Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                   С.Баянжаргал

 Улсын яллагч                                 Д.Уранчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Х.Сэргэлэнбат

             Шүүгдэгч                                              Н.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Ганчимэгт холбогдох 201618020171 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1981 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 3-р баг Сэвсүүлийн 29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өрнөх овогт Нанжидын Ганчимэг /РД:М3:81012469/.

Шүүгдэгч Н.Ганчимэг нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг Сэвсүүлийн 29 тоотод оршин суух гэртээ хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис /азотын бордоо, тэсэлгээний утас/ хадгалсан, мөн 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 18 цагийн үед өөрийн “Toyota Camry” загварын 46-34 УНБ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслээр хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэн авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганчимэг мэдүүлэхдээ: ... 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр би Алтмаа, Баянбулаг нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг “Буданч” уулруу алтанд явахаар тохирсон байсан юм. Тэгээд тэр өдөр бороо ороод бид нар явж чадаагүй. Би тэгээд Д.Алтмаа эгч, Д.Баянбулаг нарт азотын бордоо аваачиж өгсөн юм. Шуудайтай зүйл манайд байдаг байсан би шуудайн доторхийг нь онгойлгож үзээгүй байсан. Тэгээд л хоёр хоногийн дараа цагдаад баригдсан. Азотын бордоо гэдгийг манай талийгаач нөхөр надад өмнө нь хэлж байсан болохоор мэдэж байсан. Гэхдээ би дэлбэлж үзээгүй. Тэр бодисыг гэртээ хадгалж болдоггүйг мэдээгүй. Сая цагдаад баригдаад л мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Ю.Гүрбадам мэдүүлэхдээ: ...  Сэлэнгэ аймгийн Мандал суманд тэсэрч дэлбэрэх бодис хадгалах, тээвэрлэх, авч явах талаар дагаж мөрдөж байгаа дүрэм журам байхгүй, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг Монгол улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдөнө. Мандал суманд тэсэрч дэлбэрэх бодис худалдан авах, тээвэрлэх, ашиглах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй “Давхар тэсрэлт” гэдэг ХХК  байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Баянбулаг мэдүүлэхдээ: ... 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 19 цагийн үед байх, би Д.Алтмаа эгчийн гэрт байж байсан. Тэгсэн Д.Алтмаа эгч рүү Н.Ганчимэг залгаад нөгөө юм аа авчихлаа шууд танайд яваад очъё гээд өөрийнхеө саарал өнгийн Camry маркын машинтай ирсэн. Машинаасаа нэг шуудайтай зүйл буулгаад Д.Алтмаа эгчийн гэр лүү оруулчихлаа гэж хэлсэн. Тэрийгээ задлаад 2 ширхэг торонд хийгээд уул руу авч явна гэж байсан. Н.Ганчимэг 1 шуудайтай тэсэрч дэлбэрэх бодис авчирсан. Д.Алтмаа, Н.Ганчимэг нар хоорондоо өмнө нь ярьж тохирсон юм шиг байна лээ. Би тэсэрч дэлбэрэх бодис гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 12-р хуудас/,

Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 13-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-7-р хуудас/

           2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн №7225 тоот дүгнэлт: ...

           1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн бөөрөнхий будаа мэт зүйлд Нитро нэгдэл илэрсэн.

           2. Нитро нэгдэл нь тэсэрч дэлбэрэх бодисын гол найрлаганд ордог болно.

           3.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг бодисыг нарийвчлан найрлагыг тогтоож ямар нэртэй бодис болохыг тогтоох шинжилгээг хийх техникийн боломжгүй.

           4. Дээрх шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн будаа мэт зүйл, улбар шар өнгийн утас мэт зүйлийг тэсэлгээ хийхэд ашигладаг болно /ХХ-ийн 28-29-р хуудас/.

Сэлэнгэ аймаг Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /55 дугаар хуудас/ 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /65 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Н.Ганчимэг нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг Сэвсүүлийн 29 тоотод оршин суух гэртээ хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис /азотын бордоо, тэсэлгээний утас/ хадгалсан, мөн 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 18 цагийн үед өөрийн “Toyota Camry” загварын 46-34 УНБ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслээр хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэн авч явсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

           Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх үүргийг тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй, мөн ¹7225 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэлтэй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.Ганчимэг нь нийгмийн аюулгүй байдал түүнийг хамгаалах талаар тогтоосон журмыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг Сэвсүүлийн 29 тоотод оршин суух гэртээ хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис /азотын бордоо, тэсэлгээний утас/ хадгалсан, мөн 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 18 цагийн үед өөрийн “Toyota Camry” загварын 46-34 УНБ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслээр хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэн авч явсан байх ба уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг  тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Онцгой байдлын ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн агуулахад хадгалагдаж байгаа 0,5 см голчтой, улбар шар өнгийн, 45 метр цахилгааны утас мэт зүйл, цагаан өнгийн тортой бөөрөнхий будаа мэт /нитро нэгдэл/ зүйлс зэргийг зохих байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч Н.Ганчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Өрнөх овогт Нанжидын Ганчимэгийг тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дах хэсэгт зааснаар Н.Ганчимэгийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Н.Ганчимэгт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Н.Ганчимэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0,5 см голчтой, улбар шар өнгийн, 45 м цахилгааны утас, цагаан өнгийн тортой бөөрөнхий будаа мэт /нитро нэгдэл/ зүйлс зэргийг Онцгой байдлын ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэст шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Ганчимэгт оногдуулсан 01 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.    

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ганчимэгт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.