан ёсны хаягаар нэхэмжлэл гаргасан болохыг энд дурдаж болно.

Алаг-Эрдэнэ сумыг 6 багт хуваан зохион байгуулж, 6 дугаар багийг Хатгал тосгон оршин байгаа нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч, амьжиргаагаа залгуулж байгаа боловч Тосгоны оршин суугчаар бүртгэлгүй Алаг-Эрдэнэ сумын иргэдийг зохион байгуулалтад оруулах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаагүй, үндсэн 3 хүний бүртгэлтэй бөгөөд үйл ажиллагаа нь идэвхгүй байгаа юм.

Бид дээрх байдлыг харгалзан үзэж энэхүү идэвхгүй засаг захиргааны нэгжээр дамжуулан Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр дэх Хатгал Тосгоны иргэд, оршин суугчдыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мандаттай буюу төлөөлөлтэй байх боломжийг олгож тэдний сонгох, сонгогдох эрхийг хангасан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мандатын тоог тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулахаар, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдахаар заасны дагуу Хатгал тосгон нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд харьяалагддаг байна.

Тиймээс засаг захиргааны нэгжийн хувьд Хатгал тосгоныг харьяалдаг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д /Орон нутгийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ/ заасны дагуу Хатгал тосгонд ногдох мандатын тоог хуваарилсан нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Алаг-Эрдэнэ сумын 1-5 дугаар багуудыг 1-5 дугаар тойрог, Хатгал тосгоныг 6 дугаар тойрог болгон, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тойрог бүрт 4 мандатыг, үлдсэн мандатын тоог Хатгал тосгон буюу Цахир 6 дугаар тойрогт хүн амын нягтралыг харгалзан нэмэгдүүлж, 7 болгон хуваарилсныг буруутгах боломжгүй.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог тогтоохдоо хүн амын нягтрал, байршлаас гадна засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзахаар заасантай дээрх маргаан бүхий хариуцагчийн шийдвэр нийцжээ.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу байна.

Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг шүүх тодруулсан атлаа шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 /Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй/-д нийцээгүй байгааг анхааруулах нь зүйтэй.

Хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актад Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтыг алдаатай бичсэн боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

Эдгээрээс дүгнэвэл хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Дүүжий, Б.Ганбаатар нарын “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
  3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР