Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

 

 

 

 

 

2023          02          07                                        2023/ШЦТ/156

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

          улсын яллагч Г.Цогтмагнай,

          хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М,

          шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2109007790590 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Ч.Г, /регистрийн дугаар /, ...-ны өдөр ...суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ч.Г нь “Интерном” ХХК-нд кассын нярваар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Сүхбаатарын талбай” дээр зохион байгуулагдсан “Номын баяр 2021” арга хэмжээний үеэр “Интерном” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Интерном” ХХК-нд орсон орлогын мөнгөнөөс бага бус хэмжээнээс дээш буюу 2.420.000 төгрөгийг “Интерном” ХХК-нд тушаалгүй хувьдаа завшиж “Хөрөнгө завших” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах, захиран зарцуулсныг завших үйлдэл гэж ойлгох юм. 

 

“Интерном” ХХК-ийн хүний нөөцийн менежер болон шүүгдэгч Ч.Г нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсанаар Ч.Г нь уг компанийн кассын няравын ажилд томилогдсон бөгөөд түүний албан тушаалын байдал компанийн бэлэн мөнгийг барих, бэлэн мөнгөтэй холбоотой анхан шатны бичиг баримтын бүрдүүлэлтийг хийх, баримтыг үнэн зөв, нягт нямбай хөтлөх, байгууллагад хүлээлгэн өгөх зэргийг хариуцан ажиллах үүрэгтэй болсон байна.

Ийнхүү тэрээр “Интерном” ХХК-нд кассын нярваар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Сүхбаатарын талбай” дээр зохион байгуулагдсан “Номын баяр 2021” арга хэмжээний үеэр “Интерном” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Интерном” ХХК-нд орсон орлогын мөнгөнөөс бага бус хэмжээнээс дээш буюу 2.420.000 төгрөгийг “Интерном” ХХК-нд тушаалгүй хувьдаа завшсан байна.

Хэрэг авагдсан баримтуудаас харахад Ч.Г нь “Номын баяр 2021” арга хэмжээний үеэр “Интерном” ХХК-ийн худалдан борлуулсан номны мөнгө болох 2.415.000 төгрөгийг ажил үүргийнхээ дагуу компанийн дансанд тушаалгүй өөртөө завшсан байх бөгөөд ийнхүү бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Иймд прокуророос шүүгдэгч Ч.Гийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Ч.Г нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлсэн: “...2021 оны 6 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн худалдаа болсон. Миний бие тус үзэсгэлэн худалдаанд оролцохдоо бэлэн мөнгөний тооцоог хариуцан ажилласан. Ингээд амралтын өдрүүдэд оффис амардаг учир бямба гарагт талбай дээр байх кассын ажилчдад тарааж өгөх зорилгоор баасан гарагийн орой кассаас бэлэн мөнгө авсан.  Тус номын баяр ням гарагт дууссан. Би мөнгөө хэрхэн тушаах талаар мэдэхгүй байсан. Гэтэл Ш.Саранчимэг “чи мөнгөө тушаасан уу?” гэж асуухад нь би “цэгцэлж өгөөгүй байгаа, хэрхэн өгөхөө мэдэхгүй байгаа” гэж хэлэхэд “одоо өгөх ёстой” гэсэн. Тэр өдөр ажил тарах болсон байсан тул би амжаагүй. Маргааш нь ирээд цэгцэлж боогоод, мөнгөө бүхэл болгож тушаасан. Гэтэл мөнгө дутсан байсан. Хаана хэрхэн дутсан талаар би мэдэхгүй байна. Лхагва гарагт компанийн нягтлан бодогч нар камер шүүж учрыг олно гэсэн. Ингээд баасан гарагт над руу менежер Болормаа утсаар залгаж “таны дутсан мөнгийг олсон, одоо зөрүү арилсан” гэж хэлсэн. Гэтэл даваа гарагт ирэхэд “мөнгөний зөрүү арилаагүй байгаа, дутсан мөнгө нь хэвээрээ байгаа шүү” гэсэн. Би  тооцоог бүрэн авсан гэж бодож байна. Өдөр өдрийнхөө тооцоог гаргаж өгөх боломжгүй байсан. Учир нь хэтэрхий орой болсон байхад дууссан. Би ганцаараа байсан учир айгаад шууд сейфт хийгээд явдаг байсан” гэв.

шүүгдэгч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатарын талбай” дээр номын үзэсгэлэн худалдаа болж ажиллаж байсан “ИНТЕРНОМ” ХХК оролцсон. Тухайн үед би кассын нярваар ажиллаж байсан... “би буруутай нь тогтоогдвол цалингаасаа суутгуулна” гэж хэлсэн. Тэгсэн түүнээс хойш 2 хоногийн дараа надад төлөх график авч ирээд гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 136/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М мэдүүлсэн: “...Манай компани номын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 10 гаруй нягтлан бодогчтой. Мөн жил бүр зохион байгуулагддаг номын баярт оролцдог уламжлалтай. 2021 оны хавар зохион байгуулагдсан номын баяраар үеэр энэ асуудал үүссэн. Ч.Г нягтлан мэргэжилтэй, манай байгууллагад удаан хугацаагаар ажилласан тул тушаал дэвшүүлж кассын нярваар ажилладаг болсон. Тус номын баярын үеэр Ч.Г кассын тооцоог авч  байгууллагад тушаах үүрэг хүлээсэн. Энэ талаар үйл ажиллагааг тэр сайн мэддэг. Гэтэл номын баяраар тооцооноос их хэмжээний мөнгө дутсан. Энэ талаар Ч.Г эгчтэй зөвлөлдөхөд эхлээд “би дутаасан мөнгөө цалин дээрээсээ төлж барагдуулна” гэж байсан боловч дараа нь “би төлж чадахгүй” гэсэн. Одоо баримтаар тогтоогдсон хохирол, төлбөрөө нэхэмжилж байна...” гэв.

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 11-нээс 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Номын баяр 2021” арга хэмжээнд “Интерном” ХХК оролцсон. Тухайн 3 өдрийн номын үзэсгэлэнгийн худалдаанаас орж ирсэн орлогыг манай компанийн кассын нярав ажилтай Ч.Г нь хариуцаж өдөр бүрийн орлогыг хүлээн авч дараа нь нэгтгэн компанид хүлээлгэн өгсөн боловч кассын орлогын баримттай бэлэн мөнгийг тулгаж хүлээн авахад 2.420.000 төгрөг дутсан. Энэ талаар кассын нярав ажилтан Ч.Г нь өөрөө “Хэрхэн яаж дутааснаа мэдэхгүй байна. Камер шүүж учрыг нь олъё” гэсэн. Тэгээд дахин дахин нягталж санхүүгийн алба тоолсон боловч тооцоогоор дутсан хэвэндээ байсан. Тэгээд кассаар орж ирсэн мөнгөн дэвсгэрт бүрээр хүлээлгэн өгсөн мөнгөн дэвсгэрттэй тулгаж үзэхэд зөрүү гарсан. Учир нь Ч.Г өдөр өдрийн орлогыг хүлээн авч хадгалж байгаад нэгтгэн өгсөн боловч өдөр тус бүрд нь тооцоо гаргаагүй, мөн компанид хүлээлгэн өгсөн мөнгө нь ихэнх нь бүхэл 20.000 төгрөг болж өөрчлөгдсөн байсан. Тэгээд кассад орж ирсэн мөнгийг хэзээ нь бүхэл болгож солиулсан нь тодорхойгүй байгаа. Тэгээд дутсан талаар Ч.Гид хэлээд “Та ямар дэвсгэрт хүлээн аваад байгааг камераар шүүж үзье” гэхэд “Камер шүүхэд харагдах боломжгүй тул би өөрөө төлье” гэж 2 удаа хэлж байгууллагад энэ талаар бичиж өгсөн. Тэгээд цалингаасаа суутгуулах талаар хэлж тохирсон боловч сүүлдээ өөрөө хэлсэн ярьсан зүйлээсээ буцаж мөнгө төлөх боломжгүй талаар мэдэгдсэн тул Цагдаагийн байгууллагад хандсан. Байхгүй. Ч.Г л хариуцаж байсан. Харин тооцоо баримтыг нь өөрөө ч гаргасан, санхүүгийн алба ч гаргасан. Нийт орсон орлогыг баримтаар гаргаж өгсөн. Түүнээс дутсан мөнгө нь 2.420.000 төгрөг дутсан. Хуулийн дагуу шалгаж, компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюуны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ асуудлын талаар манай өмнө ажиллаж байсан хуулийн зөвлөх Б.Насанжаргал тодорхой мэдүүлгээ өгч байсан. Би саяхан энэ ажлыг хариуцан итгэмжлэлээр авсан. Манай “Интерном” ХХК-нд кассын нярваар ажиллаж байсан Ч.Г 2021 оны номын үзэсгэлэн худалдаанаас орж ирсэн орлого дутааж компанид хохирол учруулсан. Энэ хохирол учруулсан асуудал нь компанийн санхүүгийн тооцоогоор илэрсэн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“Адмон групп” ХХК-д үйл ажиллагааны менежер ажилтай. Энэ компани нь “Интерном” ХХК-ийн толгой компани юм. 2021 оны 05 дугаар сарын 11-нд “Адмон групп” ХХК-нд үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилд орсон. Үүнээс хойш “Интерном” ХХК-ийн үйл ажиллагааг давхар хариуцаж ажиллаж байгаа. Дээрх номын үзэсгэлэнгийн үйл ажиллагааг маркетингийн менежер н.Мөнхзагарын хамт хариуцаж зохион байгуулсан. Орлогын тооцоонд ерөөсөө оролцоогүй. Орж ирсэн орлогыг манай санхүүгийн алба хариуцаж байсан. Кассад би ерөөсөө бутархай мөнгө өгч байгаагүй. Санхүүгийн алба хариуцаж байсан болохоор мэдэхгүй байна. Манай үзэсгэлэн дээр 10 ажилтан тухайн номыг худалдаалж байсан. Тэнд ойролцоогоор хамгийн ихдээ 10 касс ажиллаж байсан. Тэгээд тэнд ажиллаж байгаа ажилтанд “задгай мөнгө байхгүй болсон” гэх шалтгаанаар надад хагас бүтэн сайн өдрийн аль нэг өдөр нь буюу 06 дугаар сарын 12 эсхүл 13-ны өдрийн 1500 цагийн орчим бутархай 1000, 500-аар нийт 300,000 төгрөг өгч Сүхбаатарын талбай дээр үзэсгэлэнгийн асрын орчим авч байсан. Тэр мөнгийг нь би номын үзэсгэлэнд ажиллаж байсан кассуудад тараан өгсөн. Тэгж өгөхдөө тухайн кассаас бүхэл мөнгө авч оронд нь задгай мөнгө өгч байсан. Тэгээд бүхэл мөнгөөр авч буцаан Ч.Гид тухайн өдрийнхөө орой нь үзэсгэлэн хаасны дараа өгсөн. Үзэсгэлэн дуусаж кассын ажилчид “Интерном”-ын оффис дээр ирж орлогоо тушаах үед хүлээлгэн өгч байсан... “ажилтнууд мөнгө дутсан” гэж ярьж байхыг сонсоод касс шүүж байгаа талаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Би тухайн үед Худалдаа хөгжлийн банкны “Qрау” төлбөрийн хэрэгслээр орж ирсэн мөнгийг шалгаж ажил хийж байсан. Бүх төлбөр орлоготой холбоотой тайланг манай компанийн нягтлан бодогч н.Болормаа гаргадаг. Би ерөнхийдөө “Интерном” ХХК-ний “Интерном” дэлгүүрийн кассын харилцах данс хариуцаж ажилладаг. Үзэсгэлэнгийн хувьд бол би касс хариуцаагүй... Тухайн үзэсгэлэнгийн 3 өдрийн кассын орлого, зарлагыг кассын нярав Ч.Г хариуцаж байсан. Ч.Г нь кассаас орж ирсэн орлогыг хүлээн авч тооцоо гарган дууссаны дараа тайлангаа гаргаж захиралд хүлээлгэж өгөх ёстой байсан. Тэр журмаар л ажилласан байх. Тухайн үед буюу 2021 оны 6 сарын 14-ны өдөр ажил цуглаад ер нь бол урд өдрийнхөө кассын орлого зарлагын тайланг гаргаж бэлэн мөнгөө тайлангийн хамт н.Жавхлан захиралд тушаадаг. Тэр журмынхаа дагуу л 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 1700 цагийн орчим кассын нярав ажилтай Ч.Гаас “Кассын тайлангаа гаргаад өг, мөнгөө тушаая” гэсэн. Тэгсэн надад Ч.Г нь 6 дугаар сарын 12, 13-ны дэлгүүрийн орлогын тайлан гаргаж өгсөн. Тэгэхээр нь би “Үзэсгэлэнгийн мөнгөө тушаана. Чи тэрийгээ гаргаж өг” гэхэд “Мөнгөө янзлаагүй байгаа” гэж хэлсэн. “За одоо хурдан гаргаад ир. Хоёулаа цэгцлээд тоолоод тушаая” гэсэн. Тэгээд 1700 цагаас хойш Ч.Г нь өөрийн сейф дэх мөнгөө гаргаж ирээд тоолоод янзлаад байсан. Тэгснээ буцаагаад далд хийгээд “Маргааш болъё” гээд сейф рүүгээ буцаагаад хийсэн. Тэгж байтал 1900 цаг болж би “Үгүй, болохгүй өнөөдөр тоолж дуусгана. Хоёулаа хамт цэгцэлье, янзалъя” гээд “Би яарч байна”, “Гэртээ харилаа” гээд гараад явсан. Тэгээд мөнгийг нь тоолж чадалгүй өнгөрсөн. Тэгээд маргааш буюу 2021 оны 6 дугаар сарын 15 өглөө 0900 цагийн орчим ажил дээр “За яасан мөнгөө янзалсан” эсэх талаар асуухад “Үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “За одоо гаргаад ир” гэж Ч.Гид хэлж бүх мөнгийг нь гаргаж хажууд ерөнхий нягтлангийн өрөө хоосон байсан болохоор Ч.Гийг мөнгөний хамт оруулж “За наад мөнгөө тоолоод дуусгаж цэгцэл. Тооцоогоо гарга” гэж хэлээд үлдээсэн. Тэгэхэд сейфээс авсан мөнгө нь дандаа бүхэл 20.000 төгрөг байсан. Тэгээд мөнгөө янзлаад кассын тайлангаа гаргаад дуусах үед 2.420.000 төгрөг дутсан. Тэгээд дутсан мөнгийг асуухад “Чи дутуу тоолоод авсан юм уу” гэхэд “Үгүй, би бүгдийг нь бүрэн бүтэн тоолж тулгаж хүлээж авсан” гэж хэлж байсан. Тэгээд яагаад дутсан талаар асуухад “Би тоолж аваад бүгдийг сейфэнд хийсэн” талаар ярьсан. “Чи тэгвэл ямар ч байсан 3 өдрийнхөө камерыг шүүгээд тэгээд юу болсон талаар тайлбараа бичээд дутсан мөнгөний баримтыг үйлдүүлээд гарын үсэг зуруулж захирал мөнгөө тушаа” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Ч.Гийг огт сэжиглээгүй дутуу буруу тооцоо гаргаад зөрсөн байх гэж бодоод тайван сууж байсан. Тэгээд нягтлан н.Болормаа үзэсгэлэнгийн орлого зарлагын тайлан гаргаад дутсан 2.420.000 төгрөг гарч ирээгүй. Тэгээд за яасан юм бол гэж бодоод үйл ажиллагааны менежер Э.Ундрах бид 2 камер шүүж үзэхэд Ч.Г нь сэжигтэй байгаад байсан. Тэгээд камерын бичлэгт мөнгө авч гарч байгаа бичлэг байсан. Хэрэв талбай дээр кассад бутархай мөнгө хэрэг болсон бол нууж хааж авч явах шаардлага байхгүй. Кассын нярав ажилтай Ч.Г гаргах ёстой байсан боловч гаргаагүй. Баримт үйлдээгүй. Үйлдээгүй шалтгаан нь тодорхойгүй “Мөнгөө янзлаагүй” гээд байсан. Тэгсэн мөртлөө “Тухайн үед кассаас авсан мөнгөө тоолж тулгаж гүйцэд авсан” гэж хэлж байсан. Мөн кофе шопын кассын мөнгөнөөс дутсан байсныг нягтлан нь хэлэхэд өөрөө шилжүүлсэн гэсэн. Ер нь бол кассын мөнгө ажил дээр сейфт байх ёстой. Гэтэл хувьдаа авч явж шилжүүлсэн нь сэжигтэй байгаа. Дээрээс нь бид нар 3 хоногт орж ирсэн мөнгөн дэвсгэртээ гаргаж үзсэн. Тэгсэн мөнгө нь бутархай 5,000, 10,000-ууд болон бусад задгай байхгүй дандаа бүхэл 20,000 төгрөг болсон байсан. Маш тодорхойгүй, энэ хүн дээрх байгууллагын мөнгийг хэзээ яаж сольсон нь тодорхой бус байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Кассын нярав Ч.Г гэдэг хүн бүх орлогын тооцоог гаргаад нягтлан С.Саранчимэг эгч хянадаг байсан. 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс “нягтлан өвчтэй байна чи шалгаад өгөөч” гэж санхүүгийн албанаас надад хэлсэн... Зөвхөн кассад орж ирсэн бэлэн мөнгөний баримтуудыг нь би шалгасан. Би 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр кассын нярав ажилтай Ч.Гийн номын үзэсгэлэнгийн үеэр ирсэн орлогын баримтуудыг нягтлан С.С хүлээн аваад тооцоо гаргасан. Тэгэхэд 2.420.000 төгрөг дутсан. Энэ тооцоог гаргахдаа би бүх баримт тус бүрээр тулгаж нэгтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Ажилд орохыг хүсэгчийн анкет, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн тушаал,

Үзэсгэлэнгийн худалдааны бэлэн мөнгөнийн тооцоо болон бусад холбогдох санхүүгийн баримтууд,

“Цэбэ консалтинг аудит” ХХК-ийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.Г нь “Интерном” ХХК-нд кассын нярваар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Сүхбаатарын талбай” дээр зохион байгуулагдсан “Номын баяр 2021” арга хэмжээний үеэр “Интерном” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Интерном” ХХК-нд орсон орлогын мөнгөнөөс бага бус хэмжээнээс дээш буюу 2.420.000 төгрөгийг “Интерном” ХХК-нд тушаалгүй хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын төрөл хэмжээний дотор 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Прокурор яллах дүгнэлтэдээ шүүгдэгч Ч.Гийг “ИНТЕРНОМ” ХХК-д 2.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн боловч хэрэгт авагдсан “ЦЭБЭ КОНСАЛТИНГ АУДИТ” ХХК-ийн дүгнэлтээр 2.415.000 төгрөг гэсэн байх тул шүүх шүүгдэгчээс аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон 2.415.000 төгрөгийг хохирогч байгууллагад олгож, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох адитын төлбөр 880.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Ч.Гид холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Ч.Г нь завсарлага авсан хугацаанд хохирогч байгуулагад гаргуулан олгосон төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад гарсан зардал зэргийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Прокуророос шүүгдэгч Ч.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Г 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргасугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР