Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Э-т холбогдох 2316000000007 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Х овогт Р-н Э.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Э-н согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны ***** тоотод “...гэрт шүлсээ хаялаа...” гэх шалтгаанаар хохирогч Д.Б-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүгдэгч Р.Э нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны ****** тоотод “...гэрт шүлсээ хаялаа...” гэх шалтгаанаар хохирогч Д.Б-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл учруулсан болох нь:

1. Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 12 сарын 29-ний өглөө Б гэх залуутай таараад 0.75 литрийн архи хувааж уугаад дахиж дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад андууд рестораны орчим явж байгаад Э-тэй таараад тэднийд бөх үзэх зорилгоор очоод 0.75 литрийн архи хувааж уусан. Архи хувааж ууж дуусчихаад би шүлсээ хаяхад Э уурлаад “...чиний инженер гэж юу байдаг юм бэ...” гээд уурлаад байсан. Энэ үед Б бие засах гээд гарахад Э намайг заамдаж аваад газарт унагаагаад 2 удаа нүүр лүү цохисон... Б гаднаас орж ирээд салгасан... Би Э-н гэрт байхдаа архи их уусан болохоор санамсаргүй шүлсээ хаячихсан юм. Тэрнээс болж уурлаад маргаан эхэлсэн...Надад Э эмчилгээний зардал 500,000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 8 дугаар тал/

2. Гэрч  Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 сарын 29-ний өглөө Б гэх хүнтэй таараад 0.75 литрийн архи хувааж уугаад дахиж дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад Андууд рестораны орчим явж байгаад Э-тэй таарсан. Тэднийд бөх үзэх гээд очоод 0.75 литрийн архи хувааж уусан. Архи хувааж ууж дуусахад бид нар нэлээн согтсон. Э Б-г “...гэрт шүлсээ хаялаа...” гэж уурлаад “...чиний инженер гэж юу байдаг юм бэ...” гээд маргалдаад байсан. Би тэр үед бие засчихаад буцаж орж ирэхэд Э, Б-г газарт унгаачихсан хамраас нь цус гаргачихсан байж байхаар нь салгасан... Би Б-г хэн цохиж зодсоныг хараагүй бие засахаар гараад буцаж орж ирэхэд Б газарт уначихсан хамраас нь цус гарчихсан Э түүний дээр байж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13 дугаар тал/

3. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай “...1. Д.Б-н биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 20-21  дүгээр тал/

4. Шүүгдэгч Р.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би тухай өдөр Андууд рестораны үүдэн дээр Б, Б хоёртой 11 цагийн орчим таарсан. Тэгээд манай гэрт очиж бөх үзэхээр болж манайд очиход нэг шил архи Б, Б хоёр гаргаж ирээд хувааж ууж дууссан. Б гэрт шүлсээ хаяад байхаар нь “...чи болиоч чиний инженер гэж юу байдаг юм...” гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Б бие засах гээд гараад явсан. Тэр хооронд Б бид хоёр барьцалдаж аваад би Б-г заамдаж авч газарт унагаагаад гараараа хамар орчим 2 удаа цохисон. Тэгэхэд Б-н хамраас цус гарч эхэлсэн. Б орж ирээд салгасан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардал 500,00 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч Р.Э-н дээрх үйлдэл нь хүний биед санаатай халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дугаар тал/, хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад Э эмчилгээний зардал 500,000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг.           /хавтаст хэргийн 8 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.Э-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2  дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Р.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор “...500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ...” санал гарган яллагдагч хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол 500,000 (таван зуун мянга) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Х  овогтой Р-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Э-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 500,000 (таван зуун мянга) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА