Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш- овогт Д-ийн Цад холбогдох эрүүгийн 2317000000014 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 15-нд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 62 настай, бүрэн бус дунд боловсролтой, түүхий эдийн эрхлэгч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ------р баг, --- дугаар байрны ------ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Ш овогт Д-ийн Ц /РД:................../

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Шивээговь сумын 1-р баг 10-1-1 тоот гэртээ У.Б-той маргалдаж түүний хэвлий тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд хутгалагдсан шарх, толгойд урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн хэрэг болсон өдөр би гэртээ буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 10-1-1 тоотод гэртээ байж байтал гаднаас У.Б орж ирээд машин эвдэрчихсэн хамт яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд гараад явж байтал Х.Д таараад хамт машин засах гээд явсан.  Тэгээд бид 3 өдөржин машин засаж байгаад орой 17 цагийн үед буцаад Шивээговь суманд ирээд архи уухаар тохирооод Хөгжил дэлгүүрээс 0,75 литрийн савалгаатай Цагаан архи хоёр шилийг тамхи ундаатай аваад манай гэрт орж уусан юм. Тэгээд тэр архийг ууж байгаад согтчихсон байсан. Тэгээд Д тасраад унтаад өгсөн Б бид 2 гал тогооны өрөөнд архи уугаад машины эд ангийн талаар ярилцаад сууж байтал Б намайг чиний машин мэддэг гэж юу байсан юм гэх мэтээр үг сөрөөд эхэлсэн. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байсан. Би ямар ч байсан Быг айлгах санаатай шургуулганд байсан бор өнгийн иштэй хутгаа аваад Бын гэдэс хэсэгт нь 1 удаа зүссэн юм. Тэгтэл Б нь чи найзыгаа хутгалчихлаа ш дээ гээд цамцаа сөхөөд харуултал гэдэс хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд бид 3 шууд эмнэлэг явсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48-49 хуудас/

2. Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би Говьсүмбэр аймгийн шивээговь сумын 1 дүгээр баг 10-1-1 тоотод байдаг найз Цын гэрт хоночихоод өглөө 09 цагийн үед миний машин эвдэрсэн байсан болохоор машинаа засах гээд Д.Ц, Х.Д нартай хамт очоод өдөржин машинаа засаж байгаад  орой 17 цагийн үед буцаад Шивээговь суманд ирээд бид 3 архи уухаар болоод дэлгүүр орж 0,750 литрийн 2 шил архи, ундаа, тамхи аваад Цын гэрт орж уусан. Тэгээд бид 3 архиа ууж байтал Д согтоод унтаад өгсөн Ц бид 2 гал тогооны өрөөнд архи ууж суугаад машины эд ангийн талаар хоорондоо ярилцаж байгаад маргалдаж эхэлсэн. Тухайн үед архи их уусан байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа бид 2 муудаад бие биенээ заамдаад зогсож байсан. Тэгтэл Д бид хоёрыг боль гээд салгасан юм. Тэгтэл миний гэдэс хэсэгт халуун оргиод байхаар нь хартал хэвлий тус газар Ц хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би шууд эмнэлэг орсон. Надад Цад холбогдуулж гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

3. Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Тухайн өдөр би Шивээговь сумын 2 дугаар баг Нэртийн 1-6 тоотод байх гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байтал Ц, Б нар таараад машин эвдэрчихсэн машинаа засах гээд явж байна гэхээр нь би хамт явсан юм. Тэгээд бид 3 өдөржин машинаа засаж байгаад орой 17 цагийн буцаад Шивээговь суманд ирж дэлгүүр орж 0,750 литрийн 2 шил архи аваад Цын гэрт ороод ууж эхэлсэн. Би түрүүлээд тасраад унтаад өгсөн юм. Нэг сэртэл хэрүүл маргаан болоод байх шиг болохоор нь гал тогооны өрөөнд ортол Ц, Б нар муудчихсан цус болчихсон байхаар нь би юу болсон талаар асуутал Б танай Ц намайг хутгаар дүрчихлээ гээд надад цамцаа сөхөөд харуултал гэдэс хэсэгт нь хутгалуулсан шархтай байсан. Тэгээд би тэр хоёрыг боль гэж салгаад шууд эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/

4. Гэрч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Д.Ц нь 1961 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн. 1969 онд сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэж ороод Дорноговь аймгийн Төмөр замын 8 жилийн сургуулийг 1977 онд төгссөн. Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрт илгээлтийн эзнээр барилгын бригадад ажиллаж байгаад 1979 онд Эрдэнэт хотын 209 дугаар ангид 3 жил цэргийн алба хаагаад 1982 онд халагдаж ирээд Худалдаа бэлтгэлийн ангид манаачийн ажилд эхэлж ороод 1984 онд Худалдаа бэлтгэлийн ангид эрхлэгчийн ангийг төгсөөд Дорноговь аймгийн Иххэт суманд ажиллаж байгаад 1997 онд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Шивээ-Овоо ХХК-д дулааны хэсэгт машинистаар 2021 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

5. Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар дүгнэлтэнд:

У.Бын биед хэвлийд хутгалагдсан шарх, толгойд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн 2023.01.03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 37 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 52 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Шивээговь сумын 1-р баг 10-1-1 тоот гэртээ У.Бтой маргалдаж түүний хэвлий тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд хутгалагдсан шарх, толгойд урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Д.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цын өгсөн мэдүүлэг, хохирогч У.Б, гэрч Х.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч Д.Ц нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Д.Ц  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Д.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Д.Ц нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Цад эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Д.Цын хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2317000000014 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй 30 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч У.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Д-ийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг  600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цад оногдуулсан 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй 30 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ