Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0628

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: З.Б. Улаанбаатар хот, ***дүүрэг,

    ***дугаар хороо, ***хэсэг, ***гудамж, *** тоот

Хариуцагч:  ***, улсын байцаагч Э.Э*,

Гомдлын шаардлага:*******,*******ын улсын ахлах байцаагч П.Н*, улсын байцаагч Э.Э* нарын “2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С*, хариуцагч улсын байцаагч Э.Э*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э* нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч З.Б* шүүхэд гаргасан гомдолдоо: “***ын улсын ахлах байцаагч П.Н*, улсын байцаагч Э.Э* нар нь *** боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ***дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна. Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгөөр тээвэрлэсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ***дугаартай шийтгэлийн хуудсаар ***УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдуулан жолооч 3.Б***гийн хууль бус орлого 26.000.000 төгрөгийг хурааж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Тус шийтгэл нь хуульд болон бодит байдалд нийцээгүй хийсвэр дүгнэлт өгч шийтгэлийн хуудас бичсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчлийн хэрэг нээхдээ: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөн хаасан. “... Улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэж, үнийн хөөрөгдлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнэ өсөж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон...” гэсэн үндэслэлээр зөрчлийг хэрэг нээсэн байх бөгөөд энэ хэрэг материалд хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг "Өрсөлдөөний тухай хууль зөрчих" нь аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэжээ. Энэхүү хуулийн заалт нь аж ахуйн нэгжид хамааралтай байна. Мөн "Өрсөлдөөний тухай” хуулийн 12 дугаар зүйл “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно.”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэх” гэжээ.

Гэтэл жолооч нар нь Аж ахуй эрхлэгч мөн үү?, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Аж ахуй эрхлэгчид хамааралтай заалт байна.

Иймд жолооч 3.Б* нь ***УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийж байсан бөгөөд *** боомтоор 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 05 дугаар сарын 02-ны өдөр орж ирсэн 2 удаагийн тээвэр хийж, иргэн н.Б*н, н.С* нараас гурван удаагийн шилжүүлгээр 26.000.000 төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ нь хувь хүмүүсээс ачааны тээврийн зардлыг шилжүүлж авсан байх бөгөөд иргэд хооронд ачаа бараа тээвэрлэхээр харилцан тохиролцож хэлцэл хийж, хэлцлийн үндсэн дээр тээврийн хөлсийг тохиролцож, дансаар шилжүүлэн авч ажил гүйцэтгэсэн. Иргэний эрх зүйн иргэд хоорондын харилцаа үүссэн байхад Зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

Мөн тухайн тээврийн хэрэгслээр хэдэн удаа, ямар тээвэр хийснийг шалган тогтоогоогүй жолооч нарын дансанд мөнгө шилжсэн байна гэх байдлаар арга хэмжээ авсан нь хууль бус, Эрээн хотоос 1 тонн ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг хэдэн төгрөгөөр тээвэрлэдэг болох үнийн тарифыг нарийвчлан тогтоогоогүй, хэдэн төгрөгөөр ачдаг талаар зэх зээлийн судалгаа хийж тээврийн зардлыг хэн өсгөсөн болох талаар шалган тогтоогоогүй. Мөн тээврийн зардал өссөнөөр Монголын зах зээл Улаанбаатар хотод аль эсвэл аймаг суманд нарийн ногооны хангалт муудаж, үнэ өссөн тухай баримт хэрэгт авагдаагүй, шалгаагүй, үнэ өссөнөөс болж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх аудитын дүгнэлт аль эсвэл гомдол, санал ирсэн талаар баримт байхгүй.

Жолооч нар нь тээврийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд нэгэнт авто машиныг Хятадын хил рүү оруулахгүй цөөн тооны тээврийн хэрэгсэл явж байсан. Хүнсний ногоо нь амархан мууддаг тул ногоо болон ачааны эзэд нь өөрсдөө үнээ хэлж бараагаа ачуулж тээврийн хэрэгслийн дугаарыг өгч ачуулдаг тул харилцан тохиролцож үнийг тогтоосон.

Мөн тээврийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл улс хоорондын тээвэр хийж байгаа зэрэг онцгой нөхцөл шалтгаантай. Нэг машин нь хэдэн тонн ачаа тээвэрлэсэн тэр ачаа нь зах зээлийн ханшаар тээврийн зардал нь хэдэн төгрөг болсон үүнээс үнэ өсгөж тээвэрлэсэн нь хэдэн төгрөг болох түүний хууль бусаар олсон ашиг нь хэдэн төгрөг болов гэдгийг шалган тогтоогоогүй, ачааны зардалд шилжүүлсэн бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

***ын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаартай "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгад БНХАУ-ын талаас КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаас хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тавьж, өдөрт нэг талдаа 100 тээврийн хэрэгсэл буюу энгийн үетэй харьцуулахад 2-3 дахин бага тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээвэр гүйцэтгэхэд Шаргын-овооноос Замын-Үүд, Замын-Үүдээс хилийн 0 цэг, хилийн 0 цэгээс гаалийн хашаа, Гаалийн хашаанаас Эрээн хот хүртэл гэх 4 шат дамжлагыг дамждаг.

2. Хилээр нэвтрэх дараалал, тээвэр гүйцэтгэх олон шат дамжлага зэргээс шалтгаалан нэг тээврийг дунджаар 22-23 хоногт гүйцэтгэдэг.

3. Тээврийн үнэ хөлсний хувьд Шаргын-овоонд 15 хоног тусгаарлалтад байрлах байр, хоолны зардал, хилийн 0 цэгээс машин хүлээн авч буй жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд нийт 2.900.000 төгрөг зарцуулж байна.

4. Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага, нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100 % жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна гэж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгадаа 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн талаар тогтоосон дүгнэлт гаргасан.

Иймд жолооч З.Б* миний бие Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл “Өрсөлдөөний тухай хууль зөрчих”, 4.7-д заасан зөрчил гаргаагүй, мөн үнэ өсгөх асуудал нь надаас шалтгаалаагүй, огт хамааралгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д зааснаар ***ын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “...Тээврийн хөдөлгөөн хааж улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй жолооч нар уруугаар ашиглаж, импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдлөөс шалтгаалан нарийн ногооны нийлүүлэлт багасаж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон эсэх талаар шалгасан. Зөрчлийн хэрэг дотор өнөөдөр ямар аж ахуйн нэгж эрхлэгч хэнийг хохироосон талаар хохирогчоос авсан мэдүүлэг байдаггүй. Хилээр нэвтрэх дараалал болон тээвэр хэрэгслийн олон шат дамжлагаас болоод нэг тээврийн хэрэгсэл 22 хоногоос 23 хоног, хилийн 0 цэгээс машин хүлээж авах хүртэл жолоочийн хөлс гэх мэт зардал нэмэгдсэн. Хятадын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог. Энгийн үетэй харьцуулахад 3-аас 5 дахин бага буюу нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж, тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж байгаа учир эвдрэл гэмтэл их бөгөөд засварын зардлыг 100 хувь жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд холбогдогчийн талаар зохицуулсан байдаг. Энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүн, хуулийн этгээд байхгүй. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасны дагуу 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.” гэж тус тус заасан. Гомдол гаргагчийн талаар үнэ өсгөсөн гэх материал байхгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар торгосон. Энэ хүн тээвэр хийсэн үү? гэвэл хийсэн. Тээврийн хариуд ачааны эзэн мөнгөө шилжүүлсэн. Хэрэглэгчийн хооронд ямар нэгэн маргаан гараагүй. Өрсөлдөөний тухай хуулиар шалгаж тогтоосон зүйл байхгүй. *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг хууль бусаар орлого олсон гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Э.Э*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “**ын 1/***дугаартай удирдамжийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд Хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар тогтоогдсон “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, 04 дүгээр сарын 07-ны өдрөөс БНХАУ-ын талаас Монгол Улсаас өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгааг улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд нэмэлт нотлох баримт бүрдүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

З* овогтой Б* нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасныг зөрчсөн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон тул хууль бусаар олсон орлого болох 26.000.000 төгрөгийг хурааж, хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрөх үндэслэл: Маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаартай шийтгэлийн хуудсыг ***ын улсын ахлах байцаагч П.Н*, улсын байцаагч Э.Э* нар оногдуулсан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэж заасны дагуу *** нь хариуцагч биш юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалд гомдол гаргагчаас авсан мэдүүлэг авагдсан байгаа. Хувь хүн машинтай явах хэцүү байдаг тул компани дээр бүртгэлтэй, нэрээ шилжүүлээгүй гэх тайлбар өгдөг. Холбогдогчийн талаар хуульд тодорхой заасан. Хөл хорооны үеэр нарийн ногооны үнэ маш их өссөн. Хохирогчийн хувьд нэг бүрчлэн тогтоох боломж байхгүй. Үүнийг хохирогч байхгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Автомашин засварын тухайд жолооч нараас авсан тайлбар байдаг. Жолооч нар миний машин эвдэрдэг учраас эвдрэл гэмтлээ засдаг. Хөлсөө дуслуулаад тээвэр хийж байгаа хүн засварын мөнгийг нэмж шаарддаггүй. Энэ бол үндэслэлгүй. Манай байгууллага нэг талдаа өрсөлдөөний нөгөө талдаа хэрэглэгчийн эрхийг хамгаалдаг байгууллага. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл “Өрсөлдөөний тухай хуулийг зөрчих” гэж заасан. Гомдол гаргагчийг худалдааны арга хэрэглэн үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Өндөр үнэ тогтоохыг хэрэглэгчийг хууль бусаар хохироох арга гэж үздэг. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр З.Б*аас *, улсын байцаагч Э.Э* нарт холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

***ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч П.Н*, улсын байцаагч Э.Э* нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ***тоот шийтгэлийн хуудсаар “З.Б*г Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан ... зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэж 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж 26,000,000 төгрөгийн хууль бус орлогыг хурааж” шийдвэрлэжээ[1].

            Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад З.З* нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ***УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэл тээвэр хийхдээ нэр бүхий иргэнээс 26,000,000/хорин зургаан сая/ төгрөгийн хөлс авсан[2], үүнээс 16,000,000 төгрөгийг н.Т* гэх БНХАУ-ын иргэнд иргэн н.З*ийн дансаар дамжуулж буцааж шилжүүлсэн болох нь З.Б*ийн дансны хуулга болон өөрийнх нь гаргасан тайлбараар[3] нөхцөл байдлууд тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

            Харин гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс ***тоот шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг эс зөвшөөрч гомдлын үндэслэлээ “тээврийн хэрэгслийн жолооч нь аж ахуй эрхлэгч биш бөгөөд харилцан тохиролцож хийсэн тээвэр хийсэн, түүнчлэн хохирогч байхгүй байхад хэрэглэгчийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэсэн гэж үзэж шийтгэл ногдуулсан нь хууль бус болсон” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Зөрчилд холбогдогч нь хэт өндөр үнээр тээвэрлэлт хийснээ хүлээн зөвшөөрсөн тул шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн.

              Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүн”-ийг аж ахуй эрхлэгч гэж тодорхойлжээ.

              Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ***улсын дугаартай ***FH12-***маркийн автомашин нь “***” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч бодит байдал дээр уг тээврийн хэрэгслийг иргэн З.Б* эзэмшдэг бөгөөд тээвэрлүүлэгч нь тээврийн хөлсийг “****” ХХК бус иргэн З.Б**ийн дансанд төлсөн болох нь түүний өөрийнх нь болон “****” ХХК-ийн захирал Г.Т*ын, мөн гэрч н.Б*ны мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

              Дээрхээс үзвэл, хариуцагч улсын байцаагч нар нь 2021 оны 06 дугаар сарын 15 –ны өдрийн ***дугаартай тогтоолоор З.Б*г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасантай нийцсэн байх тул “хувь хүн нь аж ахуйн эрхлэгч биш гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй.

              Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасан байх ба 11.2-т зааснаар “Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) -ийг дэмжиж оролцохыг хориглоно” гэж тус тус заажээ.

              Хуулийн дээрх зохицуулалт болон гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “З.Б*ийн тээврийн хөлсөнд авсан 8,000,000 төгрөг нь “Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн хөлс бөгөөд БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд сум хүртлэх тээвэрлэлтийн хөлсийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт өвөр монгол иргэдтэй хэрхэн тохиролцож байгааг бид мэдэхгүй”  гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, З.Б* нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох замаар тээвэрлэлтийг хязгаарласан зөрчлийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй мөн зүйлд заасан “хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан байна.

              Өөрөөр хэлбэл, жолооч З.Б* нь коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хязгаарласан нийтэд илэрхий үйл баримттай холбоотойгоор тээвэрлүүлэгчийн өрсөлдөх чадвар байхгүй болсон нөхцөл байдалд БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хөлсийг 2,200,000 орчим төгрөгөөс 26,000,000 төгрөг болтол өсгөх хэлцэлд дэмжиж оролцохгүй байх үүргээ биелүүлэлгүйгээр уг хэлцлийг хүлээн зөвшөөрч тээвэрлүүлэгчээс төлсөн тээврийн хөлс болох 26,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг “****” гэсэн гүйлгээний утгатайгаар ***тоот дансанд буцаан шилжүүлсэн байх тул өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн картель байгуулсан буруутай гэж үзнэ.

 

              Иймд гомдол гаргагч талын “иргэний эрх зүйн хэлцэл байгуулагдсан бөгөөд хэлцлийг БНХАУ-ын иргэд хийсэн байхад шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

              Гэвч хариуцагч улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслээгүйн дээр жолооч З.Б* нь коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хязгаарлахаас өмнөх БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хөлснөөс 10 дахин, тухайн үеийн бодит зардал/2,900,000 төгрөг/-аас 8,9 дахин өсгөсөн үнээр тээвэрлэлтийг гүйцэтгэж хэрэглэгчийн хохироосон байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ... шийтгэл оногдуулах” зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

              Тодруулбал, коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд боомтоор цөөн тооны тээврийн хэрэгсэл хилээр нэвтрүүлж ачаа тээвэрлэх болсон нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэглэгч болох тээвэрлүүлэгчид нь өндөр үнэтэй тээвэрлэлт хийлгэхээс өөр аргагүйд хүрч хохирсон болох нь ***т болон Монгол Улсын Засгийн газрын иргэдтэй харилцах төвийн *** дугаарын утсанд нэр бүхий иргэд, хуулийн этгээдээс гомдол гаргасан, мөн тээврийн хөлс төлсөн байдлаар тогтоогдож байх тул “зөрчилд хохирогч байхгүй” гэх агуулга бүхий гомдлыг үндэслэлгүй.

              Мөн Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн “Тайлбар хэсэгт “Зөрчилд үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгө, тэдгээрийн түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгох”-оор заасан байх ба маргаан бүхий шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр тогтоосон 26,000,000 төгрөг нь хэрэглэгчээс бүхэлдээ төлөгдсөн байх тул гомдол гаргагчийн “ачаа тээвэрлэхэд гарсан зардлыг хасалгүйгээр нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг тогтоосон буруу” гэх гомдол үндэслэлгүй байна.

              Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, иргэн З.Б*** нь Өрсөлдөөний тухай хуулиар тодорхойлсон аж ахуй эрхлэгч мөн бөгөөд хэт өндөр үнээр тээвэрлэлт хийсний улмаас хэрэглэгч хохирсон болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх тул улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн ... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлогыг хураахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

              Иймд З.Б***аас гаргасан ***ын улсын ахлах байцаагч П.Н*, улсын байцаагч Э.Э* нарын “2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                  

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан З.Б*аас гаргасан “***ын улсын ахлах байцаагч П.Н*, улсын байцаагч Э.Э* нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 10 дахь талд

[2] Хавтаст хэргийн 100 дахь талын ард

[3] Хавтаст хэргийн 93 дахь талд