Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                         Б.Ганзаяа

             Улсын яллагч                                       Э.Энхбат

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Б.Баярмаа

  Хохирогчийн өмгөөлөгч                       Ц.Өлзийбаяр                       

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Ц.Отгонсүх

                         Шүүгдэгч                                        Б.Тэгшдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Тэгшдэлгэрт холбогдох 201618020190 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 16-31 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөхнуур овогт Батбаярын Тэгшдэлгэр /РД:ТИ83081626/.

 

Б.Тэгшдэлгэр нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сэтэрхий хөтөл” гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн орчим “79-53” ДАР улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тэгшдэлгэр мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн бага хүү Анартулгын ангийн хоёр багшийн хамт хүүхдийнхээ ангид нь тоглоом авахаар Улаанбаатар хотыг зорьж явсан. Өглөөний 07 цаг 30 минутанд энэ осол болсон. Дарханаас яваад Баруунхараа руу даваад ордог хэсгийн зам дээр өөдөөс мотоцикльтой хүн ирж байсан. Ирэхдээ зам голлоод гарч ирж байсан. Гэхдээ миний хувьд эсрэг урсгалаар явж тойрч гаръя гэж бодсон маань буруу байсан. Өнөөдөр бодоод байхад хүн өөрийнхөө урсгалаар чигээрээ л явах ёстой байж гэж бодож байгаа. Тэгээд тухайн үед юу болсоныг анзаараагүй, нэг мэдсэн чинь машин замын хажуу талд ямар ч жолоодлогогүй болсон байсан, хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна гэх  мэдүүлэг  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Баярмаа мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  жижүүрийн үүрэг гүйцэтгээд эмнэлэг дээрээ байж байтал 08 цаг 40 минутын үед хүлээн авахын утас дуугарч мотоцикльтой хүн осолд орсон байна гэсэн дуудлагаар тэр даруйдаа 05 минут ч болоогүй машин тэрэг бэлэн байсан болохоор хэргийн газар очтол аав маань байсан. Тэгээд би аавыхаа шарлийг аваад эмнэлэг явсан. Тухайн үедээ би яг юу болсоныг анзаарч хараагүй эцгийхээ шарлийг аваачиж тавьчихаад эргээд хэргийн газар очиж хэмжилт авч байгаа хүмүүсийх нь дэргэд очиж харсан тэгэхэд аавын маань мотоциклийн явсан мөрнүүдийн зургийг авсан байсан.Тэгээд би замын байцаагч дээр орж манай аав нөгөө машины урд тал руу өөрөө мөргөөд орсон байна уу яг яасан байна гэж асуухад байцаагч тухайн үедээ тэрийг одоо хэлэхгүй ээ дараа дараагийн шатлалаар мэдэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд Тэгшдэлгэр бид нартай 49 хоног нь болтол эргэж холбогдоогүй, манай гэрийнхэн нэлээн их бухимдалтай байсан. Яагаад өнөөдөр ингэж хүн алчихаад энэ хүн чинь ингэж явж байгаа юм бэ чи яагаад ингэж байгаа юм бэ гэж, тухайн үедээ хэргийн газрын зургийг давхар өөрийхөө утсан дээр авсан байсан тэрэн дээр бол ямар ч зам голлож явах үндэслэл байхгүй байсан. Яагаад гэхээр баруун талын урсгал руу аав өөрийхөө талын урсгалын хар замын баруун талд мотоциклийн явж байсан дугуйны мөр байсан, дээрээс нь голын цагаан зурааснаас ахиад дотогшоо мотоциклийн дугуй нь мөргүүлэхдээ хөндлөн болоод чирэгдээд гарсан хар мөр нь байсан. Тэрнээс би ямар ч байсан зам голлож яваагүй юм байна гэсэн ойлголттой байсан. Дараа нь Б.Тэгшдэлгэр над дээр ирж уучлалт гуйхдаа бас л зам голлоод гэж ярихад нь би нилээн их гомдсон. Өнөөдөр хүний амь насыг ийм болгочихоод яагаад өөрийнхөөрөө зам голлоод гээд яриад байгаа юм болдоо гэж эмзэглэсэн. Өөрт нь ч гэсэн хэлсэн байгаа. Тэгээд сүүлд өмгөөлөгч нь ажлын байран дээр надтай ирж уулзсан. Уулзахдаа нэхэмжилсэн зардал, төлбөр чинь нилээн өндөр байна багасгаж буулгах арга байна уу гэж ярьсан. Тухайн үедээ оршуулганд зарцуулсан зардлыг хуулийн дагуу баримтаа бүрдүүлсэн, оршуулгын үед тамга тэмдэг гарын үсэггүй баримтуудыг оролцуулалгүй тийм зардал гарсан байгаа. Би их гомдолтой байгаа гэх мэдүүлэг. 

                  Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа мэдүүлэхдээ: … Би 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өглөө 08 цаг 40 минутанд “Машинтай явж байхад урдуур хүн орж ирээд дайруулчихлаа” гэсэн дуудлагын дагуу хэргийн газар очиход манай аав Д.Баатархүү мотоцикльтой явж байгаад машинтай хүнд мөргөгдөж нас барсан байдалтай байсан. Осол хэрэг болсон газрыг ажиглахад цагаан өнгөтэй Prius маркийн машин эсрэг урсгалд орж манай аавыг мотоцикльтой нь мөргөсөн байдал шууд харагдаж байсан юм. Манай аав Д.Баатархүү Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ногоочдын тэргүүлэгчээр ажилладаг юм. Ногоочдын холбооны трактор нь эвдэрчихсэн Баян-Уул зоогийн газрын хашаанд байсан ба манай аав тэр эвдэрсэн тракторт сэлбэг авч очих гэж явсан юм байна лээ. Талийгаачийн оршуулгын зардалд 11.553.300 төгрөг зарцуулсан, мөн төрийн банкинд 4.252.156 төгрөгний тэтгэврийн зээлтэй, мотоциклийн 1,500,000 төгрөг зэргийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Ц.Дэлгэрмөрөн мэдүүлэхдээ: … Машиныг Тэгшдэлгэр жолоодоод урд суудал дээр Байгалмаа багш сууж явсан юм. Би гар утсаараа оролдоод хүүхдийнхээ зургийг үзээд явж байтал гэнэт мөргөлдөх чимээ гарч тас, няс хийж шил толь хагарах дуу чимээ гарч машин дотор нь битүү утаа болоод явчихсан юм. Машин замын хажуу руу гарах үед би ойж буугаад машины таазыг толгойгоороо мөргөж байснаа санаж байна. Тэгээд машинаа жолооч зогсоож бид гурав машинаас гараад осол хэрэг болсон газарт гурвуулаа учиргүй гүйгээд очсон чинь зам дээр мотоцикльтой явж байсан бололтой хүн дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтээд байсан юм. Мотоцикль нь замын хажуу руу гарчихсан байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Байгалмаа мэдүүлэхдээ: … Тэгшдэлгэр машин жолоодоод би жолоочийн эсрэг талд суугаад Баруунхараа ороход байдаг сэтэрхий уулын оройг хараад явж байтал урдаас мотоцикльтой хүн орж ирээд мөргөлдсөн юм. Би эсрэг урсгалд орсоныг ёстой анзаараагүй, сэтэрхий уулын оройг хараад явж байсан... Бид гурав машинаасаа буугаад зам дээр гүйгээд очиход мотоцикль жолоодож явсан ах ямар ч хөдөлгөөнгүй болчихсон замын хажууд шороон дээр хэвтэж байсан... Надад гэмтэл учраагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р хуудас/

                  2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №39 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...1. Талийгаач Д.Баатархүүгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, баруун 2,3,4-р хавирга, зүүн 1,2,3,4-р хавирганы хоёрлосон хугарал, элэг, дэлүүний язрал, зүүн гарын тохой яс, аарцаг яс, дунд чөмөгт яс, баруун шилбэ яс, зүүн хөлийн шилбэ ясны хугарал, баруун гуя зүүн шилбэ, баруун хөмсөгний дээд хэсэг, баруун хацар, цээжний зүүн дээд хэсэг цээжний баруун хажуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон.

                  2. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

                  3. Талийгаач Д.Баатархүү нь гавал тархи, цээж, хэвлийн хөндий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /ХХ-ийн 47-48-р хуудас/

                  2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №61 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт: ...1. “Toyota Prius-20” маркийн “79-53” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хөхнуур овогт Батбаярын Тэгшдэлгэр нь МУ-н ЗХД-ийн 8. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” 8.2 “Эсрэг хөдлөгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7. “Хэвтээ тэмдэглэл” 24-ын 7.1 “Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсэгт орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ. /үргэлжилсэн цагаан зураас давж хөдөлгөөнд оролцож болохгүй/ ... гэснийг зөрчсөн.

                  2.Хайрхан маркийн 11-69 СЭЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Д.Баатархүү нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй.

                  3. “Toyota Prius-20” маркийн 79-53 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хөхнуур овогт Батбаярын Тэгшдэлгэр нь зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав гэх дүгнэлт /ХХ-ийн 43-р хуудас/

                  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /ХХ-ийн 3-15-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Тэгшдэлгэр нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 82 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 81 дүгээр хуудас/, Б.Тэгшдэлгэрийн талаарх Их, дээд сургууль төгссөн Диплом болон гэрчилгээний хуулбарууд /ХХ-ийн 83-89 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 80 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Тэгшдэлгэр нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сэтэрхий хөтөл” гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн орчим “79-53” ДАР улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Тэгшдэлгэр нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байх тул прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Тэгшдэлгэрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах  хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулж, шүүгдэгч Б.Тэгшдэлгэр нь жирэмсэн, эмчийн хяналтанд байдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Баярмаа нь хохирол төлбөрт нийт 24.882.076 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Тэгшдэлгэр мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 18.000.000 төгрөгийг Б.Баярмаад төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нэхэмжилж гаргасан, хавтаст хэргийн 144, 145, 146 талд хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй өөрөөр хэлбэл бараа хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, он сар өдөр нь тодорхойгүй, хэрэг үйлдэгдэхээс өмнөх он сар өдөр бичигдсэн /2016.07.18 гэх/ байх тул шүүгдэгчээс 3438500 төгрөгнийг гаргуулах үндэслэлгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Баярмаагийн Төрийн банкинд төлсөн гэх 3040968 төгрөг нь даатгалын байгууллагаас зохих журмын дагуу Б.Баярмаад буцаан олгогдсон тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд хохиролоос төлөгдөөгүй үлдсэн 402608 /дөрвөн зуун хоёр мянга зургаан зуун найман/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Баярмаад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Тэгшдэлгэрийн ¹ 487475 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэх зэргийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөхнуур овгийн Батбаярын Тэгшдэлгэрийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар Б.Тэгшдэлгэрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Тэгшдэлгэрт оногдуулсан 03 /гурав/ жил 01/нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Тэгшдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн  508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Тэгшдэлгэрээс бусдад учирсан гэм хорын хохирол 402608 /дөрвөн зуун хоёр мянга зургаан зуун найман/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 1-3 тоотод оршин суух Боржигон овогт Баатархүүгийн Баярмаад /МБ82100105/ олгосугай. 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйл 330.1.3 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Тэгшдэлгэрийн №487475 дугаартай “В” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн  албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дах хэсэгт зааснаар Б.Тэгшдэлгэрт оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан Б.Тэгшдэлгэрт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Дархан сумын цагдаагийн хэлтэст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тэгшдэлгэрт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ж.ЭРДЭНЭБАТ.