| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2024/0246/З |
| Дугаар | 221/МА2024/0798 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0798
“Ю Б Э Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/686 тоот тушаалыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 893 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Г.Ц, Ж.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0246/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ю Б Э Ю” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/686 тоот тушаалыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 893 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26.1, 26.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “Ю Б Э Ю” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын (хуучин нэрээр) 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/686 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт, Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас дэмжсэн санал, холбогдох баримтыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Нэхэмжлэгч “Ю Б Э Ю” ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар А***** аманд 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн гэрчилгээг олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/57 тоот тушаалаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийг сунгасан байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/686 тоот тушаалаар тухайн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон. Энэхүү тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1376 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогддог. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг яаманд ирүүлээгүй.
Нэхэмжлэгч “Ю Б Э Ю” ХХК нь газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр мөн 2020 онд сонсох ажиллагаа хийгдэж хариу тайлбар өгч байсан нь хэрэгт авагдсан байдаг. Удаа дараа гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Газар ашиглах гэрээ хийгдсэнээс хойш тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй бөгөөд тус газар барих барилга байгууламжийн зураг төслийг ч батлуулаагүй 12 жил 3 сарын хугацаанд тус газрыг ямар зорилгоор гэдэг нь тодорхойгүй хадгалсаар ирсэн байна. Эндээс дүгнэхэд тус компани нь аялал жуулчлалын зориулалтаар авсан газраа зориулалтын дагуу ашиглах хүсэл зориг тогтоогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмших нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулна” гэж заасан байдаг.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд газар ашиглагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж хуулийн хугацаанд гэрээ сунгуулах хүсэлтдээ шаардагдах баримт бичгүүдийг хавсарган гаргах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хугацаа сунгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлтүүд, түүнийг шийдвэрлэж гарсан дэмжсэн санал, холбогдох бусад баримтуудыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад уламжлаагүй, нэхэмжлэгчид эдгээр саналыг гардуулаагүй төрийн захиргааны байгууллагын гаргасан алдааг нэхэмжлэгчийн буруугаас үүдсэн гэж дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, нэхэмжлэгч хариу тайлбарыг ирүүлсэн тул сонсох ажиллагаа хууль, журмын дагуу явагдсан болох нь нотлогдож байна.
Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг шүүх хүчингүй болгосноор хугацаа дууссан газар ашиглах эрх сэргэх үр дагавар үүсэхгүй захиргааны үйл ажиллагаанд баримтлах үр нөлөөтэй байх зарчимд нийцэхгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 893 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “Ю Б Э Ю” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/686 тоот тушаалыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар **** дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын А*** аманд 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
2.3. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/686 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Н**** амны хязгаарлалтын бүсэд “Ю Б Э Ю” ХХК-д олгосон 4 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
2.4. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна газраа огт ашиглаагүй атраараа байгаа болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургуудаар тогтоогдож байна.
2.5. Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж ажил хангаж байсан гэж тайлбарлах боловч анх газар ашиглах эрх авснаас хойш ийнхүү 12 жил 3 сарын хугацаанд бэлтгэж ажил хангасныг нь газраа зориулалтын дагуу ашигласан буюу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Нэгэнт газраа зориулалтын дагуу ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2.6. Нөгөөтээгүүр анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа гэрчилгээнд бичигдсэнээр 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, гэрээнд заагдсанаар мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дууссан, энэ хугацаанаас хойш 1 жил гаруй хугацааны дараа тушаалыг гаргаж, газар ашиглах эрхийн хугацаа нь дуусгавар болсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэсэн ойлголт хуульд байхгүй, дээр дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдлыг газар ашиглах эрх, гэрээний хугацаа нь дуусаагүй этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох байдлаар хэрэгжүүлэхээс бус нэгэнт дууссан, хугацаа нь сунгагдаагүй байгаа тохиолдолд хүчингүй болгох боломжгүй...” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт, Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас дэмжсэн санал, холбогдох баримтыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж буй нь өөр хоорондоо зөрүүтэй төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.
2.7. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчийг маргаан бүхий тушаалыг гаргахдаа хугацааг хэзээнээс тоолсон нь тодорхойгүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч компанид анх газар ашиглах эрх олгосон 2011 оноос, сүүлд газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн 2017 оны аль альнаас нь тоолсон ч нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю Б Э Ю” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/686 тоот тушаалыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү-гийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН