| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн Б.Тэмүүжин,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б-овогт Б-ийн Бд холбогдох эрүүгийн 2317000000008 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 08 дугаар сарын 07-нд -------- аймгийн ---------суманд төрсөн, 61 настай, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Цахиуртын..............тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
урьд Дундговь аймгийн шүүхийн 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт Б-ийн Б /РД:------------/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Цахиуртын 2-2 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Д.Цтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж баруун нүдний салстын цус хуралт, зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ эхнэр Отэй хамт байж байтал танил С гэх залуу надруу залгаад надад 1 шил архи байна, би ганцаараа ууж чадахгүй байна, хамт ууя гэж ярьсан. Тэгээд гэртээ байж байтал 13 цагийн үед С махлаг биетэй Б гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хүүхэнтэй хамт ирсэн. Тэгээд С , Б бид 3 авчирсан архийг нь уусан. Тэгээд С гадагш гарч машины түлхүүр хэвлүүлнэ гээд гараад явсан, нөгөө эмэгтэй нь манай гэрт үлдсэн. Тэгээд С 15 цагийн үед буцаж ирсэн бөгөөд ирэхдээ 0,75 литрийн савалгаатай Хараа нэртэй архи 1 шилийг авчирсан. Тэгээд түүнийг нь мөн л С Б бид 3 хувааж уусан, манай эхнэр архи уугаагүй. Тэгээд тэр архийг ууж дуусгасан санагдаад байгаа юм, согтоод тасарсан байсан. Нэг мэдсэн чинь Ц манай гэрт орж ирээд сууж байсан, түүнээс хойш санахгүй байна нэг мэдсэн чинь цагдаа нар манай гэрт ирчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар эхнэрээс асуусан чинь чамайг Ц цохиод авсан чинь чи уурлаад Цийг цохисон тэгтэл Цийн нүдний хавиас цус гарсан чинь Ц цагдаа дуудна гээд гараад явсан гэж хэлсэн. Тэгэж хэлэхээр нь би Цийг цохисон юм байна гэж бодсон түүнээс би Цийг цохисоноо огт санахгүй байгаа юм...гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47 хуудас/
2. Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Намайг Бы гэрт очиход Б эхнэртэйгээ байсан гэрт нь нэг залуу унтаж байсан. Тэгээд би авчирсан архиа задлаад Бд 1 хундага хийж өгсөн, өөрөө 1 хундага хийж уусан. Тэгээд байж байтал гаднаас махлаг биетэй бор хүүхэн гартаа архи ундаа барьчихсан орж ирсэн. Тэгээд бид юм яриад сууж байтал Б чи их хүн цохидог их атмаан хүн шүү дээ, чи намайг нэг цохичих гээд тоглоом хийгээд байгаа юм шиг юм яриад байсан тэгэхэд Б ширээний хойно сандал дээр сууж байсан. Тэгээд би Бд уурлаад чи одоо намайг цохь гээд толгойгоо түүн рүү дөхүүлсэн чинь Б уурлаад миний баруун нүд орчим гараараа 1 удаа хүчтэй цохих шиг болсон би тэр үед юу болж байгааг мэдэхгүй байсан. Нэг мэдсэн чинь Б бид хоёрыг тэдний гэрт унтаж байсан залуу, сүүлд орж ирсэн хүүхэн 2 салгасан. Тэгээд босоод иртэл нүдний орчмоос цус гараад байхаар нь би авч очсон архи ундаагаа аваад тэднийхээс гарсан. Тэгээд таксигаар цагдаа дээр ирж дуудлага өгсөн...Тэгээд би Баас 300 000 төгрөг авч Улаанбаатар хотын 2 дугаар эмнэлгийн нүдний тасагт үзүүлсэн.Тухайн үед эмч үзээд нүдэндээ дусаагуур авч дусаагаарай гэснээс өөр эмчилгээ хийгээгүй, бичиж өгсөн дусаагуурыг авч нүдэндээ дусаасан. Миний тухайд ямар нэгэн гомдол санал байхгүй харин нүдний болор суулгахад зарцуулагдах 400 000 төгрөг нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-17” хуудас/
3. Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ ...Тэгээд байж байтал Ц манай нөхрийг өдөөд янз бүрээр хэлээд “би чамд архитай ирдэг, чи надад архи авч өгдөггүй” гэх мэт зүйл хэлээд агсраад байсан. Тэр үед манай нөхөр "мөнгөгүй үед л ирэх юм даа” гэж хэлсэн. Тэгтэл Ц манай гэрийн хойморт байсан ширээний баруун талд сандал дээр сууж байгаад гэрийн хойморт газар сууж байсан манай нөхрийн толгой дээр 3 удаа алгадсан. Тэгэхээр нь би боль гэтэл болихгүй манай нөхрийг улам өдөөд байсан. Тэгтэл Б гэнэт уурлаад Босч ирээд тэр 2 барилцаад гэрийн баруун орон дээр ноцолдож байгаад манай нөхөр Цийн хацар орчим нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Цийн хацар шалбараад цус гарсан. Тэр үед манай гэрт байсан С болон танихгүй эмэгтэй нар тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/
4. Гэрч Д.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ ...Манай найз Б Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Цахиуртын 2-2 тоотод эхнэртэйгээ хамт амьдардаг юм. Б хүнд их тусархуу, хөдөлмөрч, үг дуу цөөтэй, хүнтэй их нөхөрсөг, ямар нэгэн юм хийхдээ өөриймсөг ханддаг, хааяа нэг баяр ёслолын үеэр найз нөхдийнхөө хүрээнд архи уудаг ч тийм их уугаад байдаггүй. Муу тал нь гэвэл жоохон зөрүүд зантай...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
5. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар дүгнэлтэнд:
Б.Бы биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 28 хуудас/
6. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаар дүгнэлтэнд:
Д.Цийн биед баруун нүдний салстын цус хуралт, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн 2022.12.19-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 33 хуудас/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 48, 68-73 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Цахиуртын 2-2 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Д.Цтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж баруун нүдний салстын цус хуралт, зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бы өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Ц, гэрч Ц.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Хохирогч Д.Ц нь цаашид гарах эмчилгээний зардалд 400 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн боловч холбогдох материалыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад 300 000 төгрөгийг хохирогчид өгсөн байх тул үлдэгдэл 100 000 төгрөгийг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрсөн байх тул торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн буруутай үйлдлийн улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Б.Бы хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй нэхэмжлэх зүйлгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ