Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Сийн Эт холбогдох эрүүгийн 2317000000011 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д овогт Сийн Э /РД:...../, Х аймгийн Б суманд .... оны .... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, "...” ХХК-нд оператор ажилтай, Г аймгийн С сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч С.Э нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С сумын ... дүгээр баг, .... тоотод хамтран амьдрагч Б.Бтэй маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхины ирмэг хэсэг, нулимсны сувгийн орчимд, доод зовхинд язарсан шарх, дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн орчим согтуугаар С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд Ц.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр толгойн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр дэлгүүрээс хүнс авахдаа 4 лаазтай пиво авч гэртээ ганцаараа уусан. Хүнтэй уулзах гээд таксинд суухад нэг залуу сууж байсан. Уулзах хүн хөдөө явсан гэхээр нь такситайгаа яваад пиво аваад буухад тэр залуу чи хэнтэй уух юм бэ, хамт ууя гэсэн. Тэгээд хамт бааранд ороод тэр залуу утасны цэнэг дуусчихлаа, гэрт чинь очоод утсаа цэнэглэж байгаад буцаагаад өгье, надад мөнгө зээлчих гээд надад нэг шил архи авч өгсөн. Гэртээ очоод нөгөө залуутайгаа хамт архиа уугаад хэсэгт тасраад унтаж байтал нөгөө залуу миний дээрээс өшиглөөд байсан. Манай хүн боль гэж хэлсэн. Тэгээд би уурлаад тэр залуутай муудалцаад нүд рүү нь цохисон. Бид хоёрыг салгах гээд манай эхнэр дундуур орсон. Тэгээд цагдаа дуудаад, бид хоёр эрүүлжүүлэх байранд очсон. Би эхнэр Бтэй 10 гаран жил хамт амьдарч байна, 8 сартай жирэмсэн гэдгийг мэдэж байсан миний буруу. Намайг эрүүлжүүлэх байранд очиход нэг хүн унтаж байсан. М гэдэг хүнийг гараараа цохиж, гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа болон прокуророос санал гаргасан ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж архи дарс уухгүй гэв.

2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн үед манай нөхөр Э дэлгүүр явж ирэхдээ хүнсний зүйлтэйгээ хамт 0,5 литрийн савлагаатай “Сass” гэдэг нэртэй 4 ширхэг шар айраг авч ирээд уусан. Шөнийн 00 цаг 50 минутын орчим гэрээсээ ганцаараа гараад 2 цаг өнгөрч байхад үл таних өндөр биетэй махлаг залуутай хамт орж ирэхдээ 0,5 литрийн савлагаатай “Соёрхол” гэдэг нэртэй архи, 2,5 литрийн савлагаатай “Сэнгүр” гэдэг нэртэй шар айраг авч ирээд эхлээд шар айргаа задлаад уухад нь би түүнээс нь 3 аяга шар айраг уусан. Миний нойр хүрээд байхаар нь гэрийн зүүн талын орон дээр унтаж байтал гэрт хүмүүс маргалдаад би сэрээд хартал нөгөө үл таних залуу манай нөхрийн 2 гарыг нь гараараа дарчихсан цээжин дээр нь өвдгөөрөө дараад байж байсан. Манай нөхөр тухайн хүнтэй ноцолдож байгаад босож ирээд гэрийн баруун талд байрлуулсан ширээн дээр байсан халбага сэрээний савнаас шар өнгийн иштэй хутгыг автал нөгөө залуу манай нөхөр дээр очоод түүний гар луу нь цохитол хутгаа алдсан. Тэгтэл манай нөхөр дахин халбага сэрээний савнаас нэг зүйл аваад нөгөө хүн рүү дайрахаар нь би босож ирээд түүний гарт байсан зүйлийг нь авах гээд ноцолдож байтал манай нөхөр миний баруун нүд орчим гараараа санамсаргүй цохисон. Би гарт нь байгаа зүйлийг авах гээд түүний гарт нь хүрэхгүй байсан болохоор гараас нь татахад гараа буулгах гэж байгаад миний нүдийг цохисон. Би нүдээ дараад нөхөртөө чи намайг цохичихлоо шүү дээ гэж хэлтэл гартаа барьж байсан зүйлээ хаяад намайг анзаарахгүй нөгөө залуутайгаа хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг боль гэтэл болихгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн үед унтаж байсан болохоор юунаас болж маргалдсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би Этай албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. 2018 оноос хойш хамтран амьдарч байгаа. Бид дундаасаа нэг хүүхэдтэй. Одоо 2 дахь хүүхэд төрөх гэж байгаа. Би 8 сартай жирэмсэн. Г аймгийн эмнэлэгт хяналтад байгаа. Миний тухайд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21хуудас/

3. Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уяачдын шинэ жилийн арга хэмжээнд оролцоод, жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдсан. Тэгтэл манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд би Г аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд шөнийн 1 цагийн орчим ирсэн. Би эрүүлжүүлэх байрны хамгийн зүүн хойд булангийн өрөөнд ганцаараа унтаж байтал шөнийн 2-3 цагийн орчим гаднаас нэг өндөр, туранхай биетэй, архи уусан залууг цагдаа нар манай өрөөнд оруулсан. Нөгөө залуу миний хөлнөөс чангаагаад босоод ир, энэ цагдаа нартай алалцъя, эд нарт юм хэлж чадахгүй айгаад байгаа юм уу гэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ зүгээр унтаач гэж хэлтэл нөгөө залуу босоод ир чи энэ цагдаа нараас айгаад гөлөг болоод байгаа юм уу гэсэн. Би хэвтэж байгаад өндийтөл нөгөө залуу миний зүүн нүдний орчим гараараа нэг удаа цохихоор нь би босоод иртэл нөгөө залуу намайг дахиад цохих гэхээр нь би түүнийг бариад автал цагдаа нар орж ирээд нөгөө залууг авч гараад өөр өрөөнд хийсэн. Миний зүүн нүд хөхрөөд хавдсан. Нөгөө залуу миний нүдийг хараад гоё онож цохисон байна шүү, хохь шүү дээ гээд орилж хашхираад байсан. Тэр залуу миний зүүн нүд рүү цохисноос болж зүүн нүд хавдаж хөхөрсөн, дотор талдаа цус хурсан. Нүдээ эмчлүүлэхэд гарсан зардал болох 200 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 71 хуудас/

4. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би дэлгүүр оръё гэж хэлтэл жолооч эгч би эхлээд хорихын ... дугаар байрны орчимоос хүн авна гэсэн. Тухайн хүн өндөр биетэй, туранхайвтар шар царайтай залуу байсан бөгөөд машины хойд талд миний дэргэд суусан. Төмөр замын гэрлэн дохиотой уулзварын хойд талд байдаг нэг байшингийн гадаа ирж зогсоод нөгөө залуу айл руу ороод 0,75 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй нэг шил архи, 2,5 литрийн савлагаатай “Сэнгүр” нэртэй шар айраг аваад машинд суусан. Тухайн залуу надтай танилцсаны дараа хоёулаа архи аваад манай гэрт очиж уух уу гэхээр нь би зөвшөөрөөд өөртөө байгаа 20 000 төгрөгөө түүнд өгсөн. Бид хоёр таксигаараа гэрт нь хүргүүлж буусан. Бид 2 архиа хувааж уусан, харин эхнэр нь том шар айргийг ганцаараа уусан. Архи уугаад дуусах дөхөж байтал нөгөө залуу эхнэртэйгээ маргалдаад хэрүүл хийгээд байсан. Би гэрийн баруун талын орон дээр нь сууж байтал нөгөө залуу гэрийн хойморт хэвтэж байгаад босож ирээд пизда алчихъя, хутга хаана байна гэж хэлээд босож ирээд ширээн дээрээс хутга аваад над руу дайрахад нь түүний эхнэр нь бид хоёрын дундуур ороод нөхрийгөө хориглохоор нь би гэрээс гараад хаалгыг нь дарсан. Би цагдаатай хамт нөгөө залуугийн гэрт ирэхэд эхнэрийнхээ нүдийг цохичихсон бололтой нүд нь шалбарсан түүнээс нь цус гараад хавдсан байсан. Гэрт нь анх ирэхэд эхнэрийнх нь биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/

5. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 04 цагийн орчим хүнд зодууллаа гэсэн дуудлагын дагуу дэд ахлагч Сын хамт очиход Э гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эхнэрийнхээ баруун нүдийг цохисон гэж байсан бөгөөд эхнэрийнх нь баруун талын нүд нь хавдаж шалбарсан, цус гарсан байдалтай байсан. Дуудлага өгсөн иргэн Нийг зодсон гэж байсан. Тухайн үед Э гэх хүн нэлээд согтуу байсан эсэргүүцэл үзүүлээд хэл амаар доромжлоод байсан. Түүнийг бараг аргадаж байгаад согтолтын зэргийг нь шалгах драгер багажаар шалгаад эрүүлжүүлэх байрны хамгийн хойд талын өрөөнд оруулсан. Намайг гадаа байхад эрүүлжүүлэх дотор хүмүүс зодолдоод байна гэхээр нь очтол эрүүлжүүлэх байрны цагдаа, Б, С нар камераас Мийг гаргаж байсан. Тухайн үед Мийн нүд нь улайчихсан харагдаж байсан бөгөөд Эыг нүд рүү цохичихлоо гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 75 хуудас/                                                                                                

6. Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл 24 цагаар Г аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. 06 цагийн орчимд нэг өндөр биетэй, туранхай өөрийгөө Э гэх залууг авч ирсэн. Эыг оруулсан өрөөнд өмнө нь эрүүлжүүлэгдэхээр ирсэн М гэх хүн ганцаараа байсан. Хяналтын камер хартал унтаж байсан Мийг Э өдөж хатгаад хөнжлийг нь хуултал М босоод ирэхээр нь би тухайн хүмүүсийг хоорондоо зодолдож магадгүй гэж бодоод эрүүлжүүлэх өрөөнд гүйгээд иртэл Э М нар зодолдоод хоорондоо зууралдсан зогсож байсан. Би тэдгээр хүмүүсийг салгаад Мийг өөр өрөөнд оруулсан. Тухайн үед Мийн зүүн нүд нь хавдаад улайсан харагдаж байсан бөгөөд түүнийгээ Эыг цохичихлоо гэсэн. М анх эрүүлжүүлэх байранд ирэх үедээ биед нь ямар нэгэн шарх сорви байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 77 хуудас/

7. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар дүгнэлтэнд: “Б.Бгийн биед баруун нүдний доод зовхины ирмэг хэсэг, нулимсны сувгийн орчимд, доод зовхинд язарсан шарх, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас 2022 оны 12 дугаар сарын 23-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг дор хамтдаа үүссэн ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 33-34 хуудас/

8. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар дүгнэлтэнд: “Ц.Мийн биед зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022 оны 12 дугаар сарын 23-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь нэг дор үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 82-83 хуудас/

9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, хураан авсан тэмдэглэл, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /х.х-ийн 6-13, 14-16, 62-66, 123-132 хуудас/

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /х.х-ийн 101, 114-119, 121 хуудас/

11. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 141, 144-145 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Эыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Г аймгийн С сумын ... дүгээр баг, .... тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Б.Бтэй маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхины ирмэг хэсэг, нулимсны сувгийн орчимд, доод зовхинд язарсан шарх, дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн орчим Г аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд Ц.Мтэй маргалдаж, түүний нүүр толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Эын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүнийг, хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б, Ц.М, гэрч Д.Нж, Ш.Б, М.А нарын өгсөн мэдүүлэг, хохирогч нарт хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Г аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15, 18 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч С.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг ирүүлжээ.

Шүүгдэгч С.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд С.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдах чадваргүй болсны улмаас үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгчийг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч С.Э нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хуульд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч С.Эыг түүнд төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Харин хохирогч Ц.М нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмтэл авсан нүдээ эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардал 200 000 төгрөг нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаагүй тул эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2022.12.23 ЭСБ-бичлэг гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Сийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүнийг, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Бд төлөх гэм хорын төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Мт эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2022.12.23 ЭСБ-бичлэг гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА