| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:176/2023/0070/Э
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Ж.М холбогдох эрүүгийн Ж.М дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дүгээр сарын 28-ны өдөр Дархан уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Хос хас” ХХК-ийн алтны уурхайд өрөмдлөг хайгуулын чиглэлээр ажиллаж байсан, ам бүл 5, ээж эгч 2 дүүгийн хамт Дархан уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хуучин холбооны 2 давхар брак байрны 06 тоотод тоотод оршин суудаг, ШШГЕГ-ын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа,
Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө суллаж 6 сар 16 хоногийн хорих ялыг тэнссэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 2 жилээр тогтоож шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 2 жил 4 сараар тогтоож шийдвэрлэсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 804 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 4 сарын хугацаагаар тогтоож, цагдан хоригдсон 189 хоногийг эдлэх ялд нь оруулан уг ялыг эдэлсэнд тооцож суллагдсан,
Дархан-Уул аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3022 оны 11 дүгээр сарын нарийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн____________ дугаарын регистртэй, Ж.М,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.М нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг "Ногоон тасаг" гэх газраас 2022 оны 09 сарын 03-ны өдрийн 14 цагийн үед “Тоёота приус-41” маркийн 37-66 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн О.Бат-Эрдэнийн өмчлөлийн “Самсунг галакси Z fold” маркийн гар утас, бэлэн 30,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,737,500 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ж.М:
...Өөрийгөө өмгөөлж оролцоно. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Эмээлтэд худаг өрөмдөж дуусаад Төв аймгийн Борнуур сум руу худаг өрөмдөхөөр явсан. Манай компани 2 захиралтай тэр хоёр өглөө нь архи уугаад н.Жаргалсайхан, өрөмдлөг хийж байгаа жолооч н.Ганбаа ах бид 3 ажлаа хийж байсан. Өдрийн хоолны цаг болж байсан болохоор ажлаа зогсоочих гэсэн. Нэг худаг нь 500,000 төгрөгийн цалинтай, нэг худгийн бонус 50,000 төгрөгийн цалин өгнө гэсэн. Худгаа гаргаад тэр үед нь авч болно гэсэн. Хэнтийд нэг худаг, Тэрэлжид нэг худаг, Эмээлтэд нэг худаг, 61-н гарамд нэг худаг гаргасан. 4 худгийн цалин аваагүй байж байгаад цалингаа авч болох уу гэсэн чинь мөнгө байхгүй байна гээд жаахан уурлаад байсан. Тухайн үедээ ажлаа зогсоочхоод өдрийн хоолны цагаар пиво аваад ир гэсэн. н.Жаргалсайхан ах нэгж аваад ирээрэй гээд картаа өгсөн. Дэлгүүр явахдаа машин дотроос нь н.Бат-Эрдэнэ захирлын утсыг нь авч явсан. Утсыг нь хотод ирээд 700,000 төгрөгөөр зарсан... гэж мэдүүлжээ.
Үйл баримт
Эрүүгийн Ж.М дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ж.Мын 2022 оны 09 сарын 03-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг "Ногоон тасаг" гэх газраас “Тоёота приус-41” маркийн 37-66 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн О.Бат-Эрдэнийн өмчлөлийн “Самсунг галакси Z fold” маркийн гар утас, бэлэн 30,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,737,500 төгрөгийн учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 07/256 дугаартай ...зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөс 3.707.500 төгрөгөөр үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 14-27 дугаар хуудас/,
хохирогч О.Бат-Эрдэнийн ...Би гүний худаг ус, өрөмдөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Хөл сая хөгжил" ХХК-ны захирлаар 2005 оноос хойш ажиллаж байна. 2022 оны 09 сарын 02-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р баг 1-1 тоотод оршин суух Гомбодорж гэх айлын хашаанд гүний худаг ухахаар ажилчид болох өрмийн мастер Жаргалсайхан, өрмийн жолооч Ганбаа, туслах ажилтан Мандахбаяр нарын хамт ирсэн. Маргааш нь 2022 оны 09 сарын 03-ны өдрийн өглөө тухайн айлын хашаанд өрөмдлөгөө эхлүүлээд өдрийн хоолны цаг болж завсарлах үеэр Мандахбаяр гэх залуу дэлгүүр орж нүүр гарын алчуур саван аваад ирье гэхээр нь өрмийн мастер Жаргалсайхан ахдаа нэгж аваад ирээрэй гээд өөрийнхөө хаан банкны картаа өгч явуулсан байсан ба мөн миний эзэмшлийн 37-66 УНУ улсын дугаартай, приус-41 маркийн тээврийн хэрэгсэл дотроос "Samsung Galaxy Z Fold-2" загварын гар утсыг зөвшөөрөлгүй аваад, хажууд байсан түрийвч дотроос бэлнээр 30.000 төгрөг аваад явсан байсан. Тухайн эд зүйлийг авч яваад ирэлгүй өдийг хүрч байна. Мандахбаяр гэх залуу миний утсыг хулгай хийж авч явахаасаа өмнө буюу 2022 оны 08 сарын 31-ны өдөр "Samsung" хэрэглэгчид гэсэн фейсбүүк грүп дээр өөрийн Ж.М гэх фейсбүүк хаягаас "Samsung Galaxy Z Fold-2" загварын гар утас 2.000.000 төгрөгөөр зарна гэсэн утга агуулга бүхий зар байршуулсан байсан. Тухайн залуу миний утсыг хулгай хийнэ гэж төлөвлөж авч явсан гэж бодож байна. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
гэрч Ж.Мын ...Би 2022 оны 09 дүгээр сарын эхээр худаг өрөмдөх ажил хийхээр очсон. Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр худаг өрөмдөх ажил хийж байх үед Бат-Эрдэнэ, Батаа ах нар цуг ирээд намайг ажлаа зогсоо ямар ч мэдлэг чадваргүй байж ажил хийлээ гэж уурласан. Тэгээд ажлаа зогсоогоод Бат-Эрдэнэ болон Батаа ах нартай цуг өдөржин хамт байсан. Тэр хоёр архи уугаад би архи уугаагүй. Тухайн үед би Улаанбаатар хот руу явах мөнгөгүй цалин өгөхгүй байсан учир мөнгө олох зорилгоор Бат-Эрдэнэ ахын утсыг өөрийнх нь 37-66 УНУ улсын дугаартай Приүс-41 маркийн тээврийн хэрэгсэл дотор байх үед хулгайлж аваад тэр шөнөдөө Улаанбаатар хот руу явсан... /хх-ийн 12 дугаар хуудас/,
яллагдагч Ж.Мын ...Би Төв аймгийн Борнуур суманд гүний худаг өрөмдлөгийн ажлаар очсон байсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг өнгөрч байхад намайг Бат-Эрдэнэ ах нэгж, пивонд явуулахаар нь би машин дотроос нь гар утсыг хулгайлан авч явсан. Би тэр гар утсыг Улаанбаатар хотод очоод танихгүй хүнд 700.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө би бэлнээр аваад үрээд дуусгасан. Харин би 30.000 төгрөг аваагүй. Ганцхан утас л авсан. Миний буруу өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ж.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39, 56 дугаар/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
...Шүүгдэгч Ж.М нь Төв аймгийн Борнуур суманд ажил хийж байхдаа тухайн ажил хийлгэж байсан хүн буюу н.Бат-Эрдэнийн өмчлөлд байсан Самсунг галакси маркийн гар утас бэлэн 30,000 төгрөгийг түүний эзэмшлийн машин дотроос хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3,737,500 төгрөгийн хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. гэм буруу даар маргаангүй. Шүүгдэгч Ж.Мын бусдын өмчлөлийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь шууд санаатай шунахай сэдэлтэйгээр өөртөө ашиг хонжоо олох зорилгоор хулгайлсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна. Шүүгдэгч Ж.М нь гэм буруу дээр маргаангүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч н.Бат-Эрдэнийн эзэмшлийн гар утасны үнэлгээ нь 3,707,500 төгрөг, бэлэн 30,000 төгрөг алдсан. Өнөөдрийн байдлаар хохирол төлөгдөөгүй. Тийм учраас шүүгдэгч Ж.Маас хохирол төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.М:
...Надад сүүлийн удаа боломж олгож ялыг минь хөнгөрүүлж өгнө. Бат-Эрдэнэ ахад учруулсан хохирлоо яаралтай төлж барагдуулна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч Ж.Мыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.М дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Ж.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь дээрх үндсэн шинжийг хангасан байхаас гадна давхар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ж.М иргэн О.Бат-Эрдэнийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу 3,737,500 /гурван сая долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийн төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Тэрээр шүүгдэгч Ж.Мыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч О.Бд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Ж.Мын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч О.Бат-Эрдэнийн эд хөрөнгөд 3.737.500 /гурван сая долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Б нь шүүгдэгч Ж.Маас 3.737.500 /гурван сая долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг нэхэмжилснээс бэлэн мөнгө болох 30.000 /гучин мянга/ төгрөгөөсөө татгалзаж, зөвхөн гар утасны үнэ болох 3.707.500 /гурван сая долоон зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч хохирогчийн нэхэмжилсэн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ж.Маас нийт 3.707.500 /гурван сая долоон зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч О.Бд олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
...Шүүгдэгч Ж.Мын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.М нь гэм буруу дээр маргаангүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй. Өмнө нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 8 сар 15 хоногийн ялыг бүгдийг нэмж нийт эдлэх хорих ялыг тооцож, 1 жил 2 сар 15 хоногийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх араг хэмжээ авах саналтай, хохирогч н.Бат-Эрдэнийн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.М:
...Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Ж.Мт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг болон хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нэг жилийн хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ.
Оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоолоо.
Дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн Ж.М дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.М энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Мт оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн Ж.М дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ дугаарын регистртэй, Ж.Маас нийт 3.707.500 /гурван сая долоон зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж________________ олгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН