Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 465

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00465

 

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03059 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.У-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.У-тэй 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 2 capын хугацаатайгаар, сарын 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон.

Уг гэрээний мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэвч Д.У- нь зээлж авсан мөнгөө хугацаанд нь төлөөгүй.

Иймд Д.У-ээс зээлийн гэрээний үндсэн зээл 4 000 000 төгрөг, төлөөгүй хүү 1 200 000 төгрөг, алданги 2 600 000 төгрөг, нийт 7 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Д.У- нь нэг удаа надад 200 000 төгрөг өгсөн тул үүнийг хүүгээс хасаж тооцон, нийт 7 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Б-аас 4 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцож, 2016 оны 05 сард мөнгийг дансаар хүлээж авсан нь үнэн.

Тухайн үед миний бизнес хэвийн үргэлжилж байсан бөгөөд 2016 оны 6 сард бизнес маань зогсож, хүүгээ ч өгч чадаагүй. Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрт байсан 200 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.

2016 оны 11 сараас миний ээж хүндээр өвчилж, удаа дараа эмчилгээний мөнгө гарч байсан ба 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд хагалгаа эмчилгээний төлбөр 15 000 000 төгрөгийг одоогоор би төлж байгаа.

С.Б-тай 2017 оны 8 сард уулзалдаж зээлийн гэрээг бичгээр нөхөж хийсэн юм. Би Болдбаатараас зээлдсэн үндсэн зээл 4 000 000 төгрөг, тохирсон 2 сарын хугацааны хүү 1 200 000 төгрөгийг л төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

С.Б- нь хүүнээс алданги нэмж тооцож надаас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд миний хүлээн зөвшөөрч байгаа үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүүнд 1 000 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөгийг нэмж тооцуулаад нийтдээ 6 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Удаасан учраас 500 000 төгрөг нэмж төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.У-ээс 7 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-ээс 134 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Би иргэн С.Б-аас 4 000 000 төгрөг зээлж авсан ба гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүүний үлдэгдэл 1 000 000 төгрөг байсан бөгөөд алдангийг хүү оруулсан дүнгээс бодсоныг эс зөвшөөрч байна.

Мөн зээлийн гэрээнд сарын хүүг 15 хувиар хэдийгээр тохирсон боловч мөнгө зээлж авсан цаг хугацаанд ажил маань зогсож, ээж минь өвдөж, эмчилгээний төлбөрөөс гадна онош тогтоогдохгүйн улмаас Сонгдо эмнэлэгт онош тогтоолгохоор шинжилгээ өгөн хэвтүүлэхэд яаралтай хагалгааны асуудал гарч улмаар хагалгааны дараа нас баран 15 000 000 төгрөгийн төлбөр үүссэн зэрэг нөхцөл байдлуудыг зээлдэгч С.Б-т мэдэгдэж байсан ба яалт ч үгүй үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Д.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч С.Б- нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Д.У-т 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, хариуцагч нь мөнгөн хөрөнгийг бодитойгоор хүлээн авсан үйл баримтын хувьд талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Талууд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэх бичгийн баримт байгаа боловч уг баримтын ар талд “4 000 000 төгрөгийг Д.У-т 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн” гэх тэмдэглэл үйлдсэн байх тул зээлийн гэрээг хожим буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бичгээр байгуулсан гэж үзнэ. Иймд зээлийн хүүг хариуцагч төлөх үүрэгтэй ба мөнгөн хөрөнгө авснаас хойш жил гаран хугацааны дараа гэрээг бичгээр байгуулж, зээлийн хүүд сарын 15 хувийн хүү 2 сарын хугацаагаар төлөхөөр тохиролцсоныг илт өндөр хүү гэж үзэхээргүй байна.

 

            Хариуцагчийн үүргийг тодорхойлбол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 200 000 /4.000.000Ч15%Ч2сар/ төгрөгөөс төлөгдсөн 200 000 төгрөгийг хасаж тооцвол 5 000 000 төгрөгийн үндсэн үүргийн үлдэгдлийг хариуцагч төлөх үүрэгтэй болно.

 

Талууд анх зээлийн гэрээг аман хэлцлээр байгуулахдаа алдангийн талаар тохиролцоогүй бөгөөд сүүлд гэрээг нөхөн бичгээр байгуулахдаа гэрээний 4-т “хоног тутам 0.5 хувийн алданги тооцох”-оор заасан байна. Уг зээлийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр огноолсон боловч хариуцагч нь зээлийн гэрээний ар талд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөн 4 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар бичсэн зэрэг нөхцөл байдлаас уг алданги төлөх тохиролцоо бүхий гэрээг байгуулсан өдөр тодорхой бус байна. Иймд хариуцагчид зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж хүлээлгэх нэмэлт үүргийг тооцож эхлэх хугацаа тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэвэл зохих хугацааг тодорхойлох боломжгүй байх тул алдангийн талаарх тохиролцоо хийгдээгүй гэж үзэв. Гэвч хариуцагч алдангид 1 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн уг тайлбарын хэмжээнд 1 500 000 төгрөгийн алдангиийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт иргэний эрх зүйн диспозитив зарчимд харшлахгүй.

 

            Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5 000 000 төгрөг, алдангид 1 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03059 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын “7 500 000” гэснийг “6 500 000” гэж, “1 300 000” гэснийг “1 100 000” гэж,

2 дахь заалтын “139 750” гэснийг “118 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА