Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/ШШ2024/0035

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

        Шүүх хуралдааны даргалагч шүүгч: Н. Хонинхүү

        Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч: Ц.Сайхантуяа

        Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч: Д.Оюумаа

        Нэхэмжлэгч: Г.Б

        Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

        Нэхэмжлэлийн шаардлага: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн МТ/2024/19 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах

      Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Б.Б, иргэдийн төлөөлөгч Б.М

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

         Хэргийн индекс: 221/2024/0037/З

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Г.Б А.Б нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/2024/19 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” -аар маргасан байна.

            2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/2024/19 дугаар маргаан бүхий тогтоолын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “... Гомдол гаргагч Х.Б, Б.А нарын гаргасан хариуцагч Г.Б холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож”,  2 дахь заалтаар “... Г.Бг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, ... нууцыг задруулахгүй байх”, 14.1.5-д “ хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.1.9-д “... бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах буруутгахыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөнийг тогтоож, 4 дэх заалтаар “Өмгөөллийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2-т зааснаар хариуцагч Г.Б-н өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатайгаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

   

 

            ҮНДЭСЛЭХ нь

 

            1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.

            2. Шүүх гомдол гаргагч Г.Б-н нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д тус тус заасны дагуу дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            3.  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч Г.Бд холбогдуулан дараах гомдлуудыг ирүүлжээ. Үүнд:

            3.1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Ц.Б, Г.Э нараас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “... өмгөөлөгч нар нь хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчсөн” гэсэн гомдол, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн[1] “... тухайн өмгөөлөгч нар нь хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчсөн эсэх асуудлыг холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу хянан шийдвэрлэж, хариу ирүүлнэ үү” гэсэн 01/1353 тоот албан бичиг, иргэн Х.Б-гаас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “...  Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Өмгөөллийн тухай хууль, бусад дүрмийг зөрчиж ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байгаа учраас Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3-д “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох” гэснийг үндэслэн Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Б-н өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол, мөн иргэн Б.Ааас “... 2 хүүгийн хамт унтаж байхад Г.Э, Г.Б гэж өөрийгөө өмгөөлөгч гэх 2 хүн орж ирээд амгалан тайван байдал алдагдуулж унтаж байсан биднийг хэл амаар янз бүрээр гүтгэж гуйвуулж намайг хувцсаа өмсөөгүй байхад бичлэг хийж Баасан гэх өмгөөлөгч гэрээс гар гэхэд би халдашгүй эрхтэй хүн гэж хэлж гэрээс гарахгүй тул цагдаа 102 дугаарт дуудлага өгч гэрээс гаргасан” гэх гомдол болон Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны хянан шалгагч Б.Б-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЗД/12 дугаартай зөрчлийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэгч Г.Бд холбогдох маргааныг хянан шийдвэрлэжээ.

            4. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/2024/19 дугаар маргаан бүхий тогтоолын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “... Гомдол гаргагч Х.Б, Б.А нарын гаргасан хариуцагч Г.Б холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож”,  2 дахь заалтаар “... Г.Бг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, ... нууцыг задруулахгүй байх”, 14.1.5-д “ хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.1.9-д “... бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах буруутгахыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөнийг тогтоож, 4 дэх заалтаар “Өмгөөллийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2-т зааснаар хариуцагч Г.Б-н өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатайгаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

            5. Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... намайг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа шүүгч нарт нөлөөлсөн гэх шүүгчдийн мэдүүлгүүдийг үндэслэлгүй гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Харин Зөрчлийн маргааныг шийдвэрлэхдээ шүүгч нарт нөлөөлсөн гэж үзээд зөрчлийн хэрэгт холбогдуулан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ... цахим мэдээллүүдэд өмгөөлөгч миний оролцоо огт байгаагүй, ... өөрт хамааралгүй бусад этгээдүүдийн цахимд бичигдсэн мэдээллийн үр дагаврын хариуцлагыг яагаад хүлээх болсноо ойлгоогүй, ... Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан гомдлоор зөрчлийн хэрэгт намайг холбогдуулан торгох шийтгэл оногдуулж, торгууль төлөгдсөнөөр уг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан гэж үзэж байна, ... Монгол улсын сэтгүүлч мэргэжлийн нэг иргэн монгол бичиг соёлоо хамгаалсны төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангид зохицуулагдаагүй гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болсон нь тусгаар тогтносон монголоо, монгол бичиг соёлоо гэх сэтгэлтэй хэнд ч дургүйцэл төрүүлэхүйц байсан. Гэхдээ энэ дургүйцлээ шүүх хуралдааны танхимд биш, шүүх хуралдаан дуусгаад шүүхийн танхимаас гарч шүүхийн хүлээлгийн танхимд /Хужаагийн шээснүүд/ гэсэн хоёр үгээр гадагшлуулсан. Гэхдээ хэн нэгний нэр зааж хаяглаагүй. Харин Ц.Б шууд өөртөө хамаатуулан гомдол гаргасан нь ойлгомжгүй, ... Ашиг сонирхол нэгтэй гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгүүдээс өөр нотлох баримтгүйгээр өмгөөлөгч намайг үг хэлэх эрхээ эдэлснийг буруутгаж байгаа байдал хэт нэг талыг баримталсан бөгөөд дан мэдүүлгээр нотлох нь үндэслэлгүй, ... Хууль дээдлэх, шударга ёсыг сахих үйлдлийг зөрчиж байгаа этгээдүүдтэй хамтарч хууль зөрчөөгүй, ... хууль ёсыг хэрэгжүүлэх болон дээдлэх, хүний эрхийг хамгаалахад гол үүрэгтэй гэж ойлгож, мөрдлөг болгож ажилладаг, ... нууцыг задруулахгүй байх заалтыг зөрчсөн гэж юуг үндэслэн тогтоосон нь ойлгомжгүй,... журмын аль заалтуудыг дагаж мөрдөөгүй болохыг яаж тогтоосон гэдгийг тодорхой нэрлээгүй, ... хүндэтгэлтэй хандаагүй, өмгөөлөгчийн нэр хүндийг гутаасан, ... төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл гэж аль мэдээллийг тогтоож, яаж төөрөгдүүлсэн гэдэг нь тодорхойгүй ...” гэж тайлбарлан маргасан байна.

            6. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.1-д “Хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”,14 дүгээр зүйлийн 14.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ”, 14.1.5-д “хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.1.9-д “... бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах”, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно” гэж тус тус заасныг өмгөөлөгч сахиж мөрдөх үүрэгтэй.

                6.1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн 2 давхарт болсон хуралдаанд өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр завсарласан үед “... Монгол улсын нэрийн өмнөөс Батбямба гуай хүн яллах эрх байхгүй шүү” гэж, мөн хэргийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн 2 давхрын танхимд болсон хуралдаанд шүүх хурал дуусаад шүүх хуралдааны танхимаас гарах үед 14 цаг 10 минутад шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б хаалга руу буцаж ирж мөн хаалгаар гарч прокуроруудын өрөө лүү ороход араас хаалга онгойлгож “Хужаагийн шээснүүд” гэж, хуралдааны үеэр “Хятадын прокурор” гэж шүүгч, прокуроруудын нэр хүндэд халдсан, зүй бусаар нөлөөлсөн, шийдвэр гаргасных нь төлөө буруутгасан болох нь Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааны материалд авагдсан гомдол гаргагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Б-н 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн тайлбар[2], өмгөөлөгч Г.Б-н 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тайлбар[3] гэрч Н.А-н мэдүүлэг[4], гэрч Ч.И-н мэдүүлэг[5], гомдол гаргагч Д.Эр-н мэдүүлэг[6], гэрч Ж.Б-н мэдүүлэг[7] зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон гэж үзсэнийг буруу гэж үзэх үндэслэлгүй, байх тул өмгөөлөгч Г.Б-н дээрх зөрчил гаргасан буруутай үйлдэлд нь түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатайгаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.  

                6.2. Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч Г.Бг өмгөөллийн үйл ажиллагааны явцад шүүгчийн нэр хүндэд халдсан, зүй бусаар нөлөөлсөн, шийдвэр гаргасных нь төлөө буруутгасан, хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээллийг удаа дараа олон нийтэд түгээсэн зөрчил гаргасан болох нь  2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хэвлэлийн хурлын бичлэг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ярилцлага, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хэвлэлийн хурал, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ярилцлага, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.А-н 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанд гаргасан хүсэлт[8], өмгөөлөгч Г.Б-н 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хариу тайлбар[9], өмгөөлөгч нарын хэвлэлийн хуралд унших материал[10], дуу дүрсний бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл[11], Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ЗШ/564 дугаартай зөрчлийн шийтгэвэр[12] зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй байна.

            6.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нууцын баталгаа гаргасан боловч хэргийн үйл баримт оролцогчдын нэр зэргийг олон нийтэд мэдээлсэн болох нь дээрх дурдсан хэвлэлийн хурлын мэдэгдлүүд болон Төрийн болон албаны нууц задруулахгүй байх 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн баталгаа[13] зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “ өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, ... нууцыг задруулахгүй байх”, 14.1.5-д “хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

            6.4. Харин иргэн Х.Бгаас өмгөөлөгч Г.Бд холбогдуулан гаргасан гомдлын тухайд “... тухайн цахим группэд иргэн хүний үзэл бодлоо илэрхийлсэн шинжтэй өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой, МОАХ-ны фэйс группэд гишүүдээс асуусан асуулт хэлэлцүүлгийн явцад хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгсөн зүйлгүй, өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй, тэдгээрийн хоорондын хувийн харилцааны шинжтэй асуудал ...” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            6.5. Мөн иргэн Ц.А-ы гаргасан гомдлын тухайд “... өмгөөлөгч Г.Б-н үйлчлүүлэгч Г.Э нь гомдол гаргагч Б.А-тай гэр бүлийн харилцаатай хууль ёсны эхнэр нөхөр бөгөөд Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА10 дугаар гудамж 315 тоот хаягт байрлах хувийн сууц, хашаанд амьдардаг байх тул бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн зөрчил, гэмт хэрэгт тооцогдохгүй. Хүү А.Д нь байнгын асаргаа шаарддаг өвчтэй, харин хүү А.Б н хэл ярианы бэрхшээлтэй, тухайн үед хүүхдүүд өвдсөн байсан тул төрсөн эх Г.Э нь хүүхдүүдээ эргэн очих зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд өөрийн гэрт хүүхдүүд дээрээ өдөр шөнийн аль ч цагт саадгүй очиж эргэж тойрох эрх, үүрэгтэй бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хууль Хүүхдийн эрхийн конвенцод заасанчлан хүүхэд хэдийд ч эцэг эхтэйгээ уулзах эрхтэй ... өмгөөлөгч Г.Б нь өөрийн үйлчлүүлэгчийн хамт түүний гэрт очиж Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг эхийн эрх үүргийн дагуу хүүхдүүдээ эргэж тойроод явахад байлцсан байх бөгөөд энэ нь өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй болно” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            7. Дээрхээс дүгнэвэл, Г.Б нь өмгөөллийн үйл ажиллагааны явцад шүүгч, прокуроруудын нэр хүндэд халдсан, зүй бусаар нөлөөлсөн, шийдвэр гаргасных нь төлөө буруутгасан, нууцыг задруулахгүй байх баталгаа гаргасан атлаа олон нийтэд задруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээллийг удаа дараа олон нийтэд түгээсэн зэрэг зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаарх Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт үндэслэлтэй байна.

            8. Иймээс Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Г.Б-н Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатайгаар түдгэлзүүлэх” хариуцлага ногдуулсан нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасанд нийцсэн байх тул тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Г.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            9. Түүнчлэн, шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/2024/19 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Г.Б-н гомдлын шаардлагыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

   ШҮҮГЧ                                                                    ц.сайхантуяа

   ШҮҮГЧ                                                                    Д.ОЮУМАА

 

[1] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас 6-9 дэх талууд

[2] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 63 дахь тал

[3] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 66 дахь тал

[4] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 139 дэх тал

[5] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 140-141 дэх талууд

[6] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 137-138 дахь талууд

[7] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 134-135 дахь талууд

[8] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 10 дахь тал

[9] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 66 дахь тал

[10] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 88-98 дахь талууд

[11] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 142-146 дахь талууд

[12] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 2 дугаар хавтас, 88 дахь тал

[13] Мэргэжлийн хариуцлагын хорооны материалын 1 дүгээр хавтас, 84 дэх тал