Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                          С.Баянжаргал

             Улсын яллагч                                        Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                        А.Хандмаа

                         Шүүгдэгч                                               Л.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Л.Ундрахад холбогдох 201618020227 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, халх,1971 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг Гүн худгийн 09 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЯ:71090908/ Боржигин овогт Лхаажамба овогтой Ундрах.

 

Шүүгдэгч Л.Ундрах нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах 12 жилийн бүрэн дунд сургууль дотор Б.Шинэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар Б.Шинэчимэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ундрах мэдүүлэхдээ: ... Манай том охин Э.Хулангоо Улаанбаатар хотод 29-р тусгай сургуульд сурдаг юм. Тухайн хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр нь манай охин Э.Солонго надад Шинэчимэг намайг чи хэлгүй дүлийчүүдийнхээ сургуульд сураач гэж хэл амаар доромжилоод байна гэж хэлсэн. Тэгээд би нэг удаа гудамжинд Шинэчимэгтэй таараад чи яагаад манай охиныг хэл амаар доромжилоод байгаа юм бэ гэсэн чинь зугатаад явчихсан юм. Тэгээд би за яршиг эмээ, өвөөд нь л очиж хэлье гэж бодоод байтал маргааш нь дахиад манай охин Солонгыг хэл амаар доромжилсон байсан. Тэгэхээр нь би ангийн багш дээр нь орж хэлье гэж бодож явж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сургууль дээр нь очиж уулзаж багшийнх нь дэргэд чи яагаад манай охиныг доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд Б.Шинчимэгийн зүүн хацар луу нь алгадчихсан чинь Б.Шинэчимэг уйлаад гараад явчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг.

           Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Шинэчимэг мэдүүлэхдээ: … 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6-р цагийн хичээл завсарлаад намайг ангидаа байж байтал манай ангийн Солонгоогийн ээж Ундрах эгч орж ирээд чи миний охиныг доромжилдог хэн бэ, танай эмээ, манай нөхөр бид хоёрыг салгадаг хэн бэ гээд миний зүүн хацар луу нэг удаа алгадаад дахиад алгадах гэхээр нь би гарыг нь бариад авсан юм. Тэгтэл манай ангийн багш Отгонжаргал босч ирээд Ундрах эгчийг болиулсан юм. Тэгээд би гараад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 6 дугаар хуудас/

           Мөрдөн байцаалтанд гэрч З.Отгонжаргал мэдүүлэхдээ: … Тэр өдөр би ангидаа хичээл ороод тарж байсан чинь манай ангийн хүүхдүүд орж ирээд хувцасаа аваад гарж байсан. Би ширээний ард байж байтал манай ангийн Солонгоогийн ээж Ундрах орж ирээд надад танай ангийн Шинэчимэг манай охин Солонгоог хэл амаар доромжлоод байна гээд зогсож байтал манай ангийн Шинэчимэг хувцасаа авах гээд орж ирсэн чинь Ундрах чи яагаад миний охиныг хэл амаар доромжилж дарамталж байдаг юм гээд загнаж байгаад гэнэт гүйж очоод Б.Шинэчимэгийн зүүн хацар луу алгадчихаар нь би босч очоод хүүе та яаж байгаа юм бэ гээд болиулсан. Тэгээд Б.Шинэчимэг уйлаад гараад явчихсан юм. Тэгээд Ундрах ангиар нэг орилж хашгираад байхаар нь би тайвшруулж байгаад явуулсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн №242 тоот дүгнэлтэнд:

                  1.Б.Шинэчимэгийн биед тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

      2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                  3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 5 дугаар хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Л.Ундрах мэдүүлэхдээ: …. Манай том охин Э.Хулангоо Улаанбаатар хотод 29-р тусгай сургуульд сурдаг юм. Тэгээд манай охин Э.Солонго намайг манай ангийн Б.Шинэчимэг чи хэлгүй дүлийчүүдийнхээ сургуульд сураач гэж хэл амаар доромжилоод байна гэхээр нь би нэг удаа гудамжинд Шинэчимэгтэй таараад чи яагаад манай охиныг хэл амаар доромжилоод байгаа юм бэ гэсэн чинь зугатаад явчихсан юм. Тэгээд би за за эмээ өвөөд нь л очиж хэлье гэж байтал маргааш нь дахиад манай охин Солонгыг хэл амаар доромжилсон байсан. Тэгээд би ангийн багш дээр нь орж хэлье гэж бодож явж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сургууль дээр нь очиж уулзаж багшийнх нь дэргэд чи яагаад манай охиныг доромжлоод байгаа юм гэж хэлээд Б.Шинчимэгийн зүүн хацар луу нь алгадчихсан чинь Б.Шинэчимэг уйлаад гараад явчихсан  гэх мэдүүлэг /ХХ-ийн 21,23 дугаар хуудас/    

               Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 24 дүгээр хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

            Шүүгдэгч Л.Ундрах нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах 12 жилийн бүрэн дунд сургууль дотор Б.Шинэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар Б.Шинэчимэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ундрах хохирогч Б.Шинэчимэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу манай охин Солонгыг хэл амаар доромжлолоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба Б.Шинэчимэгийн биед тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Ундрахын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт үйлдэж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Л.Ундрахад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Ундрахад өмнө авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Лхаажамба овогтой Ундрахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Ундрахад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Ундрахыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Л.Ундрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.  

4. Л.Ундрахад өмнө авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Ж.ЭРДЭНЭБАТ.