Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 86

 

А.М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0301/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.А-жаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                     Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч              Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

         Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолтой, А-ын М-ад холбогдох, 1918004100333 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай Б- овогт А-ын М-.

Шүүгдэгч А.М- нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 7 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Г.Э-ы эзэмшлийн 95-14 ДАХ улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Наран” хотхоны 1 дүгээр байрны зүүн талд байрлах автомашины зогсоолоос иргэн Н.Х-гийн эзэмшлийн 58-63 ДАХ улсын дугаартай “Ноnda Fit” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт А-ын М-ыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч А.М-ыг 656 /зургаан зуун тавин зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч А.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцож 200 цагийн ял эдэлсэнд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 456 /дөрвөн зуун тавин зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 264 цагийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорин/ цагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч А.М-ад оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан- Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч А.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч А.М-аас 420.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Х-д, 16.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-д тус тус олгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч А.М-аас нь гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “тоёота” гэсэн тэмдэгтэй хар өнгийн түлхүүр 1 ширхэг, “Нопda” гэсэн тэмдэгтэй түлхүүр 1 ширхэг, “НХ” бичигтэй түлхүүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх шүүгдэгч А.М-ад нийт ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т “.. ялтан өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 3.т “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасныг баримталж ялыг оногдуулаагүй.

Анхан шатны шүүхээс оногдуулсан 656 цаг дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ял 264 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг нэмж нэгтгэхэд 920 цаг болж байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3.т заасныг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлд заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлсийн дарааллаас үзэхэд: эдлэх ялын хэмжээ, дэглэм, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар тогтоох дарааллаар хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эдэлбэл зохих ялыг тогтоох, дараа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг тооцож шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.

Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08-р сарын 19-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4.т заасан “зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно" гэсэн эрх хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.М-ад нийт ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т “.. ялтан өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 3.т “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасныг баримталж ялыг оногдуулаагүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан 656 цаг дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ял 264 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг нэмж нэгтгэхэд 920 цаг болж байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3.т заасныг зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлд заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлсийн дарааллаас үзэхэд: эдлэх ялын хэмжээ, дэглэм, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар тогтоох дарааллаар хуульчилсан байхад, Анхан шатны шүүх шүүгдэгчийн эдэлбэл зохих ялыг тогтоох, дараа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг тооцож шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08-р сарын 19-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4.т “ зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно" гэсэн эрх хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүх ял шийтгэлийг нэмж тооцохдоо хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч А.М-ыг 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 7 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Г.Э-ы эзэмшлийн 95-14 ДАХ улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Наран” хотхоны 1 дүгээр байрны зүүн талд байрлах автомашины зогсоолоос иргэн Н.Х-гийн эзэмшлийн 58-63 ДАХ улсын дугаартай “Ноnda Fit” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч А.М-ыг 656 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч А.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцож 200 цагийн ял эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 456 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 264 цагийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорин/ цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч А.М-ад оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.М-ад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.М- нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Э-, Н.Х-, гэрч Д.Батцэцэг нарын мэдүүлэг, хохирогч нарт учирсан хөрөнгийн хохирлын үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон тухайн үед болсон үйл баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.М-ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, энэ хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3.т зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2.т ...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240-өөс 720 цагаар тогтооно... гэснийг зөрчиж,  шүүгдэгчийн сүүлд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт 656 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялаас шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцож 200 цагийн ял эдэлсэнд тооцож энэ ялыг хасч тооцсоныхоо дараа шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 720 цагийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М-ад нийт 920 цаг /656 цаг+264 цаг = 920  цаг/  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх ба зүй нь нэмж нэгтгэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ нь 720 цагаас хэтрэхгүй байхаар оногдуулах байжээ.

Түүнчлэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор тодорхойлж эдэлбэл зохих ялын хэмжээг тогтоох, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоосны дараа шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох, эсхүл эдлэх ялаас хасч тооцохоор Эрүүгийн хуулийн 6.9., 6.10 дугаар зүйлд хуульчилсныг баримтлах үүрэгтэй.

Иймд шүүгдэгч А.М-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 456 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх  тогтоолоор оногдуулсан  280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхэд бүгд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болж, үүнээс энэ хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн байх тул түүний нийт эдлэх 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас нь 200 цагийг хасаж тооцоход шүүгдэгч нь одоо 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээр байна.

Анхан шатны шүүх энэ журмыг баримталж, шүүгдэгчийн эдэлбэл зохих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн тогтоолгүйгээр шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасч тооцсоны дараа дахин эдлээгүй үлдсэн ялыг нэмж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шүүгдэгч А.М-ад ял оногдуулсан байдлыг зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дугаар заалтыг:

 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч А.М-ыг 456 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй гэж.,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3.т зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 456 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 264 цагийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорин/ цагаар тогтоосугай гэж.,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч А.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцож 200 цагийн ял эдэлсэнд тооцож, үүнийг нийт эдлэх 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцон, 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлсүгэй. гэж.,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч А.М-ад оногдуулсан 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                              Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ