Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/143

 

 

 

 

   2023          02          17                                    2023/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Э-н П-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ** тоотод оршин суудаг гэх, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Б овогт Э-н П /РД:***/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар сургуулийн талбай дээр жагсаж байсан А.Н-ы “Айфон Ар Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.П нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар сургуулийн талбай дээр жагсаж байсан А.Н-ны “Айфон Ар Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 775.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.П-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч А.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 13 цаг 20 минутад үед сургуулийн талбай дээр жагсах гээд явж байсан ба сургуулийн талбай руу ороод алхаж байхад нэг ах гэнэт шахаж алхаад байсан. Тэгэхээр нь би тэр ахаас зайгаа авах гээд тойрч гараад сургуулийн хаалганы тийш найзаасаа салаад явсан. Тэгээд урд хаалганы тэнд очоод зогсож байгаад гар утсаа гаргаж ирэх гээд хувцасныхаа халаас руугаа гараа хийсэн чинь миний гар утас байгаагүй. Тэгэхээр нь би аав, ээж рүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан тул ангийн багшдаа хэлэхэд ангийн багш аав, ээж рүү залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний тайлан: “...I phone XR” /Ай Фоне Икс Ар/ маркийн гар утсыг 775.000 төгрөг гэж тодорхойлжээ. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 29-33 дахь тал/,

Шүүгдэгч Э.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн, надад нэмж ярих зүйл байхгүй, би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...

2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед бага хүү Э-г сургуульд нь хүргэж өгсөн. Тэгээд явж байхад үл таних хүн такси барих гээд зогсож байхаар нь аваад Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ** дугаар дунд сургууль дээр буулгасан. Тэгээд таксины мөнгөө авах гээд хамт ажил руу нь ороод мөнгөө авсан. Сургуулийн гадна талбай дээр үл таних бага насны эмэгтэй хүний халааснаас “Ай Фоне Икс Ар” маркийн гар утсыг хулгайлан аваад “Тэди” гар утасны худалдааны төвийн гадна  үл таних ченжид 150.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явж байгаад цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 52 дахь тал/,

Шүүгдэгч Э.П-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.П-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 42 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч А.Н-ны “...хулгайд алдсан утсыг олж өгсөн. Гомдол, саналгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 76 дахь тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.П-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-н П-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Э.П энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ