Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Э.Оргилбат,

Шүүгдэгч С.Гнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Гт холбогдох 2208022140114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ....... Улаанбаатар хотод төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, ам бүл ..., ээж, хойд аавын хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо ....... тоотод оршин суух хаягтай, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

 

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч С.Гнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үелээ 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 45-88 тоотод Б.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч С.Гнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Алтан-Овоо **** тоотод Б.Оыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :       

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан....Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Алтан-Овоогийн *** тоотод зүс таних хүндээ зодуулсан  гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7дахь тал/,

- хохирогч Б.Оын... 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хуучин найз залуу болох *****ын хамт зүс таних ****ын гэрт очсон, 2 шил 750 грамм Хараа нэртэй архи авч, бид гурав хувааж уусан. Ууж дуусахын өмнө ***** нь тасраад унтсан ба **** надад хандаж “чи манайхаас яв, би ****ыг найз охиноо болгоно” гэж хэлэхээр нь уурлаж “чи эрэгтэй хүн байж битгий солиороод бай” гэх зэргээр хэрэлдсэн. Гэтэл “би эмэгтэй хүн харахаас үзэн яддаг” гэж хэлээд намайг үсдээд гэрээс гарган хаалгаа түгжсэн, мөн төмөр барьж гарч ирээд миний нурууг урсан, үснээс татаж унагааж газраар чирсэн, намайг хашаанаас гарахад цохиж унагаан дэвссэн. Би зугтааж, таксинд суугаад гэртээ харьсан...гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 11-13, 15-16 дахь тал/,  

            - шинжээчийн дүгнэлт: Б.Оын биед зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, бүсэлхий, ташаа, зүүн гуяны зулгаралт, баруун хацар, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

            - шүүгдэгч С.Гын...Би өөрийн үйлдсэн хэрэгт харамсаж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-57 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгч С.Гын гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч Б.Оын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-54-57, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч С.Гыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :      

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй байх тул /хх-11-13, 15-16, 62, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч урьд 2021 онд гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-30-32, 37/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-28-29, 41-44, 56-57, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь 2023.02.01-ны өдөр шүүх хуралдаанд согтуурсан байдалтай ирсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулж биш харин ердийн журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болохыг тэмдэглэв.   

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь шүүн таслах ажиллагаанд саад учруулсны улмаас 2023.02.01-ний өдрөөс 2023.02.10-ны өдрийг хүртэл 9 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас хасаж тооцно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч С.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай   учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Гыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 9 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 135.000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг хэмжээг 865.000 төгрөгөөр тогтоосугай.

6. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Цагдан хоригдож буй шүүгдэгч С.Гыг нэн даруй сулласугай.   

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР