Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Д түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-ийн Дт холбогдох эрүүгийн 2317000000016  дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 11-нд Дундговь аймгийн ............. суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 3 дугаар баг 6-1-2 тоотод оршин суух, ОСО-ХХК-д цонх хийдэг ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Г-ийн Д /РД:ЗБ93071112/

                                                                      Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 11 дүгээр байрны 1 дүгээр орцонд Б.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохих, бүсэлхий нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000016 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар баг 11 дүгээр байрны 1 дүгээр орцны 102 тоотод байдаг Б-ын гэрт эхнэрийн хамт орж Б ахын 2 хүүхдэд шинэ жилийн бэлэг өгсөн. Б ахын эхнэр бид нарт хоол цай хийж өгсөн, мөн надад 2 хундага архи хийж өгсөн, багцаагаар 30-40 минут болоод тэднийхээс гарсан. Гэтэл орцны үүдэнд Т ах 2 хүүхэдтэйгээ хамт зогсож байсан ба нилээн халамцуу байгаа бололтой миний хөгжмийг хаях гэж байна буцаагаад гэрт оруул гэж хэлсэн. Манай эхнэр Тын хажуугаар гарах гэтэл энэ хэн юм гэж надаас асуухаар нь манай эхнэр гэж хэлтэл чи Шинээ гэдэг хүүхэнтэй явалддаг байсан биз дээ гэхээр нь битгий гэр бүл үймүүлэх гэж байгаа юм шиг сонин юм яриад бай гэтэл наад хүн чинь чамд хань болохгүй гэж хэлсэн бөгөөд тэр үед манай эхнэр орцноос гараад явчихсан. Тэгэхээр нь би эхнэрийн араас гарч очоод би Т ахтай юм ярьчихаад буцаад ирье гэж хэлээд буцаад орц руу ортол Т ах орцонд байхгүй гэртээ орчихсон байсан. Тэгээд Т ахыг гэрт нь орж асуухад орж ирээгүй байхаар нь 1 давхарт Б ахын гэрт ортол Т сууж байсан. Би Тт хандан айл гэр битгий үймүүлээд бай гэтэл чи тэр хүнтэй амьдарна гэж юу байсан гээд миний толгойн тус газар гараараа цохисон. Тэгтэл Б ах манай гэрт муудахгүй шүү гээд бид 2-г гэрээсээ гаргасан. Тэгээд Т бид хоёр 1 давхарын шатаар буугаад орцны хаалганы үүдэнд зогсож байтал Т намайг заамдаад миний толгой руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Тын зүүн талын хацар луу гараараа 2 удаа цохисон. Мөн зүүн хөл рүү нь 1 удаа өшиглөтөл Т орцны хана налаад доошоо суучихсан. Тухайн үед Т миний нуруу эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Тэрнээс би Тыг шатны уруу тонгорч унагаасан зүйл огт байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49 хуудас/

2. Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд 11 дүгээр байрны 1 дүгээр орц руу ортол орцны дотор үүдэн талд Дтай таарсан. Би Дтай юу байна ахын дүү, шинэ оны мэнд гэтэл огт дуугарахгүй гараад явсан. Тухайн үед Д М гэх эмэгтэйтэй явж байсан. Тэгээд би Б ахын гэрт орж дэлгүүрээс авсан 1 шил архиа өгчихөөд тэднийхээс гарах гэтэл Д орж ирээд үгийн зөрүүгүй шууд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан. Гэтэл Б гэрт муудалцахгүй шүү гар гээд гэрээсээ гаргасан. Тэгээд орцонд гараад Д намайг шууд тонгорч 1 давхарын шатны уруу унагаасан. Дт тонгоруулж унаснаас болж миний нурууны хуучин хагалгааны гэмтэл сэдэрсэн бололтой бие бэлхүүснээс доош мэдээгүй болоод, хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. Тэгээд Д намайг унагаагаад нуруу хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед миний нуруу маш их өвдөж байсан болохоор би маш чангаар ёолоод орилсон, миний орилох дуунаар манай хүү охин 2 гүйгээд гараад ирсэн. Тэгтэл Д худлаагаасаа яачихваа ахаа гэж байгаад гараад явчихсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 14 дугаар хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Б.Т аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулториор үзүүлэхэд болон шинжилгээ өгөхөд мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гарсан нийт 260 500 төгрөгийг нэхэмжилнэ гэв. /хх-ийн 20 дугаар хуудас/

4. Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Тухайн үед манай нөхөр Б гэрт муудалцахгүй шүү гээд Д, Т хоёрыг гэрээсээ гаргаад хаалгаа хаасан. Д Т 2 орцонд муудаад байгаа бололтой орилоод байхаар нь би багцаагаар 10-15 минутын дараа орц руу гартал Т орцны хаалганы хажууд дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Мөн хажууд нь түүний охин Нандиа Тын хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

5. Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...19 цагийн үед гэрт Д орж ирээд аавыг асуусан, тэгэхээр нь аав байхгүй байна гэтэл Д надад хандаад би танай аавыг чинь хэвтэрт ортол зодно гэж хэлээд гараад явсан. Тэгээд манай ээж над руу залгахаар нь би сая Д ах гэрт орж ирээд аавыг хэвтэрт ортол нь зодно гэж хэлээд гараад явсан талаар хэлтэл ээж тэгвэл чи гараад аавыгаа харчих гэсэн.  Тэгээд би нэг их удалгүй хувцсаа өмсөөд Бат-Эрдэнэ ахыг дагуулаад гэрээс гарч 1 дүгээр давхар луу буутал орцны хаалганы урд талд аав хажуу талаараа хараад хэвтчихсэн гараараа нуруугаа бариад ёолоод байж байсан Аавын хажууд Д ах зогсчихсон өөдөөс нь 2 ихэр хүүхэд ч гэл үү ойлгогдохгүй юм яриад орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29 дугаар хуудас/

6. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Г.Д нь 1993 онд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Эхээс зургуулаа, айлын 5 дахь хүүхэд. Бага насаа Дундговь аймгийн Баянжаргалан суманд ах эгчийн хамт мал маллаж өнгөрөөсөн. Бага байхдаа сургуульд сураагүй, боловсролгүй. Г.Д нь зан төлөвийн хувьд төлөв даруу, дуулгавартай, ажилсаг, тусч, ямар нэгэн илүү дутуу зангүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 34 дугаартай дүгнэлтэд:

-Б.Тын биед тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.01.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

 - Баруун гарын сарвууны зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 36-37 дугаар хуудас),

8. Шүүгдэгч Г.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, өвчний түүхийн хуулбар, урьд ял шийтгэгдэж байсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 56-67, 76,  79-84 дугаар хуудас)

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Хохирогч Т нь өөрийн танил болох Г.Дын хувийн амьдралын талаар бусдад дэлгэж, улмаар хувийн таарамжгүй харилцаа үүссэн. Хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас Г.Д нь Тыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тус тус тогтоогдож байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд Г.Д нь дээрх гэмт хэргийг шууд санаатай үйлдэж, Тын биед хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа. Иймд Г.Дын үйлдсэн гэмт хэрэгт нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар тогтоогдож байна гэж үзэж шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Т нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Говьсүбмэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 11 дүгээр байрны 1 дүгээр орцонд Б.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохих, бүсэлхий нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Г.Д хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч Ж.Г, О.Н нарын мэдүүлэг, Говьсүмбэр шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 34 дугаартай хохирогч Б.Тын биед хөнгөн хохирол учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Дыг гэмт хэргийн улмаас шүүгдэгчид төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

ХОЁР Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Г.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжээр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал “Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учраас гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Г.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар прокурорт хүсэлт гаргасан. Прокурор хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрсөн. Г.Дын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тохиролцсон байгаа учраас прокурорын саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч Г.Дын хувьд тогтмол цалинтай ч хийснээрээ буюу орлогоороо цалинждаг. Мөн бичиг үсэг мэдэхгүй, дөнгөж амьдралд хүрч байгаа, одоо эхнэр нь жирэмсэн, 2 ихэр хүүхэд төрөх гэж байгаа. Энэ байдлыг харгалзаж торгуулын ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр зааж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Нийгмийн даатгалын нэхэмжилсэн 260,500 төгрөг нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй учраас хэлэлцэхгүй орхиж өгнө үү гэсэн саналыг оруулж байна” гэв.

Шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм алдаа гаргахгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

            Харин хохирогч Б.Тын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 260 500 /хоёр зуун жаран мянга таван зуун/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Даас 260 500 /хоёр зуун жаран мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Даас 260 500 /хоёр зуун жаран мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                     

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ