Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01155

 

  

 

О.Эрдэнэтөгөлдөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03113 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 157 дугаар магадлалтай,

 

О.Эрдэнэтөгөлдөрийн нэхэмжлэлтэй,

Б.Энхтөрд холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Энхтөрд 2017 онд үйлдвэрлэгдсэн Ланд Крузер 200 маркийн 52-90 улсын дугаартай суудлын автомашиныг 150,000,000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 100,000,000 төгрөг авч, тээврийн хэрэгслийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн. Б.Энхтөр үлдэгдэл 50,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч өгөхгүй байсан ба төлбөрийн оронд өөрийн дүү Б.Баттөрийн нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Баянголын аманд байрлах 400 м.кв талбайтай газрыг зуслангийн байшингийн хамт аваач гэж санал тавьсан бөгөөд би саналыг хүлээж аваагүй. Иймээс Б.Энхтөрөөс автомашин худалдан борлуулсны үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би О.Эрдэнэтөгөлдөртэй 2018.07.31-ний өдөр уулзаж, автомашиныг худалдан авахаар болж автомашиныг шилжүүлэн авч, 100,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн ба үлдэгдэл 50,000,000 төгрөгт манай дүүгийн нэр дээр байдаг газрыг авахаар тохиролцсон. Газрын гэрчилгээг солиулах гэхэд О.Эрдэнэтөгөлдөр газар шилжүүлэхэд өндөр дүнтэй татвар төлдөг болсон, би цааш нь зарвал дахин дахин татвар төлөх болно гээд шилжүүлж аваагүй ба хэрвээ цааш зарахаар бол шууд дүүг чинь дуудаад шилжүүлье, амьдрахаар бол амьдарч байя гээд 5 ширхэг түлхүүр, 2 ширхэг газрын гэрчилгээг аваад үлдсэн.

Дараа нь намайг дуудаад байшин дээр очъё, тог залгуулах асуудал байна гэхээр нь очоод түүнээс хойш холбоо бариагүй, хэд хоногийн дараа байшингаа зарах боллоо дүүгийнхээ утасны дугаарыг өгөөч гэж аваад, өнөөдрийг хүртэл газраа зарж чадаагүй, гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Би автомашиныг унаж байгаад энэ оны 10 дугаар сард 130,000,000 төгрөгөөр зарсан гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03113 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Маргад овогт Бадамдоржийн Энхтөрөөс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бөхчүүд овогт Оймоогийн Эрдэнэтөгөлдөрт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 157 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.19-ний өдрийн 102/ШШ2019/03113 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.01.20-ны өдрийн 157 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Хариуцагч Б.Энхтөр нь 2018.07.28, 29-ны үед Үнэгүй.мн сайтаас Ланд Крузер 200 маркийн автомашин худалдана гэсэн зарын дагуу 99054925 дугаарын утас руу нь залгаж О.Эрдэнэтөгөлдөртэй ярилцаж зуслангийн газар, амины орон сууц оролцуулан зарах автомашиныг нь худалдан авахаар болсон тул О.Эрдэнэтөгөлдөрт зуслангийн газар, амины орон сууцаа үзүүлээд 100,000,000 төгрөгийг бэлнээр, 50,000,000 төгрөгт төрсөн дүү Б.Баттөрийн СХД, 22 дугаар хороо Зуслан, Баянголын ам нэгж талбарын 18627315247091 дугаар бүхий 400 м.кв зуслангийн зориулалттай газар, нэгж талбарын 18627315233105 дугаар бүхий 400 м.кв зуслангийн зориулалттай газар, 100 м.кв амины орон сууц /380вт тог орсон, өөрийн эзэмшлийн цахилгааны шугамтай, гүний худагтай, бохирын цооногтой, 2 автомашины гражтай, блокон хашаатай/ эд хөрөнгүүдийг тооцон өгч авалцахаар болж тооцоо дуусмагц автомашиныг Б.Энхтөрийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Б.Энхтөр 2018.07.31-нд О.Эрдэнэтөгөлдөрт автомашины үнэ 100,000,000 төгрөг өгсөн, 50,000,000 төгрөгт тооцож 800 м.кв газар, амины орон сууцаа хүлээлгэн өгч түлхүүрүүдийг, газрын гэрчилгээ, бичиг баримтуудын хамт хүлээлгэн өгч, О.Эрдэнэтөгөлдөр нь автомашиныг Энхтөрийн нэр рүү шилжүүлсэн нь тооцоо дууссан болохыг нотолж байгаа ба анхан шатны шүүх ч хариуцагчийн эзэмшилд автомашиныг бүрэн хүлээлгэн өгсөн нь нотлогдож байна гэж дүгнэсэн. Энэ нь нэхэмжлэгч автомашиныхаа үлдэгдэл төлбөрт хүсэл зоригоо илэрхийлэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг авсан нь одоог хүртэл түлхүүр цоож ньтүүнд байж эзэмшиж, ашиглаж байгаа болон зарах зар өгөөд яваад байгаагаар нь нотлогдож байгаа билээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудыг 2018 оны 07 дугаар сард Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний чөлөөт эрхийн зарчмаар, амаар нэхэмжлэгч О.Эрдэнэтөгөлдөрийн эзэмшлийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, Тоёото Ланд крузер 200 маркийн 5290 УБЗ улсын дугаартай JTMHV01J004238273 арлын дугаартай, суудлын автомашиныг 150,000,000 төгрөгөөр хариуцагч худалдан авахаар болж, эхний ээлжинд машины үнэд 100,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 50,000,000 төгрөгт Б.Баттөрийн эзэмшлийн зуслангийн хашаа байшинг өгч, авахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх ...Түүнчлэн Б.Энхтөр нь худалдах-худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэгт Б.Баттөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг О.Эрдэнэтөгөлдөрийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй байна" гэж дүгнэчихээд анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ гэх нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүйг нотолж байна.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ дараах хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

1. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заасан байна.

2. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан.

3. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр заасан байна.

Тэгэхээр хариуцагч Б.Энхтөр нэхэмжлэгч О.Эрдэнэтөгөлдөр нар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсоны дагуу автомашины үнэ 100,000,000 төгрөгийг өгч 50,000,000 төгрөгт тооцож нэр бүхий хөрөнгүүдийг бичиг баримтын хамт О.Эрдэнэтөгөлдөрт хүлээлгэн өгснөөр автомашиныг 2018.07.31-ний өдөр Б.Энхтөрийн нэр дээр шилжүүлэн өгсөн нь худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн болохыг нотолж байна.

Иймд анхан давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэтөгөлдөр хариуцагч Б.Энхтөрд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Зохигч 2018.07.31-ний өдөр О.Эрдэнэтөгөлдөрийн өмчлөлийн Ланд Крузер-200 маркийн 52-90 улсын дугаартай автомашиныг 150,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар, худалдан авагч Б.Энхтөр 100,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 50,000,000 төгрөгт өөрийн дүү Б.Баттөрийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах 400 м.кв газрыг, тус газар дээр байрлах амины орон сууц, /100 м.кв талбайтай, 380 вт тог орсон, өөрийн эзэмшлийн цахилгаан шугамтай/ гүний худаг, бохирын цооног, балкон хашаатай, 2 автомашины гаражтай эд хөрөнгийн хамт худалдагчид шилжүүлэхээр, тооцоо дуусмагц худалдагч автомашины бүртгэлийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцсэн байна.

 

Гэрээний дагуу худалдан авагч 100,000,000 төгрөгийг бэлнээр төлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, зуслангийн байшингийн түлхүүрийг худалдагчийн эзэмшилд шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг бүртгэлээр шилжүүлээгүй, худалдагч автомашины бүртгэлийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Б.Энхтөр үлдэгдэл 50,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч өгөхгүй байсан, үлдэгдэл төлбөрийнхөө оронд дүү Б.Баттөрийн нэр дээрх газар, хувийн сууцыг аваач гэсэн санал тавьсан, энэ саналыг би хүлээн авах боломжгүй гэдгээ хэлсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг өгөхгүй хохироож байна... гэж,

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...нэхэмжлэгч нь газар, амины сууцаа аваад, тооцоо дууссан тул автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн, ...харин бусдад худалдан борлуулж магадгүй тул өмчлөх эрх шилжүүлэхийг түр хойшлуулах хүсэлт тавьж, өөрсдөө амьдрахаар бол дараа шилжүүлж авъя гээд бүртгэлийн шилжүүлгийг хийлгээгүй, ...үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүйд хариуцагч буруугүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.. гэж маргажээ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч худалдан авсан автомашины үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгт Б.Баттөрийн эзэмшлийн газар эзэмших эрх, амины сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх боловч үл хөдлөх эд хөрөнгө хуульд заасан журмаар худалдагчийн өмчлөлд шилжээгүй тул төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

 

Худалдагч О.Эрдэнэтөгөлдөр гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, харин худалдан авагч Б.Энхтөр нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 110 дугаар зүйлийн 110.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03113 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 157 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Энхтөрөөс 2020.02.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД