Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Х.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Хийн Өт холбогдох эрүүгийн 2317000000022 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Хийн Ө /РД:....../, Д аймгийн С суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн С сумын 6 дугаар баг, Бумбат гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Х.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой Г аймгийн С сумын 6 дугаар баг, Бумбат гэх газар байрлах монгол гэрт Ж.Бтой түүний хүүг өөрийнх нь малыг шуурга уруудуулж хөөсөн гэх шалтгааны улмаас маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, цэнхэр өнгийн модон сандлаар толгой руу нь цохиж газар унагах зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн оройн няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр архи уусан байхдаа Бтой хүүхэд нь мал салхины уруу хөөснөөс болж уурлаж ийм асуудал гаргасан нь миний буруу. Б эхлээд намайг цохихоор нь би сандлаар цохисон. Б надаас хохирол нэхэмжлээгүй ба эмнэлгийн 57 000 төгрөгийг нь төлсөн. Би дахиж ийм буруу үйлдэл гаргахгүй, бүгдийг ойлгож байна, уучлалт гуйж байна.  Би Бт хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа болон прокуророос санал гаргасан 500 000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

2. Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Гын гэрээс Бын хамт гараад гэртээ ирэхэд Г ирсэн байсан. Г, Б бид гурав 1 ширхэг архи хувааж уугаад сууж байтал гаднаас Ө ороод ирсэн. Тухайн үед Ө нилээн халамцуу байгаа бололтой Гын гэрт байхад яриад байсан мал хөөж туусан гэдэг асуудлаар надтай маргалдаж байгаад миний толгойны зүүн талд жижиг цэнхэр өнгийн сандлаар 1 удаа цохисон. Нэг мэдэхэд Ө миний баруун гарын шуунаас хазаж байхаар нь тавиулах гээд ам руу нь эрхий хуруугаа хийгээд цааш түлхтэл миний зүүн гарын эрхий хуруунаас мөн хазаж уруулын баруун талд гараараа нэг удаа цохисон. Тэгээд Өг Б салгасан. Би дүү О луу залгаад болсон явдлын талаар хэлээд толгойноос цус гараад тогтохгүй байна гэхэд О цагдаа руу дуудлага өгсөн байсан. Миний толгойны зүүн хэсэгт хагарч оёдол тавиулсан. Мөн үүдэн шүд хөдөлсөн баруун шуун дээр шүдний ором үүссэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/

3. Иргэний эхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Ж.Бг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гарсан нийт 57 000 төгрөгийг нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 57 хуудас/

4. Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Б, Г бид гурав 1 шил архи задлаад ууж байтал гаднаас Ө орж ирээд бид нартай хамт архи хувааж уусан. Ө гэнэт Бт хандан танай хүүхэд чинь манай малыг шуургатай өдөр салхины уруу туусан гээд агсам тавих маягтай болж муудалцсан. Б ч бас хүүхдээ өмөөрч Ө луу хэдэн үг хэлсэн. Гэнэт Б босож ирээд Өын зүүн хөмсөгний хэсэгт гараараа нэг удаа цохиход Ө, Бг буцаагаад ам руу нь гараараа 1 удаа цохитол гэрийнхээ зүүн хоймор луу унаад өгсөн. Би тэр хоёрыг салгахад Бын толгойноос цус гарч байгаа харагдсан. Бг Ө сандлаар цохихыг би хараагүй. Бс толгойноос чинь яагаад цус гарсан юм бэ гэж асуухад Ө цохисон юм байгаа биз гэсэн. Ө нь зан байдлын хувьд төлөв даруу, нийтэч, тусч, олон таван үггүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

5. Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар дүгнэлтэнд: “Ж.Бын биед толгойн оройд няцарсан шарх, тархи доргилт, баруун дээд 3-р шүдний сулрал, баруун шуунд, дээд уруулд цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд, дээд уруулд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 29-нд үүсгэгдсэн байх боломжтой. Толгойн оройн няцарсан шарх гэмтэл, тархи доргилт гэмтэл нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 3-р шүдний сулрал гэмтэл, баруун шууны цус хуралт гэмтэл, дээд уруулын салстын цус хуралт гэмтэл, зүүн гарын эрхий хурууны зулгаралт гэмтэл, дээд уруулын зулгаралт гэмтэл нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 33-34 хуудас/

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 2-6, 21-25 хуудас/

7. Баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг төлсөн баримт /х.х-ийн 37-41, 58 хуудас/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 61 хуудас/

9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 77, 79-80 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.Өыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой Г аймгийн С сумын 6 дугаар баг, Бумбат гэх газар нутаглах Ж.Бын гэрт хүүг нь өөрийнх нь малыг шуурга уруудуулж хөөсөн гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, цэнхэр өнгийн модон сандлаар толгой руу нь цохих зэргээр халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн оройн няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Өын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Өын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Өын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б, гэрч Л.Б нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Х.Ө нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Х.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг ирүүлжээ.

Шүүгдэгч Х.Ө нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд Х.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэснээс  үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Х.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Х.Ө нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Өын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэнийг, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 56 000 төгрөгийг төлсөн баримтыг тус тус үндэслэн шүүгдэгч Х.Өыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч Х.Ө нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн 22х23х28 хэмжээтэй модон сандлыг устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Хийн Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Ө нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн 22х23х28 хэмжээтэй модон сандлыг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА