Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

 

 

 

  2023         02         13                                     2023/ШЦТ/115

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

хохирогчийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-н А- холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ****  тоотод оршин суудаг гэх, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаанд тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар: ***, Б ургийн овогт Т-н А.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, *** байрны баруун талд “****” маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

  • Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн
    1.  дахь тал/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
  • Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 тал/,

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Хи-йн хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг 15 минутын орчимд өөрийн охин О-н гэрээс гараад урд талын байрны бариач дээр очих гээд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ** байрны урд талын 13 дугаар байрны зүгт алхаж байтал нэг машин ухарч байгаад намайг мөргөж гэмтээсэн. Машинаас нь нэг эмэгтэй бууж ирээд өрхийн эмнэлэгт орж үзүүлэх үү гэж асуухаар нь би бариач дээр орох гэж байна гэж хэлээд 13 дугаар байрны бариач руу хүргүүлээд тэр эмэгтэй жолооч яваад өгсөн. Тухайн ослын улмаас миний хоёр хөл, өвдөгний хэсгээр өвдөөд байгаа....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь  тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай Н.Х-ийн биед бүсэлхийн 1, 2, 3, 4, 5-р нугалмын мөгөөрсөн цагираг урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

- Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...“**” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, хурдны хайрцгийн ажиллагаа, зогсоолын тоормос, дугуйн хээний гүн, дуут дохио, нэмэлт хэрэгсэл зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин баруун талын бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, баруун урд их гэрлийн бүрхүүл хагарч шороо орж бүдгэрсэн, галын хор, эмийн сан, ослын тэмдэг байхгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгслийн баруун талын бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, баруун урд их гэрлийн бүрхүүл хагарч шороо орж бүдгэрсэн, галын хор, эмийн сан, ослын тэмдэг байхгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгслийн дээрхи эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг авто тээврийн хэрэгслийн дээрхи эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй бөгөөд, урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосын ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогсож байсан. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-48 дахь тал/,

-  2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай “...“***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн Т.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай

“...1.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний *** дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний *** дугаартай  дүгнэлтэд тусгагдсан бүсэлхийн 1, 2, 3, 4, 5-р  нугалмын мөгөөрсөн цагиргийн урагдал нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны бүсэлхийн тодосгогчгүй СРТомограмм зурагт илэрч байна.

3. Н.Х-ийн биед 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зам тээврийн ослын улмаас бүсэлхийн 1, 2, 3, 4, 5-р нугалмын мөгөөрсөн цагираг урагдал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, тухайлбал автомашинд мөргөгдөх цохигдох, унах үйлчлэлээр үүсэх боломжтой.

5. Оролцогч нараас асуусан асуултын хариулт. Н.Х-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн бүсэлхийн СРТомограммуудад бүсэлхийн 1, 2, 3, 4, 5-р нугалмын мөгөөрсөн цагиргийн сэмэрсэн урагдал тогтоогдлоо. Нугасны хөдий чөлөөтэй, дарагдал үүсээгүй учир мэс заслын эмчилгээ хийх заалтад хамаарахгүй байж болно...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.А-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон ослын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор одоо надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл алга...” /хавтаст хэргийн 96 дахь тал/, ...Миний хувьд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 15 минутын орчимд байрныхаа гадна талын машины зогсоол дээрээ машинаа жолоодоод гарсан. Манай байр ертөнцийн зүгээр баруун тийш харсан байр ба би хойноос урд зүгт чиглээд ухрах үйлдэл хийсэн. Тэгээд явж байтал түс хийх дуу чимээ гарахаар нь машинаа зогсоогоод буугаад ирсэн чинь нэг настай  эгч зогсож байхаар нь би явж очоод “та зүгээр үү” гэж асуухад “би зүгээр, зүгээр” гээд байсан. Би тэр эгчид “машин суучих, эмнэлэгт үзүүлсэн нь дээр байх” гэж хэлсэн боловч “үгүй” гээд байрны гаднах сандал дээр 5 орчим минут сууж байгаад “эмээ нь хажуу байранд байх бариач руу орох ёстой” гэхээр нь үүдэнд нь хүргэж өгсөн. Тэгээд би “одоо яах вэ” гэхэд “зүгээрээ би гайгүй байна, чи одоо явж болно” гэж хэлэхээр нь би зүгээр юм байна даа гэж бодоод машинаа жолоодоод явсан... Миний хувьд ухрах үйлдэл хийхдээ болгоомжгүй ухрах үйлдэл хийснээс болж ийм асуудал гаргасан. Би буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ***  дүгээр байрны баруун талд “****” маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Хийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай мөрдөгчийн магадлагаа, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хамааруулна” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Т.А нь “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь ***  дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 14/, шүүгдэгч Т.А-гийн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-т “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж тус тус заасан байх ба шүүгдэгч Т.А-г 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, *** дүгээр байрны баруун талд “****” маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Х-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг зам тээврийн осол гаргасан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Т.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон улсын яллагчийн санлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.А нь хохирогч Н.Х-д нийт 5.262.455 төгрөг төлж барагдуулсан байх боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 150 /нэг зуун тавин/ хоногийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогч Н.Х энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.А-гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

         Энэ хэргийн улмаас Т.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Т-н А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 150 /нэг зуун тавин/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Агаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Т.А энэ хэргийн улмаас нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ