Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0673

 

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0673

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: *** ХХК/РД:***/, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***дүгээр хороо, ***-***, ***, *** давхар,

Хариуцагч: *** хянан шалгагч, улсын байцаагч О.Л*,

Гомдлын шаардлага: *** хянан шалгагч, улсын байцаагч О.Л***ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ***тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*, хариуцагч *** хянан шалгагч, улсын байцаагч О.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*оос шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** **баталсан удирдамжийн дагуу "*** ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл газар дээр хийсэн иж бүрэн шалгалтыг хийсэн. Тус шалгалтаар ***ны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг үндэслэн "*** ХХК-ийг 50,000 нэгж буюу 50,000,000 төгрөгөөр торгосон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д "хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна, мөн зүйлийн 2-т эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн эсвэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг үүсгэх, татгалзах асуудлыг шийдвэрлэхээр заасан байна. Иймд ***ны хянан шалгагч нь *** ХХК-д 2020 оны 04 дүгээр сараас мөн оны 10 сар хүртэл хяналт шалгалт хийж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт 21 ширхэг улсын байцаагчийн акт ирүүлж, зөрчлийн хэрэг нээж байгаа талаар мэдэгдсэн учир энэ үеэс зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

...Тус ажиллагааг хариуцагч 01 сарын 21-ний өдөр нээж байгаа. 01 сарын 21-ний өдөр нээж байна гэхээр Зөрчил алган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.2-т зааснаар 5 хоногийн хугацаа хэтрүүлж зөрчлийн хэрэг нээсэн.

...Зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтийн боломжит хугацаа нь нийт 58 хоногт явагдаж дуусахаар байна. Гэтэл ***ны хянан шалгагч нь 2020 оны 10 сард зөрчлийг илрүүлсэн. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх 58 хоногийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ***тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байх тул уг шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн ***ны хянан шалгагч нар нийт 7 сарын хугацаанд "*** ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд ямар зөрчил илрүүлсэн талаараа холбогдогчид мэдэгдээгүй, түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан буюу ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Мөн эрх бүхий албан тушаалтан буюу ***ны хянан шалгагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, холбогдогчийн эрх үүргийг эдлүүлэх замаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай байхад тэдгээрийг оролцуулалгүйгээр зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд танилцуулсан байгаа нь холбогдогч "*** ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

... Зөрчлийн шийтгэл оногдуулж байгаа хуудас 3 сарын 25-ны өдөр гарч байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11.1.4 дэх заалтаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай зохицуулалтыг заасан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байгаа. Дээрх зохицуулалтаас харахад 01 сарын 22-наас 3 сарын 25-ны өдөр хүртэл нийт 62 хоногийн хугацаа байсан. 62 хоногийн хугацаа болно гэдэг нь 6.8-д заасан 58 хоногийн хугацаа дууссан. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой. Улсын байцаагч хуулиар олгосон хугацааг бүхэлд нь зөрчиж байна.

Иймд ***ны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н***ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч улсын байцаагч О.Л* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно", 6 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно", 7 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно" заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 21 өдөр Улсын байцаагчийн актыг хүлээлгэн өгч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн ***дугаартай хэргийг нээсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно.

Зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг хүлээн авснаас хойш Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу өөрт олгогдсон эрхийн хүрээнд "*** ХХК нь тогтоолыг эс зөвшөөрсөн тухай гомдлыг прокурорт гаргаагүй болно. Үүнд

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч банкны зөрчил арилгаагүй хэвээр байсан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн ***дугаартай хэргийг нээж холбогдох хуулийн дагуу дараагийн 14 болон 30 хоногоор сунгасан.

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ***ны А-*/***тоот "Зөрчлийн хэрэг нээсэн тухай" албан бичгийн нэхэмжлэгч банканд хүргүүлсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйл 1 дэх хэсэгт "зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана" гэж заасны дагуу оролцогч талд зөрчлийн хэрэг танилцуулах тухай 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдөр мэдэгдэж уулзалтын цаг товлосон бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр товлосон цагтаа уулзалтыг хийж хэргийн материалтай танилцсаны дараа хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцож байгаа талаар мэдэгдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт "оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг" гэдэг утгаар ойлгоно гэж тодорхойлсон.

Хуралд оролцогч тал буюу хууль ёсны төлөөлөгчийг томилсон эрх бүхий албан тушаалтан "***" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г* болон банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Г.Б* нар оролцсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзэж байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.3 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн нь баримтаар нотлогдсон, эрх бүхий байгууллагаас шаардсан хугацаанд зөрчлийг арилгаагүй, арилгах арга хэмжээ аваагүй, зөрчлийн үр дагавар байсаар байгаа нь зөрчлийн хэрэг нээх хангалттай үндэслэл болох тул зөрчлийн ***дугаартай хэргийг нээж, хэрэг буртгэлтийн ажиллагааг явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг оногдуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болно.

... Нэхэмжлэгч компанид зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгсөн. Зөрчлөө арилаагүй учир дараагийн шатны арга хэмжээ авсан. 10 сарын 22-ны өдрийн улсын байцаагчийн акт болгож нэхэмжлэгч банкны удирдлагуудад хүргүүлсэн. Хариу ямар нэгэн үйлдэл байхгүй байсан. Шалгалт дууссаны дараа нэхэмжлэгч банкид нийлсэн шалгалтын талаар хурал явуулсан. Уг хуралдаанд миний бие яаж оролцсон бэ? гэхээр өөрийнхөө тавьсан актын хүрээнд зөрчлийн хэрэг нээнэ илрүүлсэн тэмдэглэлийг хөтөлж Чингис банкны удирдлага сууж байхад хүлээлгэнэ өгсөн. Бусад улсын байцаагч нараас ялгаатай нь зөрчил илрүүлсэн тэмдэглэл хөтлөөд бүгдэд нь хүлээлгэн өгсөн. Түүний хариу одоог хүртэл ирээгүй. Бүх ажиллагаа явагдаад өнгөрсөн. Өнөөдрийг хүртэл итгэмжлэгдсэн төлөөлөгч яагаад хариу тайлбар өгөөгүй вэ? гэдэг асуудал байна. Үүний талаар нэхэмжлэгч талаас асуулт асуумаар байна. Зөрчлийн үр дагавар арилаагүй байхад зөрчлийн хэрэг нээхгүй байх үндэслэл байхгүй гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд хангалттай заасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Магадгүй 1, 2 хоногийн зөрүү гарсан байж магадгүй. Танай банктай уулзах хүсэлт 22-нд гаргахад 25-нд боломжтой гэсэн. Уулзсан өдрөө торгуулийн хуудас бичиж өгсөн. Уулзалтыг товлоход хуульч н.Тө******* тэр өдөр бас байгаагүй. Танайх санаатай цаг хугацааны хойшлуулсан арга хэмжээг илэрхийлээд байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талын гаргасан шаардлага, үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 1.9 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэг нээхгүй байх тохиолдолд хамаарахгүй, зөрчлийн хэргийг танилцуулахад хууль ёсны төлөөлөгч оролцоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлд заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр *** ХХК-иас ***ны хянан шалгагч, улсын байцаагч О.Л*ид холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

**ы хянан шалгагч, улсын байцаагч О.Л*ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ***тоот шийтгэлийн хуудсаар *** ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан ... зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна[1].

Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад,

- 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***ны улсын байцаагчийн 2020/***/**, 2020/***/***, 2020/***/***, 2020/***/***, 2020/***/***тоот мэдэгдлүүдээр ***ХХК-ийн өмчлөх бусад эд хөрөнгийн үлдэгдлийг зохих журмын дагуу ангилаагүй, эрсдэлийн санг дутуу байгуулсан, авлагын үлдэгдлийг зохих журмын дагуу ангилаагүй, эрсдэлийн санг дутуу байгуулсан, бусад активын дараа тайлан болон урьдчилгаа тооцоо дансанд бүртгэлтэй хөрөнгийн үлдэгдлийг зохих журмын дагуу ангилаагүй, эрсдэлийн санг дутуу байгуулсан, *ны Ерөнхийлөгчийн 2020 оны А-**, А-***, А-***, А-***дугаар тушаалаар өгөгдсөн заавал байлгах нөөцийн шаардлага хангаагүй торгуулийг зохих журмын дагуу зардлаар бүртгээгүй, үнэт металд хуримтлуулж тооцсон хүүгийн авлага, зээл барагдуулахтай холбоотой тооцоог авлагын дансанд бүртгэж, зохих журмын дагуу ангилаагүй, эрсдэлийн санг дутуу байгуулсан зөрчлүүд нь ***ны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалуудаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн багц, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, журам-ын холбогдох заалтуудад тус тус нийцээгүйг тэмдэглээд, 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны дотор холбогдох гүйлгээг хийж, үндсэн баримтыг ирүүлэх, мэдэгдлийн дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг тус тус мэдэгдсэн[2],

- 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/***/***, 2020/***/***, 2020/***/***, 2020/***/***, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/***/***тоот[3] улсын байцаагчийн актуудад *** ХХК-ийн гүйцэтгэх захирлаас ...актуудад банкийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, зөрчлийг хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх тохиолдолд холбогдогчийн эрхийг эдлэх-ийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ГЗ/***тоот албан бичгээр мэдэгдсэн[4] нөхцөл байдлууд тус тус тогтоогджээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон тухайд маргаагүй, харин шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч буй гомдлын үндэслэлээ хариуцагч улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа тогтоосон заалтуудыг ноцтой зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад шийтгэл ногдуулсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан бол хариуцагчаас Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусах өдөр тус банкны төлөөлөгчийг дуудаж хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч амжихгүй гэдгээ илэрхийлж 2 хоногийн дараа ирэхээр цаг товлосон тул уг өдрөөр шийтгэлийн хуудсыг үйлдсэн гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:, мөн хэсгийн 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, мөн зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэж тус тус заасан байна.

*ны хянан шалгагч, улсын байцаагчийн ...зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноологдсон боловч шүүх хуралдаан болох өдрийн байдлаар дээрх өдөр болох болоогүй байна.

Мөн *ны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний А-/***болон 20-ны өдрийн А-6/***, мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А-6/***тоот албан бичгүүдээр Банканд хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтын үр дүн, тогтворжуулах төлөвлөгөөний хэрэгжилт, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй зэргийг харгалзан хуулийн дагуу албадлагын арга хэмжээ авах[5]-ыг болон эрх бүхий албан тушаалтны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн МБ-***дугаартай тогтоолоор зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-**/***тоот албан бичгээр мэдэгдсэн зэргээс үзвэл, улсын байцаагчийн ...зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл нь огнооны хувьд алдаатай бичигдсэн гэж үзэхээр байх тул гомдол гаргагч талын хариуцагч нь хуульд заасан дээрх хугацааг баримтлаагүй тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах үндэслэлгүй байсан гэж тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

Улсын байцаагчийн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлд бичигдсэн өдөр болох болоогүйн зэрэгцээ дээр дурьдсан мэдэгдэл болон тогтоолуудын огноонуудын дараалсан байдлаас харвал эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл нь гомдол гаргагч талын тайлбарлаж байгаачлан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх боломжгүй, харин 01 дүгээр сарыг 10 дугаар сар гэж андуурч бичсэн гэхээр, мөн 2020 оны 09-10 дугаар сард үйлдэгдсэн улсын байцаагчийн мэдэгдлүүд болон актууд нь хугацаатай үүрэг даалгавар өгсөн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчлийн хэрэг нээхтэй холбоотой хугацаа зөрчигдөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт холбогдогчийн эрхийг нэрлэн заасан, зөрчлийн хэрэг нээсэн талаар Монгол банкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр холбогдогчид мэдэгдсэн байхад гомдол гаргагч нь уг эрхээ хэрэгжүүлэх талаарх аливаа ажиллагааг явуулаагүй байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрх бүхий албан тушаалтнаас дуудаагүй тул бидний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрх хангагдаагүй, зөрчлийн хэргийг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч бус этгээдэд танилцуулсан нь хуульд нийцээгүй гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй.

Харин гомдол гаргагч талын Хуулиар тогтоосон зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусгавар болсон байхад шийтгэл ногдуулсан нь хууль бус гэх тайлбар үндэслэлтэй байна. Учир нь:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахаар хуульчилсан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуулиар тогтоосон хугацааны дотор явуулахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон агуулгатай байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-т Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна гэж заажээ.

Гэтэл хариуцагч улсын байцаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн МБ-***дугаартай тогтоолоор Банкны тухай хуульд заасан шаардлагын дагуу тайлан мэдээг үнэн зөв ирүүлээгүй зөрчилд *** ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн, удирдах албан тушаалтны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хоногоор, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/***дугаартай тогтоолоор мөн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 22-ныг дуустал 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байхад маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна. Тодруулбал,

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нь даваа гараг буюу ажлын өдөр байх тул хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нь прокурорын тогтоолоор сунгасан 22-ны өдрийн 24 цаг хүртэл тоологдох тул хуульд заасан тодорхой хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчимд нийцэхгүй.

Хариуцагчаас 22-ны өдөр холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ирж танилцахыг мэдэгдсэн боловч ирж амжихгүйгээ мэдэгдсэн уулзалтыг 25-ны өдөр товлосон гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримт, тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэнгүй.

Харин *** ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Б* хэргийн материалыг танилцуулсан баримтад мөн өдөр гарын үсэг зурсан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсоны зэрэгцээ өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа тухай гомдол гаргагчаас зөрчлийг үгүйсгэж маргаагүй боловч хариуцагч улсын байцаагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн, хугацаа дууссан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан *** ХХК-иас гаргасан гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж, *ны хянан шалгагч, улсын байцаагч О.Л*ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ***тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 4 дэх талд

[2] Хавтаст хэргийн 17-21 дэх талд

[3] Нотлох баримтын хавтас 186-198 дахь талд

[4] Нотлох баримтын хавтас 178 дахь талд

[5] Нотлох баримтын хавтас 193-197 дахь талд