| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0154/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/161 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/161
2023 02 02 2023/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Б.Энхбаяр,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн,........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ..............” ХХК-д түгээлтийн ажилтнаар ажилладаг, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...... тоотод оршин суудаг, урьд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн .
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанчулуутын автобусны буудал дээр иргэн Ц.Бгийн эзэмшлийн Самсунг Галакси А31 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанчулуутын автобусны буудал дээр иргэн Ц.Бгийн эзэмшлийн Самсунг Галакси А31 маркийн, 320.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанчулуутын эцэст 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр танилцаж, хамт ууж байсан залуу миний утсыг аваад зугтаасан гэх тэмдэглэл, шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 1-3 дахь тал/,
- хохирогч Ц.Бгийн...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн автобусны буудал дээр танихгүй залуутай танилцаж, бид хоёр 0.75 литрийн хараа архи нэг шилийг хувааж уучихаад, Улаанчулуутын автобусны буудал дээр ирцгээсэн, тэр залуугийн гэр лүү явахаар болоод алхаж байтал гар утсаараа нэг яриулчих гэхээр нь өөрийн Самсунг А31 маркийн гар утсаа өгтөл тэр залуу шууд гүйгээд явчихсан, араас нь гүйгээд орхичихсон. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 дугаар дугаар сургуулийн ойролцоо явж байхад нөгөө залуутай таараад утсаа асуусан чинь 60.000 төгрөгөөр хүнд зарчихсан гэж хэлсэн, надад учруулсан 320.000 төгрөгөө бэлэн мөнгөөр бүрэн барагдуулан өгсөн, надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8, 11 дэх тал/,
- “Хас Үнэлгээ” ХХК-ны үнэлгээ : Самсунг Галакси А31 гар утас 320.000 төгрөг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
- шүүгдэгч Э.Эгийн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдүүлэг /хх-32, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу захиран зарцуулсан болох нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектын шинж хангагдсан гэж үзнэ.
2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-31-32, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Э.Эг “бусдын эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 320.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх /хх-11, 72, шүүх хуралдааны тэмдэглэл /байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч урьд 2019 онд гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-33, 36-41/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “Бүүкс Энд Логистикс” ХХК-нд хүргэлтийн ажилтнаар ажилладаг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-44-62, 76-78, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, талууд санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Эг тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь байнгын архидан согтуурдаг, мансууруулах бодис хэрэглэдэг гэж үзэх нотлох баримт, үндэслэл байхгүй байх тул согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох боломжгүй гэж үзсэн болно.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Э.Эг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Э тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР