Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

 

2023           02          07                                 2023/ШЦТ/159

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Шүүгдэгч, хохирогч Г.Б,

Шүүгдэгч, хохирогч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Буянхишигээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ж нарт холбогдох эрүүгийн 2209000002316 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн хүнд машин механизимч мэргэжилтэй, “Фалкон дрилл” ХХК-д өрмийн мастер ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .........../,

Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамтаар ..............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэх, хэрэг хариуцах чадвартай, .........../.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ерөнхий боловсролын Монгол-3 дугаар дунд сургуулийн орчимд хохирогч Б.М, хохирогч Х.Ж нарын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Х.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ерөнхий боловсролын Монгол- 3 дугаар дунд сургуулийн орчимд хохирогч Г.Быг найзыг маань зодлоо” гэх шалтгаанаар чулуугаар толгой хэсэгт цохиж, түүний биед зулайд шархны сорви бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000002316 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Ц.Буянхишигээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч, хохирогч Г.Баас: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй, өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно, хохирогч нараас мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй, гэхдээ хэрэв мөнгө нэхэмжилбэл төлнө. Миний хувьд хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй саналгүй” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг,

 

Шүүгдэгч, хохирогч Х.Ж: “Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, дахин ийм үйлдэл гаргахгүй. Тухайн үед найзыгаа өмөөрөөд чулуу аваад цохисон. Хохирол төлбөр гэж надаас нэхэмжлээгүй, мөн би хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргажээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ерөнхий боловсролын Монгол-3 дугаар дунд сургуулийн орчимд хохирогч Б.М нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хохирогч Х.Жын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Х.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ерөнхий боловсролын Монгол- 3 дугаар дунд сургуулийн орчимд хохирогч Г.Быг найзыг маань зодлоо” гэх шалтгаанаар чулуугаар толгой хэсэгт нь цохиж, түүний биед зулайд шархны сорви бүхий гэмтэл уүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Б.М “...Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой өөрийн эхнэр Уранбилэг найз Ж, Соёл-Эрдэнэ, Батмягмар, Бат- Амгалан, бас манай найзын найз гээд нэг залуу байсан /нэрийг нь сайн мэдэхгүй байна/. Бид нар “Автоплаза ” төвийн урд талд байдаг “Холливүүд” нэртэй бааранд ороод шөнө 02 цаг өнгөрч байхад гараад явж байхад 3 залуу зам хөндлөн гарч ирээд араас дуудсан. Тэр үед замын хажууд 90-16 УАС улсын дугаартай Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгсэл ирж зогсоод 2 залуу бууж ирсэн. Тэгээд тухайн хүмүүс намайг зодсон чинь манай найз Ж намайг өмөөрсөн чинь манай найзыг бас зодсон. Тухайн үед манай бусад найзууд явчихсан байсан. Би тухайн хүмүүсийг танихгүй өмнө нь харж байгаагүй. Анх бааранд орсны дараа нэг урт үстэй залуутай нь текин дээр таарсан юм. Тухайн үед манай найз Жыг “яасан, яагаад муухай хараад байгаа юм” гээд тэр хоёр маргалдаж байсан. Намайг бааранд бүжиглэж байгаад буцаад ширээ рүүгээ явж байсан чинь манай найзтай муудалцаад байсан урт үстэй залуу миний хувцаснаас татаад “муухай хараад байгаа юм уу” гэхээр нь би уурлаад “яасан гээд байгаа юм” гээд тэвэрч аваад бүжгийн талбай руу шахаад орсон чинь манай найзууд салгасан юм. ...Би эхнэр Уранбилэг, найз Ж, түүний 2 найз, ингээд бид 5 байсан, биднээс Ж нь ганцаараа үсээ будсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 18 дугаар тал),

-Хохирогч Х.Жын “...Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз М, Бат-Амгалан, Соёл-Эрдэнэ нартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” нэртэй бааранд ороод 02 цаг өнгөрч байхад баарнаас гараад 3 дугаар сургууль руу зам хөндлөн М, Соёл-Эрдэнэ, М эхнэр Уранбилэг нарын хамт гараад явж байхад 90-16 УАС улсын дугаартай машин ирж зогсоод 2 залуу буугаад ирсэн. Тэр үед замын эсрэг талаас бас 3 залуу гарч ирээд шууд барьж аваад манай найз Мөнх-Эрдэнийг зодсон. Тэгэхээр нь би өмөөрөөд газраас чулуу аваад шидсэн чинь оноогүй, тухайн хүмүүс намайг зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26 дугаар тал),

-Гэрч М.Нгийн “...тэнд Б ах цагаан куртиктэй үсээ хусуулчихсан залуу бас шар үстэй залуу хоёрыг хувцаснаас нь барьчихсан байсан. ...шар үстэй залуу газар байсан шатны плита аваад Б ахын урд талаас толгойны зүүн дээд хэсэгт нь цохисон. Тэгээд Б ахын толгойноос цус гараад байсан. Б ах тэр шар үстэй залууд толгой руугаа цохиулчхаад зөрүүлээд нүүр рүү нь цохисон чинь ухаан алдаад уначихсан. ...намайг харж байхад Б ах тэр хоёр залууг цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “...1.Х.Жын биед хамар ясанд хугарал, дух, зүүн чамархай, зүүн нүдний зовхи, хүзүү, зүүн эгэм, баруун алга, баруун сарвууны 2-р хуруу, цээжинд зулгаралт, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, чамархай, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх 14907 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “...1.Б.М биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэм, зүүн чамархай, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, хамар, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 14909 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “...1.Г.Бын биед зулайд шархны сорви тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 16469 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

-Хохирогч Г.Бын “Би он cap өдрийг сайн санахгүй байна, дүү нар болох Бямбадорж, Н нарын хамт Холливүүд бааранд ороод байж байхад Бямбадорж нь тэнд байсан залуучуудтай муудалцаад нэг залуу нь Бямбадоржийг барьж аваад барилдаад газар унагаах гээд үзээд байсан. Тэгээд тэндээ тэр хүмүүстэй учраа ололцоод эвлэрээд гарсан. Шөнийн 02 цагийн орчим баарнаас гарч ирээд явах гэж байхад тэнд маргалдсан залуучууд хэл амаар доромжилсон. Тэгээд миний уур хүрээд тэр хоёр залууг барьж аваад алгадсан. Тэгсэн шар үстэй залуу нь гантиг чулуугаар миний толгой руу цохиж толгой хагалсан. Тэгээд би уурлаад тэр 2 залууг ахиж алгадсан. Тэр хоёр залуутай хамт явж байсан эрэгтэй эмэгтэй хоёр нь байхгүй яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Г.Б нь хохирогч Х.Ж, Б.М нарын хамрыг гараараа цохиж хугалсан, шүүгдэгч Х.Ж нь хохирогч Г.Бын толгойн тус газарт чулуугаар цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч нарын биед, шүүгдэгч Х.Ж нь хохирогч Г.Бын биед халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хэн алиных нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Тиймээс шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирогч Б.М гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 140,000 төгрөгийг, хохирогч Х.Ж гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 290,000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч Г.Бын зүгээс нөхөн төлсөн болох нь хохирогч нарын хавтаст хэрэгт хавсарган өгсөн хүсэлтүүдээр (хавтаст хэргийн 88-89 дүгээр тал) нотлогдож байна. Харин хохирогч Г.Б нь хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн, баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Х.Ж нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “Шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг”, шүүгдэгч Г.Б “торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэж, шүүгдэгч Х.Ж “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон /хоёр хүний/ үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

Харин шүүгдэгч Г.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бол шүүгдэгч Х.Жаас хохирогч Г.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй тул дээрх “хохирол нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 төгрөгөөр торгох ял, Х.Жт 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоогч, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч Х.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, шүүгдэгч нарын эдлэх ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллах үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нарт торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жыг 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Х.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.        

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН