| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Мийн Чт холбогдох эрүүгийн 2217001190017 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Мийн Ч /РД:...../, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, халаалт агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-нд барилга хариуцсан захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч М.Ч нь “...” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 10.1.2,10.1.3,10.1.4,10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ”, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болгосон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюулгүй нөхцөл байдлыг шуурхай арилгах”, 28.1.3-д “Хөдөлмөр эрхлэлтийн явцад болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.6-д “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх”, 28.1.7-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх”, 28.1.8-д “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхгүй байх”, 28.1.12-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх”, 28.1.14-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах”, 28.1.5-д заасан “үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалаар батлагдсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 4.1.9-д заасан “аюул осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах тэмдэг тавих, 4.2 дахь хэсэгт заасан “Энэ журмын 4.1.9-д заасан хаалт хамгаалалт, анхааруулах тэмдгийг дараах аюул осол гарч болзошгүй орчинд байрлууна”, 4.2.1-д “Цахилгаан шатны хонгил зэрэг ажилтан унах эрсдэлтэй газар”,
Монгол Улсын MNS 4969:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үндсэн дүрэм” MNS 4643:1998 “хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө” зэрэг хууль дүрэм, журам, стандартуудыг тус тус зөрчсөн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Г аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 6 киловаттын хуваарилах байгууламжийн барилгын засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэж байсан ажилтан Э.С 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хонгил руу орох нүх рүү унаж эрүүл мэндэд нь бүсэлхийн 1,2,3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун талын 11-р хавирганы хугарал, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд учирч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дэлхийн банкны санхүүжилтээр эрчим хүчний яамнаас зарласан Г, Хэнтий, Багануур гэсэн 3 аймагт эрчим хүчний хүчдэлийг сайжруулах зорилгоор РП барилга барьж байгаа. Манай барилгууд дээр байнга ажилладаг Б гээд хүнээр дамжуулж С гэх хүнтэй наадмын өмнө холбогдсон. Энэ ажил нь жаахан яаруу байсан учраас наадмын урт хугацааны амралт дуусахаас өмнө хийгээч гэсэн. Анх тохиролцоод тавуулаа хийгээд 2-3 хоногийн дотор гаргана гэсэн. Ерөнхийдөө амаар тохирохдоо шат байхгүй, өндөр дээр ажиллана гэдэг талаараа хэлсэн. Тэгэхэд өөрсдөө шатаа авчирна гэсэн. Наадмын дараа амралт дуусаад манай инженер, даамал Н ирэхэд шатгүй, тавуулаа биш хоёулаа ажлаа хийж байсан гэсэн. Н ирээд хариуцаад ажиллаж байсан учраас би орхисон. С гэдэг хүн нь над руу утсаар ярихдаа эгч нь бэртчихлээ хот руу эмчилгээ хийлгэх гээд байна. Г аймагт эмчилгээ хийж болохгүй хот руу яв гэж байна гээд хийсэн ажлын хөлсийг бодоод явуулаад өгөөч гэхээр нь мөнгийг нь шилжүүлсэн. 2 хоногийн дараа нөхөр нь согтуу залгаад чамаас болж манай эхнэр бэртчихлээ, мөнгө өг гээд янз, янзын үг хэлээд байхаар нь би тантай ярих юм байхгүй, та явдаг газраар нь яв гэж хэлсэн. Дараа нь Г аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгөөд, өмгөөлөгч аваад, гэмтлийн зэргээ тодорхойлуулсан байсан. Хамгийн анх 40 000 000 төгрөг нэхэмжлэхээр нь өгч чадахгүй, би ч гэсэн өмгөөлөгч авъя гэсэн. Ярилцаад 10 000 000 төгрөг дээр тохиролцоод Г аймагт мөрдөн байцаагчийн өрөөнд Сд шилжүүлж өгөөд гарын үсэг зуралцсан. Угсралтын үед алдаа эндэгдэл гардаг болохоор аюулгүй ажиллагаагаа өндөржүүлээд наадмаас хойшхи ажлуудаа цалгардуулсан. Тэр хооронд бэртчихлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаагүй нь миний буруу. Хүлээн зөвшөөрч байгаа. Хүлээн зөвшөөрснийхөө үндсэн дээр шүүгдэгч болоод зогсож байна. Би гэм буруугаа болон прокуророос санал гаргасан ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч талын хохирлыг бүрэн барагдуулсан гэв.
2. Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 7 дугаар сарын эхээр Баасансүрэн гээд манай эмэгтэй дүү Г аймагт засал чимэглэлийн ажил байна, таны дугаарыг захиралдаа өгсөн байгаа Чинзо гэдэг гэсэн. Надтай 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Г аймагт барилгын засал чимэглэлийн ажил байна, та хэдүүлээ явах вэ, хэзээнээс эхлэх боломжтой вэ, яаралтай ажил байгаа юм гэсэн. Г аймаг руу 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр явахаар тохиролцсон. Би өөрийн дүү Нямдаваа, Сайханаа, Отгоо нарын хамт Г аймагт 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Тэгсэн надтай хамт ирсэн 3 дүү маань аюулгүй ажиллагаа муутай газар байна, шат байхгүй юм байна, бид нар хийхгүй та яах юм бэ гэхээр нь би хүнд хийнэ гэж хэлээд урьдчилгаа мөнгө авсан байгаа та нар буц би хийж дуусгана гэсэн. Би өөрийн нөхөр болох Нямцогтыг Улаанбаатар хотоос дуудаад тэр өдрөө ганцаараа үлдээд маргааш өглөө нь буюу 2022 оны 7 дугаар сарын 18-ны өглөө ажлаа ганцаараа эхлээд хийж байхад инженер Наранбат гээд залуу ирж надтай уулзаж, юу хийхээ асууж тохиролцсон. Ажил эхэлснээс хойш ямар нэгэн асуудалгүй ажил явж байгаад шатгүй байсан учир Наранбат гээд залуу болон анх утсаар ярьж тохирсон Чинзо гээд хүнтэй утсаар яриад хэлсэн. Нөхөр бид 2 ажлаа дуусгаад амарч байтал ажлын талбай дээр чимээ гараад байхаар нь очиж хартал Наранбат апалкаа өөрөө хуулаад дуусаж байхаар нь би ажил дууссаны дараа хуулахгүй яасан юм бэ өндөр дээр гарч хийх ажил эхэлж байхад хуулаад нүх гаргачих юм аа гэсэн чинь эгч ээ би нүхийг нь бөглөөд юм тавьчихна гэсэн. Тухайн апалкыг авсан чинь хонгил руу орох зориулалттай 80х80 хэмжээтэй нүх гараад ирсэн. Тухайн нүхэнд ямар нэгэн хаалт, хамгаалалт, хаалга байгаагүй. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр таазанд хар замаск татаад нэг талаасаа хөөгөөд шатаа засаад явж байгаад шатнаас буугаад би зуурсан замаск авах гээд нөхөр лүүгээ баруун эргэтэл нөгөө 80х80 харьцаатай хонгил руу орох зориулалттай нүхээр унаад нүхний нэг талаас нөгөө тал хүртэл нь тэгнэчихсэн. Манай нөхөр ирээд зүүн гараас татаж байгаад гадаа байсан хүмүүс нь Наранбаттай ирээд нийлээд намайг татаж гаргасан. Би 2 өвдгөө нугалаад суусан чинь буцаад босож чадахгүй болоод биеийн баруун хэсэг тэр чигтээ өвдөөд байсан бас бөгс, 2 гуя хөл аймаар өвдөөд байсан. Тэд нар намайг шатны тавцан дээр өргөж суулгаад Г аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирсан. Миний нурууны зургийг аваад та яаралтай Улаанбаатар хот явж үзүүл гэсэн. Улаанбаатар хотод ирж ГССҮТ-д ирж үзүүлээд гэрээр эмчилгээ бичүүлээд 3 сар хэвтрийн дэглэм сахь гэсэн. Ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй амаар тохиролцож ажил хийсэн. Би хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авч гарын үсэг зураагүй. Ер нь ажил эхэлснээс хойш нэг ч удаа зааварчилгаа өгөөгүй. Бас аюулгүй ажиллагааны хувцас хэрэгслээр хангаагүй. Миний унаж бэртсэн нүхийг талбайн инженер Наранбат хариуцаж, бөглөж, хаалт хийж, аюулгүй ажиллагааг хангуулах ёстой байсан. Би Чинзоригоос эмчилгээ болон унааны мөнгө, бусад зардалд зарцуулсан 10 000 000 төгрөгийг гаргуулан авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 21-22, 24-25, 27 хуудас/
3. Гэрч Х.Уртнасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 12 сард манай байгууллага Г аймагт РП барилга барих тендерт ялсан. Манай хүү Г аймагт РП барилга барих ажиллагааг удирдан явуулсан. РП барилга барих ажиллагаанд би огт оролцоогүй. Чинзориг тухайн барилгыг барих, ажиллах хүч, бараа материал, барилга барихад шаардлагатай бүх зүйлийг өөрөө зохицуулан ажилласан. Г аймагт албан ёсоор ажлыг хариуцан явуулж байсан хүн нь Наранбат. Харин ерөнхий үүрэг чиглэлийг өгч, удирдан зохион байгуулж байсан хүн нь Чинзориг” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 31-32 хуудас/
4. Гэрч Б.Нямцогт мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний эхнэр Э.С нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Г аймгийн С суманд станцны барилга дээр очиж засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэсэн. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд эхнэр С бид 2 засал чимэглэлийн ажил хийж байх үед Э.С нь барилга дотор байх нүхэнд унаж биедээ гэмтэл авсан. Тэр үед нь би хамт байсан учраас эхнэр Э.Солонгыг татан авч эмнэлэгт хүргэсэн. Тухайн барилгад ХАБ хариуцсан хүн байгаагүй. Өдөр тутмын аюулгүй байдлын зааварчилгаа өгдөггүй байсан. Хамгаалалтын хувцас хэрэглэлээр мөн хангадаггүй байсан. Тухайн нүхний гадна болон дотор хэсэгт анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Мөн ямар нэгэн хаалт хийгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 34 хуудас/
5. Гэрч Б.Наранбат мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай компанийн инженер Чинзориг нь хувиараа засал хийдэг гээд С гэж хүнтэй утсаар холбогдож Г аймагт баригдаж байгаа хуваарилах байгууламжийн барилгын дотор заслын ажил хийлгэхээр болсон. 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чинзориг над руу залгаад засал хийх хүн гарсан шүү гээд дугаарыг нь явуулсан. Би маргааш нь Г аймагт ирээд Сд ажлыг нь хүлээлгэж өгөөд хийх ажлыг нь зааварчлаад ажлын хувцас, малгай, багаж хэрэгсэл хаана байгааг зааж өгөөд Улаанбаатар хот руу буцсан. Би Стой байнга утсаар холбогдож ажиллаж байгаад 2022 оны 7 дугаар сарын 22-ны өглөө Улаанбаатар хотоос ирэхдээ Сгийн захиад байсан шат, бээлий, замаск, молдок зэргийг авчирч өгсөн. Тэр өдрөө үдээс хойш би цутгалтын апалкийг нь бүгдийг нь хуулаад цэвэрлэгээ хийж засал хийхэд бэлэн болгоод Сд туннел рүү нүх гарсан байгаа талаар хэлээд өөрт нь харуулаад бөглөх хавтан хаана байгааг нь зааж өгөөд бөглөөрэй гэсэн. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өглөө барилга дээр ирээд дээвэр дээр гараад ажлаа шалгаж материалын тооцоо гаргаад буугаад иртэл С туннел рүү ордог нүх рүү хий гишгээд унасан гээд ёолоод сууж байсан. Би нөхөртэй нь хамт машиндаа суулгаад Г аймгийн эмнэлэгт үзүүлсэн чинь хавирга нь бэртсэн байна, Улаанбаатар хотод ГССҮТ-д яаралтай үзүүлэх шаардлагатай гэсэн гээд явцгаасан. Стой бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд С нь өөрөө Чинзоригтой амаар ярьж тохирсон байсан. Би Сд өөрөө амаар маш сайн зааварчилгаа өгсөн боловч ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй. Ер нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа би өгөх албан ёсны сургалтад суусан батламж байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 36-37 хуудас/
6. Гэрч Ц.Цэнджав мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед над руу нэг залуу залгаад цахилгаан эрчим хүчний дэд өртөөний барилгын дотор талд шал цутгах ажил байна хийх үү гэсэн. Тэгээд өөрийн найзууд болох Өлзийбат, Долгор хоёрыг дагуулаад баригдаж байгаа цахилгаан эрчим хүчний дэд өртөөний барилгын гадаа очиход эзэн нь тосож аваад барилгынхаа дотор талыг харуулсан. Тухайн үед барилга дотор С гэх эмэгтэй нэг залуугийн хамт шатан дээр гарсан таазны замаск татаж байсан. Барилгын дотор талын шалыг хартал энд тэнд маш олон нүхтэй байсан болохоор нь би энэ ажлыг хийж чадахгүй юм байна гэдгээ хэлээд барилгаас гарах гэж байтал хаалганы хажууд ажил хийж байсан эмэгтэй шатнаас буугаад хаалганы хажуу талд байсан нүхийг харалгүй хий гишгээд нүх рүү тэгнээд уначихсан бөгөөд хавиргаараа нүхний ирмэг цохих шиг болсон. С босож чадахгүй байхаар нь бид нар нийлж байгаад босгоод машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан. Солонгын унасан гэх нүх нь ойролцоогоор 50x50 хэмжээтэй нүх байсан байх. Тус нүхний ойролцоо анхааруулах тэмдэг тавиагүй байсан. С барилгын ажил хийж байхдаа хамгаалах хувцас хэрэгсэл өмсөөгүй зүгээр энгийн хувцастай байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 45 хуудас/
7. Гэрч Х.Өлзийбат мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Барилга дээр очиход ХАБ-ын инженер болох намхан бор залуу бид гурвыг тосож аваад барилгын дотор талд хийх ажлаа үзэхээр барилга руу ороход С нөхрийн хамт шатан дээр гарсан замаск татаж байсан. Барилгын дотор хийх ажлаа үзээд гарч ирээд удаагүй байж байтал барилга дотор нэг хүн хүүе гэж орилох шиг болохоор нь буцаад барилга руу хартал үүдний зүүн талын нүхэнд С тэгнээд унасан гар нь гозойгоод харагдаж байсан. Солонгын нөхөр болон бид нар хамжиж татаж босгоод эмнэлэг рүү аваад явсан. Солонгын тэгнэж унасан гэх нүх 60x60 хэмжээтэй нүх байсан байх. Тус нүхний ойролцоо анхааруулах тэмдэг тавиагүй байсан. Өмнө нь намайг барилгын материал авч ирдэг байхад тэр нүхийг хар хавтан тавиад хаасан байсан. С барилгын ажил хийж байхдаа хамгаалах хувцас хэрэгсэл өмсөөгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47 хуудас/
8. Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11-06-040/13 дугаар дүгнэлтэнд: “Чинбат ХХК” нь Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр олгосон БУ16-182/22 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Чинбат ХХК-ийн С сумын 3 дугаар багт барьж байгаа цахилгааны дэд станцын барилгын талбай нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт /“ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын доор байх бүх байрыг;/-д зааснаар үйлдвэрлэлийн бүс /ажлын байр/ гэж үзнэ. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-н 4.1.9 дэх заалт “аюул, осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах тэмдэг тавих”-д гэж зааснаар Чинбат ХХК нь хариуцах үүрэгтэй. Чинбат ХХК нь Э.Солонгыг С сумын 3 дугаар багт барьж байгаа цахилгааны дэд станцын барилгын ажилд гарахад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4.9 дахь /ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө./ заалтад зааснаар энэ стандартын 4.12 дахь /Давтан зааварчилгаа нь 3 хэлбэртэй байна. Үүнд: а/ ээлжит б/ ээлжит бус в/ ажлын байран дахь өдөр тутмын/-н в/-д зааснаар өгөгдөх бөгөөд энэ стандартын 4.16 дахь /аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ зааснаар ажил үүрэг гүйцэтгэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөх бөгөөд тухайн цахилгааны дэд станцын барилгын ажлыг хариуцаж байгаа инженер, даамал, мастер, ээлжийн ахлах/ хариуцаж өгөх үүрэгтэй. Чинбат ХХК-ийн С сумын 3 дугаар багт барьж байгаа цахилгаан дэд станцын барилгын заслын ажлыг гүйцэтгэж байгаад барилга доторх хонгил руу гарах нүхэнд унаж гэмтэл авсан нь ЗГ-ын 2015 оны 269 тоот тогтоолоор батлагдсан. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан “ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтооно” гэсэн заалтад хамаарах тул үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалуудаас харахад Барилгын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын шаардлагыг ажил олгогч буюу Чинбат ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй зөрчсөн болон осолдогч Э.С холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна. Тухайлбал ажил олгогч Чинбат ХХК: Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт /бага төвөгшилтэй барилга байгууламж:/, 10.1.3 дахь заалт /дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж;/, 10.1.4 дэх заалт /өндөр төвөгшилтэй барилга байгууламж;/, 10.1.5 дахь заалт /онцгой төвөгшилтэй барилга байгууламж/-д заасан байдаг ба цахилгааны дэд станцын барилгын ажил нь эдгээр ангилалд багтах тул тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт /Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ./-д зааснаар тусгай зөвшөөрөлтэй ААНБ гүйцэтгэхээр байгаа ба иргэн Э.Ср ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт /Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй/-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх үүргийн талаар заасан заалт буюу 28.1.2 дахь /үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалт, 28.1.3 дахь /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/ заалт, 28.1.6 дахь /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх/ заалт, 28.1.7 дахь /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх/ заалт, 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалт, 28.1.12 дахь /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх/ заалт, 28.1.14 дэх /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах/ заалт, 28.1.15 дахь /үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох/ заалтуудыг, Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалаар батлагдсан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-г, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 4.1.9 дэх заалт “аюул, осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт хамгаалалтаар тусгаарлан анхааруулах тэмдэг тавих”-ыг, 4.2 дахь заалт “энэ журмын 4.1.9-д заасан хаалт хамгаалалт анхааруулах тэмдгийг дараах аюул осол гарч болзошгүй орчинд байрлуулна”-ыг, 4.2.1 дэх заалт “цахилгаан шатны хонгил зэрэг ажилтан унах эрсдэлтэй газар”-ыг, Монгол Улсын MNS 4969:2000 /хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үндсэн дүрэм/, MNS 4643:1998 /хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө/ зэрэг хууль, дүрэм, журам стандартуудыг зөрчсөн байна. Осолдогч Э.С: 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хонгил руу орох нүхийг тагласан таглааг авсныг мэдсээр байж ажлаа зогсоолгүй үргэлжлүүлэн ажиллаж байгаад нүхэнд унаж гэмтэл авсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн ажилтан дараах эрх, үүрэгтэй байна”-д заасан заалтууд: 18.1.1 дэх заалт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах”-ыг 18.1.4 дэх заалт “ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”-ийг 18.2.2 дахь заалт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх”-ыг, 18.2.3 дахь заалт “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах”-ыг, 18.2.7 дахь заалт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”-ыг тус тус хангаж ажиллаагүй зөрчсөн байна. Э.С нь тухайн ажил үүргээ гүйцэтгэхдээ зориулалтын хувцас хамгаалах хэрэгсэл ашиглаж байгаагүй байна. Чинбат ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх /ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ заалтад зааснаар ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй байна. Чинбат ХХК нь С сумын 3 дугаар багт барьж байгаа цахилгааны дэд станцын барилгын доторх хонгил руу орох нүхэнд хаалт хийгээгүй нь осол гарах шалтгаан болсон байна. Шинээр илэрсэн нөхцөл байхгүй байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч, техникийн ухааны магистр, доктрант, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Батхуяг гэжээ. /1-р х.х-ийн 52-55 хуудас/
9. Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10842 дугаар дүгнэлтэнд: “Э.Солонгын биед бүсэлхийн 1,2,3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун талын 11-р хавирганы хугарал, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Б.Цолмон гэжээ. /1-р х.х-ийн 59-60 хуудас/
10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тэмдэглэл /1-р х.х-ийн 14-17 хуудас/
11. Компьютерт томографийн шинжилгээ, цээжний рентген зураг, яаралтай тусламжийн хуудасны хуулбар холбогдох баримтууд, хохирол төлсөн баримт /1-р х.х-ийн 9-11, 28-29, 66-74 хуудас
12. Чинбат ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл, ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, гүйцэтгэх захирал Х.Уртнасангийн тушаал, ажил байдлын тодорхойлолт, бусад холбогдох баримтууд /1-р х.х-ийн 76-139 хуудас/
13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 233 хуудас/
14. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /2-р х.х-ийн 10-12 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч М.Ч нь “Чинбат” ХХК-ний барилга хариуцсан захирлаар ажиллаж байхдаа Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт /Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ./-д зааснаар тусгай зөвшөөрөлтэй ААНБ гүйцэтгэхээр байгаа ба иргэн Э.Ср ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт /Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй/-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь /үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалт, 28.1.3 дахь /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/ заалт, 28.1.6 дахь /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх/ заалт, 28.1.7 дахь /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх/ заалт, 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалт, 28.1.12 дахь /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх/ заалт, 28.1.14 дэх /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах/ заалт, 28.1.15 дахь /үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох/ заалтуудыг, Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалаар батлагдсан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-г, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 4.1.9 дэх заалт “аюул, осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт хамгаалалтаар тусгаарлан анхааруулах тэмдэг тавих”-ыг, 4.2 дахь заалт “энэ журмын 4.1.9-д заасан хаалт хамгаалалт анхааруулах тэмдгийг дараах аюул осол гарч болзошгүй орчинд байрлуулна”-ыг, 4.2.1 дэх заалт “цахилгаан шатны хонгил зэрэг ажилтан унах эрсдэлтэй газар”-ыг, Монгол Улсын MNS 4969:2000 /хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үндсэн дүрэм/, MNS 4643:1998 /хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө/ зэрэг хууль, дүрэм, журам стандартуудыг тус тус зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Г аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт цахилгааны 6 киловаттын хуваарилах байгууламжийн барилгын засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэж байсан ажилтан Э.С 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хонгил руу орох нүхэнд унаж эрүүл мэндэд нь бүсэлхийн 1,2,3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун талын 11-р хавирганы хугарал, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Чийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Чийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Чийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.С, гэрч Х.Уртнасан, Б.Нямцогт, Б.Наранбат, Ц.Цэнджав, Х.Өлзийбат нарын өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №11-06-040/13 дугаартай дүгнэлт, хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10842 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч М.Ч нь уг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч М.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байна.
Шүүгдэгч М.Ч нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч М.Ч нь өөрийн хариуцсан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсаны улмаас үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч М.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгчийг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч М.Ч нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Чийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Э.С нь 10 000 000 төгрөгийг гэм хорын хохиролд авсан ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбараар тус тус нотлогдож байх тул шүүгдэгч М.Чийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Балданоточ овогт Мягмарсүрэнгийн Чинзоригийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чийг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чт оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА