Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

 

 

  2023           02          17                                   2023/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Ч-н Б-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***”-д засварчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ******* тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, *** дугаар гудамжны ***** оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:****/, Т овогт Ч-н Б.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, “**” төвийн хойд уулзвар замд “Т” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн III. “Гэрэл /хориглосон дохиогоор жолооч <Зогс шугам> /1.11 тэмдэглэл буюу 5.32/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана/ зогсоно мөн дүрмийн 10.15. уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч  С.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Б-ийн “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

Мөн хавтаят хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

  • Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн
    1. дахь тал/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Н-ы хохирогчоор өгсөн: “...тухайн өглөө 7 цаг өнгөрч байхад “**” төвийн хойд гэрлэн дохиотой уулзвараар баруунаас зүүн тийш зам хөндлөн гарах гээд явж байсан бөгөөд явган хүний гэрлэн дохиотой гарц дээр ирэхэд улаан өнгийн гэрэл асаж байсан.  Тэгээд ногоон гэрэл асахыг нь хүлээж байгаад асахаар нь гарцаар зүүн тийш гарахаар алхаж явахад явган хүний гарц өнгөрөөд зогсож байсан машин ухрах үйлдэл хийгээд миний баруун талаас мөргөсөн. Би машинд мөргүүлээд газар унасан бөгөөд жолооч нь бууж ирээд миний биеийн байдлыг асуугаад Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Одоо миний биеийн байдал тогтвортой байгаа. Ослын улмаас нуруу хугарсан, одоо өвчин байхгүй... Миний эрүүл мэндтэй холбоотой надаас гарсан зардал байхгүй.  Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь  тал/,

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Д.А-н

иргэний хариуцагчаар өгсөн:

            “...Т маркийн **** улсын дугаартай автомашин манай байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн... Манай байгууллагын автомашинд хохирол учраагүй. Нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй... Манай байгууллага Т маркийн ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч бүртгэлтэй боловч гэрээний дагуу одоо эзэмшиж байгаа эзэмшигч нь бусдад учирсан хохирлыг хариуцах заалттай учир манай байгууллагын зүгээс бусдад учирсан хохирлыг хариуцахгүй...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай ...С.Н-ы  биед  бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- Авто тээврийн Үндэсний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, автомашины хурдны хайрцагны ажиллагаа, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгал зэрэг стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэлтэй эд, анги байхгүй байна, хол, ойрын гэрлийн тусгал нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Уг тээврийн хэрэгсэлд осол гарахад нөлөөлсөн гэх эвдрэл, гэмтэл байхгүй байна, автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй, урд, хойд тэнхлэгийн дугуй тоормос ажиллагаа нь хэвийн мөн зогсоолын тоормос хэвийн байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна.  Уг тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн MVIS программ дээр шалгаж үзэхэд уг автотээврийн хэрэгсэл нь Монгол улсад 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр импортлогдож орж ирээд 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна...” гэсэн дүгнэлт   /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

-  2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаартай “...Т маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн III. Хориглосон дохиогоор зогсох буюу хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч  <Зогс шугам> /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тий тэмдэг байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана...,/ зогсоно мөн дүрмийн 10.15. Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно. Арав. Хөдөлгөөн эхлэх болон өөрчлөх. 10.1-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтогдож байна.

Явган зорчигч С.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Т маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн III. Хориглосон дохиогоор зогсох буюу хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч  <Зогс шугам> /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тий тэмдэг байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана...,/ зогсоно мөн дүрмийн 10.15. Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно. Арав. Хөдөлгөөн эхлэх болон өөрчлөх. 10.1-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтогдож байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 71-72 дахь тал,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн боловч Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй Т маркийн ****  улсын дугаартай автомашиныг жолоодоод 7 цаг өнгөрч байхад ажил руугаа явж байсан. “Гранд плаза” төвийн арын гэрэл дохиогоор нэвтрэх гээд явган хүний гарц дээр ирэхэд улаан гэрэл ассан. Би тэр үед явган хүний гарц жаахан өнгөрөөд зогсчихсон байсан. Тэгээд баруун талаас ирж байсан автобус сигнал дарахаар нь буцаад ухраад зогсох шугам руу орох гээд ухрах үйлдэл хийгээд хөдлөх үедээ явган хүний гарцаар гарч явсан зорчигчийг мөргөөд газар унагаасан. Би тэр үед машинаа зогсоогоод машинд мөргүүлсэн хүнийг Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нурууны гэмтэлтэй гэж хариу гарсан. Тэгээд Гэмтлийн эмнэлгээс цагдаа руу дуудлага өгсөн... Би хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой 1.000.000 орчим төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 61 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Д-н мэдүүлэг /хавтаст хэргийн  27-28 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.О-н мэдүүлэг /хавтаст хэргийн  29 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, “**” төвийн хойд уулзвар замд “Т” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн III. “Гэрэл /хориглосон дохиогоор жолооч <Зогс шугам> /1.11 тэмдэглэл буюу 5.32/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана/ зогсоно мөн дүрмийн 10.15. уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч  С.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Н-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, Авто тээврийн Үндэсний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай Мөрдөгчийн магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хамааруулна гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ч.Б нь “Т” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь 1395240 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 14 дэх тал/ болох нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-т “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж тус тус заасан байх ба шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, “**” төвийн хойд уулзвар замд “Т” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсныг зам тээврийн осол гаргасан байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирогч С.Н-д нийт 1.200.000 төгрөг төлж барагдуулсан байх боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  90 /ер/ хоногийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч С.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогч С.Н-г энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Б-оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

         Энэ хэргийн улмаас Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ч-н Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч С.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Б-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ