Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт Эрдэнийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* хүчний ******* дугаар ангид засварчин ажилтай, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын дүгээр () баг, Сити такси байрны 2-3 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пк98**************13.

Холбогдсон хэргийн талаар:

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго шүүгдэгч Э.*******г “2022 оны 12 дугаар сарын 12-ны 23 цагийн үед аймгийн сумын 08 дугаар (Наран) багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Батбаяртай харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хохирогч Г.Батбаярын “2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 23 цагийн үед Итгэл бааранд баз болох Төгөлдөрийн хамт сууж байгаад тухайн баарнаас гарах гэтэл Итгэл баарны гадна талын үүдэн хэсэгт танихгүй залуу намайг барьж аваад миний толгой болон нүүр рүү цохиод байсан. Мөн намайг газарт унагаад дээрээс дэвссэн. ...Миний толгой руу гараа атгаж байгаад гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Зүүн талын хөмсөг язарсан тул боолт хийлгэсэн, толгой бага зэрэг өвдөж байна өөр өвдөж байгаа зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас);

- Итгэлт баарны хяналтын камерт үзлэг хийсэн “...Итгэл баарны гадна талын үүд хэсгийг харуулсан 5 бичиглэлтэй хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд 2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 22 цаг 57 минут 18 секундэд өнгө нь тодорхойгүй бараан өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хагас түрийтэй гуталтай, махлагдуу биетэй эрэгтэй хүн цагаан өнгийн малгайтай, бараан өнгийн цамцтай, хар өнгийн түрийтэй гуталтай туранхайдуу эрэгтэй хүн, саар өнгийн малгайтай куртиктэй, бараан өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай эмэгтэй хүн хоорондоо нэгнийгээ татаж түлхэлцсэн байдалтай бичлэгт харагдах бөгөөд цагаан өнгийн малгайтай, бараан өнгийн цамцтай, хар өнгийн түрийтэй гуталтай, туранхайдуу эрэгтэй хүн, саарал өнгийн малгайтай куртиктэй бараан өнгийн өмдтэй цагаан өнгийн гуталтай эмэгтэй хоёр хүн бараан өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хагас түрийтэй гуталтай, махлагдуу биетэй эрэгтэй хүнийг цохиж татаж газарт унагаахад уг хүн босож ирээд цагаан малгайтай эрэгтэй хүнтэй заамдалцаж аваад харилцан нэгнийгээ цохиж байхад саарал өнийн малгайтай куртиктэй бараан өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай эмэгтэй хүн махлагдуу биетэй эрэгтэй хүнийг өшиглөхөд нөгөө хүн нь буцаагаад эмэгтэйг түлхэж тухайн эмэгтэй цементэн хашааг биеэрээ мөргөхөд цагаан малгайтай хар өнгийн хувцастай эрэгтэй хүн махлагдуу биетэй, бараан өнгийн куртиктэй хүнийг цохиход тухайн хүн буцааж нөгөө эрэгтэйг 2-3 удаа толгойгоороо нүүр рүү нь мөргөхөд цагаан малгайтай эрэгтэй хүн дахин буцааж тухайн хүнийг цохиход бараан өнгийн махлагдуу биетэй эрэгтэй хүн цагаан малгайтай эрэгтэйг газарт унагааж нүүр хэсэгт нь 5-6 удаа цохиж байгаа бичлэг байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас);

- Гэрч Т.Төрбатын “2022 оны 12 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед 7 дугаар сургуулийн ойролцоо эхнэр бид хоёр Г.Батбаяртай уулзсан. Бид нар тэндээсээ Итгэл төв ороод Соёрхол нэртэй 0.75 литрийн архи нэг шил аваад бид гурав хувааж уучхаад дахиад хоёр, хоёр шил пиво авсан. Архи, пивоо ууж дуусчхаад тухайн баарнаас эхлээд Г.Батбаяр гарсан, хойноос нь би гарсан. ...Г.Батбаяр нэг хүнтэй маргалдаад зодолдож байхаар нь Г.Батбаярыг зодож байгаа хүнийг очоод татаж салгаад Г.Батбаярыг аваад явах гэсэн чинь үгэнд орж явахгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);

- Шүүгдэгч Э.*******н гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2 найзтайгаа уулзаад Хараа нэртэй 0.75 литрийн архинаас 2 шилийг уусан. Оройхон Итгэл нэртэй бааранд орсон ба түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Итгэл баарны бичлэгийг үзэхэд баар хаах үеэр тухайн баарны гадна талд 1 эмэгтэй, 2 залуутай би маргалдаж байгаад сүүлдээ нэг залууг нь цохиж байгаа бичлэг үзсэн. Тухайн залууг бол урьд өмнө харж байгаагүй танихгүй залуу байна. Камерын бичлэг дээр байгаа нэг залууг зодож цохиж байгаа хүн нь би мөн байна. Хэрүүл маргаан юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Камерын бичлэг дээр бол хэрүүл маргааныг тэр эмэгтэй болон надаар зодуулж байгаа залуу 2 эхлүүлж байх шиг байна. Бусдаар бол яг хэн эхлүүлсэн яагаад хэрүүл маргаан зодоон болсныг сайн санахгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын биед гэмтэл учруулсан миний буруу гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Э.******* согтуурсан үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны 23 цагийн үед аймгийн сумын 08 дугаар (Наран) багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” бааранд хохирогч Г.Батбаяртай үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдсон болох нь нотлогдож байна.

1.2. Хохирогч Г.Батбаярын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13 дугаартай “...Г.Батбаярын биед баруун шанаа хэсгийн шарх, баруун нүдний дээд доод зовхи, хамрын уг хэсгийг хамарсан цус хуралт, духны баруун дээд хэсгийн зулгаралт, хамрын дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Г.Батбаярын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19  дүгээр хуудас);

- Шүүгдэгч Э.*******н биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 27 дугаартай “...Э.*******н биед зүүн чамархайн урд дээд хэсгийн зулгаралт, духны дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. ...Э.*******н биед учирсан дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч хохирогч нар харилцан зодолдсоны улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогджээ. Харин шүүгдэгч Э.*******н биед гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна.

Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Э.******* согтуурсан үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны 23 цагийн үед аймгийн сумын 08 дугаар (Наран) багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” бааранд хохирогч Г.Батбаяртай харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчтой харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), шүүгдэгч Э.*******н “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын биед гэмтэл учруулсан миний буруу гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүнээс уучлалт гуйсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон биеийн байцаалт зэргээр шүүгдэгч Э.******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, ******* хүчний ******* дугаар ангид засварчин ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн газар харилцан зодолдож, нэгнийхээ биед гэмтэл учруулжээ. Шүүгдэгчийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй буюу хохирол учруулаагүй тул хохирогч Г.Батбаярын үйлдэл Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх зөрчлийн шинжтэй байна. Тодруулбал энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Шүүгдэгч нь олон нийтийн газар үл ялих зүйлээр шалтаглан хохирогчтой зодолдон танхайрч уг гэмт хэргийг үйлдсэн байх тул үүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан ойлгоно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын аль нэгийг оногдуулахаар заажээ.

Яллах болон өмгөөлөх талууд ялын төрлийн хувьд санал зөрөөгүй тул шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан ялын хэмжээг багасгаж оногдуулах үндэслэлтэй. Тодруулбал шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.2. Харин улсын яллагчийн гаргасан “...түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй.

Учир нь шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Тогтмол орлого гэвэл цалин байгаа, сарын дундаж цалин 850’000 төгрөг” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) торгох ялыг биелүүлэх боломжтой болох нь тогтоогдож байна. Иймээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хугацааг тогтоож, хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

3.3. Мөрдөгч 2023 оны ******* дүгээр сарын -ний өдөр шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 53 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Г.Батбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл болон гаргаж өгөх хохирлын баримт байхгүй” гэж (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) мэдүүлсэн байх тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ. Хохирогч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй нь шүүгдэгчийг гэмт хэргийн учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй болохгүй болно.

5. Мөрдөгч Итгэлт баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, улмаар уг бичлэгийг сиди дискт бэхжүүлж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас) хэрэгт хавсаргасан байна. Уг Итгэлт баарны хяналтын камерын бичлэгийг агуулсан сиди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй. Мөн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт Эрдэнийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сиди дискийг хэргийн хамт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА