| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/11 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-ийн Бд холбогдох эрүүгийн 2217001650009 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 28-нд Дундговь аймгийн .............. суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, УБТЗамын замын 3 дугаар ангид замчин ажилтай, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ....... дугаар хороо, ........ дугаар байрны ........ тоотод оршин суух хаягтай одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ....... дугаар баг, ......... дугаар сургуулийн хойд талын хашаанд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Г-ийн Б /РД:................./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Б нь 2022 оны 03 дугаар сард нүдний хараа шалгаж онош тавих эрх олгосон Анагаахын шинжлэх ухааны сургуулийн D201718738 дугаартай бакалаврын дипломыг, мөн мэргэжлийн нүдний эмчийн тавьсан оношны дагуу харааны шил хийх эрх олгосон “Энэр титэм” ХХК-ийн оптотехникчийн гэрчилгээний хавсралтыг тус тус өөрийн болон бусдын нэр зургийг оруулж канон, компьютер ашиглан Улаанбаатар хотод хуурамчаар үйлдэн, улмаар 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг хүртэл бусдын хараа шалган онош тавьж, тавьсан оношдоо тулгуурлан харааны нүдний шил хийх үйл ажиллагааг явуулж ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001650009 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийг сурч төгсөөд Улаанбаатар хотод Хосталим ХХК-д оптотехникчийн туслахаар ажиллаж байсан юм. Тухайн ажлыг би 9 орчим жил хийсэн бөгөөд 2022 оны цагаан сарын дараагаар Говьсүмбэр аймагт хашаа түрээслэж эхнэр хүүхэдтэйгээ амьдрахаар ирсэн. 2022 оны 03 дугаар сараас Балданзасаг зах дээр хараа зүйн харьцуулалт хийх, нүдний шил худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг байсан. Хараа зүйн харьцуулалт хийх гэдэг нь хүмүүсийн зүүж байгаа шилийг тусгай компьютер дээр тавьж хэдтэй шил зүүж байгаа үзүүлэлтийг харах, шилгүй хүний харааг тусгай компьютерээр үзэж тогтоох үйл ажиллагааг хэлдэг. 2022 оны 03 дугаар сард мэргэжлийн хяналтын байцаагч Ц гэх хүн /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ирээд үйл ажиллагаа явуулдаг оптотехникчийн гэрчилгээтэй байх шаардлагатай чамд гэрчилгээ байгаа юу гэж асуухаар нь надад яг одоо байхгүй хотод байгаа гээд хэлчихсэн. Гэтэл Ц байцаагч гэрчилгээгээ ирэхээр надад үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд оптотехникчийн гэрчилгээ шаардаад байхаар нь оптотехникчийн 217 тоот гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдэж мэргэжлийн хяналтын байцаагчид үзүүлсэн. Тэр өдрөөс хойш дахиж мэргэжлийн хяналтын газраас ирж шалгаагүй. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын сүүлээр санаж байна мэргэжлийн хяналтын Ц байцаагч дахиж манай ажил дээр ирж шалгалт хийж оптотехникчийн гэрчилгээний хамт байдаг үнэмлэхээ үзүүл гэж шаардаад холбогдох бичиг баримт дутуу харааны шил хийх үйлчилгээ явуулж байна гэсэн үндэслэлээр акт гаргаж үйл ажиллагааг зогсоосон мөн миний ажилдаа ашигладаг техникийг маань лацадсан. Тэр өдрөөс хойш би дахиж үйл ажиллагаа явуулаагүй, тэгээд миний техникүүд дэмий Чойрт байгаад байсан болохоор Ц гэх хүнд хандан би дахиж үйл ажиллагаа явуулахгүй тул техникүүдээ зарах гэсэн юм гээд лацаа авахуулж Улаанбаатар хот руу оруулж зарсан. Би оптотехникээр сургалтанд сурч төгсөөгүй. Би тухайн D201718738 дугаартай хуурамч дипломыг М-ын М гэх зохиомол нэр ашиглан хийгээд хэвлэж гаргаад мөн адил ашиглаж байсан юм. Мэргэжлийн хяналтаас хараа зүйн харьцуулалт хийх үйл ажиллагаа явуулахад шаардаад байсан болохоор хуурамчаар үйлдэж мэргэжлийн хяналтын байцаагчид үзүүлсэн юм. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 144-145 хуудас/
2. Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Хүний хараа шалгах, мөн харааны эмгэг, бэрхшээлийг засах ажлыг нүдний нарийн мэргэжлийн буюу тухайн чиглэлээр мэргэшсэн эмч явуулах ёстой байдаг. Харин харааны шил тохируулан хийх ажлыг бэлтгэгдсэн техникч буюу оптотехникч хийдэг. Тухайн хараа шалгах, харааны шил тохируулах ажил нь маш нарийн ажил учир энэ чиглэлээр бэлтгэгдсэн хүн явуулахгүй бол хүний нүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн нүдний чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, хувийн эмнэлэг байгуулахаар бол аймгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох комиссоос зөвшөөрөл авсан байхыг шаарддаг... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
3. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт нүдний эмчээр ажилладаг. Энэ хугацаанд Балданзасаг захад нүдний хараа шалгуулж, нүдний шил хийлгэх үйлчилгээ авсан гэх хүмүүс надад ирж үзүүлж байсан. Тухайн хүмүүсийг шалгахад Балданзасаг захад шалгуулсан баримттай зөрж байсан. Тэгээд тухайн үед буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дээрх байгууллагыг шалгуулахаар мэргэжлийн хяналтын газар хандсан чинь надад албан бичгээр мэргэжлийн бус хүн нүдний хараа шалгаж байсан зөрчлийг таслан зогсоож зөвлөгөө өгсөн талаар хариу өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/
4. Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Балдан засаг захад нүдний хараа шалгах, нүдний шил зарж борлуулах үйл ажиллагаа явуулдаг газрыг би нийт 2 удаа шалгаж байсан. Хамгийн анх 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.М-ын гаргасан мэргэжлийн бус хүн Балданзасаг захад хараа шалгах үйл ажиллагаа явуулаад байна гэсэн гомдол мэдээллийн дагуу шалгалт явуулсан. Намайг очиход Б гэх залуу нүдний хараа шалгах, нүдний шил зарж борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа лангуун дээр сууж байсан. Нүдний хараа зүйн үйл ажиллагааг стандартын дагуу 3 ангилдаг. Хараа зүйн анхан шатны үйлчилгээ, хараа зүйн онош үйлчилгээ, хараа зүйн цогц үйлчилгээ гэж 3 ангилдаг бөгөөд хараа зүйн анхан шатны үйлчилгээ нь энгийнээр хэлэхэд эмчийн тогтоосон харааны бичгийн дагуу тухайн хүнд тохирсон нүдний шил тааруулах үйлчилгээг хэлж байгаа ба өөрөөр хэлбэл ямар нэгэн хараа шалгах эрхгүй зөвхөн шил тааруулах үйлчилгээ юм. Тус үйлчилгээг оптотехникчийн сургалтанд хамрагдсан хүн ямар нэгэн зөвшөөрөлгүй явуулах боломжтой байдаг харин бусдын хараа шалгаж, хараа тогтоох үйл ажиллагааг анагаах ухааны их сургуулийг төгссөн их эмч явуулах эрхтэй бөгөөд хувиараа хараа шалгах, тогтоох үйл ажиллагаа явуулж байгаа бол тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг....гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/
5. Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 05 дугаар сард хараа шалгуулж шил хийлгүүлсэн. Сар өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед надад хараа шалгаад тамгагүй бичиг хийж өгч байсан. Та энэ бичгийг хадгалаад 6 сарын дараа ирж хараагаа шалгуулаарай гэж хэлж байсан. Тэр бичгийг нь Говьсүмбэр аймгийн нүдний эмч авч үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
6. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Г.Б миний нөхөр байгаа юм. Бид 2010 онд анх танилцаж гэр бүл болсон, дундаасаа 2 хүүхэдтэй. Г.Б нь зан байдлын хувьд шударга, илэн далангүй, нийтэч, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, бусадтай харьцахдаа эелдэг, зөв боловсон 3 хүүхдийнхээ сайн эцэг байгаа юм. Бид Говьсүмбэр аймагт 2022 оны 02 дугаар сарын сүүлээр нүүж ирсэн бөгөөд одоо Сүмбэр сумын 3 дугаар баг Хүрийн ногоон гэх газар 3 хүүхдийн хамт оршин суудаг. Одоогоор Б эрхэлсэн тодорхой ажилгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шинжилгэний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 009/002 дугаартай дүгнэлтэд:
-Бичиг баримтууд шинжилгээнд тэнцэхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Билгүүн гэжээ. (хх-ийн 127-128 дугаар хуудас),
8. Шүүгдэгч Г.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 100, 112-120, 122 дугаар хуудас)
9. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8, 16, 129 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.Б нь Анагааахын шинжлэх ухааны D201718738 дугаартай диплом, Оптотехникийн 217 дугаартай гэрчилгээг өөрийн болон бусдын нэр зургийг оруулж хуурамчаар үйлдэн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн бусдын харааг шалгах онош тавьж. Харааны нүдний шил хийх үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн. Дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.У, гэрч Б.М, Г.Ц, Н.Д нарын мэдүүлэг, Балданзасаг захын 45 дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын 4/64 дугаартай албан бичиг хуурамчаар үйлдсэн гэх диплом, оптотехникийн гэрчилгээ гэх зүйлүүд мөн Боловсролын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/2788 дугаартай албан бичиг, “Энэр титэм” ХХК”-гийн 201/22 дугаартай албан бичиг, мэргэжлийн хяналтын 18 дугаартай акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 03 дугаар сард нүдний хараа шалгаж онош тавих эрх олгосон Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн D201718738 дугаартай бакалаврын дипломыг, мөн мэргэжлийн нүдний эмчийн тавьсан оношны дагуу харааны шил хийх эрх олгосон “Энэр титэм” ХХК-ийн оптотехникчийн гэрчилгээний хавсралтыг тус тус өөрийн болон бусдын нэр зургийг оруулж канон, компьютер ашиглан Улаанбаатар хотод хуурамчаар үйлдэн, улмаар 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг хүртэл бусдын хараа шалган онош тавьж, тавьсан оношдоо тулгуурлан харааны нүдний шил хийх үйл ажиллагааг явуулж ашигласан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Г.Б нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн ба эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь гэрч Б.М. Г.Ц, Н.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 009/002 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул шүүгдэгч Г.Бг “Хуурамч баримт бичгийг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Г.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжээр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм алдаа гаргахгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Бгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Гэндэнсүрэнгийн Б гэсэн нэртэй 217 дугаартай оптотехникчийн гэрчилгээний хуулбар 1 ширхэг, D201718738 дугаартай Мэндбаярын Мөнх-Эрдэнийн бакалаврын дипломын зураг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Гэндэнсүрэнгийн Б гэсэн нэртэй 217 дугаартай оптотехникчийн гэрчилгээний хуулбар 1 ширхэг, D201718738 дугаартай М-ын М-н бакалаврын дипломын зураг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ