| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0175/З |
| Дугаар | 221/МА2025/0097 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0097
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нар
Гуравдагч этгээд: Б.Д
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 913 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0175/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-иас Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийн Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/1129 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 913 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-иас Баянзүрх дүүргийн болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн гуравдагч этгээд Б.Д-аад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжийн биелэлтийг дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд: ...
3.1. ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 151-ны өдрийн 380 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, ** хороо, Цэргийн их сургуулийн гудамж 1-** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 10 жилийн хугацаатайгаар Ч.Б-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, дээрх газрыг нэхэмжлэгч Б.Б-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/376 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 16 хороо /одоогийн 40 дүгээр хороо/ Цэргийн их сургуулийн гудамж 1-** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.
Гэтэл уг газрын орц, гарцыг хааж Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 16 хороо, Цэргийн их сургуулийн гудамж 1-**а тоот гэх хаягаар иргэн Б.Даариймаад 367 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 сарын 16-ны өдрийн А/41 дугаар захирамжаар иргэн Б.Даариймаад өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
3.2. Ийнхүү Б.Б-ийн эзэмшил газрын орц,гарцыг хааж, Б.Д-аад газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.3.1-д заасан “хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн төдийгүй Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16/989 дугаартай албан бичгээр орц гарцыг хааж газар эзэмшүүлснээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
3.3. Баянзүрх дүүргийн Газрын алба болон тус дүүргийн Засаг даргын шийдвэрээр Б.Б-ийн эзэмшил газрын орц гарцыг хааж иргэн Б.Д-аад газар эзэмшүүлснээс болж Б.Б нь өөрийн эзэмшил газартаа орж гарах, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд энэ нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон фото зургаар тогтоогдож байгаа ба Б.Б-ийн эзэмшил газар дээр Б.Д нь 2 ширхэг монгол гэр барин амьдарч байгаа болно.
3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан эрхийн хүрээнд шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн н.П-г гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүгч гэх У.Б нь бүтэн 3 сарын хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд 2024 оны 11 сарын 18-ны өдөр буюу шүүх хуралдааны шатанд миний хүсэлтийг байгаа эсэхийг ч мэдэхгүй, хэзээ тийм хүсэлт өгсөн юм гэх зэргээр хандаж уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2, 30.3.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн, өмгөөлөгч миний эрхэд халдсан гэж үзэж байна.
3.5. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/8017 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргаас ЦИС-ийн 1-**, 1-**а гэх хаягууд хэзээ бий болсон талаарх болон уг хаягуудын нэршил өөрчлөгдсөн эсэх талаарх баримтыг гаргуулан авахаар хандсан боловч тус хорооны хариу албан бичигт "... 16 дугаар хороо нь 40 дүгээр хороо болж өөрчлөгдсөн тул" гэх хариуг ирүүлсэн бөгөөд өмгөөлөгчийн хувьд мөн л уг шүүхийн шаардсаны дагуу 40 дүгээр хорооноос тодруулж хэргийг нэг мөр шийдүүлэх хүсэлт гаргасан ч мөн л үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаарт "... гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц гарцыг хаасан үйлдэл байхад энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна. Захиргааны байгууллага бусдын эзэмшил газрын орц гарцыг хааж бусдад газар эзэмшүүлж, өмчлүүлсэн атал газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа, маргаан бүхий газрын эзэмшигчийг "бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх" заалтыг зөрчсөн гэж буруутгасан захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл тогтоогдоогүй, өмгөөлөгчийн гаргасан гэрч асуулгах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атал гэрч болон бусад баримтаар дахин судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, шүүх шийдвэрлэх боломжгүй учир шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин Хэлэлцүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараахь байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Б-иас Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийн Б.Д-аад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/1129 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Батлан хамгаалахын сайдын 2004 оны 108 дугаар тушаалаар ...эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүргийн засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 380 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС-ийн гудамж 1-** тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий нэгж талбарын 1331100*** дугаар бүхий газрыг эзэмшиж байгаад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр төрсөн охин Б.Б надад шилжүүлэн өгсөн. Ч.Б-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын хэмжээ бодит байдал дээр 1055.44 м.кв талбайтай боловч тухайн үед дүүргээс тавьсан шаардлагын дагуу эзэмшүүлэх захирамж гаргахдаа 700 м.кв талбайн хэмжээтэй гарсныг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16/937 дугаартай албан бичгээр мэдсэн, ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дугаартай захирамжаар Ч.Д-д миний эзэмшил газрын орц, гарцыг хааж миний газраас тастан эзэмшүүлж өмчлүүлснээс өөрийн эзэмшил газартаа орох гарах ямар ч боломжгүй болсон, ...мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэснийг зөрчиж иргэн Ч.Д-д газар өмчлүүлсэн” гэж тайлбарлан маргасан.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч Б:Б-ийн тухайд:
3.1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 380 дугаар захирамжаар Цэргийн их сургуулийн гудамжны 1-** тоот хаяг, 700 м.кв газрыг Ч.Б-т 10 жилийн хугацаатай эзэмшүүлснийг тус дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/376 дугаар захирамжаар нэгж талбарын 18648311775*** дугаартай, 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай Б.Бд шилжүүлсэн байна.
3.1.2. Дээрх захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэгж талбарын 1331100*** дугаар бүхий 680 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-22040139** дугаарт бүртгэж, 00001499** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Газрын алба болон газар эзэмшигч Б.Б нарын хооронд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01110-2018/10268 дугаар гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан.
3.1.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/1129 дүгээр захирамжаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тухайн газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, ...бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэжээ.
3.2. Гуравдагч этгээд Б:Б-ийн тухайд:
3.2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн хавсралтад нэр дурдсан 889 иргэнд 523455 м.кв газар эзэмших эрхийг олгож баталгаажуулсны дотор хавсралтын 449 дугаарт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн гудамжны 2** тоот хаягт, 367 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатайгаар Б.Дд эзэмшүүлэх гэж шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Дд нэгж талбарын 18648311755701 дугаарт, 367 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 000547218 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
3.2.2. Үүний дараа нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар ...Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн гудамжны 2** тоот хаягт байршилтай, 367 м.кв газрыг эзэмшигч Б.Дд тус газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-22040250** дугаарт бүртгэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
4.1. Учир нь анхан шатны шүүх дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан дүгнэлт хийлгүйгээр “...Маргаж буй газар нь нэг хаяг, байршилд байх бөгөөд маргаан бүхий захирамжаар /үндэслэх хэсгийн 3.1, 3.3-д заасан/ гуравдагч этгээдэд, мөн үндэслэх хэсгийн 2.2-д заасан захирамжаар нэхэмжлэгчид гээд хэн алинд нь /хөрш, зэргэлдээ/ ижил зориулалтаар газар эзэмшүүлсэн, ... 12/36 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нь хуваагдан шинээр 40 дүгээр хороо болж байгуулагдсан, иргэн Б.Б-иас гаргасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Цэргийн их сургуулийн гудамжны 1-** хаягт оршин суудаг гэх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өргөдөл, иргэн Б.Дгаас гаргасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Цэргийн их сургуулийн гудамжны, 1-**а тоот хаягт оршин суудаг гэх 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өргөдлийг хавсарган ирүүлсэн нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын давхцал байхгүй болохыг нотолж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэж байна, ... газрын эрхийн зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй гэж дүгнэхэд учир дутагдалтай, хариуцагчаас нэхэмжлэгчийг бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалтыг зөрчсөн гэж буруутгахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин гүйцэтгэх шаардлагатай, энэ тохиолдолд гуравдагч этгээдийн гаргасан гомдлын дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлээд байгаа эсэх, яагаад бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж буйг, уг зөрчил нь газар эзэмших гэрээний зөрчилд хамаарч үр дагавар үүсгэж байгаа юу, үгүй юу гэдгийг, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг хэдийнээс тоолж байгаа болох зэргийг гэрч болон бусад баримтаар дахин судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна...” гэх зэргээр зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийж, А/546, А/41 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...А/1129 дүгээр захирамжийн биелэлтийг дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
4.2. Тодруулбал, нэхэмжлэгчээс “...газрын хэмжээ бодит байдал дээр 1055.44 м.кв талбайтай боловч тухайн үед дүүргээс тавьсан шаардлагын дагуу эзэмшүүлэх захирамж гаргахдаа 700 м.кв талбайн хэмжээтэй гарсан, ...миний эзэмшил газрын орц, гарцыг хааж миний газраас тастан Б.Дд эзэмшүүлж, өмчлүүлснээс өөрийн эзэмшил газартаа орох гарах ямар ч боломжгүй болсон, ...2** гэдэг хаяг хэзээнээс бий болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, ...” гэж тайлбарлан маргаж байхад нэхэмжлэгчид анх эзэмшүүлсэн газар нь гуравдагч этгээд Б.Дд эзэмшүүлж, өмчлүүлсэн газартай давхцаж байгаа эсэх, нэхэмжлэгч нь Б.Дд газар эзэмших, өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй эсэх, түүнчлэн бодит байдал дээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын орц, гарцыг хааж бусад этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон эсэх нөхцөл байдал үүссэн эсэхийг бүрэн гүйцэт тодруулаагүй байна.
4.3. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын давхцал байхгүй, ...нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй” гэж дүгнэсэн атлаа тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргах эрхтэй эсэхийг дүгнэлгүйгээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргаж буй “...орц, гарцыг хаасны улмаас өөрийн эзэмшлийн газраа ашиглах боломжгүй байсан” гэх нөхцөл байдал бодитоор үүссэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр ...газар эзэмших гэрээг зөрчсөн, газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг үйл баримт тогтоогдсон гэдгийг захиргааны байгууллага дахин судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй ...шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” гэж дүгнэснээр уг маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй.
5. Түүнчлэн, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Б-ийн орц, гарц нь Б.Дгийн эзэмшил газар дээгүүр биш, хойшоогоо гардаг байсан бөгөөд 2018 онд н.Г гэх иргэнд газар эзэмших эрх олгосноос үүдэлтэйгээр орц, гарц нь хаагдсан” гэж,
хариуцагч Баянзүрх дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-аас мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...орц, гарцыг хааж газар олгосон асуудал байхгүй, ...газар дээрээ хоосон, төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар мэдэгдэл хүргүүлээд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, ...газрын төлбөр төлөөгүй гэх мэдэгдэл хүргүүлсэн баримт цахим мэдээллийн санд бүртгэлтэй байгаа ...төлбөр төлөөгүй үйл баримттай маргадаггүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
6. Дээр дурдсан зөрүүтэй нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулж, холбогдох баримтыг цуглуулж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бодит байдалд зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүрд холбогдох дүгнэлтийг хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.
7. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 913 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН